| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1594/Э |
| Дугаар | 1633 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1633
2019 10 28 2019/ШЦТ/1633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох 1806 09372 2078 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Усны 15 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж уг ялыг биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дийн Д /РД:......../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роял” караокений гадна иргэн С.Баяраатай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Баяраагийн өгсөн: “... гарч явахдаа зүс таних 2 эмэгтэйтэй таарсан. Нэг нь манай найзтай хамт амьдардаг байсан болохоор таньсан. Нөгөө эмэгтэйг нь сайн танихгүй зүс харж байсан хүн байсан. Тэр хоёрт “эрт хариарай” гэж хэлэхэд цаанаас нь хэдэн залуучууд ирээд “Чи хэн юм бэ” гээд хэл амаар доромжилсон. Үл таних нэг залуу хамар хэсэг рүү 2 удаа цохисон, тэгээд би газар унасан гэж санаж байна. Газар унасан хэвтэж байхад дээрээс цохиод байсан... миний хамарнаас цус гарахаар нь би нүүрээ дараад доошоо харж хэвтэхэд 3-4 удаа толгой руу цохьсон. Ямар ч байсан Д гэх залуу миний хамар болон шүд хэсэгт нэг удаа гараараа цохиход хамарнаас цус гарч дээд үүдэн шүд сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх.17-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баатарсүрэнгийн өгсөн: “... караокений үүдэнд сууж байхад караокеноос нэг залуу эхнэрийн хамт гарч ирээд “Номио, Хишигээ хоёр хариач” гэж хэлсэн. Д “Чи юу нь юм” гэж хэлсэн. Тэр залуу “Би наад хүний чинь ангийнх нь хүүхэд байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэхэд найз Д уурлаад “Чамайг ална шүү” гэж хэлсэн... Д анх муудалцсан залууг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Золзаяагийн өгсөн: “... Баяраа бид хоёр караокед орж хэсэг сууж байгаад явах гээд гарсан чинь үүдэнд Баяраагийн таньдаг хоёр охин тааралдаад тэр хоёртой мэндлээд, ойр зуурын юм яриад, явахдаа нэг охиныг нь “Эртхэн хариарай, чи эмэгтэй хүн, ингэж явах ч биш дээ” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь тэр хоёр охинтой явсан залуучууд уурлаад тэд нарын нэг залуу нь “Чи юу нь юм, хэн юм” гээд дайрч эхлэхэд Баяраа “Чамд ямар хамаатай юм, би зүгээр таньдаг юм, таньдаг хүнтэйгээ мэндэлж болохгүй юу” гэсэн. Тэгээд тэр Баяраатай муудалцсан залуу ирж Баярааг түлхээд хамар руу нь нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би боль гээд салгах гэсэн чинь салахгүй болохоор нь би караокед байсан ажлын ах нарыг дуудаж гаргаж ирээд салгуулсан... тэр залуучуудтай хамт явсан дунд зэргийн нуруутай, шаравтар царайтай, 20-25 орчим насны залуу эхлээд Баяраагийн хамар руу нь нэг удаа цохьсон, дараа нь бас нүүр рүү нь нэг удаа цохьсон... тухайн үед Баяраагийн хамарнаас нь цус гарч, уруул нь дотроо шалбараад, үүдэн нэг шүднийх нь доор сэтэрч, эмтэрсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дий гэрчээр өгсөн: “... Тэгээд сууж байгаад би найз Охин болох Номиог утсаар нь дуудсан чинь Номио нэг найз охинтойгоо ирсэн. Удаагүй Номио босоод гадаа гарсан би дуулаад байж байсан чинь гаднаас Билгүүнээ бил үү Баагий бил үү аль нэг нь орж ирэхдээ “гадаа Номио нэг хүнтэй уулзаад зогсож байна” гэхээр нь би гадаа гарсан чинь нэг охин нэг залуу хоёртой Номио уулзаад зогсож байсан, тэгээд намайг харснаа Номиотой уулзаж байсан эмэгтэй нь залуугаа хөтлөөд аваад явахаар нь би Номио дээр очоод “энэ хэн юм” гэсэн чинь надад “манай найз” гэж хэлсэн, тэгсэн уулзаад зогсож байсан охин залуу хоёрын залуу нь цаанаас намайг “чи хэн юм” гэхээр нь би өөдөөс нь “чи өөрөө хэн юм” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгсэн Номио намайг боль гээд машин руу авч яваад суух гэж байсан чинь тэр залуу над дээр ирээд миний зүүн шанаа руу цохихоор нь би зөрүүлж цохиод бид хоёр нэг нэгнээ ойролцоогоор 2-3 удаа цохилцсон. Тэгсэн Номио болон тэр залуутай хамт явсан охин хоёр, бид хоёрын голоор орж салгасан. Тэгсэн нэг мэдсэн надтай хамт явж байсан хоёр Баагий, Билгүүнээ, Сэр-Од нар гараад ирчихсэн, өөр 8-9 залуучуудтай зодолдож байсан. Тэгээд Сэр-Од машинаа онгойлгосон чинь Номио намайг машинд суулгахад надтай зодолдсон залуу байхгүй, харагдахгүй болсон байсан. Тэгээд манай найзууд зодолдож байсан болохоор би буцаж буугаад очсон чинь миний өөдөөс нэг танихгүй ах ирээд чи манай найзыг яалаа энэ тэр гээд тэр ахтай би бас муудалцаад 2-3 удаа хоорондоо цохилцоод салсан. Тэгээд би жижиг Баагий болон Билгүүн хоёрыг аваад машиндаа суулгаад Сэр-Одод том Баагийг аваад ир явъя гэж хэлсэн чинь Билгүүн жижиг Баагий хоёр машины нөгөө хаалгаар эргэж гараад дахиад тэр хүмүүстэй зодолдохоор нь би араас нь дахиж очоод том Баагийг машинд суулгасан, тэгсэн Баагий дахиж буугаад тэд нар тэр хүмүүсээс салахгүй зодолдоод байхаар нь би орхиод явчихсан... Би шанаа руу нь 2-3 удаа цохисон. Тэр залуу ч гэсэн миний шанаа руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13831 дугаартай:
“1 С.Баяраагийн биед нэг шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Нэг шүдний эмтрэл нь хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх.35/,
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.48-55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дий яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.64-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роял” караокений гадна иргэн С.Баяраатай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Баяраагийн өгсөн: “... Үл таних нэг залуу хамар хэсэг рүү 2 удаа цохисон, тэгээд би газар унасан гэж санаж байна. Газар унасан хэвтэж байхад дээрээс цохиод байсан... миний хамарнаас цус гарахаар нь би нүүрээ дараад доошоо харж хэвтэхэд 3-4 удаа толгой руу цохьсон. Ямар ч байсан Д гэх залуу миний хамар болон шүд хэсэгт нэг удаа гараараа цохиход хамарнаас цус гарч дээд үүдэн шүд сэтэрсэн...” гэх мэдүүлэг, /хх.17-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баатарсүрэнгийн өгсөн: “... Д анх муудалцсан залууг цохиод авсан....” гэх мэдүүлэг, /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Золзаяагийн өгсөн: “... Тэгээд тэр Баяраатай муудалцсан залуу ирж Баярааг түлхээд хамар луу нь нэг удаа цохих шиг болсон... дунд зэргийн нуруутай, шаравтар царайтай, 20-25 орчим насны залуу эхлээд Баяраагийн хамар луу нь нэг удаа цохьсон, дараа нь бас нүүр рүү нь нэг удаа цохьсон... тухайн үед Баяраагийн хамарнаас нь цус гарч, уруул нь дотроо шалбараад, үүдэн нэг шүднийх нь доор сэтэрч, эмтэрсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дий гэрчээр өгсөн: “... тэр залуу над дээр ирээд миний зүүн шанаа руу цохихоор нь би зөрүүлж цохиод бид хоёр нэг нэгнээ ойролцоогоор 2-3 удаа цохилцсон... Би шанаа руу нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13831 дугаартай:
“1 С.Баяраагийн биед нэг шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Нэг шүдний эмтрэл нь хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх.35/,
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.48-55/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Д.Дий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч С.Баяраа нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Дөөс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Дий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Дд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Дийн Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Дд сануулсугай.
4. Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч С.Баяраа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Дөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР