Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Баттогоогийн Цогт |
Хэргийн индекс | 2311005671551 |
Дугаар | 2024/ХШТ/110 |
Огноо | 2024-10-02 |
Зүйл хэсэг | 13.14.1, |
Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ХШТ/110
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, ... дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 567 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, … онд төрсөн, … настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогт Б.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хувьд “... Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” заасан байх бөгөөд тус гэмт хэрэг нь “ нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан” байхыг шаардах бөгөөд иргэн Б.Б-ы хийсэн үйлдэл нь хохирогч нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл байсан эсэх эргэлзээтэй объектив шинж бүрэн хангагдаагүй байхад давж заалдах шатны шүүх иргэн Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял оногдуулсан үйлдэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “... Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “ худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр нь тодорхойлогдсон, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч ингэх явцдаа нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамруулан ойлгоно” хэмээн дүгнэсэн.
Гэтэл иргэн Б.Б-ы хэлсэн зүйлс нь хохирогч нарын “нэр алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан” үйлдэл биш бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх үедээ залуу хүний омоглон зангаар хэтрүүлж хохирогч нарыг доромжилсон өнгө аясаар л хэлсэн зүйлс бөгөөд энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангахгүй юм. Үүнд:
1. “Нам дагаж хоолоо олж иддэг” гэж хэлсний тухайд ...дарга П.Д нь 1995 оноос 1997 оны хооронд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх хийж байсан нь намтраас харагддаг бөгөөд аль нэг намын харьяалалтай байсан нь үйл баримтаар тогтоогддог. Мөн тухайн хүмүүсийн намтар, ...цахим хуудаст 1999 оны парламентад ... намын бүлгийн ажилтнаар ажиллаж байсан талаар баримтууд байдаг. Намд ажиллаж цалин хөлс авч байсан нь үнэн тул дээрх хэлсэн үгийг илт худал мэдээлэл тарааж нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.
2. “Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг” гэж хэлсний тухайд хохирогч болох ... дарга П.Д, ...... дарга Д.Б, ......гишүүн Д.Б нар нь төрийн байгууллагад захирах, захирагдах зарчмын дагуу ажиллаж, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, удирдах албан тушаалтанд үйлчилдэг гэсэн утгаар ярьсан бөгөөд үүнийг илт худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй, үнэхээр л дээд албан тушаалтныхаа үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, үйлчилдэггүй гэж байгаа бол энэ талаараа хохирогч нотолж, нэр төр, алдар хүндэд нь хэрхэн яаж халдаад байгааг нотлох ёстой. Гэтэл нотолсон зүйл огт байхгүй.
3. “... тавиул гөлөгнүүд” гэж миний бие хохирогч нарыг эмзэглүүлэх үг хэлсэндээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч нараас уучлалт хүсэж байгаагаа өмнөх шатны хурал дээр илэрхийлсэн, одоо ч мөн адил гэмшсээр байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь илт худал мэдээлэл тараахыг шаардах бөгөөд дээрх үг нь илт худал мэдээлэл гэж үзэх боломжгүй, гэмт бүрэлдэхүүний шинжийг хангахгүй доромжилсон өнгө аястай үг юм. Иймд илт худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм.
4. “... эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ ...” гэсний тухайд хохирогч нар нь эрх мэдлийн сайн, муу зүйл алийг хийх гэж байгаа талаар тодорхой зүйл яриагүй байхад хохирогч нарын нэр хүндэд халдсан гэж үзэх боломжгүй бөгөөд хэрхэн яаж нэр хүндэд халдаад байгаа талаар шүүх, прокурор дүгнэж үзээгүй. Улсын яллагч болон хохирогч нар нь энэ талаар нотлоогүй болно.
5. “... ... У.Х бөгс долоогч ...дарга Д...” гэсний тухайд П.Д-г ... ...анх санал болгосон байдаг бөгөөд “бөгс долоогч” гэж хэлснийг илт худал мэдээлэл тарааж, нэр төр алдар хүндэд нь халдсан гэж үзэж байгаа бол бөгс долоогоогүй болохыг нь улсын яллагч болон хохирогч нар нь нотлох шаардлага үүснэ. Гэтэл хэрэгт тийм баримт огт байхгүй улсын яллагч, хохирогч нар энэ талаараа огт нотолж өгөөгүй. Иймд үүнийг илт худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдсан гэж үзэх боломжгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж хангагдахгүй байна.
6. “... Х.Б шоронгийн манаач СЕХ-н ... дарга Б ...” гэсний тухайд СЕХ-н ... дарга Д.Б нь өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдах албан тушаалтнаар олон жил ажилласан талаарх баримтууд байдаг ба шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг зарим талаараа шоронгийн манаач хэмээн ярьдаг тул үүнийг мөн адил илт худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдсан гэж үзэж боломжгүй, давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан.
7. “... Хохирогч нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой...” гэсний тухайд ардчилсан оронд амьдарч байгаа иргэн Б.Б би сонгуулийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг минь гэмт хэрэг хэмээн үзэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд минь ноцтой халдаж байна. Энэхүү үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг минь гэмт хэрэг хэмээн үзвэл албан тушаал өндөр, удирдах албан тушаалтай хүмүүсийн өмнөөс цаашид өөрийн үзэл бодлоо зоригтой илэрхийлэх хүн олдохгүй байх хор уршигтай юм.
Мөн үнэхээр л уг мэдэгдэл нь илт худал мэдээлэл бол улсын яллагч болон хохирогчийн зүгээс нотлох ёстой. Ингэснээр иргэн Б.Б нь үзэл бодлоо илэрхийлсэн үү, эсхүл худал мэдээлэл тараасан уу гэдгийг тогтоосны дараа энэ нь ажил хэргийн нэр хүнд, алдар хүндэд нь яаж нөлөөлсөн болохыг тогтоох ёстой байхад аль аль хийгдээгүй байхад намайг гэмт хэрэг хийсэн гэж үзэн ял оногдуулж байгаа өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Иймд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэгт заасны дагуу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинж болох “... нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан” болохыг улсын яллагч нь тогтоогоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж хангагдаагүй бөгөөд эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байгаа тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны 2024/ДШМ/567 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцаад зогсож байгаад маш их харамсаж байна. Тухайн үеийн сэтгэл санааны байдлын улмаас “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд...” гэх мэт доромжилсон шинжтэй үгийг хэлснээ хүлээн зөвшөөрч уучлал гуйсан. Дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан доромжлох гэмт хэргийн шинжийг хангасан ба буруу үгээр илэрхийлсэн үйлдэлдээ уучлал хүссэн. Нөгөө талаар тус байгууллагад ажиллаж байсан хүний хувьд эдгээр албан тушаалтнууд нь албан тушаалдаа тэнцэхгүй талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Гэвч эдгээр үйлдлүүд нь илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Энэ нь цаашлаад хэн нэгний албан тушаалдаа тэнцэхгүй байгаа талаар иргэдийн илэрхийлсэн үзэл санааг эрүүжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Хэдий шүүхийн шийдвэрээр Б.Б-ыг буруутгасан ч түүний бодол өөрт зөвөөрөө л үлдэх учир түүнийг бодлыг өөрчлөх боломжгүй" гэв.
Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг бодитой дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон. Шүүгдэгч нь “... Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн, ... Х бөгс долоогч, ... асан Бшоронгийн манаач...” гэх зэргээр ... дарга болон ... даргыг эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан тэдний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулга бүхий мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан. Харин эдгээр мэдээлэл нь худал эсэхэд анхаарлаа хандуулах ёстой. Хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийг ямар нэгэн улс төрийн нам, эвслээс хамааралгүйгээр УИХ-аас томилдог. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн албан тушаалд хэзээ, хэрхэн томилогдсон болохыг шалгаж тогтооход хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон, болзол шаардлагыг хангасан төрийн хаагчид байсан.
Тухайн албан тушаалд томилогдсоноор ямар эрх мэдэлтнүүдэд хэрхэн үйлчилсэн талаар баримт байхгүй байхад гүтгэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан.
Хэнээс мөнгө авч, ямар эрх мэдлийн төлөө юу хийсэн талаар тодорхой зүйл байхгүй байхад зохиомол зүйл ярьсан.
Энэ гэмт хэргийн хувьд бөгс долоогч гэдгийг шууд утгаар нь бус тал засах, долигонох талаас нь авч үзнэ. Гэтэл ... ямар харилцаа холбоотой, хэрхэн тал зассан талаар баримт байхгүй.
Мөн урьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсантай нь холбогдуулан “... ... асан Б шоронгийн манаач...” гэж доромжилсон мэдээллийг тараасан нь худал мэдээлэлд хамаарч байна.
Сэдэлтийн хувьд Б.Б-ыг ажлаас нь гаргахаар хавчиж, шаардсан үйл баримт нотлогдоогүй. Харин ажил хэргийн хувьд таарамжгүй харилцаатай байсан ба Б.Б өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, өс хонзон, хардалтын шинжтэй, олон нийтийн сүлжээнд тавигдсан тодорхой бус, цуу ярианд үндэслэсэн мэдээллийг нийтэд тараасан нь нийгмийн хор аюул их, ардчилсан сонгууль болохгүй гэдэг агуулгаар мэдээлэл тараасан зэрэг шинжүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан шүүгдэгч Б.Б-ы гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Б.Б-ыг “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос Б.Б-ыг 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө ... Х бөгс долоогч ... дарга Д, ... асан Б шоронгийн манаач ...... дарга Б, ..... гишүүн Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой” гэсэн худал мэдээ тараасан хэмээн түүнийг цахим орчинд тараасан ярилцлага бүхий мэдээллийн гарчгийн хүрээнд буруутган ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон болно.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай бус харин илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлговол зохино.
Шүүгдэгч Б.Б нь ...мэдээлэл технологийн төвийн техник үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа шинээр томилогдсон удирдлагатай ажил хэргийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хурлын дундуур гарч явахдаа “би энэ байгууллагад 10 жил ажиллахдаа та нар шиг дарга нарыг үзээгүй. Би та нарыг “гаднаас чинь шарна” гэж хэлээд “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ээ өгч чөлөөлөгдсөний дараа олон нийтийн сүлжээ ашиглан тэднийг гүтгэж, гутаан доромжилсон шинжтэй мэдээллийг цахим орчинд тараасан үйлдлийг хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь учир дутагдалтайн дээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзнэ.
Б.Б-ы “2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө ... Х бөгс долоогч ...дарга Д, ... асан Б шоронгийн манаач ...... дарга Б, ......гишүүн Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой” гэх /мэдээлэл нь/ 2002 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд заасан “Доромжлох” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсныг тодотгон тайлбарлавал зохино.
Өөрөөр хэлбэл, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлдог бөгөөд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон хуулийг буцаан хэрэглэх нь хууль ёсны зарчимд харшлах хуулиар хориглосон үйлдэл юм.
Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчлийн шинжийг хангасан боловч тухайн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож зөрчилд тооцогдохгүй болсныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Б-ы гаргасан гомдлыг хангаж, “... Х бөгс долоогч, ... асан Б шоронгийн манаач” гэх зэргээр бусдыг гүтгэж, гутаан доромжилсон агуулгатай мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан гэх үйлдлийг "худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцох боломжгүй тул Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 567 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ