| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00784/И |
| Дугаар | 183/ШШ2016/00981 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2016/00981
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: У.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г,
Хариуцагч: Б.С нарт холбогдох,
Худалдагчаар ажиллах явцад дутагдуулсан 10.997.490 /арван сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г. нь манай “Энхжин” худалдааны төвийн №21 павильонд ажиллах хүсэлт гарган хөдөлмөрийн гэрээний дагуу 2015 оны 3 сард худалдагчийн ажилд орсон. Г.Г нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллахдаа 12.829.490 төгрөгийн дутагдал гаргасан. Улмаар ажилласан хугацааны цалин болох 2.000.000 төгрөгийг суутгуулан 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 168.000 дутагдлаа нэмж нийт 10.997.490 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хугацаа зааж өгөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд хохирлыг сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулахыг Г.Г болон түүний ээж Б.С хүлээн зөвшөөрөн гарын үсэг зуран баримтаар баталгаажуулсан. Гэтэл өдийг хүртэл уг өр дутагдлаа барагдуулаагүй тул 10.997.490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г.Г , Б.С нарт холбогдуулан 10,997,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Одоо хариуцагч Б.С-ээс төлбөр шаардахаас татгалзаж, хариуцагч Г.Г-тэй эвлэрч байна гэжээ.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , нөгөө талаас хариуцагч Г овогтой Г нар доорх нөхцлөөр харилцан тохиролцож байгуулав. Үүнд:
Нэхэмжлэгч У.С нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,997,490 /найман сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ер/ төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эхний төлбөр болох 150,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэх төлбөрийг 300,000 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хариуцагч нь уг гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг бүхэлд нь гаргуулах, талуудын хэн нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хангуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэл, хүсэлт, эвлэрлийн гэрээ, бичмэл нотлох баримттай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.С нь хариуцагч Г.Г Б.С нараас худалдагчаар ажиллах явцад дутагдуулсан 10.997.490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.С татгалзсан ба У.С нь А.А шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон, нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлдог тул шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.997.490 төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 8.997.490 төгрөгөөс 300.000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, эхний төлбөр болох 150,000 төгрөгийг 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр, мөн хариуцагч дээрх эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 8.997.490 төгрөгөөс төлсөн дүнг хасч үлдэх төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар эвлэрч гэрээ байгуулжээ.
У.Солонго нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.А олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон ба А.А , Г.Г нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 191.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн 8.997.490 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 158.910 төгрөгийн тал хувь буюу 79.455 төгрөгийг хариуцагч Г.Г-ээс гаргуулан, үлдэх 79.455 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч У.С 10.997.490 төгрөгийг хариуцагч Г.Г-ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.000.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.Г нь эхний төлбөр болох 150,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, 8.847.490 төгрөгийг сар бүрийн 28-ны өдрийн дотор 300.000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 79.455 төгрөгийг гаргуулан, үлдэх 79.455 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ