| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1583/Э |
| Дугаар | 1620 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1620
2019 10 24 2019/ШЦТ/1620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Иргэний нэхэмжлэгч Х.Бадамханд,
Шүүгдэгч Т.Э, У.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД:0294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Бийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04828 2005 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар гудамжны 20 дугаар байрны 6а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ты Э /РД:............../,
2. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1975 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар гудамжны 20 дугаар байрны 6а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Новогт Уын Б /РД:........../,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын орчим “Гуагийн булаг” тээвэрлэлтийн компанийн ажилтан Г.Халиуны эзэмшилд байсан иргэн Б.Бийн 10.847.202 төгрөгийн барааг өөрийн эгч У.Бээр барааны эзэн нь мэтээр хуурч авахуулсан,
У.Б нь дүү Т.Эы 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын орчим “Гуагийн булаг” тээвэрлэлтийн компанийн ажилтан Г.Халиунаас залилж авсан иргэн Б.Бийн 10.847.202 төгрөгийн барааг мэдсээр байж бусдад зарж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эы өгсөн: “Би өмнө нь хар зах дээр тэрэг түрдэг байсан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчим Нарантуул зах дээр тухайн бараа буусан. Би тухайн үед тэргээ түрээд явж байсан. Тухайн бараа хамгийн эхэнд буусан. Намайг өдөр 14-15 цагийн үед харахад тухайн бараа буусан газартаа байсан. Би эгч Батэцэг рүү залгаж “манай найз бараагаа зах дээр буусан байна, өөрөө ирж амжихгүй юм байна, 20.000-30.000 төгрөг өгнө гэнээ, та ирээд авчих” гэж хэлэхдээ утасны дугаарыг хамт хэлсэн. Эгч 3 цагийн дараа зах дээр ирсэн. Би бараа авах утасны дугаараа эгчдээ хэлсэн учир эгч барааг очиж авсан байсан. Над руу “бараагаа авчихлаа” гэж ярихаар нь зах дээр тавилга ачдаг машинд мөнгө өгч явуулж, барааг ачуулсан. Эгчийгээ хэрэгт би оруулсан. Намайг уучлаарай...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бийн өгсөн: “Би хоёр хүүхдийн эцгээс 10 гаран жилийн өмнө салаад огт хань ижилгүй байж байгаад нэг хүнтэй танилцаад нэг сарын хугацаанд амьдарч байсан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч ажлаасаа бууж ирээд, гэртээ хамт байх үед манай дүү Э над руу залгаж “манай найзын бараа байгаа юмаа, би өөрөө авах гэсэн чинь завгүй байна, та очоод авчих” гэж хэлэхээр нь зах дээр яваад очсон. Халиуны дугаартай гурван жижиг, нэг том бараа байсан. Би дугаарыг хэлж барааг авсан. Дүү “би эндээс бараа зөөдөг машиныг явууллаа, 30.000 төгрөг төлсөн, та захаас 1.000 төгрөгийн тэрэг хөлслөөд бараагаа аваад гаргаад ир” гэж хэлсэн. Би тэрэгчин дуудаад бараагаа захын хашааны гадна авч ирэхэд тавилга зөөдөг машин зогсож байсан. Би тэр машинд барааг ачаад гэр лүүгээ явж байхад дүү дахин залгаж намайг хаана явж байгааг асууж, унаагаа соль гэж хэлсэн. Би тэр үед хулгай хийсэн гэдгийг мэдэж “яагаад унаагаа сольдог юм бэ” гэж асуухад “та наад бараагаа гэртээ аваад тавьчих, би орой очиж байгаад учрыг нь хэлнэ” гэж хэлээд утсаа салгасан. Гэртээ ороход 100 метр л дутуу байх үед би дүүгийнхээ үгэнд орж, Хөтөл рүү явдаг зам дээр барааг буулгаж, цэнхэр өнгийн Портер маркийн автомашинд 5.000 төгрөг өгч нийтийн байрны хашаанд барааг буулгаж, гэртээ оруулсан. Би тухайн үед хамтран амьдрагчтай ямар учиртай талаар ярилцаж байсан. Дүү Э орой 18 цагийн үед ирээд надад хэлсэн. Би “чи яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ” гэж хэлээд загнан зодож, уурласан. Дүү надад үнэнээ хэлээд байхаар нь би дүүгээ цагдаад өгч чадаагүй. Хулгай хар мөртэй гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Би өөрөө осолд орсон. Манай хамтран амьдрагч 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цалингаа авсан гээд ажлынхантайгаа хамт ууж идэж яваад бөөлжсөндөө хахаж нас барсан. Би маш их харамсаж байна. Хохирогч эгчээс уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Бадамхандын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 08, 09, 10-ны өдөр Эрээн хотоос бараа ирсэн. Надад өглөө нь каргоны газраас “бараа ирсэн” гэж хэлсэн. Би өдөр ажилтай байсан учир очиж авч чадаагүй. Өдөр боллоо, бараагаа авахаар залгахад утсаа аваагүй байсан. Би охиндоо очоод бараагаа авчих гэж хэлсэн. Тэгтэл каргоны хүн эргэж залгахаар нь бараагаа авах талаар хэлэхэд барааг авсан гэж хэлсэн. Охин цагдаа дуудаж, зах дээр очиход бараа авсан байсан. Нарантуул захын бичлэгээс үзэхэд шүүгдэгч нар миний барааг зааж байгаа үйлдэл бичлэгт бичигдсэн байсан. Барааны үлдэгдэл 20.000 төгрөгийг төлөөд барааг авсан байсан. Би анх Эрээн хот руу 12.000.000 төгрөгтэй явснаас, 11.131.000 төгрөгөөр бараа авсан. Үнэлгээний компани миний барааг бага дүнгээр үнэлсэн байсан. Шүүгдэгч нар 2.476.880 төгрөгийн барааг буцааж өгсөн. 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо 5.780.331 төгрөгийн хохирол үлдсэн байна. Би Эрээн хот руу явах замын зардалд 578.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хулангийн өгсөн: “... Над дээр нэг эрэгтэй, эмэгтэй 40-50 насны орчим хүмүүс утасны дугаар хэлээд ирсэн би дээрх дугаарыг бүртгэлээс /дутуу шүүсэн байсан/ шүүж үзээд байхгүй байна гээд явуулчихсан. Удалгүй ирээд машины дугаар /8282/ хэлээд ирэхээр нь дахиж шүүсэн ба байхаар нь би дутуу шүүсэн байна гээд барааг нь зааж өгсөн. Тэгээд манай жолооч Ганзориг ачааг нь буулгаж өгөөд явуулсан. Надаас бараагаа авах үед барааны талаарх мэдээллийг маш сайн мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаатарын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би Баянхошууны баруун салаанд хаягдал панер буулгаад буцаж явахад 17.00 цагийн үед байх нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн 3-4 ширхэг боодолтой ачааг цаашаа 500 метр яваад нийтийн байранд буулгасан. Тэр хүмүүс замдаа “хүүхэд буруу хаяг зааж өгөөд буулгачихаж” гээд 5000 төгрөг өгөөд ачаагаа нийтийн байрны шатаар доош буулгаад оруулж байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Өсөхбаярын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би ажлаасаа бууж ирээд гэртээ амарч байхад Бийн утас дуугарч хүнтэй яриад дараа нь Б надад “Нарантуул зах явж бараа аваад дүүдээ өгч явуулах хэрэгтэй байна, хамтдаа яваад ирье” гэхээр нь гарч 16.00 цагийн үед Нарантуул зах орж зүүн талд ирээд “эндээс бараагаа авна, наанаа зогсч бай, тэрэгчин олоод ир” гээд би тэрэгчин хайсан боловч олдоогүй, гэтэл Б нэг тэрэгчин олоод 4 ширхэг боодолтой бараа аваад гараад ирсэн. Б нь “тэр буйдан, унь ачсан машин дээр аччих” гэхээр нь хажууд нь ирж зогссон цагаан өнгийн дээрээ ачаатай машинд ачаад 30.000 төгрөг Б өгөөд Баянхошуу явж байхад Б замын урд байх саарал өнгийн контейнерийн хажууд ирж байхад буулгачих гэж ачаагаа буулгаад цаанаас ирж байсан портерыг зогсоогоод 5000 төгрөг өгч ачуулаад цааш 200 метр яваад өөрийн амьдардаг нийтийн байранд ирж оруулсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Алдагдсан барааг 10.847.202 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах дээр тэрэг түрэх гээд очсон. Тухайн өдөр нэг каргоны бараа өдөржин байсан бөгөөд ирж авахгүй болохоор нь эгч Б рүү залгаад манай найзын бараа юм та ирээд авчих гэж хэлээд дуудаад ирж авахаар нь унаанд суулгаад явуулсан. Орой нь болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд намайг гэртээ 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байхад ирж авсан. Нийт үнэлгээгээр гарсан мөнгөнөөс эгч Б барагдуулж байгаа. Би удахгүй мөнгөтэй болоод барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.26,148-149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Бийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай дүү Э дуудан “найзын барааг аваад гэртээ байлгаж байгаарай” гэхээр нь Нарантуул захаас хэлсэн дугаарыг нь хэлээд 20.000 төгрөг тушаагаад аваад ясван. Явж байх замд Э залгаад “унаагаа солиод гэртээ хариарай, энэ унаагаараа гэртээ харьж болохгүй шүү” гэхээр нь буугаад өөр замын унаанд сууж гэртээ буулгасан. Орой нь Эыг ирэхээр нь болсон явдлыг ярьсан. Э “та гадуур биш, ойрхон борлуулчих, хүн байвал зараад тараачих” гэхээр нь би нийтийн байрныхаа эмэгтэйд нилээд хэдэн барааг тоогоор нь бодоод 250.000 төгрөгөөр зарсан. Би авсан бараанаасаа 2.500.000 төгрөгийн барааг буцаасан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөг тушаасан. Үлдсэн мөнгөө барагдуулж дуусгана...” гэх мэдүүлэг /хх.28,153-154/,
Барааны падаан /хх.57-68/,
Нэхэмжлэлийн баримт /хх.75/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.97-98/,
Хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн баримт /хх.142/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын орчим “Гуагийн булаг” тээвэрлэлтийн компанийн ажилтан Г.Халиуны эзэмшилд байсан иргэн Б.Бийн 10.847.202 төгрөгийн барааг өөрийн эгч У.Бээр барааны эзэн нь мэтээр хуурч авахуулсан,
У.Б нь дүү Т.Эы 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын орчим “Гуагийн булаг” тээвэрлэлтийн компанийн ажилтан Г.Халиунаас залилж авсан иргэн Б.Бийн 10.847.202 төгрөгийн барааг мэдсээр байж бусдад зарж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хулангийн өгсөн: “... Над дээр нэг эрэгтэй, эмэгтэй 40-50 насны орчим хүмүүс утасны дугаар хэлээд ирсэн, би дээрх дугаарыг бүртгэлээс /дутуу шүүсэн байсан/ шүүж үзээд байхгүй байна гээд явуулчихсан. Удалгүй ирээд машины дугаар /8282/ хэлээд ирэхээр нь дахиж шүүсэн ба байхаар нь би дутуу шүүсэн байна гээд барааг нь зааж өгсөн. Тэгээд манай жолооч Ганзориг ачааг нь буулгаж өгөөд явуулсан. Надаас бараагаа авах үед барааны талаарх мэдээллийг маш сайн мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаатарын өгсөн: “... нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн 3-4 ширхэг боодолтой ачааг цаашаа 500 метр яваад нийтийн байранд буулгасан. Тэр хүмүүс замдаа “хүүхэд буруу хаяг зааж өгөөд буулгачихаж” гээд 5000 төгрөг өгөөд ачаагаа нийтийн байрны шатаар доош буулгаад оруулж байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Өсөхбаярын өгсөн: “...Бийн утас дуугарч хүнтэй яриад дараа нь Б надад “Нарантуул зах явж бараа аваад дүүдээ өгч явуулах хэрэгтэй байна, хамтдаа яваад ирьеж гэхээр нь гарч 16.00 цагийн үед Нарантуул зах орж зүүн талд ирээд “эндээс бараагаа авна, наанаа зогсч бай, тэрэгчин олоод ир” гээд би тэрэгчин хайсан боловч олдоогүй гэтэл Б нэг тэрэгчин олоод 4 ширхэг боодолтой бараа аваад гараад ирсэн. Б нь “тэр буйдан, унь ачсан машин дээр аччих” гэхээр нь хажууд нь ирж зогссон цагаан өнгийн дээрээ ачаатай машинд ачаад 30.000 төгрөг Б өгөөд Баянхошуу явж байхад Б замын урд байх саарал өнгийн контейнерийн хажууд ирж байхад буулгачих гэж ачаагаа буулгаад цаанаас ирж байсан портерыг зогсоогоод 5000 төгрөг өгч ачуулаад цааш 200 метр яваад өөрийн амьдардаг нийтийн байранд ирж оруулсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Алдагдсан барааг 10.847.202 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эы яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр нэг каргоны бараа өдөржин байсан бөгөөд ирж авахгүй болохоор нь эгч Б рүү залгаад “манай найзын бараа юм, та ирээд авчих” гэж хэлээд дуудан ирж авахаар нь унаанд суулгаад явуулсан. Орой нь болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.148-149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай дүү Э дуудан “найзын барааг аваад гэртээ байлгаж байгаарай” гэхээр нь Нарантуул захаас хэлсэн дугаарыг нь хэлээд 20.000 төгрөг тушаагаад аваад явсан. Явж байх замд Э залгаж “унаагаа солиод гэртээ хариарай, энэ унаагаараа гэртээ харьж болохгүй шүү” гэхээр нь буугаад өөр замын унаанд сууж гэртээ буулгасан. Орой нь Эыг ирэхээр нь болсон явдлыг ярьсан. Э “та гадуур биш, ойрхон борлуулчих, хүн байвал зараад тараачих” гэхээр нь би нийтийн байрныхаа эмэгтэйд нилээд хэдэн барааг тоогоор нь бодоод 250.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.153-154/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э, У.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Бийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Т.Эыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, У.Бийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшин, ашиглаж мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Т.Э, У.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Т.Э, У.Б нар нь учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Х.Бадамхандын замын болон ачааны зардлын 570.800 төгрөгийн нэхэмжлэлийг баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох Т.Э, У.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Э, У.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Т.Э, У.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Эд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч У.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.
Т.Э, У.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Ты Эыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Новогт Уын Бийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшин, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтуудыг баримтлан, У.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг У.Бт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Эд сануулсугай.
6. Т.Э, У.Б нар нь учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Х.Бадамханд нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний нэхэмжлэгч Х.Бадамханд нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох Т.Э, У.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Э, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР