Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2026/00011

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШШ2026/00076 дугаартай шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ******* ХХК-д холбогдох,

225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20/05 дугаартай Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээний дагуу ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 101,046,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 101,046,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,100 төгрөг ба 102,018,400 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 46,340 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 90,387,200 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 49,900 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 103,792,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 47,250 литр нэгж бүрийн 1,950 төгрөг ба 92,137,500 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 46,340 литр, нэгж бүрийн 1,950 төгрөг ба 90,363,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 46,340 литр, нэгж бүрийн 1,910 төгрөг ба 88,509,400 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50,880 литр, нэгж бүрийн 1,910 төгрөг ба 97,180,800 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 46,340 литр нэгж бүрийн 1,850 төгрөг ба 85,729,000 төгрөгийн үнэ бүхий нийт 958,210,100 төгрөгийн түлш нийлүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийлүүлсэн түлш нийлүүлэлтийн төлбөрийн тооцооны үлдэгдлийн баталгааг талууд үйлдсэн бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь 512,927,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс ******* ******* ХХК нь хэсэгчилсэн төлсөн ба 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 170,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаар тооцоо нийлж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 150,000,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй өдийг хүрээд байна.

******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/Ш32024/22191 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/04910 дугаар шүүхийн шийдвэрээр ******* ******* ХХК- ийг эрэн сурвалжлуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсээс эрэн сурвалжилж Өмнөговь аймгийн Цогтцэций сум, *******-******* баг, ******* усны 1-14 тоотод оршин сууж байгааг тогтоосон.

Энэ хугацаанд төлбөрөө төлөхийг байнга шаардаж, утсаар залгаж, мессеж бичиж, байсан бөгөөд одоо удахгүй өгнөө гэсээр өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-д зааснаар худалдан авагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн.

Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх нөхцөлөөр тооцоход алданги 75,000,000 төгрөг болж байна.

Иймд шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% болох алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,950 төгрөг, нийт 226,282,950 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч С.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөрийн үлдэгдэл дээр тооцоо нийлж, гарын үсэг зурсан байна.

Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаарддагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна. Учир нь тус гэрээ 2020 онд байгуулагдсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлээд Монгол Улсад корона вирус тахал гарсны улмаас хөл хорио тогтоож, тус гэрээ биелүүлэхгүй байх үндсэн шалтгаан болсон. Корона вирус нь нийтэд илэрхий баримт учраас энэ талаарх баримтыг заавал гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг гаргуулахгүйгээр, үндсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

...Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа, мөн хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий болон тусгай хугацаануудыг зааж өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгч талд байсан. Гэтэл хугацаа хэтрүүлээд 2024 оны 08 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн тухайд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасанд шаардах эрхээ хэтрүүлсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна. Тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох ойлголтууд байхгүй.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэх хүсэлтүүд гаргаад яваад байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах гэсэн ойлголт байхгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,289,365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч ******* ******* ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэлээ .... өдөр гардаж авч, хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй биелүүлээгүй буюу шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.

Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь зохигчдын тайлбарын 1 дүгээр зүйлийн 1.5-д ...Зохигчид нь тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр гаргана. Шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар хүлээн авна... гэж заасны дагуу хариуцагчаас бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, харин түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг Ковидын давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй гэсэн тайлбар хийсэн, мөн асуулт, хариултын шатанд үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Мөн тайлбарын 2 дугаар зүйлийн 2.4-т ...Нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Эсрэг талын гаргасан тайлбарт бүрэн хэмжээгээр хариу тайлбар гаргаагүйн үр дагаврыг зохигчдод танилцуулсан байхад тэрээр өөрийн тайлбараа гаргаагүй эсхүл хангалттай хэмжээнд үндэслэн эсэргүүцээгүй бол хэргийн тухайн нөхцөл байдлыг маргаангүй, түүнчлэн татгалзлаа нотлоогүй гэж тус тус үзэх үндэслэл болно... гэж зааснаар анхан шатны шүүхээс хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцон, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байжээ.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 144\ШШ2026\00076 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 20/05 дугаартай Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 150,000,000 төгрөгийн төлбөр, хэтэрсэн хугацааны алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 20/05 дугаартай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн ба уг гэрээгээр шатахуун нийлүүлэгч нь улирлын нөхцөлд тохирсон, стандартад нийцсэн гэрээний хавсралтаар талууд тохирсон үнээр худалдан авагч талд зээлийн нөхцөлөөр, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд нийлүүлэхээр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК нь авлага, өглөгийн тооцоог 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 150,000,000 төгрөг гэж /хавтас хэргийн 40-41/ тооцсоныг хариуцагч ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 31, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд бүрэн төлж барагдуулах тухай хүсэлтүүдийг /хавтас хэргийн 23-24/ нэхэмжлэгч ******* ХХК-д гаргасан ба дээрх үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Бичгээр хийсэн гэрээнд гэрээгээр тохирсон хугацаанд үнийг худалдан авагчаас шаардах, худалдан авагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар шатахуун нийлүүлэгч талд алданги тооцож төлнө гэж тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/04910 дугаартай шийдвэр /хх 28-29 дэх тал/-ээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсан байна.

Тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.03-ны өдрийн 101/Ш32024/22191 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн талаар дурдсан байна. Гэвч нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар баримт хэрэгт ирүүлээгүй, нотлоогүй байна. Иймд Худалдах худалдан авах гэрээ-ний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ий нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ төлбөрөө төлөхийг байнга шаардаж, утсаар залгаж, мессеж бичиж байсан бөгөөд удахгүй өгнөө гэсээр өнөөдрийг хүрсэн гэж бичсэн бөгөөд хариуцагч энэ тайлбарыг няцаан үгүйсгээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба удаа дараа цагдаагийн байгууллагад 2022, 2023 онуудад хандаж байсан талаарх тайлбарыг зохигчид давж заалдах шатны шүүхэд гаргасан ба хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2021, 2023 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж С.*******ийг шалгуулж байсан гэх тайлбартай маргаагүй 2021, 2022 онд цагдаад өгч байсан гэх тайлбарыг үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дэх хэсгийн 75.2.1,-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021 оноос эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар зохигчид тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч ******* ХХК нь шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахууны төлбөр, алдангийг шаардах эрхтэй байна.

Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1.8 Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барааны нийлүүлэлтийг зогсоох эрхтэй. 3.1.9 Энэхүү гэрээний 4.1, 4.2-т заасан хугацаанд төлбөр тооцоог хийгээгүй тохиолдолд барааны нийлүүлэлтийг төлбөр тооцоог барагдуулах хүртэл зогсоох цааш үргэлжлүүлэх эсэхийг харилцан тохиролцоно. гэсэн заалтуудыг нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс төлбөр тооцооны үлдэгдэл байнга өсөж улмаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс шаардан авах алдангийн хэмжээ өссөн байна.

Иймд зээлээр худалдан авсан шатахууны үнэ 150,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасныг баримтлан шүүх анзын хэмжээг багасгаж гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд төлөх алданги 30,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийн алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,289,365 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШШ2026/00076 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,289,365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,289,365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,057,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,289,365 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА