| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2025/00542/И |
| Дугаар | 203/МА2026/00010 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 203/МА2026/00010
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2026/00071 дугаартай шийдвэртэй,
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.*******д холбогдох
Гэрээний үүрэгт 34,858,725 төгрөг 59 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хариуцагч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ******* ББСБ ХХК нь 2024 оны 09-р сарын 05-ны өдөр КИ00210308 регистрийн дугаартай ******* овогтой ******* ЗГ-00677 тоот зээлийн гэрээ байгуулан, ************** улсын дугаартай Toyota prius alpha маркийн авто машиныг барьцаалан 31,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 2025 оны 05 дугаар сарын 03-ны төлөлтөөс хойш биелүүлээгүй бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,870,000 төгрөг төлсөн. Уг төлөлт хийгдсэнээс хойш 153 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. 2025 оны 10-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26,762,584.26, нэмэгдүүлсэн хүү 781,467.46, нийт зээлийн үлдэгдэл 31,689,750.54 болсон байна. Манай байгууллагын зүгээс уг зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, төлж барагдуулахыг шаардахад, шаардлагыг биелүүлээгүй явсаар одоогийн байдлаар зээлдэгчтэй уулзаж холбоо барих боломжгүй болж, утсаар холбоо барихад удахгүй хийнэ, мөнгө орж ирэхээр хийнэ, хүнд машинаа өгсөн тэр хүнээс мөнгөө аваад хийнэ, одоохондоо боломжгүй байна гэх мэтчилэн байнга шалтаг тоочин, хугацааг хойшлуулсаар байдаг. Мөн Б.*******той ярьж, хугацаа олгосон боловч тохирсон хугацааг дахин дахин хойшлуулсаар байгаа. Зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн. Бүх боломжид хувилбарыг санал болгож байсан боловч зээлдэгч нь тус зээлийг төлөх сонирхолгүй манай компанийг хохироосоор байна. Иймд нийт 34,858,725.59 төгрөгийг ******* ******* ББСБ ХХК-д гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* ******* ББСБХХК-аас 2024 оны 09-р сарын 05- ны өдөр ЗГ-00677 тоот зээлийн гэрээ байгуулан, ******* ******* улсын дугаартай Toyota prius alpha маркийн автомашиныг барьцаалан, 31,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийг авсан. Зээлдэгч Б.******* би, дээрх зээлийн төлөлтийг 2025 оны 02-р сарын 09-ний өдрийг хүртэл гэрээний дагуу бүрэн төлж ирсэн. Зээлдэгч Б.******* би өөрийн машинаа 2025 оны 01-р сарын 26-ны орой иргэн Лхүндэвжамц овогтой *******д /РД-АИ-0621111217/ Урьдчилгаа аван худалдаж зарсан. Машин худалдан авсан Л.******* нь 2025 оны 02-р сарын 10- ний өдрөөс эхлэн, ББСБ"ХХК-ны зээлийн төлөлт графикийн дагуу төлөлтийг байнга хийхээр харилцан ярилцан тохиролцон бичгээр гэрээ тайлбар хийсэн болно. Тэр үедээ би ******* Финанс ББСБ-д уг машиныг Л.******* гэдэг хүнд урьдчилгаа авч зарсан гэдгээ мэдэгдэн цаашдаа энэ хүн төлөлтийг гэрээний дагуу хийхээр болсныг мэдэгдэж холбож өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 26-аас хойш тус машиныг миний бие ******* унаж эдэлж хэрэглээгүй Л.*******д хүлээлгэж өгөөд тэр өдөр аваад явсан. Уг хүн нь Архангай аймаг, Эрдэнэ-Булган 1-р баг Цагаан даваа 1-р гудамжны 14 тоотод оршин суудаг. Иргэн Л.******* нь машиныг худалдаж аваад банкны төлөлтийг 2025 оны 02-р сарын 10-аас эхлэн төлж барагдуулахаар гаргасан бичгийн тайлбар нотлох баримтууд байгааг гаргаж байна. Иймд хариуцагчаар (2 дахь этгээд) Л.*******ыг татан оролцуулж уг нэхэмжлэлийг барагдуулах хүсэлтэй байна тухайн хариуцагч Л.******* нь хамгийн сүүлд 2025 оны 05-р сарын 03-ны өдөр 2,870,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Иймд уг төлөлтөөс хойш 153 хоногийн хугацаа хэтрэлттэй төлөлт, үндсэн зээлийн үлдэгдэл 26,762,548 төгрөг, үндсэн хүүгийн төлөлт 4,145,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 781,467 төгрөг болон нийт 31,689,750.74 төгрөгийг хариуцагчийн 2-р этгээдээр, машиныг худалдан авсан, иргэн Л.*******д холбогдуулан зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Иймд иргэн Л.*******ыг уг машиныг худалдан авсан бичгийн тайлбар, нотлох баримт, Иргэн Л.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар болон уг машиныг авсан оройн зураг болон бид 2 гар бичгээр харилцан зөвшилцсөн тайлбарыг хавсаргав.
Мөн ******* ******* ББСБ ХХК-тай эвлэрлийн гэрээ хийх хүсэлтэй байгаа ******* ******* ББСБ нь зээлийн хугацаа хэтэрсэн үед Л.*******тай холбогдож чадахгүй нөхцөл үүсвэл над руу залгаж хэлдэг байсан би тухай бүрт нь Л.*******д болон түүний ээж гэх хүнтэй утсаар болон мессежээр дахин дахин сануулж төлөлтөө хугацаандаа хийх шаардлага тавьдаг байсан. Иймд миний бие Б.******* нь Л.*******тай харилцан тохиролцож хийсэн гэрээний дагуу дээрх хохирлыг Л.*******аар барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ос зээлийн гэрээний үүрэгт 31,689,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,168,975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,244 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ос улсын тэмдэгтийн хураамжид 316,399 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Б.Солонгын давж заалдах гомдлын агуулга:
******* ******* ХХК нь хариуцагч *******тын ******* надаас 34,858,725.59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх төлбөр нь зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл бөгөөд төлбөрийн үүргийн төрлөөр нь ангилж үзвэл:
- Зээл: 26,672,584.26
- Зээлийн хүү: 4,145,898.82
- Нэмэгдүүлсэн хүү 781,467.46 төгрөг
- Эрх зүйн туслалцааны төлбөр 3,168,975.05 байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Эрх зүйн туслалцааны төлбөр 3,168,975.05 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үлдэх 31,689,750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ Иргэний хууль дахь фидуцийн гэрээний талаарх зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий шийдвэрт ...нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэл бичигдсэн байна.
Барьцаа гэж ойлгоод байгаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д байгаа. Энэ тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай зохицуулалт хэрэглэхгүй, ийм шаардлага гаргах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн байдлаас үзвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тээврийн хэрэгсэл болон надаас шаардан авсан 31,689,750 төгрөг шилжин очих шударга бус үр дагавар үүсгэж байна. Фидуцийн гэрээний дагуу гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч тал өөртөө авч төлбөрийн үүрэгт тооцох ёстой.
Иймд Иргэний хууль дахь фидуцийн гэрээний зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 самрын 28-ны өдрийн 71 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Фидуцийн гэрээний 2.5, 4.5 дээр заасны дагуу барьцаалуулагч эд хөрөнгийг бусдад барьцаалахгүй байх шаардлагатай гэсэн заалт байгаа. Иймд фидуцийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээний хувьд фидуцийн гэрээг хавсарч хийдэг учраас зээлийн гэрээгээ үндэслэн бид нар нэхэмжлэл гаргах эрхтэй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг харахаар фидуцийн гэрээний агуулга нь фидуцийн гэрээний үүргээр хангагдах харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд багтана. Зээлийн гэрээний үүргийн зохицуулалтын дагуу төрлийн шинжээр хадгалагдах буюу эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн өгсөн, тодорхой хугацааны дараа хүү болон алдангийн хамт шаардах эрхтэй зохицуулалт. Фидуцийн гэрээний онцлох ялгаа нь юу вэ гэхээр үүргийн гүйцэтгэлийг хөрөнгөөр хангуулах буюу урьдчилан тохиролцож энэ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэсэн байдлаар талууд харилцан тохиролцдогоороо ялгаатай. Фидуцийн гэрээ байгуулагдсанаараа ямар үүрэг өөрчлөгддөг вэ гэхээр энгийн зээлийн гэрээнээс ялгаатай нь нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийнхээ хүрээнд шаардлага гаргах дараалалтай болчихдог асуудал байдаг. Тэр дараалал нь юу юм бэ гэхээр эхний ээлжид үүрэг гүйцэтгүүлэгч нь эхлээд фидуцийн гэрээний зүйлээрээ төлбөр барагдуулах, тэр нь устсан, гэмтсэн, ямарваа нэг байдлаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй тохиолдолд мөнгөөр төлбөр барагдуулахаар нэхэмжлэх, зээлийн гэрээний үүргээ барагдуулахаар шаардах эрхтэй байх, шаардлага гаргах эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэсэн дэс дараалсан үгнүүд үүсчихдэг. Анхан шатны шүүх дээр хэрэг хэлэлцсэн байдал, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд н.******* гэж хүн рүү автомашин шилжээд, Архангай аймагт бодитоор машин оччихсон байдаг. н.******* гэж хүн энэ төлбөрийг төлөөд байгааг ******* Финанс ББСБ ХХК-ийн зүгээс мэдээд тэр төлбөрийг нь н.*******аас авч, харилцаж байсан болон тээврийн хэрэгсэл н.******* гэж хүн рүү шилжчихсэн байгаа. н.*******, Б.******* хоёр харилцан тохиролцоод энэ төлбөрийг н.******* төлөхөөр болсон. Энэ байдлыг нь мэдэж байсан үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн ийм нөхцөл байдал ажиглагддаг. Энэ дээр анхан шатны шүүх бүрэн бүтэн дүгнэлт хийлгүйгээр шууд мөнгөн төлбөрөөр гаргуулахаар шийдчихээд байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр бол ямар үр дагавар үүсэх вэ гэхээр автомашин ******* Финанс ББСБ ХХК-ийн нэр дээр, дээрээс нь дахиад төлбөр авах ийм шударга бус нөхцөл байдал үүсээд байна.
******* Финанс ББСБ ХХК-ийн зүгээс тээврийн хэрэгсэл Б.Солонгын ашиглалтад байхгүй гэдэг талаар ярьдаг. Фидуцийн гэрээний зохицуулалтаас үзэхэд фидуцийн гэрээний зүйл нь зээлдэгчийн мэдэлд ч юм уу, гар хүрэхэд ойрхон байх ёстой. Тэр хүн алган дээрээ тавиад байж байх ёстой гэсэн зохицуулалт байхгүй. Ямар ч байсан шаардлага гаргахад буцаагаад хүлээлгэж өгөх ёстой. Энэ нь өөрөө үүрэг гүйцэтгэлд суутгагдах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Тээврийн хэрэгслийг заавал нэг хүн унаж эдлээд, нэг хүний хажууд байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Төрлийн шинжээр тодорхойлогдож болох ийм нөхцөл байдалтай хөрөнгө учраас бусдад шилжээд явж байгаа. Зээлдэгч өөрөө зөвшөөрчихсөн байгаа.
Нэг анхаарах зүйл нь ******* Финанс ББСБ ХХК-ийн зүгээс машиныг үүргийн гүйцэтгэлд суутгаж авъя гэх ямар нэгэн оролдлого хийгээгүй. Фидуцийн гэрээний зүйл болоод байгаа тээврийн хэрэгслийг биет байдлаар шилжүүлж авъя гэдэг санал, шаардлага гаргаагүй байж хөрөнгө байхгүй гэсэн байдлаар тайлбар гаргаж байгаа.
Улсын дээд шүүхийн удаа дараагийн энэ чиглэлээр гаргасан тайлбар дээр төрлийн шинжээрээ тодорхойлогдох зүйл ч юм уу, ямар нэг байдлаар энэ фидуцийн гэрээний зүйл нь устаж, гэмтсэн, олж авах боломжгүй болсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах шинж чанараа алдсан ийм тохиолдолд мөнгөн хэлбэрээр шаардана гэсэн байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс тээврийн хэрэгсэл ердийн журмаар ашиглагдаад, н.******* гэдэг хүний ашиглалтад байгаа. н.******* нь Архангай аймагт ийм хаягт оршин сууж байгаа энэ хүнээс авч болно гэдгийг нь тодорхой заагаад, тайлбар явуулсан. Тэгэхэд энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр дараагийн шат руу орж байгаа учраас үүргийн үүсэх дараалал, шаардлага гаргах дарааллыг алдагдуулсан гэж үзэж байна.
Хоёрдугаарт миний бие энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхэд хэрэг шийдэгдсэнээс хойш давж заалдах шатны шүүх дээр хэрэг ирсний дараа танилцсан. Нэг анхаармаар зүйл нь нэхэмжлэлд гарын үсэг зурагдаагүй явж байгаа асуудал байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэсэн зүйл дээр гарын үсэг, тамгатай байдаг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэлд гарын үсэг зурсан, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь гарын үсэг зурсан байхыг шаарддаг. Гарын үсэг зурсан байх нь өөрөө бүрдүүлбэрийн нэг хэв шинж болдог. Харин хавсаргасан баримтын жагсаалт нь нэхэмжлэлээс тусдаа бүрдүүлбэрийн нэг хэсэг байна. Зурахаас өөр тусдаа шаардлага байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эрх бүхий этгээд нь гарын үсэг зураагүй асуудал, мөн итгэмжлэгдсэн этгээдэд олгогдож байгаа итгэмжлэл нь хэдэн төгрөг шаардах, хэнд холбогдох гэдэг нь тодорхойгүй, ерөнхий байдалтай итгэмжлэл байдаг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах үндэслэл болдог. Анх нэхэмжлэлийг хүлээж аваад энэ байдлаар буцааж чадаагүй. Давж заалдах шатны шүүх дээр энэ байдал илэрч байгаа тохиолдолд энэ шатнаас нь нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргаж өгөх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн дагуу дүгнэлт хийж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Б.*******д холбогдуулан 34,858,725.59 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ос зээлийн гэрээний үүрэгт 31,689,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,168,975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.******* нь Иргэний хууль дахь фидуцийн гэрээний зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хариуцагч Б.******* нь ...2025 оны 01 дүгээр сарын 26-аас хойш тус машиныг миний бие ******* унаж эдэлж хэрэглээгүй Л.*******д хүлээлгэж өгөөд тэр өдөр аваад явсан. Уг хүн нь Архангай аймаг, Эрдэнэ-Булган 1-р баг Цагаан даваа 1-р гудамжны 14 тоотод оршин суудаг. Иргэн Л.******* нь машиныг худалдаж аваад банкны төлөлтийг 2025 оны 02-р сарын 10-аас эхлэн төлж барагдуулахаар гаргасан бичгийн тайлбар нотлох баримтууд байгааг гаргаж байна. Иймд хариуцагчаар (2 дахь этгээд) Л.*******ыг татан оролцуулж уг нэхэмжлэлийг барагдуулах хүсэлтэй байна тухайн хариуцагч Л.******* нь хамгийн сүүлд 2025 оны 05-р сарын 03-ны өдөр 2,870,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Иймд уг төлөлтөөс хойш 153 хоногийн хугацаа хэтрэлттэй төлөлт, үндсэн зээлийн үлдэгдэл 26,762,548 төгрөг, үндсэн хүүгийн төлөлт 4,145,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 781,467 төгрөг болон нийт 31,689,750.74 төгрөгийг хариуцагчийн 2-р этгээдээр, машиныг худалдан авсан, иргэн Л.*******д холбогдуулан зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэх хүсэлт /хх-н 26-27 дугаар хуудас/, мөн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа. Захиран зарцуулах, худалдан борлуулж зээлийн төлбөрийн үлдэгдлээ барагдуулах эрх нь нэхэмжлэгчид байгаа. Би зээлийн төлбөрийн үлдэгдлийг авто машинаар барагдуулах хүсэлтэй байна. /хх-н 52 дугаар хуудас/ гэх хүсэлтүүдийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. гэж хуульчилсан ба Монгол хэлний тайлбар тольд Даруй гэдэг нь удалгүй сааталгүй, тэр дороо гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хариуцагчийн гаргасан хүсэлтийг дээрх хуулийн заалтад зааснаар шүүгч даруй шийдвэрлэх үүрэгтэй байна.
Энэхүү хүсэлтийг хангасан эсхүл хангахаас татгалзсан, хүсэлтээсээ татгалзсан эсэхийг шүүх тодруулалгүй, энэ талаарх шийдвэрийг гаргаагүй орхигдуулж, улмаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэлсэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Солонгын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2026/00071 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Солонгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,399 /гурван зуун арван зургаан мянга гурван зуун ерэн ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР