Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00987

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох

 

гэрээний үүрэгт 1,261,815 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... нэхэмжлэгч Ю  ХХК нь хариуцагч Г.Г-тай харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан IPTV гурвалсан үйлчилгээний 33073596 гэрээний дугаарт нь Galaxy S6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 12 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Үүнд 33073596 гэрээний дугаарт авсан гар утасны лизингийн төлбөр 841,210 төгрөг, алданги болох 420,605 төгрөг, нийт 1,261,815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч болох Ю  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Г.Гантулга би лизингээр авсан Galaxy S6 маркийн гар утасны төлбөр болох 841,210 төгрөг, алданги болох 420,605 төгрөг, нийт 1,261,815 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн дуусгаж гомдолгүй болгохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю  ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,261,815 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Г лизингээр авсан Galaxy S6 маркийн гар утасны төлбөр болох 841,210 төгрөг, алданги болох 420,605 төгрөг, нийт 1,261,815 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 1,261,815 төгрөг гаргуулахыг хариуцагч Г.Г 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю  ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 34,834 төгрөгийн 17,417 төгрөгийг улсын орлогод үлдээж, 17,417 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 17,417 төгрөгийг хариуцагч Н.Б-ээс гаргуулж, нэхэмжлэгч Ю  ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ