Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0409

 

“Ат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “Ат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “Ат” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Ат” ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор “Ат” ХХК-ийн эзэмшлийн №МV-017569 тоот талбай нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэхэд ундны усны энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байгаа тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар зохих газрууд болох нийслэлийн ашигт малтмалын эрх бүхий байгууллагуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж байсан боловч тодорхой шийдвэрийг нийслэлийн эрх бүхий байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, бусад эрх бүхий байгууллагаас гаргаагүй юм. Бидний зүгээс Газрын хэвлийн тухай хуулийн 13-т заасан уурхайн эдэлбэрийн актыг авахыг зорин байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө зэргийг батлуулахаар хандахад зохих байгууллагуудад албажиж ирээгүй, 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн эрх бүхий байгууллагуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд Ашигт малтмалын кадастрын газраас ирээгүй зэрэг шалтгаанаар хойшлуулан явсаар ирсэн ба нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамж гарсны дараа ч дээр дурдсан баримтууд албажин ирээгүй байсан. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг 3 жил газрын хэвлийг ашиглаагүй гэж цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, газрын хэвлийг хүлээн авах бололцоо нөхцөлийг хангаагүй мөртлөө хуулийн дагуу газрыг ашигласангүй гэж үзэх шалтгаант холбоогүй гарсан шийдвэр болоод байна.

...Мөн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж байсан талаарх баримтыг бүрэн гүйцэд аваагүй, нотлох баримтыг гүйцэд бүрдээгүй байна. Зөвхөн “уурхайн эдэлбэр газрын акт үйлдэж, хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна” гэснээс гадна “Ат” ХХК-ийн гаргасан өргөдөл, хүсэлтийн талаар тодорхой баримтыг гаргаж өгөөгүй байна. Бид зохих баримтыг авахын тулд удаа дараа хандаж байсан. “Газрын хэвлий олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан зөрчлийг гаргасан шүүхийн үзлэгээр тогтоосон гэж байгаа боловч мөн хуулийн 13 дугаар зүйлийн “уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэсэн заалтыг хамаатуулаагүй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн “уурхайн эдэлбэр газрын акт үйлдэж, хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна” гэсэн баримтаар газрын хэвлий олгогдоогүй ба олгогдсоноос хойш 3 жил гэж тооцох боломжгүй байгаа хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй.

Анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь Захиргаан ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дугаар зүйлийг зөрчсөн эсэхийг хянаж үзээгүй ба актыг хүчингүй болох боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мэдэгдэх, сонсгох, үүргээ захиргааны акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг хэрэгжүүлсэн гэх боловч цуцалсан болохыг мэдээлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчим нь төрийн захиргааны байгууллага ба иргэн хуулийн этгээдийн хоорондын харилцааны үндсэн суурь үйл ажиллагааны баримтлах гол үндэслэл болдог. Гэтэл А/609 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дугаар зүйлийг зөрчин иргэдийн оролцоог хангаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй, цахим хуудсаар мэдэгдсэн талаар шүүх хуралдаан дээр хэлэлцээгүй орхигдуулан шийдсэн боловч шүүхийн шийдвэр дээр дурдсан байна. Хуульд заасан заалтыг бодитоор зөрчиж гарсан акт нь хүчин төгөлдөр болохыг шүүх хүлээн зөвшөөрөх нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бус болохыг тодорхойлж байгаа юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” үндэслэлээр нэхэмжлэгч “Ат” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “...уурхайн эдэлбэрийн акт олгогдоогүй учраас газрын хэвлийг ашиглаж чадаагүй, газрын хэвлийг хүлээн авах бололцоо нөхцөлийг хангаагүй... байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө зэргийг батлуулахаар хандахад зохих байгууллагуудаас албажиж ирээгүй, ...хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрөл олгогдож байна гэдэг нь уурхайн эдэлбэр олгогдсон гэж үзэх тул тусгай зөвшөөрөл авснаар газрын хэвлийг ашиглах эрх үүссэн ... ” гэж тус тус маргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 4.1.9-д ““уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг” 4.1.10-д ““уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” ойлгоно гэж зааснаас үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор газрын хэвлийг буюу уурхайн талбайг олгогдсонд тооцох бөгөөд Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэж заасан зохицуулалт нь ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгохыг зөвшөөрсөн агуулгатай болохоос уурхайн эдэлбэрийн акт гэсэн тусдаа шийдвэр гаргаж, үүний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид газрын хэвлийг ашиглах эрх үүсэх талаар заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгч “Ат” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон MV-017569 дүгээр тусгай зөвшөөрлийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Элст” нэртэй газарт байрлах 40.28 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхтэй болсноор газрын хэвлий олгогдсон гэж үзэх тул нэхэмжлэгчийн “уурхайн эдэлбэрийн акт олгоогүй учраас газрын хэвлийг ашиглаж чадаагүй” гэх тайлбар болон давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан, нэхэмжлэгч “Ат” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулаагүй, газрын хэвлийг ашиглаж эхлээгүй болох нь тогтоогдсон, харин нэхэмжлэгчээс үүнийг зөвтгөн тайлбарлахдаа “...ашиглахын тулд зохих бичиг баримтыг бүрдүүлж явсан” гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн т/96 дугаар тушаалаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элсний ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсанд тооцсоноос өөрөөр нэхэмжлэгч нь газрын хэвлийг ашиглахад хамааралтай ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, холбогдох баримтыг бүрдүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул зөвхөн техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч “...байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө зэргийг батлуулахаар хандахад зохих байгууллагуудаас албажиж ирээгүй, хүлээгдэж байсан ...” гэх үндэслэлийг газрыг хэвлийг ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцуулахаар маргах боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06/8729 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “Ат” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулахаар тус яаманд хүргүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна.

Ийнхүү нэхэмжлэгч “Ат” ХХК нь газрын хэвлийг ашиглах талаар үйл ажиллагаа явуулаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон маргаан бүхий акт Газрын хэвлийн тухай хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр байна.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар газрын хэвлийг ашиглахтай холбоотой холбогдох баримт бичгийг захиргааны байгууллагууд батлахаас татгалзсан, эс үйлдэхүй гаргасан бол 2014 оноос маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь үүнтэй холбогдуулан маргаж байгаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул шүүхээс энэ асуудлыг гүйцэт шалгаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн “ ... ундны усны энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байгаа тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар зохих газрууд болох нийслэлийн ашигт малтмалын эрх бүхий байгууллагуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж байсан ...” гэх давж заалдах гомдлын тухайд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан ундны усны энгийн хамгаалалтын бүстэй “Ат” ХХК-ийн MV-017569 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайн 1 хувь нь хэсэгчилсэн давхцалтай байх боловч үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг ашиглах эрхийг захиргааны байгууллагаас хориглосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч “Ат” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт газрын хэвлийг ашиглаж эхлээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байх тул маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Харин маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан үндэслэлээр газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байхад анхан шатны шүүхээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1” гэсэн хэсгийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ат” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН