| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/03359/И |
| Дугаар | 210/МА2026/00462 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00462
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* д холбогдох,
Гэрээний улмаас учирсан хохирол 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам батлагдсан. 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ******* тоот тогтоолоор дээрх журмыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хороо, ******* хотхон орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад нэхэмжлэгч *******ХК-ийн ******* хороолол төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан. *******2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн******* тоот захирамжаар ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хороо, ******* хотхон орчим ******* багцын Б талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан.
1.2. ******* 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай захирамжаар төсөлд заасан хаяг, байршилд байх 26,6 га газарт төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээний дагуу 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төсөл хэрэгжих талбайг чөлөөлөхөөр төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй 2 талт гэрээ байгуулсан. 2015 онд нэхэмжлэгч нь төсөл хэрэгжих талбайд орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 2016 оны 08 дугаар сард ******* айлын орон сууцыг барьж, гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн.
Гэвч ******* айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцыг хүлээлгэн өгөх ажил хариуцагч ******* буюу түүнээс эрх хүлээн авсан ******* газар тухайн орон сууцны дэд бүтцийн ажлыг гүйцэтгээгүйгээс болж хойшилсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээгээр ******* газар нь төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ /төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулааны шугам сүлжээ/-ний ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх үүрэг хүлээсэн боловч эдгээр ажлууд хугацаандаа хийгдээгүй.
1.3. Хариуцагч нь гэрээнд заасан ажлаас төвийн цахилгаан эрчим хүчний хангамж, төвийн, дулааны шугам, сүлжээний ажлыг одоо хүртэл хийж гүйцэтгээгүйгээс дээрх орон сууцны барилга нь төвийн цахилгаан, дулаанд холбогдоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талтай удаа дараа уулзаж, гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан ба орон сууц хугацаандаа ашиглалтад орохгүй байсан тул газраа чөлөөлсөн иргэд бухимдаж, төсөл хэрэгжүүлэгч болон Нийслэлийн холбогдох эрх бүхий албан тушаалтанд хандаж, газраа чөлөөлсөн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч нь ******* айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлж өгсөн иргэдтэй байгуулсан 2 талт гэрээний үүргийн дагуу тэднийг орон сууцанд оруулахын тулд дэд бүтцийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орсон бөгөөд уг дэд бүтцийн ажлыг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн.
1.4. Нийслэлийн удирдлага, холбогдох эрх бүхий албан тушаалтантай олон удаа уулзаж, хэлэлцсэнээр ******* айлын орон сууцны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг түр горимоор шийдвэрлэж, дараах ажлуудыг банкны зээлийн эх үүсвэрээр гүйцэтгэсэн. Үүнд
а/ дулаан хангамжийг нам даралтын зуухаар /нүүрсээр галладаг/,
б/ бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар;
в/ түр цахилгаан буюу хөрш байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар буюу өндөр үнээр цахилгаан авч орон сууцны барилгыг цахилгаанд холбох байдлаар айлуудыг эрчим хүчээр хангасан бөгөөд эдгээр ажлуудыг хийснээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулсан боловч орон сууцны барилгыг зээлийн барьцаанд барьцаалсан учир өмчлөх эрхийг нь тэдэнд шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
1.5. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгчээс гарах ёсгүй их хэмжээний зардал гарч, зээлийн хугацаа хэтэрснээс их хэмжээний хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд орж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр 6,566,362,088.09 төгрөгийг зээлдүүлэгч банканд төлөхөөр болж хохирсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг хариуцагч ******* буюу түүнээс эрх хүлээн авсан ******* газраас шаардах эрхтэй гэж үзэж байна.
1.6. Мөн дулаан хангамж болон халуун усны хэрэгцээг нам даралтын 2 зуух ашиглалтад оруулах байдлаар хэрэглээний халуун ус, дулааныг уг ******* айлын орон сууцанд хангаж байсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан их хэмжээний зардал гарч, мөн энэ зардлыг зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн учир зээлийн төлөлтөд нөлөөлж ирсэн. Үүнтэй холбоотой Төрийн банканд 6,566,362,089 төгрөгийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
Иймд гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1 *******ХК-ийг ******* 2014 оны ******* дугаар захирамжаар ******* дүүрэг *******, *******, ******* дугаар хороо, ******* хотхон орон сууцны хороолол орчмын ******* багцын Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. ******* 2015 оны ******* дүгээр захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын ******* дүгээр хурлын шийдвэрийн дагуу Нийслэлийн ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* хотхон орчим /*******/ багцын Б хэсэгчилсэн талбай 26,6 га-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ба *******ХК-ийн хариуцлагын хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ юм.
Тодруулбал нэг тал тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэх, нөгөө тал үнэ төлөхгүй өмчлөх эрхээ шилжүүлэх, шилжүүлж өгсөн эд хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр үүрэг бүрэн биелэгдэх шинжтэй.
2.2. ******* 2015 оны ******* дугаар захирамжаар ******* дүүрэг *******, *******, ******* дугаар хороо, ******* хотхон орон сууцны хороолол орчмыг ******* станцаас төвийн дулаанаар хангах инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажилд шаардагдах 63,813,096 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн.
*******ын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүрэг *******, ******* дугаар хороо, ******* хотхон орон сууцны хороолол орчмыг Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг баталж, ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,594,512,578 төгрөг, цахилгааны хуваарилах байгууламж, дэд өртөө, шугамын ажилд 1,360,452,758 төгрөг, гадна холбооны сувагчлалын ажилд 4,126,488,259 төгрөг, нийт 4,126,488,259 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн. Дээр дурдсан ******* 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар батлагдсан ажил гүйцэтгэх цахилгааны ажлын 2015 оны *******-06/2015, *******-06/2015-1 дугаар, ус дулаан дамжуулах ажлын 2015 оны *******-05/2015, *******-05/2015-1, 2016 оны *******-05/2015-2, 2017 оны *******-05/2015-3, 2018 оны *******- 05/2015-4 гэрээг төсөл хэрэгжүүлэгч *******ХК-тай байгуулж ******* газар захиалагчийн хяналт тавьж ажилласан.
Хариуцагч дээрх шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,359,108,608 төгрөг, цахилгааны хуваарилах байгууламжийн ажилд 1,242,711,759 төгрөг, гадна холбоо сувагчлын ажилд 141,337,885 төгрөг, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 423,800,000 төгрөг тус тус олгосон.
2.3. Улаанбаатар хотын *******, ******* газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан ******* дүүрэг *******, *******, ******* дугаар хороо, ******* хотхоны Б блокийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах *******-80/2014 дугаар даалгаврын ажлын зураг төслийн бүрдэл хэсэгт ус дулаан дамжуулах төвийг дулааны бие даасан эх үүсвэртэй байхаар баталсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар актаар төслийн хүрээнд баригдсан ******* айлын орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулсан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсний дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар акт гарсан өдрийг шаардлага гаргах эрх үүссэн гэж үзээд 2019 оны 10 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
2.4. *******аас гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг дэмжих зорилгоор инженерийн дэд бүтцийг хийх ажлыг тухайн үед гэр хорооллын сонгон шалгаруулалтад орж ирж батламж авсан ******* ХК-тай инженерийн шугам, сүлжээнд нийт 4 төрлийн гэрээ байгуулсан. Ус дулааны төвийн барилга 3 ширхэг, гадна дулааны П150205 мм голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны П200-300 мм 0,884 км шугамын барилга угсралтын ажлын гэрээ, энэ нь ******* дүүргийн *******, ******* дугаар хороо хамаарч байгаа. Энэ ажилд *******ХК, ******* констракшн ХХК түншлэлээр орж ирсэн. Гэрээний нийт дүн нь 2,594,512,578 төгрөг, гэрээ хэрэгжих хугацаа 2015-2018 он. Энэ гэрээ нийт 15 удаа сунгагдсан, хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сунгагдсан, санхүүжилтийн хувьд нийт 2,359,108,608 төгрөгийг энэ ажилд авсан. Дараагийн гэрээ нь цахилгын хуваарилах байгууламж 1 ширхэг, хаалттай дэд өртөө 2 ширхэг, 4.9 км кабель шугамын ажил *******дүүргийн *******, ******* хороо *******ХК болон ******* ХХК-ийн түншлэлээр орж ирсэн, гэрээний үнийн дүн 1,360,452,758 төгрөг. Энэ гэрээ нь нийт 7 удаа сунгагдсан, 2015 оны 12 дугаар сард анх байгуулагдаж, хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сунгагдсан, гэрээний үнийн дүнгээс авсан санхүүжилт 1,242,711,759 төгрөгийг цахилгаан хангамжид авсан байна. Гадна холбооны 1,3 км газрын сувагчлалын ажил ******* дүүргийн *******, ******* дугаар хороо, *******ХК, ******* ХХК-ийн түншлэлээр, 2017 онд гэрээ байгуулагдсан, гэрээний нийт үнийн дүн нь 171,522,923 төгрөг, үүнээс 141,337,885 төгрөгийг олгосон. Мөн ******* хотхон орон сууцны хорооллын инженерийн шугам, сүлжээний зураг төсөл 54,8 га ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хороо, Б блок, энэ гэрээний үнийн дүн нь 423,800,000 төгрөг, гүйцэтгэгч компани нь *******ХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн түншлэлээр гэрээ нь 4 удаа сунгагдсан, санхүүжилтэд 423,800,000 төгрөгийг авсан. Ингээд инженерийн дэд бүтэцтэй холбоотой санхүүжилтэд нэхэмжлэгчид 4,166,958,252 төгрөгийг олгосон байдаг. ******* нь тухай бүрд нь захирамж гаргаж энэ гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч компани нь өөрсдөө орж ирж ажлыг гүйцэтгэж байсан учраас хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч *******аас 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,289,691,913.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,998,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 9,549,823.56 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч, хариуцагч, иргэн ******* нарын хооронд байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ... гэж буруу дүгнэсэн. Учир нь нэг тал тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэх, нөгөө тал үнэ төлөхгүй өмчлөх эрхээ шилжүүлэх, шилжүүлж өгсөн эд хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр үүрэг бүрэн биелэгдэх шинжтэй. Иргэн өөрийн газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөл, эзэмших эрхээ нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, түүний хариуд нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцны барилгаас гэрээнд заасны дагуу орон сууц өмчлөх эрхийг иргэний нэр дээр шилжүүлэх харилцааг талууд харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан.
4.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гэрээний хугацаа дуусаагүй ба шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ... гэж хууль буруу тайлбарлан буруу дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тус тус заасан.
Харин гурван талт гэрээний 2.2-т гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд ******* газрын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэх үеэс тоолохдоо гэрээний хүчинтэй хугацаанд байна, эсвэл гэрээний хугацаа дууссан байхыг хуулиар шаардаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсний дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар акт гарсан өдрийг шаардлага гаргах эрх үүссэн гэж үзээд 2019 оны 10 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
4.3. Мөн анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан *******аас шугам сүлжээний ажил гүйцэтгэхтэй холбоотой нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ, ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,594,512,578 төгрөг, цахилгааны хуваарилах байгууламж, дэд өртөө, шугамын ажилд 1,360,452,758 төгрөг, гадна холбооны сувагчлалын ажилд 4,126,488,259 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж шийдсэн, тус ажлын гүйцэтгэгч нь нэхэмжлэгч өөрөө байсан зэрэг үйл баримтыг дутуу үнэлж, дүгнэсэн. Нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас шугам сүлжээний ажил өнөөдрийг хүртэл удааширсан тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн төлөөлөгч нар гэрээний үүргийг огт биелүүлээгүй, зарим хэсгийг биелүүлсэн байхад шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Өмчийн хэлбэрийг үл харгалзаж бид хууль, шүүх болоод гэрээний харилцаанд эрх тэгш байдлаар оролцсон. Гэрээгээр хэн нэгэн ямар нэгэн үүрэг хүлээсэн бол хүлээсэн үүргээ зохих ёсоор буюу тогтоосон хугацаа, гэрээгээр тохиролцсон нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. *******, түүний харьяа агентлаг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд чөлөөлж байгаа газарт инженерийн дэд бүтцийг оруулж ирэх үндсэн үүрэгтэй байсан. Мөн тухайн ажлын хүрээнд гарах зардлыг төсөвтэй суулгах, ажлыг хөрсөндөө буулгахад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, хөрөнгө, мөнгийг батлах, зохих зөвшөөрлийг олгох үүрэгтэй байсан. Дараа дараагийн ажил хийгдээгүй байхад дэд бүтцийн ажлын зураг, төслийг зохиож байна гэж бага хэмжээний төсөв олгох зэргээр ямх ажлыг хийж байна гэж өөрсдийгөө тодорхойлж байгаа нь харамсалтай байна. Гэвч энэ нь тухайн ажлыг 10 гаруй жилийн хугацаанд үргэлжлэх шалтгаан болж байна.
5.2. Нэхэмжлэгчийг дэд бүтцийн ажлын гүйцэтгэгч байсан мэтээр тайлбарлаж байна. Бид тухайн ажлыг хийхгүй бөгөөд дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй. Биднийг яагаад тухайн ажлын гүйцэтгэгч болгосон нь түншлэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, дулаан хангамжийн ажлыг хийсэн компани нь цахилгаан эрчим хүчний барилга угсралтын ажлыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай түншлэл болгож оруулсан. Энэ нь тухайн ажлыг хурдан шуурхай явуулах буюу зохион байгуулалтын арга хэмжээтэй холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер зарлаж, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор тухайн ажил удааширна гэх агуулгаар мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компанитай хамт биднийг түншлэл болгож, бидэнд тендерийг өгсөн мэтээр тайлбарлаж байна. Ийм нөхцөл байдал бодит байдалд болоогүй. Ажил зохих ёсоор хэсэгчлэн явж байсан. Гэр хороолол дахин төлөвлөлт төслийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэд орон сууцанд орж байгаа тохиолдолд орон сууц цахилгаантай, халуун хүйтэн устай байх ёстой. Энэ тохиолдолд биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж иргэд үзнэ. Түүнээс зураг, төслийн ажлыг боловсруулах, төсвийн мөнгийг 2015-2016 оны төсөвт суулгасан гэх байдлаар хийх ажил биш. Бодит үр дүнг богино хугацаанд хийсэн буюу орон сууц ашиглалтад орох хугацаанд дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгээгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан хэмжээгээр хохирсон гэж үзэж байгаа.
5.3. Хөөн хэлэлцэх хугацааны талаар бичгээр гаргасан тайлбартаа тусгасан. 3 талт гэрээгээр төсөл хэрэгжиж дуустал гэж хугацааг тохиролцсон бөгөөд мөн ерөнхий хугацаанд захирагдаж байгаа. Төсөл хэрэгжиж дуусаад гэрээ дүгнэх үйл явцыг мөн адил 3 талт гэрээгээр зохицуулсан. Иргэдийн газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь дахин төлөвлөлтөд орж дуусгавар болсон учир дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан тохиолдолд 3 талт гэрээний үүрэг бүрэн хэрэгжинэ. Энэ бүх үйл ажиллагаа болж дуусаагүй. Иймд гэрээ хэрэгжиж дуусах хүртэлх нөхцөлтэйгөөр тухайн гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарч байгаа учир хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй. Бид 2022 он хүртэлх хугацаанд гаргасан зардлын талаар ярьж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******ид холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол 4,168,066,25.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1 хх-ийн 1-4/
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжаар ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* хотхон орон сууцны хороолол орчим ******* багцын Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр *******ХК-ийг шалгарсныг батламжилсан;
3.2. ******* дүүргийн ******* дугаар хороонд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд 2014-2016 онуудад *******, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч *******ХК-ийн хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, мөн төсөл хэрэгжүүлэгч *******ХК болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ тус тус байгуулагдсан;
3.3. *******ХК-ийн захиалгатай ******* орон сууцны хотхоны ******* автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, ******* айлын орон сууцны барилгыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан. /2 хх-ийн 43-45/
3.4. Дээрх барилгыг цахилгаан сүлжээнд холбох 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай түр техникийн нөхцөлийн дагуу 110/10/10 кВ-ын *******дэд станцын ******* сургууль фидерийн *******-022 ын 0,4 кВ талд ******* бүхий групп тоноглож кабель шугам татаж тэжээхээр холбосон. /3 хх-ийн 136/ Мөн уг төслийн хүрээнд баригдсан ус дулаан дамжуулах төвийн 1 барилгыг түр цахилгаан хангамжийн тэжээлтэйгээр ажиллуулсан. /3 хх-ийн 194/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.11-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд хамаарахаар, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд инженерийн дэд бүтэц барих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 24 дүгээр зүйлийн 24.1-д төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулахаар заасан байна.
5.1. Дээрх хуульд заасны дагуу талуудын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд инженерийн шугам сүлжээний зардлыг улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр ******* хийлгэхээр заасан, талууд энэхүү нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулсан байна.
5.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд уг үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй.
6. Хариуцагч ******* нь сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих гурван талт гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар талууд маргажээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1.3-д ******* нь сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих үүрэгтэй гэж заасан байх ба уг ажлыг гүйцэтгэх хугацааг гэрээнд тодорхойлоогүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
7. Нэхэмжлэгчээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилга баригдаж дуусахад инженерийн шугам сүлжээ холбогдсон байх ёстой бөгөөд хариуцагч энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс төсөл хэрэгжүүлэгч нь дулаан хангамжийг нүүрсээр галладаг нам даралтын зуухаар, бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар, түр цахилгаан буюу хөрш байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар төлж хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* дүүргийн *******, ******* дугаар хорооны ******* хотхон орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний ажил нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдсэн боловч Эрчим хүчний яамнаас олгосон 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *******/2014 тоот техникийн нөхцөлийн дагуу 110/35/10 кВ-ын цэвэрлэх дэд станцын хуваарилах байгууламжид шинээр 2 ячейк байрлуулах зай талбай байхгүйгээс цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдоогүй болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд,
8.1. Нэхэмжлэгч *******ХК нь ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн түншлэлээр 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******-06/2014 дугаартай гэрээгээр ******* хотхон орон сууцны хорооллын /******* дүүргийн *******, *******, ******* дугаар хороо/ Б блокийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийслэлийн төсвийн 423,800,000 төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн. /4 хх-ийн 12-23/
8.2. ******* 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ******* дүүргийн *******, ******* дугаар хорооны ******* хотхоны орчмын Б хэсэгчилсэн талбайд ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны ф150-250 мм голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажлыг 2,594,512,578 төгрөгийн санхүүжилтээр, цахилгаан хуваарилах байгууламж 1ш, хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажлыг 1,360,452,758 төгрөгийн санхүүжилтээр, гадна холбооны 1,3 км сувагчлалын ажлыг 171,522,923 төгрөгийн санхүүжилтээр тус тус хийх ажлын жагсаалт баталсан байна. /1 хх-ийн 184-185/
8.3. Дээрх жагсаалтад заасан ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны ф150-250 мм голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажлыг нийслэлийн төсвийн 2,594,512,578 төгрөгийн санхүүжилтээр, ******* ОНӨААТҮГ захиалагчийн хяналтыг тавьж, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *******-05/2015 дугаартай гэрээгээр *******ХК болон ******* констракшн ХХК гүйцэтгэж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн протоколоор гэрээг дүгнэжээ. Энэхүү гэрээг дүгнэсэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн протоколоор Гүйцэтгэгч компани нь төсөл арга хэмжээний хүрээнд ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны ф150-250мм -ийн голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажлыг бүрэн хийж дууссан. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн цахилгаан хангамжийн ажлын барилга угсралтын ажил дуусаагүй байгаагаас шалтгаалан ус дулаан дамжуулах төвийн барилгууд ашиглалтад орох боломжгүй байна. Шинэ толгойт хорооллын ашиглалтад орсон барилгуудыг халаахын тулд 2016 оноос хойш ашиглагч байгууллага тодорхойгүй улмаас ус дулаан дамжуулах төвийн 3 барилгын 1-ийг түр цахилгаан хангамжийн тэжээлтэйгээр 2016 оноос хойш ******* констракшн ХХК хариуцан ажиллаж байна гэжээ. /3 хх-ийн 194/
8.4. Мөн цахилгаан хуваарилах байгууламж 1ш, хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажлыг нийслэлийн төсвийн 1,360,452,758 төгрөгийн санхүүжилтээр, ******* ОНӨААТҮГ захиалагчийн хяналтыг тавьж, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *******-06/2015 дугаартай гэрээгээр *******ХК болон ******* ХХК гүйцэтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн протоколоор гэрээг дүгнэжээ. Энэхүү гэрээг дүгнэсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн протоколоор 2016 онд цахилгаан хуваарилах байгууламж 1ш, хаалттай дэд өртөө 1ш, 4,09 км кабель шугамын ажил бүрэн хийгдсэн. 110/35/10 кВ-ын цэвэрлэх дэд станцын 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн ячейк №5, 11-ийг тоноглож залгахаар ******* ХХК нь ******* ТӨХК-тай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан угсралтын ажил хийгдсэн 10 кВ-ын ЦДКШ-ын угсралтын ажил хийгдсэн, туршилт тохируулга хийх ажил явагдаж байна. гэжээ. /3 хх-ийн 216/
8.5. ******* ТӨХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* дүүргийн *******, ******* дугаар хороо, ******* хотхоны орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайн цахилгааны хангамжид 110/35/10 КВ-ын Цэвэрлэх дэд станцын 10 кВ-ын талаас тэжээл авч холбохоор техникийн нөхцөл 2017 онд олгосон. Уг дэд станцын хуваарилах байгууламжид шинээр 2 ячейк байрлуулах зай талбай байхгүй болон засвар үйлчилгээ, том оврын автомашин нэвтрэн орохтой холбоотой хуваарилах байгууламжийг өргөтгөх боломжгүй байгаа болно гэжээ.
Дээрх баримтаар ******* 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ******* дүүргийн *******, ******* дугаар хорооны ******* хотхон орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалт баталсан, уг жагсаалтад заасан инженерийн шугам сүлжээний ажлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэгч *******ХК нь бусад хуулийн этгээдийн түншлэлээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн, мөн гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг нийслэлийн төсвийн 3,364,087,176 төгрөгийн санхүүжилтээр ******* ХХК-аар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын дээрх ажил хийгдсэн боловч *******аас олгосон техникийн нөхцөлийн дагуу 110/35/10 кВ-ын цэвэрлэх дэд станцын 10 кВ талаас тэжээл авах дэд станцын хуваарилах байгууламжид шинээр 2 ячейк байрлуулах зай талбай байхгүйгээс цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдоогүй болох нь тогтоогдож байна.
9. Ийнхүү барилга байгууламж нь цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдох боломжгүй болсон явдалд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах боломжтой.
10. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь бусад хуулийн этгээдийн түншлэлээр тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээг ******* 423,800,000 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байх ба уг цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах даалгаварт цахилгаан хангамжийн шугамд одоо холбогдож байгаа хэрэглэгч ба хэтийн төлөвлөлтөөр хэрэглэгчдийг холбох боломжийг бүрдүүлж өгөх-ийг тусгасан байна. /4 хх-ийн 34-37/
11. Нөгөө талаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний ажлын захиалагч ******* ОНӨААТҮГ нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холболт хийлгэх талаар тодорхой арга хэмжээг авсан болох нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2023/01587 дугаартай захирамжийн дагуу ******* ӨНӨААТҮГ-аас ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан дараах баримтуудаар тогтоогдож байна.
11.1. Тодруулбал, ******* ОНӨААТҮГ-ын 2018 оны 08 дугааp сарын 02-ны ******* дугаартай албан бичгээр ******* ТӨХК-д 110/35/10 кВ-ын "Цэвэрлэх" дэд станцад ячейк №*******, №*******-д ячейкийг тоноглон ААБЛУЗ*240 хос 10кВ-ын *******-ийг туннелээр оруулан холбох ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэх зөвшөөрлийг олгох талаар хандаж, ******* ТӨХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны ******* дугаартай албан бичгээр уг дэд станцад 2 ячейк байрлуулах зай байхгүй бөгөөд хуучин байгаа 5, 11 дүгээр ячейкийг тоноглож болох талаар зөвшөөрөл өгсөн байна. /1 хх-ийн 207-208/
11.2 ******* ОНӨААТҮГ нь цахилгаан хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө, кабель шугамын ажил гүйцэтгэсэн ******* ХХК-д дээрх зөвшөөрлийн дагуу ажлыг гүйцэтгэх талаар мэдэгдсэн тухай тайлбар гаргасан /1 хх-ийн 173-175/ бөгөөд тус газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* ХХК-д дээрх зөвшөөрлийн дагуу ажлыг гүйцэтгэх судалгаа хийх талаар шаардлага /1 хх-ийн 209/ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй ажил зогссон гэжээ.
11.3. Мөн ******* ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* ТӨХК-д ******* яамнаас олгосон 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот техникийн нөхцөлийн дагуу 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцын 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжид ячейк суурилуулах зөвшөөрлийг олгон хамтран ажиллах хүсэлт гаргаж /1 хх-ийн 211/, улмаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ячейк тоноглох ажлыг ******* ТӨХК хийж гүйцэтгэсэн гэжээ.
11.4. Нэхэмжлэгч *******ХК-тай түншлэлээр цахилгаан шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн ******* ХХК-д дутуу гүйцэтгэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч утсаа авахгүй байсан тул 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай ******* ХХК-д дутуу ажлуудыг хийж гүйцэтгэх талаар шаардлага хүргүүлсэн /1 хх-ийн 221/, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 кВ-ын ЦДКШ-ын холболтыг ******* ХХК угсралтын ажил хийгдсэн хүйтний улиралд кабель шугам турших боломжгүй таслалт залгалтын зөвшөөрөл олгохгүй технологийн зогсолттой ХТП, РП, 10 кВ-ын кабель шугамыг ажлын зургийн дагуу горимд оруулах ажлууд хийгдэхээр хүлээгдэж байна. гэжээ. /1 хх-ийн 172-175/
11.5. Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд ******* дүүргийн ******* дугаар хороо *******ХК-ийн захиалгатай ******* орон сууцны хотхоны ******* автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, ******* айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдоогүй хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг хариуцагчийн гэм буруугаас болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гурван талт гэрээний 5.1.3-д зааснаар ******* сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих үүргээ гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ, мөн цахилгааны шугам сүлжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тул цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдох нөхцөлийг тооцох боломжтой гэж үзнэ. Харин захиалагчийн зүгээс тухайн цахилгаан хангамжийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх талаар зохих арга хэмжээг авсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд шинээр баригдсан цахилгаан эрчим хүчний байгууламж техникийн нөхцөлийн дагуу цахилгааны эх үүсвэрт холбогдох боломжгүй болсон нь хариуцагчийн гэм буруугаас болсон гэж үзэх нь учир дутагдалтай байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид 2016 оноос 2022 оны 03 дугаар сар хүртэлх цахилгаан эрчим хүчний тарифын зөрүү 98,088,490 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Мөн уурын зуухаар халаалт хийгдсэн 2016-2020 оны үйл ажиллагааны зардал 388,840,465 төгрөг, цахилгааны зардал 245,141,588 төгрөг, нүүрсний зардал 940,676,979 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд, цахилгаан эрчим хүчний хангамжаас шалтгаалан дулаан дамжуулах төвийн барилга байгууламж бүрэн ашиглалтад орох боломжгүй болсон нь тогтоогдож байгаа боловч дээр дурдсанчлан хариуцагчийн гэм буруугийн улмаас цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.
12.1. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016-2020 оны уурын зуухны үйл ажиллагааны зардал нэхэмжилсэн бөгөөд энэ хугацааны тодорхой хэсэгт буюу 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч өөрөө ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугамын барилга угсралтын ажлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж байсан, түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг нийслэлийн төсвийн 3,364,087,176 төгрөгийн санхүүжилтээр ******* ХХК-аар гүйцэтгүүлэх ажил явагдаж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг дээрх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй.
Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилга ашиглалтад орох хүртэл инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүй явдалд гагцхүү хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээний улмаас учирсан хохирол буюу уурын зуухаар халаалт хийгдсэн 2016-2020 оны үйл ажиллагааны зардал 388,840,465 төгрөг, уурын зуухны цахилгааны зардал 245,141,588 төгрөг, нүүрсний зардал 940,676,979 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
13. Уурын зуухны зардал гаргуулах нэхэмжлэлийн хувьд, ******* дүүргийн *******, ******* дугаар хороо ******* хотхоны Б блокийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаварт дулааны бие даасан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууламжийн үндсэн хийцэд *******, ******* нүүрсээр ажиллахад тохиромжтой зуух ба түүний тоноглолыг тодорхойлсон байна. /4 хх-ийн 102-106/
Мөн У******* ажлын албаны дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар баталсан ******* дугаартай техникийн нөхцөлөөс үзэхэд 9 а магистралыг өргөтгөж, *******-4 ХК-ийн 210 МВт-ын өргөтгөл шинэчлэлт бүрэн хийгдэж, дулааны сүлжээ бүрэн ашиглалтад орсон нөхцөлд 9 дүгээр магистрал, цэвэрлэхийн салаа шугамын авлага хүртлээ өргөтгөж тусдаа салаа шугам татаж *******-ний дагуу ус дулаан дамжуулах төвийг барьж ******* газар болон ******* ТӨХК-тай зөвшилцөж цэг тохирч холбох-оор заасан байна.
Дээрх баримтаас үзэхэд маргаан бүхий гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгыг анхнаасаа нүүрсээр галладаг зуух бүхий дулааны бие даасан эх үүсвэртэй байх ба дулааны эрчим хүчний инженерийн шугам сүлжээг 9 а магистралыг өргөтгөж, *******-4 ХК-ийн 210 МВт-ын өргөтгөл шинэчлэлт бүрэн хийгдэж, дулааны сүлжээ бүрэн ашиглалтад орсон нөхцөлд холбохоор төлөвлөсөн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийг дулааны инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хийж гүйцэтгээгүйгээс төсөл хэрэгжүүлэгч нь нүүрсээр галладаг нам даралтын зуух барьсан болох нь дээрх баримтаар няцаагдаж байх тул уурын зуухны үнэ 96,000,000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
14. Бохир ус зайлуулах зардал гаргуулах нэхэмжлэлийн хувьд, ************** газрын захиалгаар ******* дүүргийн *******, *******, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Б хэсэгчилсэн талбайн 400-900 мм диаметрийн 1,2 км хүчин чадал бүхий ариутгах татуургын шугамын зориулалттай барилга байгууламжийг ******* ХХК хийж гүйцэтгэж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай актаар ашиглалтад оруулсан байна. /1 хх-ийн 145-147/
Хариуцагч нь нийслэлийн төсвөөр ариутгах татуургын шугамын ажлыг барих үүргээ гүйцэтгэсэн болох нь дээрх баримтаар тогтоогдож байх ба талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээнээс үзэхэд тухайн инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхойлоогүй тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Мөн ариутгах татуургыг шинээр барьж байгуулах нь зөвхөн хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралтай бус тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч зэрэг бусад этгээдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болох тул гагцхүү хариуцагчийн гэм буруугаас хохирол учирсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2016-2017 оны бохир ус зайлуулах зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
15. Нэхэмжлэгчийн бусдаас авсан зээлийн төлбөр буюу гарах ёсгүй зардал 2,289,691,913 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
16. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмын талаарх дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх залруулна.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд хөөн хугацааг тоолох журмыг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Нэхэмжлэгч маргаан бүхий төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан улсын комиссын дүгнэлт гарсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр инженерийн шугам сүлжээний холболт зохих ёсоор хийгдээгүй эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жил дуусаагүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
17. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******ид холбогдох 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч *******ид холбогдох 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.БАТЧИМЭГ