| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/05951/И |
| Дугаар | 210/МА2026/00463 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00463
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь *******тай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******-******* 220кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ байгуулсан. Концесс эзэмшигч нь концессын зүйлсийг мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдээр гүйцэтгүүлсэн. Хариуцагч буюу ******* ТӨХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр концессын гэрээний 2.1.а-д заагдсан ажлыг гүйцэтгүүлэхээр ******* дугаартай 220/110/35КВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөл, 220/110/35КВ-ын авто ******* суурилуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
1.2. Манай компанийн хувьд гэрээний үнэ болох 1,826,539,917 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны хооронд нийт 10 удаагийн гүйлгээгээр ******* ТӨХК-д шилжүүлж, төлбөрийн үүргээ 100 хувь биелүүлсэн бөгөөд 2 тал акт үйлдэж, үүнийг баталгаажуулсан. Харин ******* ТӨХК нь 008-2117 дугаартай гэрээгээр дараах ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Үүнд,
******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших гүйцэтгэгчийн харьяаллын 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга угсралт, туршилт-тохируулгын ажлын зураг, техникийн нөхцөл болон холбогдох дүрэм, журам, стандарт болон захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх,
220/110/35 кВ-ын 125,000 кВ чадалтай автотрансформаторыг ******* хотоос зөөж суурилуулах, эрх бүхий байгууллага улсын комиссоор дүгнэлт гаргуулан ашиглалтад оруулах. ******* ТӨХК нь дээрх барилга угсралтын хэсгийн ажлыг дуусгаж, ******* аймгийн *******, ******* сумдыг цахилгаанд холбосон.
Гэвч ******* дугаартай гэрээний 1.1, 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу комисс томилоогүй, ажиллаагүй, мөн хамгийн чухал хэсэг болох ажлын үр дүнг улсын комисст хүлээлгэн өгч дүгнэлт гаргуулаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн буруугаас биелүүлээгүй.
1.3. Концессын гэрээтэй холбоотой хийгдсэн ажилд 3 удаа улсаас томилогдсон техникийн комисс ажилласан боловч ******* ТӨХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил дээр техникийн комисс ажиллаагүй, ажлын талаар актад тусгагдаагүй. Үүнд,
2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******-/08/2017, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *******/50/2017, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******/05/2021 дугаартай техникийн комиссын акт, дүгнэлт байна. Концессын гэрээтэй холбоотой хийгдсэн ажилд Улсын комисс ажиллаж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай акт үйлдсэн байдаг. Тус актын барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал гэсэн хэсэгт 159,4 урттай ******* чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт *******, ******* сумд байрлах 2*75МВА чадалтай 220/22кВ-ын ЦС дэд станц гэж тусгагдсан. Мөн Ерөнхий ба туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага гэсэн хэсэгт ******* ТӨХК гэж байхгүй. ******* ТӨХК нь концессын гэрээний хүрээнд байгуулагдсан ******* дугаартай гэрээний дагуу бусдын хөрөнгөөр гүйцэтгэж бүрэн дуусгасан, хэвийн ашиглагдаж байсан, өөрийн харьяалал, мэдэлд байсан ажлын үр дүн ******* дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил, тоноглолыг захиалагчийн зөвшөөрлийг авалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буулгасан нь хожим тодорхой болсон.
1.4. ******* ТӨХК гэрээний үнийг манай компаниас бүрэн авсны дараа өөрийн гүйцэтгэсэн буюу улсын комисст хүлээлгэж өгөх ёстой ажлын үр дүнг (цахилгаан хэвийн дамжуулж байсан) буулган зарим тоноглолыг тухайн талбайд хураасан. ******* ХХК гэх компани уг барилга угсралтын ажлыг дахин гүйцэтгэсэн. Энэ нь хариуцагчийг үүргээ биелүүлэх боломжгүй буюу Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт нөхцөл байдал гэдэгт хамаарна.
Ийм учраас ******* ТӨХК хийсэн ажилд өөрийн буруугаас улсын комисс ажиллуулаагүй /буулгаснаас улсын комисс ажиллах боломжгүй болсон/, улмаар манай компанид гэрээт ажлын үр дүнг акт үйлдэн хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Үүнээс шалтгаалан манай компани нь ******* дэд станцын гаргалгааны өргөтгөлийн ажлыг улсад хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй болж байна.
1.5. Концессын гэрээний санхүүжилтийг олгох ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай аудитын тайланг баталгаажуулах тухай тушаалын хавсралтаар дүгнэлт гаргах аудитын тайланг баталгаажуулсан. Энэхүү тайлан дүгнэлтийн 3.33-т ******* дэд станцын гаргалгааны өргөтгөлийн 1,800,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ******* кВ-ын барилга угсралтын ажлын иж бүрэн тоноглолыг буулгаж, хадгалалт хамгаалалтын шаардлага хангаагүй, хашаан дотор хураасан байдалтай байна.
Аудитаар буулгах ямар нэгэн тодорхой шийдвэргүй, төслийн хөрөнгийг эзэнгүйдүүлсэн байна гэж үзэн 1,800,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг концессын санхүүжилтийн дүнгээс хасаж тооцохоор шийдвэрлэсэн гэсэн. Манай компани Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хүлээн авмагц ******* ТӨХК-д хандан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Мэдэгдэл хүргүүлсэн ба ******* ТӨХК-аас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай бичгээр ... дээд байгууллагаас гаргасан шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах үүрэгтэй гэх хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн. Мөн үүнээс хойш хариуцагчийн төлөөлөгчид буулгасан тоног төхөөрөмжийн үнийг төлөх асуудал ярьж байсан боловч албан ёсны шийд өгөлгүй байсаар өдийг хүрээд байна.
1.6. ******* ТӨХК-ийн ******* дугаартай гэрээгээр хүлээсэн үүрэг нь гэрээний 5.5, 11.4-т зааснаар тухайн ажлыг Улсын комисст хүлээлгэн өгсөн, баталгаат хугацаа нь дууссанаар дуусгавар болох тул ******* ТӨХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4, 350.1.6-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн тулд "ажлын үр дүнг буулгахгүй, буулгуулахгүй байх арга хэмжээ авах ёстой байсан. Хэрэв хариуцагч үүргээ биелүүлж, ажлын үр дүнг нураалгүй улсын комисст хүлээлгэн өгсөн бол улсын төсвөөс концессын гэрээний дагуу 1,800,000,000 төгрөгийн санхүүжилт манай компанид бүрэн олгогдох байсан.
Иймд хариуцагчаас 1,826,539,917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. 2016 оны 11 дүгээр сард ******* сайд *******, ******* сайд *******, ******* ХХК-ийн ерөнхийлөгч ******* нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ******* төсөл болон *******, дэд станцын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь очиж танилцсан. Энэ ажлын хэсгээс ******* шугам, дэд өртөөнүүдийн ажлуудыг дуусгаж цагаан сарын өмнө ******* аймгийн *******, ******* сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг даалгавар өгөгдсөн.
2.2. ******* яамны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр дээрх шийдвэрийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээ байгуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Дээд байгууллагаас ирүүлсэн үүрэг даалгавар, ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу талуудын хооронд 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөл, 220/110/35кВ автотрансформатор суурилуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх 008-2117 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцөл нь гүйцэтгэгч ******* ТӨХК нь 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга угсралт, туршилт тохируулгын ажлыг холбогдох дүрэм журам, стандартад нийцүүлэн гүйцэтгэх, 220кВ-ын хоёр хэлхээт *******-д хүчдэл өгөхөд бэлэн болгох 220/110/35кВ-ын 125,000кВ-ын чадалтай автотрансфоматорыг ******* хотоос зөөж суурилуулах, захиалагч гэрээгээр тохирсон үнийг гүйцэтгэгчид төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж байгаа бөгөөд концессын гэрээний ямар нэгэн үүргийг хүлээнэ гэж заагаагүй.
******* ТӨХК нь гэрээний үүргээ чанарын өндөр түвшинд 100 хувийн гүйцэтгэлтэй биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн авсан бөгөөд талуудын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал өөрийн гаргасан нэхэмжлэлийн 4-т ******* ТӨХК нь концессын гэрээний хүрээнд байгуулагдсан ******* дугаартай гэрээний дагуу бусдын хөрөнгөөр гүйцэтгэж бүрэн дуусгасан гэж баталсан байна.
2.3. Тухайн ажилтай холбоотой техникийн комиссыг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ажиллуулж тоноглолыг хүчдэлд залган туршилт хэмжилтийг хийж, Улсын комисс ажиллуулахад шаардлагатай баримт бичиг болох техникийн болон санхүүгийн гүйцэтгэлийн акт, бичиг баримтын иж бүрдлийг ******* ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т гүйцэтгэгч нь дангаар дээрх үүргийг хүлээгээгүй болно. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.6-д баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасан байдаг. Улсын комисст хүлээлгэн өгөх ажилд манай компаниас шалтгаалах бүхий л үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн талаас шалтгаалан тус ажил удаашралтай байгаа талаар ******* ТӨХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичигт дурдсанаас харж болно.
2.4. Мөн 2018 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын тухай хуульд гүйцэтгэгч байгууллагатай холбоотой ямар нэгэн эрх үүрэг байхгүй. ******* газар ******* ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний 2.16, 3.14, 3.17-д концесс эзэмшигчийн хүлээх хариуцлагын талаар зохицуулсан.
Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн талаар ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний ******* дугаар, ******* яамны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгийг тус тус танай байгууллагад хүргүүлсэн. Мөн Засгийн газрын 2017 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2-т заасны дагуу материалыг бүрдүүлж, Улсын комиссыг ажиллуулах ажлыг яаралтай зохион байгуулах талаар компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр албан бичгийг хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэгч талаас үүргээ 100 хувь биелүүлсэн болно. Үүний дагуу захиалагч талаас төлбөрөө 100 хувь манай талд шилжүүлсэн байдаг. Улсын комисс ажиллуулахад гүйцэтгэгч талаас шаардлагатай бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь дээрх тайлбараар тогтоогдох бөгөөд захиалагч тал нь өөрийн хариуцлагагүй үйлдлийг гүйцэтгэгч талд хүлээлгэсэн үйлдэл байна.
2.5. БНХАУ-аас Монгол Улсад олгосон санхүүжилтийн хүрээнд хэрэгжсэн *******-******* цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд захиалагчаар ******* гүйцэтгэгчээр ******* улсын ******* компани шалгаран ажил гүйцэтгэсэн. Энэ ажлын төслийн нэгж нь ******* яаманд байгуулагдсан байдаг. ******* хөгжлийн төв ТӨААТҮГ-аас барилга захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байсан. Дээрх ажилтай холбоотойгоор *******-******* цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын барилга угсралтын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ******* яамнаас байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №******* дугаар хурлаас тоноглолыг буулгах шийдвэр гарч мөн ******* сайдын арга хэмжээ авч ажиллах тухай 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр үүрэг даалгавар өгөгдсөн.
2.6. Нэхэмжлэлд захиалагч талын зөвшөөрлийг авалгүй нураасан талаар дурдсан байдаг. Тухайн тоноглолыг ******* ТӨХК нь гардаж буулгаагүй бөгөөд төслийг хэрэгжүүлэгч компани нь гардаж зохион байгуулсан.
2.7. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, концессын гэрээнд гүйцэтгэгч тал болох ******* ТӨХК нь захиалагч талын хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцна гэсэн зохицуулалт байхгүй, хөрөнгө нь холбогдох акт баримтын дагуу манай байгууллагын мэдэлд ирээгүй. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2017 оны ******* дугаартай гэрээ болон холбогдох баримтуудаар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан 1,826,539,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,290,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, тэдгээрт хамаарах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Гэрээний дагуу ******* ХХК нь 2017-2018 оны хооронд ******* ТӨХК-д нийт 1,826,539,917 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр бүрэн шилжүүлэн, төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Тус ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т гүйцэтгэгч нь захиалагчтай хамтран барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-д заасны дагуу техникийн болон улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулна гэж, 5.4-т захиалагч нь улсын комиссын актыг үндэслэн бэлэн болсон ажлын үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авна. Ийнхүү хүлээлцэхдээ талууд хамтран ажлын үр дүнг хүлээлцсэн акт үйлдэнэ гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч ******* ТӨХК нь барилга угсралтын ажлыг хийсэн боловч гэрээний хамгийн чухал хэсэг болох ажлын үр дүнг Улсын комисст шалгуулан хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүргээ хэрэгжүүлээгүй байхдаа тухайн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг буулгаж, нураах шийдвэрийг гаргахад оролцсон байхад анхан шатны шүүхээс гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Анхан шатны шүүх энэхүү маргааны гол агуулгыг тогтоож чадаагүй буюу ажлын үр дүн бий болсон эсэх, ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх, ажлыг буулгаж, нураасан этгээд хэн болох, түүний эрх зүйн үр дагавар хэнд үүсэх ёстой гэх маргааны үндсэн асуудалд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.7-5.9-т дурдсан гэрээний акт, протоколыг дангаар авч үзээд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзсэн. Гэвч эдгээр акт нь ажлын үр дүнг эцсийн байдлаар захиалагчид хүлээлгэн өгсөн баримт биш бөгөөд тухайн ажлын гүйцэтгэлийн үйл явцыг нотолсон баримт юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр техникийн болон Улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу техникийн комисс ажиллуулсан бөгөөд улсын комисс ажиллаагүй, ажлын үр дүнг хүлээлцсэн акт үйлдээгүй байхад шүүхээс ажлыг хүлээн авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.12-5.14-т ажил гүйцэтгэгч ******* ТӨХК нь уг ажлын хэсэгт оролцсон байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4, 350.1.6-д заасны дагуу хариуцагч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхөөс өмнө эвдэрсэн, устсан бол ажил гүйцэтгэгч хариуцах ёстой. Ажлын хэсгээс нураах шийдвэр гаргасан нь хариуцагч ******* ТӨХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
4.3. Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №******* тоот албан бичгээр аудитын тайланг манай компанид ирүүлсэн. Тухайн тайлан, дүгнэлтээр .... *******-******* 2 хэлхээт ******* -ыг ажилд оруулж залгах үед хүчдэлийн түвшин 245 кВ-с дээш өндөрсөж, хэт хүчдэлийн хамгаалалтаар байнга тасардаг, савлалтаар 280 кВ хүрч, трансформатор болон хэрэглэгчдийн тоног төхөөрөмжийг гэмтээх аюултай байсан тул дахин горим, тогтворжилтын тооцоо хийлгэж ******* дэд станцын 220 кВ-ын шин-д реактор тавихаар шийдвэрлэжээ.
Улмаар ******* яамны 2018 оны ******* тоот техникийн нөхцөл, ******* тоот зургийн даалгаврын дагуу 220/22 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, реактор суурилуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, улмаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* хөгжлийн төвийн ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр 6,587,400 төгрөгийн төсөвт өртөгтэй гэж эксперт хянасан байна.
4.4. Улсын комисс хүлээн авч концессын гэрээг дүгнээгүй байхад 1,800,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ******* дэд станцын гаргалгааны өргөтгөлийн зарим тоног төхөөрөмжийг буулгаж, дахин өөр төсөл хэрэгжүүлж, хөрөнгө эзэнгүйдсэн байна.
******* дэд станцын гаргалгааны өргөтгөлийн 1,826,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 220/110/35 кВ-ын барилга угсралтын ажлын иж бүрэн тоноглолыг буулгаж, хадгалалт, хамгаалалтын шаардлага хангаагүй, хашаан дотор хураасан байдалтай байна. Аудитаар буулгах ямар нэгэн тодорхой төслийн хөрөнгийг эзэнгүйдүүлсэн байна гэж үзэн 1,826,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг концессын санхүүжилтийн дүнгээс хасаж тооцохоор шийдвэрлэсэн.
Концесс эзэмшигч ******* ХХК-д хөрөнгө оруулалтын ажлыг буулгасан талаар шийдвэр, хүлээлгэж өгсөн, авсан актгүй, нотлох баримтгүй байгаа тул концессын дүнд оруулж баталгаажуулах боломжгүй байна гэсэн аудитын тайлан гарсан. Уг аудитын тайлангаас үзэхэд ******* ТӨХК нь ******* ХХК-д эцсийн байдлаар хүлээлгэн өгөөгүй, Улсын комиссын акт гараагүй, ажил захиалагчид бүрэн хүлээлгэн өгөөгүй нь хангалттай нотлогддог. Гэтэл шүүх маргааны бодит нөхцөлд байдалд тулгуурлалгүй нэг талын тайлбарт тулгуурлан дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлээгүй гэж үзсэн.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Гомдолд ажлын үр дүнг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн асуудлыг харилцан тохиролцсон гэж дурдсан. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гүйцэтгэгч ямар нэгэн байдлаар зохион байгуулдаггүй. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд өөрийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд улсын комиссын бүрэлдэхүүнд орж хүлээлгэж өгөх ажиллагаанд оролцдог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл болсон гэрээний зохицуулалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцэхгүй, хууль зөрчиж хийсэн хэлцэл учир талуудын хооронд байгуулсан гэрээний заалт хүчин төгөлдөр бус юм. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр эсэхээс үл хамаарч улсын комисст оруулах асуудалтай холбоотой шаардлагатай баримт бичиг, ажлыг хариуцагчийн зүгээс хийсэн болох тогтоогддог.
5.2. Мөн гомдолд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэж дурддаг. Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №******* тоот албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №******* тоот албан бичиг, ******* яамны Төрийн нарийн бичгийн тухай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар техникийн комисс байгуулах тухай тушаал, техникийн комиссын акт, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, төлбөр шилжүүлж байсан баримтууд болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгийн хуулбар зэрэг баримтууд авагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан ажлын эрхийг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэж өгсөн ажил ******* яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан техникийн комисс ажлыг хүлээж авсан нь дээр дурдсан баримтуудаар нотлогдоно. Бид ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба техникийн комиссыг ажиллуулахыг шаардаж байсан бөгөөд улсын комиссын ажиллах процесс нэхэмжлэгч компаниас үүдэж удааширч байгаа талаар удаа дараа нэхэмжлэгч буюу захиалагчид мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгч буюу захиалагч улсын комиссыг ажиллуулаагүй үйл баримттай холбоотойгоор тус хугацаанд өөр этгээдийн шийдвэрээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр буулгасан. Хэрэгт авагдсан баримтаар талуудын байгуулсан гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон.
5.3. Шүүх тухайн үйл баримтыг дүгнэж чадаагүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5.6-5.9, 5.10-5.12 дугаар хэсгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эдгээр үйл баримтыг үгүйсгэх зүйл байхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 350 дугаар 350.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажлыг түр зогсоосон бол тогтоосон хугацаанд хамгаалалтын горимыг хангаж ажиллах нь захиалагчийн хуулиар хүлээсэн. Энэ талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.
2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажлын хэсгийн №******* дугаартай хуралдааны шийдвэрээр гүйцэтгэгчийн буюу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн нэхэмжлэгчийн ажлыг буулгах шийдвэр гарсан байдаг. 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгч, техникийн комисс ажилласан байдаг. Түүнээс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч өөрөө барилгын ажлын явцад харуул, хамгаалалтаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч хариуцагчийг буулгасан гэдэг агуулгаар төөрөгдүүлсэн тайлбар гаргадаг. Тухайн ажлыг буулгасан процесс нь яамны шийдвэрээр буюу ажлын хэсгийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн буулгасан этгээд нь төсөл хэрэгжүүлэгч ******* бөгөөд ******* ТӨХК үйлдэл, эс үйлдэхүйгээр тоноглол буцаан буулгасан үйл баримт байхгүй.
5.4. Хохирлын асуудлыг гомдолд дурддаг. Нэхэмжлэгчид хохирол нэхэмжлэх эрх байгаа боловч энэ асуудлыг хариуцагч ******* ТӨХК бус буулгах ажлыг зохион байгуулсан ******* ХХК буулгах шийдвэр гаргасан ******* яамнаас хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй. Хариуцагч уг хохирол, төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч хохирол, төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлж шүүхэд гаргаагүй.
Иймд анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. ******* ХХК болон ******* ТӨХК нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ТӨХК нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах гүйцэтгэгчийн харьяаллын 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга угсралт, туршилт-тохируулгын ажлыг, 220/110/35кВ-ын 125,000 кВ чадалтай автотрансформаторыг ******* аймгаас зөөж суурилуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх27-32/
4.2. Хариуцагч ******* ТӨХК нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04/1688, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/181 дугаартай албан бичгээр гэрээнд заасан 220/110/35 кВ-ын дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга, 220/110/35 кВ-ын автотрансформаторыг эрх бүхий байгууллагад ашиглалтад оруулахаар хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, тухайн ажил нэхэмжлэгч компаниас шалтгаалан удаарширч байгаа үндэслэлээр ажлын хөлсийг шаардсан. /хх-ийн 104-105/
4.3. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг хариуцагчид хэсэгчлэн шилжүүлсэн. /хх-ийн 37-38/
4.4. Талууд 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга угсралт, туршилт-тохируулгын ажлыг, 220/110/35кВ-ын 125,000 кВ чадалтай автотрансформатор суурилуулах ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн. /НБ-1-28, 33/
4.5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЭХХТ-170/08/2017 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******-304/50/2017 дугаартай актаар *******-******* 220/110/35 кВ-ын дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилгын угсралтын ажил, 220/110/35 кВ-ын автотрансформаторыг ******* эх үүсвэрт холбож ******* аймгийн *******, ******* сумдын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх зорилгоор хүчдэлд залгахаар шийдвэрлэсэн.
4.6. ******* -аас ******* Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ******* компани нь Улаанбаатар ******* 330 кв-ын овортой 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх шатанд 220/110/35 кВ-ын ******* дэд станцын 220 кв-ын ил хуваарилах байгууламжид хийгдсэн ******* гаргалгааны тоноглол, 220/110/35 кВ-ын автотрансформаторын тоо хэмжээ зөрсөн шалтгаанаар ******* ТӨААТҮГ-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгийн дагуу 220/110/35кВ-ын ******* дэд станцад хийгдэх барилга угсралтын ажлын тоо хэмжээнд дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай хурлын шийдвэрээр буулгасан. /хх-ийн 184-187/
5. Анхан шатны шүүх хэргийн баримт болон зохигчийн тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
Хариуцагч ******* ТӨХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэгч ******* ХХК гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан байна.
6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6.1. Хариуцагч ******* ТӨХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ******* ХХК-д актаар хүлээлгэн өгсөн, мөн тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлсэн, түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 220/110/35кВ-ын ******* дэд станцын ******* гаргалгааны өргөтгөлийн барилга, 220/110/35кВ-ын 125,000 кВ чадалтай автотрансформатор ******* эх үүсвэрт холбож ******* аймгийн ******* , ******* сумдын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх зорилгоор хүчдэлд залгахаар шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцсэн тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь хариуцагчаас ажлын үр дүн, улсын комисс ажиллахад шаардлагатай баримт бичиг болох техникийн болон санхүүгийн гүйцэтгэлийн акт, түүнтэй холбоотой бусад баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай баримтыг нэхэмжлэгч няцаагаагүйгээс гадна гэрээнд заасан ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг хариуцагчид бүрэн шилжүүлж, тухайн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн байна. /НБ-1-28, 33/
6.2. Талууд гэрээний 3-д захиалагч ажлын хөлс төлөх нөхцөлийг заахдаа уг ажлын үр дүнг бүрэн хүлээн авсны дараа гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлийг тохирсон байх тул нэхэмжлэгчээс ажлын хөлсийг бүрэн шилжүүлснээс үзэхэд ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн актаар дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, гүйцэтгэлийн зураг, далд ажлын болон туршилт тохируулгын акт, протокол, холбогдох бусад баримт бичгийг захиалагчид актаар хүлээлгэж өгнө гэж заасны дагуу хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т нийцнэ.
7. Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 5.3-д зааснаар захиалагчтай хамтран барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасны дагуу техникийн болон улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч маргасан байна.
Талууд дээр дурдсанчлан гэрээний дагуу техникийн болон улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон байх боловч хариуцагч өөрөөс хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулаагүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Учир нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д барилгын ажлын захиалагч энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гагцхүү ажил гүйцэтгэгч ******* ТӨХК-ийг барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагчийг барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын үр дүнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан боловч дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4-т ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил гүйцэтгэгч хуульд заасан энэхүү үүргийг ажлын үр дүн бий болтол хүлээх бөгөөд хариуцагч нь ажлын үр дүнг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул тухайн цаг хугацаанаас хойш эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ажил гүйцэтгэгч хариуцах үүрэг хүлээхгүй.
Мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн устсан /нураасан/ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзсэн анхан шатын шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулаагүй, ажлын үр дүнг бүрэн бүтэн байлгах үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасантай нийцсэн.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар захиалагч хэдийд ч ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхээ зөвхөн ажлыг бүрэн дуусахаас өмнө хэрэгжүүлж болох бөгөөд хариуцагч ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан, мөн гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж болохоор мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
10. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлах байтал мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримталсан нь оновчгүй байх тул залруулах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,290,649 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.БАТЧИМЭГ