Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 745

 

          

 

 

 

    2019         10         01                                    2019/ШТ/745

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ц.Хулан,

хохирогч О.Заяа,

иргэний нэхэмжлэгч Ц.Хишигжаргал,

шүүгдэгч Л.А, Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буудай овгийн Хишигсайханы Лхагватүвшин, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лодонгийн Амгаланжаргал нарт холбогдох эрүүгийн 1811034400633 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн, 4 дүгээр хороо, Их наран 5-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Лодонгийн Амгаланжаргал /РД:УП91083006/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн, 4 дүгээр хороо, Их наран 5-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Буудай овгийн Хишигсайханы Лхагватүвшин /РД:УУ89070517/,

Шүүгдэгч Х.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,  шүүгдэгч Л.А мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 11-256 тоотод Б.Хулантай маргалдаж, улмаар түүний үснээс татаж газар унагаан духанд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд цус хуралт, хуйх, баруун бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 11-256 тоотод О.Заяатай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиж тархи доргилт, хамрын нуруу, хөмсөгний цус хуралт, хамрын ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 11-256 тоотод Х.Цэлмүүний толгой руу цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр 11-12 цагийн үед хохирогч О.Заяагийн охин Ц.Хишигжаргал над руу “ахыгаа ирж ав, авахгүй бол гаргалаа” гэж олон удаа залгасан. Тэгэхэд нь би “машин алга, очиж чадахгүй нь” гэж зөндөө тайлбарласан боловч утасны цаанаас намайг янз бүрээр харааж, “ядуу хоосон та нар энэ ахыгаа ирж авахгүй бол гадаа хөлдөөгөөд хаячихна шүү” гэж доромжилсон. Ингээд арга ядаад найзыгаа дуудаад эдний гэрт очсон. Очиход хашааных нь хаалга түгжээтэй байсан ба дотроос нь н.Гансүх ах гарч ирсэн. Тэгээд бид утасны цаанаас жаахан маргалдсан байсан болохоор дотор ороод н.Хулан гэж эгчтэй хэрэлдээд байж байтал О.Заяа эгч шууд миний нүүр лүү цохисон. О.Заяагийн охин намайг модоор цохичихоод цаашаа явсан. О.Заяа эгч намайг өөрөө зодсон мөртлөө одоо би шүүгдэгч болоод явж байна. Үүн дээр маш их гомдолтой байгаа. Тэгээд О.Заяа эгчийн хүү нь ирээд “та нар нөхөрт нь зодуулсан, нөхрийг нь л одоо та нар яллана шүү дээ” гэсэн. О.Заяа нь хүүгээ ирсэн ч намайг зодсоор байсан. Тэр үед би “одоо больё, эгч ээ” гэж зөндөө уучлалт гуйсан. Бүгдээрээ над руу дайрсан мөртлөө одоо бүгдээрээ хохирогч болчихоод байж байна. Энэ охиныг нь би бас гайхаад байгаа. Манай нөхөр түүнийг 3-4 удаа цохисон юм бол яагаад тэр үедээ Шүүх эмнэлэгт очиж үзүүлээгүй юм бэ? Гэтэл 7 дугаар сард чихний аппарат эвдэрсэн гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Нийт энэ хэрэгт 3 байцаагч солигдсон. Эхний байцаагч дээр нь бүгдээрээ гомдол, саналгүй гээд хаагдаж байсан, дараагийнх дээр нь бүгдээрээ шал өөр мэдүүлэг өгөөд явсан ...” гэх

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ амьдарч байтал миний ээжийн төрсөн дүү болох Гансүх гэгчийн хамтран амьдрагч О.Заяа миний утас руу залгаад шууд үгийн зөрөөгүй намайг энэ ахыгаа ирж ав гэхээр нь би боломжгүй байна та өөрийг нь таксинд суулгаад явуулчих гэхэд согтуу байна заавал ирж ав гээд удаа дараа залгаад болохгүй байсан. Ингээд бүр залгаад болохгүй хэл амаар доромжлоод байсан учир та хамт амьдардаг юм байж наад хүнээ өөрөө зохицуулаач, надад ямар хамаатай юм гэхэд хэл амаар доромжлоод охин нь хүртэл яриад байсан тул би аргагүйн эрхэнд нөхөр Х.Лд хэлтэл за яахав очиж авъя гээд өөрийнхөө найз Олзбаярыг машинтай нь гуйгаад орой 23 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхит 11-256 тоотод явж очиход одоо Хулан гэж яриад байгаа О.Заяагийн бэр нь гэх эмэгтэй Гансүх ахтай хашааны үүдэнд зогсож байхаар нь Гансүх ахад хувцас хунараа ав, болохгүй бол эмээ дээр очиж амьдар гэж хэлсэн юм. Би хашааны хаалга руу ойртох үед нөгөө хамтран амьдрагч О.Заяа гэгч нь гарч ирсэн юм. Тэгээд шууд хүрч ирээд миний нүүр лүү алгадаж авсан тул би нүүрээ дартал намайг шууд үсдээд дарахаар нь би зөрүүлээд үсдээд түүний нүүр лүү гараараа цохих үед манай нөхөр Х.Л намайг зодуулахгүй гэж салгах үед нөгөө бэр Хулан, охин Хишигжаргал нар нь намайг үсдээд авсан юм. Тэгээд би Б.Хулантай үсдэлцээд газар унасан юм. Б.Хулан ч гэсэн намайг үсдсэн байсан ба бие биенээ цохиж авсан. Тэгээд газар уначихаад босч ирэх үед миний толгой хагарсан байсан юм...” гэх /хх-ийн 129-132х/,

Шүүгдэгч Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хэрвээ цохиж нүдээд, чихний аппаратыг нь эвдэлсэн бол ядаж чихэнд нь гэмтэл учруулах байсан. Өөрөө анх цагдаагийн газарт очоод “надад гомдол байхгүй” гэж хэлж байсан боловч гэнэт 7 дугаар сард чихний аппарат гэмтэлтэй гээд гараад ирсэн...” гэх

Шүүгдэгч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэртээ амарч байтал эхнэр Л.Аын утас руу О.Заяа гэх эмэгтэй залгаад ах Гансүхийгээ ирж ав гээд байн байн залгаад байсан юм. Тэгээд тухайн үед би машингүй байсан очих боломжгүй байгааг эхнэр Амгаланжаргалд хэлсэн юм. Гэтэл О.Заяа гэгч дахиад залгаад болохгүй болохоор нь би өөрийн найз Олзбаярыг гуйж түүний машинтай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 11-256 тоотод байрлах О.Заяа гэгчийн гэрт 23 цаг өнгөрч байх үед явж очсон юм. Тэр үед Гансүх ах өөдөөс гарахад нь манай эхнэр Л.А ахын хувцасыг авах гэж гэр лүү нь орсон. Тэгээд ах надад машинаа онгойлгочих гэхээр нь би машиныхаа хаалгыг онгойлгоход Гансүх ах машин дотор ороод унтаад өгсөн. Энэ үед О.Заяа хоёр охины хамтаар манай эхнэр Л.А руу дайрч, хэл амаар доромжилж, үснээс нь зулгаагаад үсдээд байхаар нь би дундуур нь орж салгасан...” гэх /хх-ийн 141-142х/,

Хохирогч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                              “...Л.А гэгч ээжийг шууд чи яадаг муу хөгшин авгай вэ гээд дайрахаар нь би холдуулах гэтэл шууд намайг түлхээд үсдэж чирээд газар унагасан. Ингээд бие давхар байсан учир шууд нүүр бодон гэдсээ хамгаалаад хэвттэл уг хүүхэн миний дээр гарч суугаад үснээс зулгааж байгаад газар руу толгойгоор олон удаа мөргүүлсөн. Энэ үед Цэлмүүн уг эмэгтэйг салгаад босгосон...” гэх /хх-ийн 54-57х/,

Хохирогч О.Заяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг маань үнэн зөв. Учир нь миний хамрын гэмтлийг хэрэг болсон тухайн үед Лхагватүвшин нүүр рүү 3-4 удаа цохих үедээ учруулсан юм. Л.Аын толгойд учирсан гэмтлийг би учруулаагүй. Харин өөрөө Хуланг үсдээд сэгсэрч байх үедээ өөрөө унасан. Энэ үед жижиг засаж янзалсан модыг л мөргөсөн байх. Би өөрт учирсан хохиролд 100,000 төгрөгний хохирлыг барагдуулж авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх /хх-ийн 30-31, 37-39х/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Цэлмүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Хулан эгчийг Амгаланжаргал эгч газар унагааж дээр нь гарчихсан үснээс нь зулгааж байхаар нь манай эмээ Заяа дундуур нь орж салгах гэж байхад араас нь Лхагватүвшин хувцаснаас нь татаж, нүүрэн тус газар нь гараараа цохисон. Энэ үед би эмээгээ салгаж авах гэж Лхагватүвшин, эмээ Заяа хоёрын дундуур орж Лхагватүвшинд цохиулсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 224-225х/,

Гэрч Ц.Дэмчигдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...танихгүй 2 эрэгтэй, 1 эмэгтэй тэгээд эхнэр Г.Хулан, ээж О.Заяа, эгч Хишигжаргал, дүү Цэлмүүн нар байсан бөгөөд манай гэрийнхэн энэ хүмүүс хашаанд орж ирээд биднийг зодсон гэсэн бөгөөд эхнэр Б.Хулангийн үс нь сэгсийсэн байдалтай, ээж О.Заяагийн хамар нь хугарсан байдалтай далийсан байсан...” гэх /хх-ийн 74-75х/,

Гэрч Ц.Олзбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Амгаланжаргал нэг эмэгтэйг нь үсдээд газар унагасан юм. Тэр үед Лхагватүвшин О.Заяа болон нэг охиныг нь холдуулж түлхээд газар унасан Амгаланжаргал нөгөө эмэгтэй хоёрыг салгасан юм. Лхагватүвшин салгатал Амгаланжаргалын баруун нүдний дээд талд духны орчмоос цус гоожиж байсан...”, “...Анх О.Заяа цохих үед бол духнаас нь цус гоожоогүй болно. Яг тэр зодоон болж байсан газарт нь жижиг модоор хийсэн хайс байсан нь үнэн...” гэх /хх-ийн 85-87х/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...нэг улаан үстэй хүүхэн манай ээж рүү мангар авгай минь гээд барьж авах гээд дайраад байсан учир бэр Хулан болиулах гээд голоор нь ортол шууд Хуланг үсдээд өөрлүүгээ татаад газар унагаасан. Энэ үедээ манай хашаанд элс тойруулж татсан жижиг модон хайсыг тэр хоёр тээглээд унасан. Энэ үед улаан үстэй хүүхэн Б.Хуланг хөлөөрөө жийгээд өшиглөөд байсан ба ээж Заяа салгах гэтэл хар куртик өмссөн залуу ээжийн нүүр рүү 2-3 удаа цохисон. Ингээд би болиоч гээд Хуланг салгах гээд очтол нөгөө хар куртиктэй залуу миний араас 2 суган доогуур гараа оруулаад өргөөд цааш болгоод мөн хувцаснаас татаж холдуулах үедээ миний нүүр рүү 3-4 удаа цохисон учир би хоёр гараараа хаатал миний баруун чих рүү цохисон...”, “...Энэ үед миний зүүсэн байсан чихний аппарат эвдэрсэн. Мөн аппратны чих рүү хийдэг гуурс нь тасарсан.Одоо ямар ч ажиллагаа байхгүй болсон бөгөөд засварт үзүүлэхэд янзлах боломжгүй гээд байгаа. Мөн хар куртик өмссөн Х.Л манай хүү Цэлмүүний биед тухайн үед гар хүрч байсан...” гэх /хх-ийн 61-63х/,

Шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14144 дугаартай дүгнэлт:

О.Заяагийн биед тархи доргилт, хамрын нуруу, хөмсөгний цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 89х/,

Шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14170 дугаартай дүгнэлт:

Б.Хулангийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд цус хуралт, хуйх,  баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 100х/,

Шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14264 дугаартай дүгнэлт:

Х.Цэлмүүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зовхины зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /хх-ийн 227х/,

Шүүгдэгч Л.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 157х/,

Шүүгдэгч Л.Аын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 159х/,

Шүүгдэгч Л.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154х/,

Шүүгдэгч Х.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 166х/,

Шүүгдэгч Х.Лгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 165х/,

Шүүгдэгч Х.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Лг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Х.Л, Л.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж,

шүүгдэгч нарын нэг гэр бүл, тэдний цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулж шийдвэрлэв.

Хохирогч О.Заяа, Б.Хулан, Х.Цэлмүүн нар нь эмчилгээний зардлын баримт хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 Иргэний нэхэмжлэгч Ц.Хишигжаргалын сонсголын аппаратны төлбөр болох 477,120 төгрөгийг шүүгдэгч Х.Лгээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Боржигон овгийн Лодонгийн Амгаланжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Буудай овгийн Хишигсайханы Лхагватүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Лг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, Х.Л нар торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, Х.Л нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Лгээс нийт 477,120 /дөрвөн зуун далан долоон мянга зуун хорин/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 11-256 тоотод оршин суух, Барга овгийн Цогтоогийн Хишигжаргал /РД: ЦБ82102861/-д олгосугай.  

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.АРИУНБОЛД