| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2025/00432/И |
| Дугаар | 203/МА2026/00012 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 203/МА2026/00012
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2026/00068 дугаартай шийдвэртэй,
******* банк ХК -ийн нэхэмжлэлтэй
Н.*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,370,328 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяа /цахим/, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.******* нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МN350030003095033386 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 27,749,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 27,749,000.00 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,262,624.58 төгрөг, зээлийн хүүнд 836,808.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,559,63 төгрөг тус тус төлсөн байна.
Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байгаа боловч тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн МЫ350030003095033386 тоот Цахим цалингийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.
Үүнд: Үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 23,486,375.00 төгрөг, зээлийн хүүнд 2,810,479.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,474.00 төгрөг буюу нийт 26,370,328.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* ХХК-д ажиллаад 3 жил болж байна. Сард 1 сая гаран төгрөгийн цалин авдаг. Хас банкны 25 сая төгрөгийн зээл, Соно аппликейшний 1 сая төгрөг төлж байгаа. Нөхөр болох Соронзонбаатар ажилгүй, гэртээ хааяа ажил олдвол хийдэг. Манай охин Бүтэнбаяр, Шүрэнханд гэх эмэгтэйтэй цуг ажилладаг. Шүрэнханд мөнгө зээлээд сар сард нь төлөөд явна. Танаас мөнгө зээлж авъя гэсэн. Тухайн үед манай охин миний утсыг авч явсан. Авчирч өгөхөд аягүй их код ирдэг болсон. Кодоо хэлж байгаарай гэж тухайн үедээ хэлсэн. Кодын хэлснээр ийм их зээл авсан байсан. ******* ХХК миний нийгмийн даатгалыг төлж явдаг. Солонго сүлжмэл ХХК дээр миний нийгмийн даатгалыг давхар төлөөд их зээл гаргуулсан байсан. Шүрэнханд гэх хүнд мөнгөө залилуулсан. Нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Би өөрөө данс нээж өгсөн. Дараа нь миний утсанд ирсэн мессежийг хүүхдээрээ дамжуулан Шүрэнханд гэдэг хүнд өгсөн. Зээлийг авсныг мэдсэн төлөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 23,486,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдсэн 2,883,953 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 275,382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяагийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болон хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухайд:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт 2024 оны 10 сарын 28-ны өдрийн МШ50030003095033386 тоот зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээ хэрэгт байхгүй байна. Гэвч хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэх 2024 оны 09 сарын 10-ны өдөр МЮ60030003095028712 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ ирүүлсэн гэх боловч тус гэрээ ИХШХШтХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, цахимаар хэрхэн байгуулсан болох нь тодорхойгүй байна гэжээ. ******* банк ХК нь хариуцагч Н.*******тай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МN50030003095033386 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г тус банкны цахим аппликейшнээр дамжуулан байгуулж, 24,749,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар олгосон бөгөөд ийнхүү зээл олгосон болох нь мөн зээлийн дансны хуулга болон хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус банкнаас цахимаар зээл авсан нь үнэн гэх тайлбараар нотлогддог.
Цахим зээл гэдэг нь Банкнаас үзүүлж буй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг техник хэрэгсэл, программ хангамж ашиглан цахим хэлбэрээр буюу цахим үйлчилгээгээр дамжуулан олгох зээлийг хэлэх бөгөөд Иргэний хуулийн 42.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно., мөн хуулийн 421,2-д Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж тус тус заасны дагуу талууд цахимаар цалингийн зээлийн гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт бүхий зээлийн гэрээг нэхэмжлэгчээс шаардаж, улмаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2. Тус шүүхийн шийдвэрийн 8-д Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. , мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно., 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ, мөн хуулийн 20.1-д "Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хууг буцаан төлөх үүргийг хүлээнэ.гэж тус тус заасны дагуу талууд цахимаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим цалингийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй орхиж, 24,749,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд төлсөн 1,262,625 төгрөгийг хасаж, хариуцагчаас 23,486,375 төгрөгийг гаргуулж, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2026/00068 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр нь зөвхөн үндсэн зээлийг хангаж, хүүг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь харилцагчид цахим хэлбэрээр бүтээгдэхүүн үйлчилгээ авахтай холбогдуулан байгуулсан гэрээ байдаг. Интернет банкаараа бүх төрлийн бэлэн болон бэлэн бус зээлийн үйлчилгээнүүдийг авна гэсэн журмынх нь дагуу гэрээ байгуулаад дижитал банк интернет банкаа бүртгүүлсэн. Тэр интернет банкаараа харилцагч нь өөрөө нэвтрэн орж, зээлээ авсан байгаа тул мөн цахим зээлийн гэрээний дагуу гэрээгээ зөрчвөл нэмэгдүүлсэн хүү болон хүүг төлнө гээд заачихсан байхад харилцагч нь зээл авснаа хүлээн зөвшөөрч байхад хүүг нь төлүүлэхгүй гэх шийдвэр гарсанд гомдолтой байна. Тийм учраас энэ гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тэгээд цахим зээлийн гэрээнд заасны дагуу харилцагчтай байгуулсан гэрээний журмын дагуу харилцагч хүлээх үүргээ хүлээх ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 23,486,375.00 төгрөг, зээлийн хүүнд 2,810,479.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,474.00 төгрөг буюу нийт 26,370,328.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.******* нь зээлийг өөрийн биеэр аваагүй, ахуйн хэрэглээндээ зарцуулаагүй, авсан мөнгийг бүгдийг Э.Шүрэнханд авсан, энэ хүнд залилуулсан тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байна гэж дүгнэн хариуцагч Н.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 23,486,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдсэн 2,883,953 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хариуцагч Н.*******гийн ******* банкны МN350030003095033386 тоот дансны хуулгаар /хх-14, 38/ 2024 оны 10 сарын 28-ны өдөр 24,749,000 төгрөгийг зээл олголт гэсэн утгатайгаар шилжүүлсэн, үндсэн зээлийн төлбөрт 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1,015,664.52 төгрөг, 2025 оны 01 сарын 09-ний өдөр 246,960.06 төгрөг нийт 1,262,624.58 төгрөг, хүүний өр төлөх гэсэн утгатайгаар 2024 оны 10 сарын 28-ны өдөр 27,664.63 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 9,997.30 төгрөг, 2025 оны 01 сарын 09-ний өдөр 799,146.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөх гэсэн утгатайгаар 2025 оны 01 сарын 09-ний өдөр 3,559.63 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн дансаар зээлийн мөнгө шилжиж орсон, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 42.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно., мөн хуулийн 421,2-д Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан ба цахим баримт бичиг үйлдэн цалингийн зээлийн гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбар, цалингийн зээлийн гэрээ, зэргээр нотлогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,883,953 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно гэсний дагуу нэхэмжлэгч банк нь зээлийн шугамын хэлбэрээр зээлийн бүтээгдэхүүн гаргах хууль зүйн боломжтой байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байна.
2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн MN360030003095028712 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ-ний 6.5-д зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд энэ гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. 6.7-д зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссан, гэрээг цуцалсан эсэхээс үл хамааран гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан байна.
Хариуцагч өөрөө зээлийн гэрээг байгуулаагүй, өөрийн утсанд ******* банкнаас ирсэн кодыг охиндоо өгч байсан гэж мэдүүлж байгаагаас нэхэмжлэгч ******* банк, хариуцагч Н.******* нарын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 23,486,375.00 төгрөг, зээлийн хүүнд 2,810,479.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,474.00 төгрөг буюу нийт 26,370,328.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяагийн гомдлыг давж заалдах шатны шүүх хангах үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 289,802 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2026/00068 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Н.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 23,486,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдсэн 2,883,953 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Н.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 26,370,328.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай. гэж,
2 дах заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 275,382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 289,802 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үүрийнтуяагийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,802 /хоёр зуун наян есөн мянга найман зуун хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР