Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1617

 

                        

 

 

 

 

 

 

 2019         10         24                                         2019/ШЦТ/1617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Ц.Ганцэцэг,

          Шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Ад холбогдох 1906 05889 2224 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн механик инженер мэргэжилтэй, “Тэгшт Плант” ХХК-д механикч ажилтай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 64 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48а байрны 74 тоотод түр оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Ргийн А /РД:......./,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Р.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 41 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Сумъяабазарын эзэмшлийн 33-48 УНК улсын дугаартай “Тоёота кроун” маркийн автомашины баруун урд талын их гэрлийг өшиглөн хагалж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,

          “Хас үнэлгээ” ХХК-й хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх.15-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Сумъяабазарын өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед ажлаа тарж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41-29 тоот гэртээ ирэхдээ байрны гадна авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 33-48 УНК улсын дугаартай автомашинаа байрлуулж орхиод гэртээ амарч байх үед 2019 оны 09 дүгээр сарын 26-ны 00:10 цагийн үед үл таних 88854552 утасны дугаараас над руу залгаж эрэгтэй хүн яриад “машин таглаад тавьсан байна” гэж машинаа гаргахыг шаардахаар нь би гараад машинаа холдуултал манай байрны гурван давхарын цонхоор үл таних эмэгтэй хүн надад хандан “чиний машины урд гэрлийг наад хүмүүс чинь хагалчихсан шүү” гэж хэлэхэд би машинаасаа бууж харахад машины баруун талын урд гэрэл хагарсан байсан, тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой гэртээ байж байтал нилээн орой болсон байсан... Манай нөхөр А над руу утсаар яриад “намайг ирээд авчих, би найз Шижиртэй хамт гэрт нь архи уучихлаа” гэсэн. Ингээд би гэрээсээ гарч такси бариад Шижир гээд найзынх нь гэрт очиход нэг шил архи уучихсан байсан... Ингээд архи уусан учраас машин барьж болохгүй гээд би нөхрөө аваад гарахаар болсон. Тэгээд Шижир бид гурав гэрээс гараад миний урд Шижир, А хоёр явж байсан... машинаа авах гээд очтол манай машиныг нэг цагаан өнгийн машин хааж тавьсан байсан. Тэгээд би машины дугаар луу нь залгаад “машин таглаж тавьсан байна, холдуулаад өг” гэхэд “за одоо гарлаа” гэсэн. Тэр хооронд Шижир гэртээ орсон байсан ба би Агийн утсыг нь авах гэж буцаж орсон санагдаж байна. Ингээд буцаад гарч иртэл хүүхэн, залуу хоёр гараад ирчихсэн, машины гэрэл хагалчихсан байсан... Агаас яасныг асуухад дохиоллыг нь дуугаргах гэж зөөлхөн өшиглөсөн чинь хагарчихсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шижирбатын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой А гэгээ тасрахаас өмнө манайд ганцаараа ирсэн. Ингээд бид хоёр ганц шил архи уухаар болоод 1 литрийн Эдэн гэсэн архи авч уг архиа хувааж уусан юм. Ингээд архи хувааж уугаад архи дуусахын өмнө А эхнэрээ дуудаж машинаа бариулахаар болсон. Агийн эхнэр Даваасүрэн манайд нилээн орой ирээд тэр хоёр харина гээд гарсан. Тэгээд 10 орчим минут болсны дараа Даваасүрэн, А хоёр буцаад орж ирэхээр нь яасан гэхэд “миний машиныг нэг машин таглаж тавьсан байна, машины жолооч руу ярьсан утсаа авахгүй байна, хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Тэр үед би орондоо орчихсон байсан учраас “араас чинь гараад очъё” гээд гартал Агийн машиныг таглаж зогссон байсан цагаан өнгийн Тоёота кроун машины нэг талын их гэрлийг хагалчихсан “дохиололтой юм болов уу гэж бодоод өшиглөсөн юм, хагархай байсан юм шиг байна” гэхээр нь би уурлаад “чи яах гэж өшиглөж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед машины жолооч нь гээд залуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон нүдээн хийгээгүй, би өөрийгөө санамсаргүй байдлаар машины гэрлийг хагалсан гэж бодож байгаа. Дохиоллыг нь дуугаргах гэж өшиглөсөн, тэгээд хоёр хоногийн дараа машины гэрлийг 350.000 төгрөгөөр худалдаж аваад төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Р.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 41 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Сумъяабазарын эзэмшлийн 33-48 УНК улсын дугаартай “Тоёота кроун” маркийн автомашины баруун урд талын их гэрлийг өшиглөн хагалж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,

          “Хас үнэлгээ” ХХК-й хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх.15-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Сумъяабазарын өгсөн: “... би гараад машинаа холдуултал манай байрны гурван давхарын цонхоор үл таних эмэгтэй хүн надад хандан “чиний машины урд гэрлийг наад хүмүүс чинь хагалчихсан шүү” гэж хэлэхэд би машинаасаа бууж харахад машины баруун талын урд гэрэл хагарсан байсан, тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... Ингээд буцан гарч иртэл хүүхэн, залуу хоёр гараад ирчихсэн машины гэрэл хагалчихсан болсон байсан... Агаас яасныг асуухад дохиоллыг нь дуугаргах гэж зөөлхөн өшиглөсөн чинь хагарчихсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шижирбатын өгсөн: “... Агийн машиныг таглаж зогссон байсан цагаан өнгийн Тоёота кроун машины нэг талын их гэрлийг хагалчихсан “дохиололтой юм болов уу гэж бодоод өшиглөсөн юм, хагархай байсан юм шиг байна” гэхээр нь би уурлаад “чи яах гэж өшиглөж байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Агийн яллагдагчаар өгсөн: “... би өөрийгөө санамсаргүй байдлаар машины гэрлийг хагалсан гэж бодож байгаа. Дохиоллыг нь дуугаргах гэж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Р.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч С.Сумъяабазар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Р.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Р.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Р.А хохиролд 350.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Сумъяабазар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Р.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Р.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Р.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Р.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төслөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Р.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Ргийн Аг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Р.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Ад сануулсугай.

          5. Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 350.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Сумъяабазар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР