| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2025/00138/И |
| Дугаар | 223/МА2026/00016 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 223/МА2026/00016
2026 04 16 223/МА2026/00016
Ө.Тнэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00200 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ө.Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” иргэний хэргийг иргэний нэхэмжлэгч Ө.Тгаргасан давж заалдах гомдлын дагуу 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Ө.Т миний бие “Т” ХХК-ийн Захиргаа удирдлагын албанд 2022 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэлтсийн даргаар орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл ажилласан. 2022 онд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. “Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж нэг хэлтэс болсон. Тус тогтоолын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэлтсийн дарга Ж.Өсөхбаяр болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т миний бие мэдэгдэл хүлээн авч Ж.Өсөхбаярыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гүйцэтгэх захирлын дэргэдэх Зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралд Хуулийн хэлтсээс төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 42 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдэж нийлсэн хэлтэс, нэгжийн удирдлагыг гүйцэтгэх захирлын 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах. Тус шалгаруулалтыг уг журмын 6 дугаар зүйлд зааснаар зохион байгуулах нь хууль зүйн үндэслэлтэй талаар танилцуулж, ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэсэн.
Гэтэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгээс дараах байдлаар холбогдох журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан.
Үүнд:
1. Сонгон шалгаруулалтыг “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд бус 5.2 дэх хэсэгт заасан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
2. Журмын 3.2-т Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан, ажиллаж байгаа үндсэн албан хаагчдаас нөхөх, шилжүүлэн томилох, хавсран гүйцэтгүүлэх боломжтой бол олон нийтэд зарлахгүй гэсэн заалтыг зөрчсөн.
3. Ажлаас чөлөөлөгдөөгүй байхад 2024 оны 3 дугаар сарын 19-нд нээлттэй зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал болон ажлын хэсгийн даргад гаргасан миний хүсэлтээс санаа авч, 3 дугаар сарын 29-нд авах шалгалтаа хойшлуулж, тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.
Гүйцэтгэх захирал 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Б/426 дугаар тушаалаар намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. “Птүлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/426 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 /аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/ дэх заалтыг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.
“Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болсон. Нэгж татан буугдаагүй, ажлын байр хасагдаагүй, ажлын чиг үүрэг байхгүй болоогүй юм.
“Т” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 55,431,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр хариу тайлбартаа: “Хариуцагч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу бүтэц, орон тооцны өөрчлөлт хийсэн бөгөөд Ө.Тажлын байр хасагдсан тул зохих тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гарааг цуцалсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Т ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Тнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Ө.Т давж заалдах шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанаар Ө.Т миний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/Ш32024/03680 дугаартай захирамжаар заасан 10 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 болон мөн хуулийн 154.7-д заасан заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй захирамж бөгөөд энэ хугацаа нь тухайн захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хугацаа болохоос биш нэхэмжлэл дахин өгөх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа биш болно. Тухайн захирамж нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албажиж бичгийн хэлбэрээр гарсныг хүлээн авсан байдаг бөгөөд захирамжид заасан бүрдүүлбэрийг хангаж шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан. Үүнийг шүүх буруу тайлбарлаж хууль хэрэглэсэн байна. Иймээс Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00200 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан. Учир нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай захирамжид “захирамжаас хойш 10 хоногийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэсэн дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэж байна. Иймд Ө.Тнэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 200 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д үндэслэл болгосон нь уг хэрэгт хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалт байсан гэж үзэж байна” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай тушаал болон холбогдох үйл баримтын талаар мэдсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй. Иймд хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдсон нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэн дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй байна. Нэхэмжлэгч Ө.Тгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйл болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасныг анхан шатны шүүх хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн дурдсан Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/Ш32024/03680 дугаартай захирамжаар 10 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 53 минутад нэхэмжлэл гаргахдаа тус шүүхийн шийдвэрийг бусад нотлох баримтын хамт хавсаргасан нь уг нэхэмжлэл нь тусдаа агуулгатай биш, нэг агуулгатай маргааны хүрээнд гаргасан болохыг харуулж байна. Иймд давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.8 дахь хэсэгт хөдөлмөрийн маргааныг урьдчилан, шүүхээс гадуур шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан байдаг. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор баталсан журмын дагуу нэхэмжлэгч нь маргаанаа Төв аймгийн маргаан таслах гурван талт хороонд 11 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гаргасан байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэл нь мөн адил агуулгатай, нэг маргааны хүрээнд гаргасан нэхэмжлэл гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Иймд давж заалдах гомдлын шаардлага нь үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.Тгаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүйн улмаас шүүх хуралдааны шатанд мэтгэлцэх зарчим зөрчигдөж, зохигчийн эрх хөндөгдсөн, маргасан, маргаагүй үйл баримтыг зөв тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдэрлэхдээ дараах дүгнэлтийг хийв.
3.Нэхэмжлэгч Ө.Т нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 55,431,870 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй болсон, мөн 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн...” гэх агуулгаар тодорхойлсон,
хариуцагч “Т” ХХК нь “...бүтэц орон тооны өөрчлөлт хийсэн бөгөөд Ө.Тажлын байр хасагдсан, ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулсан, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4.Харин зохигчид нэхэмжлэгч Ө.Т ажлаас чөлөөлөгдсөний дараа зохих тэтгэмжийг авсан талаар маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, маргааны үйл баримт руу зохигчийг чиглүүлэх үүрэгтэй байна.
5.2.Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, зохигчид хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад шүүх хуралдаанд энэ талаар талууд мэтгэлцээгүй атлаа “Талуудаас гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/03680 дугаар захирамжид 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах, эсхүл 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэл дахин гаргах нь хуульд нийцнэ..., шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 22 хоногоор хэтрүүлсэн” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
5.3.Түүнчлэн анхан шатны шүүх маргасан, маргаагүй үйл баримтыг зөв тогтоогоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ө.Т “...ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байхад, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн...” гэж, хариуцагч “...бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдсэн, Ө.Тажлын байр хасагдсан, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй...” гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй...”, “...нэгж нэгтгэгдсэн үйл баримтыг нэхэмжлэгч мэдсэн атлаа хуучин эрхэлж байсан ажил албан тушаал гэх “Т” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй” гэсэн нь маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болохоос гадна хэргийг шийдвэрлэхдээ аль үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна.
5.4.Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” журам, аргачлалын 2.2-д “Тодорхойлох хэсэгт” нэхэмжлэгчээс мэдүүлсэн маргааны үйл баримтын агуулга, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбар бүрийг тодорхой тусгана гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тэдний шаардлага болон татгалзлыг хязгаарлан бичсэн, шүүх хуралдаанд тэдний гаргасан тайлбар, мэтгэлцсэн талаар огт тусгаагүй байгааг анхааруулан тэмдэглэв.
6.Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж, анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ө.Тгаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2026/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тухайн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ө.Тгаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД