Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1635

 

                        

 

 

 

 

 

 

 2019         10         28                                         2019/ШЦТ/1635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Л.Гантулга,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан /ҮД:/2316, Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох 1906 04766 2080 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 11 дүгээр сарын 18-
ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 2 дугаар байрны 111 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Жийн Б /ЦБ65111874/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Гантулгын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гантулгын өгсөн: “Шүүгдэгчтэй ширээний ард өөдөөсөө хараад сууж байсан. Виски дуусаад байрны доод дэлгүүрээс нэг шил архи авсан. Худалдагч болсон асуудлын талаар надад хэлсэн. Ямар ч маргаан болоогүй байхад үгийн зөрүүгүй шууд хутгалсан. Би их цус алдсан. Түргэн дуудахад 30 минутын дараа ирсэн. Би түр зуур ухаан алдсан байсан. Эмч надад “нэлээд хүнд хагалгаа болсон” гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед шүүгдэгч ирсэн байсан. Одоо миний хоолой боогддог болсон. Судасны тодосгогчтой томографикийн зураг авахуулсан. Судсыг нийлүүлж болохгүй учир судас наадаг тариа тарьж, цусыг тогтоосон. Би эмчилгээнд хэрэглэсэн мөнгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч миний дугаарыг мэддэг мөртлөө нэг ч удаа утсаар яриагүй. Гомдолтой байна. Би өөрөө 20.000.000 төгрөгийн түрээсийн байранд амьдардаг. Гэмтлээс болж түрээсээ төлж чадахгүй болсон...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд. /хх.4-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 44-72 тоотод байх гэртээ өөрийн хуучны танил болох Б гэгчийг дуудаж хамт архи уусан юм. Би архи уусан байдалтай байсан юм. Вискиг дөнгөж талаасаа дөнгөж доош ортол уусан байсан. Нэг мэдэхэд миний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байсан бөгөөд хартал Б намайг хутгалсан, цус гарч байхаар нь би гараараа дараад доош суусан, энэ үед манай эхнэр орилж Бд “та манай нөхрийг аллаа” гэж орилж байсан. Б нь гартаа хутгаа барьсан чигээрээ “би эхнэрээсээ салсан, өнгөрсөн хүн, намайг гүйцээнэ” гэх мэтээр яриад байсан. Намайг шархаа дараад доош суусан байхад Б гараад явсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, /хх.16/,

“Би өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэхэд Б бид 2 вискигээ ууж дуусаад хамт манай гэрээс гараад дэлгүүр орж нэг шил 0,75 грамм архи аваад буцан орж ирээд би ширээний голд сууж Ж.Б миний урдаас хараад сууж байсан бөгөөд архиа ширээн дээр тавиад сууж байсан. Намайг сууж байхад жижиг өрөөнөөс эхнэр “наад архиа боль” гэхээр нь сандалтайгаа бага зэрэг эргээд эхнэрт хандаж “за за, одоо болилоо” гээд хэлтэл хүзүү хэсэгт жирс гэх мэдрэмж төрөхөөр нь эргээд хартал миний хүзүү хэсгээс цус олгойдож эхэлсэн. Би гараараа цус гарч байгаа хэсгийг дараад харахад Ж.Б миний ширээн дээр хиам зүсэж байсан хутгаар миний эгэм хэсэгт зүссэн байсан. Би шархаа дараад коридор хэсэгт сууж байсан. Миний эхнэр хүн дуудахаар гараад явсан хойгуур Ж.Б нь манай гэрээс гараад явсан байсан. Эмнэлэгт очоод миний венийн судас тасарсан байна гэж байсан. Цус алдалтыг тогтоогоод 3, 4 дүгээр хорооллоос судасны мэргэжилтэн гээд нэг эмч авчирсан бөгөөд эмч ирэх хугацаанд хоёр талаас нь хавчаад байж байсан юм шиг байна лээ. Ирсэн эмчид нь үнэтэй судас залгадаг зүйл байсан тул нэг ширхэгийг нь 300.000 төгрөгөөр хоёр ширхэгийг авч хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн гэрчээр өгсөн: “... тэднийхээс хэрхэн яаж гарсанаа, тэдний гэрт юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход би эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Би эрүүлжүүлэх байрнаас гарах үедээ Л.Гантулгыг хутгалсан талаар мэдсэн. Би өөрийн салсан эхнэрийн охин болох Цолмонгийн 88611777 дугаар луу залгаж “би Гантулгыг хутгалсан гэж байна, би юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Манай охин шалгаад цэргийн эмнэлэгт хэвтснийг нь олж мэдээд эхнэртэй нь очиж уулзсан байсан. Л.Гантулга нь урд шөнө хагалгаанд орсон гэж дуулдсан. Би юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх.57-58/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай:

“1. Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1178 дугаартай дахин дүгнэлт /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан байгаа тул надад нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед Л.Гантулга, түүний эхнэр бид гурав л байсан. Би уусан архиндаа согтоод болсон асуудлыг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.81-82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи согтууруулах ундааний зүйл хэргэлсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Гантулгын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Нэг мэдэхэд миний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байсан бөгөөд хартал Б намайг хутгалсан цус гарч байхаар нь би гараараа дараад доош суусан... Б нь гартаа хутгаа барьсан чигээрээ “би эхнэрээсээ салсан, өнгөрсөн хүн, намайг гүйцээнэ” гэх мэтээр яриад байсан...” гэх мэдүүлэг, /хх.16/,

“... Намайг сууж байхад жижиг өрөөнөөс эхнэр “наад архиа боль “гэхээр нь сандалтайгаа бага зэрэг эргээд эхнэрт хандаж “за за, одоо болилоо” гээд хэлтэл хүзүү хэсэгт жирс гэх мэдрэмж төрөхөөр нь эргээд хартал миний хүзүү хэсгээс цус олгойдож эхэлсэн. Би гараараа цус гарч байгаа хэсгийг дараад харахад Ж.Б миний ширээн дээр хиам зүсэж байсан хутгаар миний эгэм хэсэгт зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай:

“1. Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1178 дугаартай дахин дүгнэлт /хх.34/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Ямар ч маргаан болоогүй байхад үгийн зөрүүгүй шууд хутгалсан. Би их цус алдсан. Түргэн дуудахад 30 минутын дараа ирсэн. Би түр зуур ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Л.Гантулгын баримтаар нэхэмжилсэн 530.198 төгрөгийг шүүгдэгч Ж.Бэс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

          Хохирогч Л.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бэс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ж.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Бд торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Ж.Бд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Жийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бд сануулсугай.

          5. Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бэс 530.198 төгрөг гаргуулж хохирогч Л.Гантулгад олгосугай.

          8. Хохирогч Л.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бэс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР