| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/08535/И |
| Дугаар | 210/МА2026/00981 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00981
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02925 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие ******* байгууллагад тасралтгүй 20 жил ажиллаж байна. Уг ажиллах хугацаанд ******* даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 534 дүгээр тушаалаар ******* орос хэлний бэлтгэл ангид суралцуулахаар шийдвэрлэсэн.
Ийнхүү 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 05 дугаар сар хүртэл ******* албан хаагчийн ажлаас түр чөлөөлөгдөн ******* академид орос хэлний бэлтгэл ангид суралцсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ******* байгууллагаас төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд 2010 оны 11-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага төлсөн.
Иймд 2011 оны 01-05 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийг ******* даргын 2010 оны 534 дүгээр тушаалаар ******* орос хэлний бэлтгэл ангид суралцуулахаар шийдвэрлэж, улмаар ******* даргын 2010 оны 137 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөн ******* мэдэлд шилжүүлсэн. Дараа нь ******* даргын 2011 оны 219 дүгээр тушаалаар уг бэлтгэл ангиас чөлөөлж, ******* мэдэлд буцаан шилжүүлсэн.
******* даргын 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийн цалин хөлснөөс онцгой нөхцөлийн нэмэгдлийг хасаж, бусад цалинг олгохоор шийдвэрлэсэн байна. ******* нь тухайн үед бие даасан хуулийн этгээд байсан бөгөөд 2018 оны 206 дугаар тушаалаар ******* болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Иймд маргаантай харилцаа нь ******* (одоогийн *******)-тай шууд холбоотой.
Иймд ******* ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн 2011 оны 01-05 дугаарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан 2010 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс дүгнэхдээ даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог ажил олгогч ******* гүйцэтгэж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн байна.
******* хичээлийн чөлөө олгох тухай тушаал гарах болсон үндэслэл нь ******* даргын 534 дүгээр тушаал байсан. Иймээс хариуцагчаар ******* ерөнхий газрыг тодорхойлсон нь үндэслэлтэй.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2011 оны 01-05 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь Тээврийн ******* газар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, ажилд эгүүлэн томилсон үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад анхан шатны шүүх 2010 оны 11-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэхгүй тул залруулж холбогдох заалтыг шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
Үүнтэй холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсэгт дугаарлалтын өөрчлөлт мөн орно.
2.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг харгалзан үзээгүйн улмаас маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. ******* даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаар тушаалаар 2010-2011 оны хичээлийн жилд ******* орос хэлний бэлтгэл ангид ******* Баянгол дүүрэг дэх замын ******* тасгийн цагдаа зохицуулагч, ******* ахлагч *******ыг элсэн суралцуулах, алба хаагчийг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суралцуулахыг холбогдох нэгжийн удирдлагад даалгажээ.
Үүний дагуу ******* даргын 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар тушаалаар ******* орос хэлний бэлтгэл ангид элсэн суралцах болсон ******* ахлагч *******ыг Баянгол дүүрэг дэх замын ******* тасгийн цагдаа зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ******* мэдэлд шилжүүлж, хичээлийн чөлөө олгосон алба хаагчийн чөлөөтэй байх хугацаанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг хасаж тооцон олгохыг ахлах нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
3.1. ******* даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 219 дүгээр тушаалаар ******* Баянгол дүүрэг дэх замын ******* тасгийн цагдаа-зохицуулагч, ******* ахлагч ******* ******** 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ******* гадаад хэлний сургалтын төвийн орос хэлний бэлтгэл ангиас чөлөөлж, ******* мэдэлд шилжүүлсэн.
3.2. ******* дээрх сургалтад суралцсан хугацаанд хамаарах 2011 оны 01-05 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийгдээгүй.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
4. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу ******* алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөр зохицуулсан.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог Нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх, холбогдох баталгаажуулалтыг хийх үүргийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хүлээнэ.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
4.1. Харин маргааны онцлогоос хамааран ******* алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалт хийх асуудлыг тогтолцооны төв байгууллага хариуцах эсэхийг холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд тодорхойлно.
4.2. Нэхэмжлэлд хамаарах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын ******* байгууллагын тухай хууль /1993 оны/-ийн 9 дүгээр зүйлд ******* төв байгууллага нь ******* байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байхаар зохицуулсан.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ******* албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт дээрхтэй адил чиг үүргийг ******* төв байгууллагын дарга хэрэгжүүлэхээр заасан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ******* орос хэлний бэлтгэл ангид суралцахтай холбоотой ажлаас чөлөөлөх, эргэн ажилд томилох шийдвэрийг харьяа нэгж гаргасан хэдий ч ******* байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, алба хаагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг төв байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул тухайн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг хийх үүргийг ******* хүлээх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөр нөхөн төлүүлэх, баталгаажуулалт хийх ажлыг бодитоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан харьяа алба, нэгжид чиглэл өгөх, зохион байгуулалтаар хангах нь ******* эрх хэмжээний асуудал юм.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02925 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* 2011 оны 01-05 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* даалгасугай гэж,
3 дахь заалтыг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ