Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2017/0030/З |
Дугаар | 46 |
Огноо | 2017-07-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 46
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ж.Анхбаярын нэхэмжлэлтэй тус аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болсон Багийн Засаг дарга сонгох хуралдаанаас гарсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай Багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж багийн Засаг даргыг сонгох хуралдааныг явуулсан тул дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргуулах шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох сонгууль болсон. Тухайн сонгуульд миний бие Ж.Анхбаяр нь багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн. Багийн Засаг даргын сонгуульд Ж.Анхбаяр, В.Ариунболд, Б.Баттөр, Н.Доржсэмбэ нар өрсөлдсөн. Анхны санал хураалтаар Ж.Анхбаяр 60 хүн, В.Ариунболд 37, Б.Баттөр 36, Н.Доржсэмбэ 20 хүний санал тус тус авсан.
Нэр дэвшигч нараас 50-иас дээш хувийн санал авсан хүн байхгүй байсан тул хамгийн өндөр санал авсан Ж.Анхбаяр миний бие В.Ариунболд 2 дахин өрсөлдсөн. 2 дугаар шатны 50 хувь+1 хууль дүрмийн дагуу багийн иргэдийн дахин санал хураалтын дүн гарахад Ж.Анхбаяр миний бие 75, В.Ариунболд 79 хүний санал тус тус авсан. Гэтэл тооллогын комисс саналаа тоолоход 1 саналын хуудас илүү гарч зурагдсан байсан. Санал хураалтад 153 хүн оролцсон нь ирцийн бүртгэлээс тодорхой байгаа боловч битүүмжилсэн хайрцагнаас 154 хүчинтэй санал гарч ирсэн хүчингүй саналын хуудас байгаагүй. Тэгээд юу болов гээд судлаад үзэхэд Шар нуруу багийн иргэн Баярмагнайгийн Дэлгэрмагнай гэх 1999 оны 9 дүгээр сарын 29-нд төрсөн 18 насанд хүрч санал өгөх эрхгүй хүүхэд санал өгсөн байсан. Мөн Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэн биш Түдэвтэй сумын Аргалант багийн иргэн Галбадрахын Болормаа санал өгсөн байсан.
Дээрх зөрчлүүдийн талаар тооллогын комисс болон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сумын Засаг даргад удаа дараа хүсэлт тавьсан боловч өдий хүртэл хариу өгч асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн багийн Засаг даргыг сонгох анхан шатны санал хураалтаар Ж.Анхбаяр 60 хүн, В.Ариунболд 37, Б.Баттөр 36, Н.Доржсэмбэ 20 хүний санал тус тус авсан байдаг. Нэр дэвшигчдын санал авсан байдлыг харахад В.Ариунболд 37, Б.Баттөр 36 санал тус тус авсан байна. Саналын зөрүү 1 байна. Ард иргэдийн ярианаас 37 хүний санал авсан Ариунболд нь насанд хүрээгүй иргэн Б.Дэлгэрмагнай, багийн харьяалалгүй иргэн Г.Болормаа нарыг авч ирж санал өгүүлсэн гэж ярьж байна. Дээрх зөрчилтөй хүмүүс санал өгөөгүй байсан бол нэр дэвшигч нарын байр өөрчлөгдөж Баттөр 36 хоёроор, Ариунболд 35 санал авч 3-аар гарч дахин санал хураалтад оролцох боломжгүй байсан. Саналын хуудастай хайрцаг 154 саналын хуудасны хамт Сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан байдаг. Тухайн хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, багийн Засаг даргыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцсэн. Ийнхүү тухайн хурлыг хуралдуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалтыг зөрчсөн байгаа. Яагаад гэвэл Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай эрх зүйн бичиг баримт гаргаагүй. Мөн тухайн өдөр хуралдсан Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал Түдэвтэй сумын Аргалант багийн иргэн Г.Болормаа, мөн насанд хүрээгүй иргэн буюу Б.Дэлгэрмагнайг санал хураалтанд оролцуулсан байдаг. Ийм учраас тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах, уг хурлаас гарсан багийн Засаг даргыг уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Өөр тайлбаргүй гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ю.Ганхуяг багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолд гарын үсэг зурж тамга дарсан нь үнэн. Сумын иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга н.Цэрэннямд тогтоолыг танилцуулсан. Сумын засаг дарга М.Баттөмөрт 01 дүгээр тогтоолыг танилцуулсан үнэн гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: В.Ариунболд миний бие нь 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн хурал, Засаг даргыг сонгох сонгуульд нэр бүхий Ж.Анхбаяр, Б.Баттөр, Н.Доржсэмбэ нартай өрсөлдөж миний бие эхний санал хураалтанд 37, хоёр дахь санал хураалтанд 79 хүний санал авч багийн Засаг даргад ялалт байгуулсан. Иргэн Ж.Анхбаярын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичсэн өргөдөл, Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг уншиж танилцлаа. Иргэн Ж.Анхбаярын гаргасан өргөдөлд дурьдсан зөрчлүүдийг тодруулбал: 1-рт багийн харьяалалгүй иргэн Г.Болормааг санал өгүүлсэн гэжээ. Иргэн Г.Болормаа нь 2015 оны 6 дугаар сард Шар нуруу багийн иргэн С.Нямаатай гэр бүл болж 2 жил гаруй болж байгаа өгөөд шат шатны сонгуулийн хуулинд тухай иргэн тус нутаг дэвсгэрт 6 сар буюу 180 хоног оршин суусан бол санал өгч болно гэсэн заалтын дагуу сонгуулийн үйл ажиллагаа явагдсан гэж бодож байна. Энэ заалтын дагуу иргэн Г.Болормаа өөрийн эрх үүргийн дагуу сонгуулийн санал хураалтанд оролцсон байх. 2-рт: Шар нуруу багийн иргэн Баярмагнай овогтой Дэлгэрмагнай гэх насанд хүрээгүй хүүхдийг санал өгүүлсэн гэжээ. Энэ тухайд би дээрх нэр бүхий хүнийг авч ирж өөртөө санал өгүүлсэн зүйл байхгүй бөгөөд садан төрлийн ямар ч холбоогүй, сонгуульд санал өгөх насанд хүрсэн эсэх талаар мэдэхгүй байна. Жич: Ж.Анхбаяр 2012 онд Шар нуруу багийн Засаг даргад өрсөлдөн Б.Баттөрд ялагдсан. Түүнээс хойш ээж Цогзолмаа, аав Жамсрандорж ах дүү нар нь Шар нуруу багийн иргэдийг загнаж, доромжилж, дарамталж 4-н жилийг өнгөрөөсөн. Гэтэл 2016 онд мөн л Шар нуруу багийн Засаг даргад өрсөлдөж ялагдал хүлээсэн 2017 оны 3 дугаар сарын 26-наас хойш багийн хэсэг иргэдийг санал өгсөн өгөөгүйгээр нь хардаж, сэрдэж, загнаж, зодож, самардаж, доромжилж, дарамталж тэр ч байтугай зарим хүнийг олон нийтийн өмнө нэр төрөөр нь гутаан доромжилж байгааг хэлэх нь зүйтэй болов уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Анхбаяр нь Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж багийн Засаг даргыг сонгох хуралдааныг явуулсан тул дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Маргааны үйл баримтын тухайд: Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус багийн иргэн М.Даваажаргалын гэрт хуралдаж, уг хурлын хэлэлцэх асуудлын 6-д багийн Засаг даргыг сонгох асуудлаар хуралдсан байна. Шар нуруу багийн Засаг даргад Ж.Анхбаяр, гуравдагч этгээд В.Ариунболд, Б.Баттөр, Н.Доржсэмбэ нар нэр дэвшин өрсөлдсөн ба багийн Засаг даргын санал хураалтад 160 ширхэг саналын хуудас хэвлэж, санал хураалтад 153 хүн оролцож илүү гарсан 7 ширхэг саналын хуудсыг устгасан байна.
Эхний санал хураалтаар уг хурлын ирцэд бүртгэгдсэн 153 сонгогчоос Ж.Анхбаяр 60, В.Ариунболд 37, Б.Баттөр 36, Н.Доржсэмбэ 20 хүний санал авснаар дээрх нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг 2 дахь санал хураалтад оруулахаар болж 156 саналын хуудас хэвлэж илүү гарсан 2 саналын хуудсыг устгасан байна.
Хоёр дахь шатны санал хураалтаар хурлын ирцэд 153 иргэн бүртгэгдсэн байхад 154 саналын хуудсаар санал авсан ба 1 ширхэг саналын хуудсыг илүү зарцуулсан байсныг тооллогын комиссын тогтоолын хуудсанд бичиж хүчинтэйд тооцсон байна. Энэхүү 2 дахь шатны санал хураалтад 154 ширхэг саналын хуудасны тоогоор В.Ариунболд 79 буюу 52.0 хувийн санал, Ж.Анхбаяр 75 буюу 48 хувийн санал авч олонхийн санал авсан В.Ариунболдыг Шар нуруу багийн Засаг даргаар томилуулах саналыг сумын Засаг дарга М.Баттөмөрт өргөн барих тогтоолын төслийг баталсан байна.
Нэхэмжлэгч нь Шар нуруу багийн Засаг даргыг сонгох сонгуульд гадны багийн иргэн оролцож саналаа өгсөн, мөн насанд хүрээгүй иргэнийг санал хураалтад оролцуулсан, багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад153 хүн бүртгэгдсэн байхад санал хураалтын хайрцагнаас 154 хүчинтэй саналын хуудас гарсан, саналаа өгсөн иргэдийн тоо саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоо зөрсөн зэрэг нь миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж маргаж байна.
Хоёр: Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгахнэхэмжлэлийн шаардлагын тухайд: Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн багийн Засаг дарга сонгох хуралдааны ирцэд 153 иргэн бүртгэгдсэн байна. Харин Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох хуралдааны эхний шатанд 153 саналын хуудсаар санал авч, багийн Засаг даргын 2 дахь шатны санал хураалтанд 154 саналын хуудсаар санал авсан нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар байгуулагдсан тооллогын комиссын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 154 иргэн оролцож саналын хайрцагнаас 154 саналын хуудас гарсан гэжээ. Гэтэл Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад Шар нуруу багийн Засаг даргыг сонгох хуралдаанд оролцсон 153 сонгогчдын 79 буюу 52 хувийн санал авсан тооллогын комиссын тогтоолыг үндэслэн В.Ариунболдыг Шар нуруу багийн Засаг даргад нэр дэвшүүлж гэж, мөн өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр сумын Засаг дарга М.Баттөмөрт явуулсан албан бичигт Шар нуруу багийн Засаг даргыг сонгох хуралдаанд 153 сонгогч оролцож .... 79 буюу 52 хувийн саналаар ялалт байгуулсан В.Ариунболдыг Шар нуруу багийн Засаг даргаар томилуулахаар баталсан тогтоолыг хүргүүлж байна гэжээ. Дээрхээс үзэхэд Шар нуруу багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын тогтоол, түүнийг үндэслэж гарсан иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолд дурдсан ирц нь зөрүүтэй байна. Мөн багийн Засаг даргыг сонгох хуралдааны ирцийн бүртгэлийн 141 дугаарт бүртгэгдсэн иргэн Г.Болормаа нь Завхан аймгийн Түдэвтэй сумын 2 дугаар баг Аргалант гэсэн хаягийн бүртгэлтэй, ирцийн бүртгэлийн 119 дүгээрт бүртгэгдсэн Б.Дэлгэрмагнай /рд: 99092112/ нь тухайн үед буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18 насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаар сонгуулийн эрх бүхий иргэн гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг хэлэхээр заасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт: Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох..... гэж заажээ.
Дээрхээс дүгнэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн ... оролцож болохоор хуулиар зохицуулсан тул тус багийн харьяалалын бус, мөн сонгуулийн насанд хүрээгүй иргэд Шар нуруу багийн Засаг даргыг сонгох хуралдаанд оролцож санал өгснөөр тухайн хуралдаан хууль зөрчиж явагдсан гэж үзэх үндэслэл болж байна. Мөн багийн Засаг даргыг сонгох хуралдааны ирц, санал хураалтын хайрцагнаас гарсан саналын тоо зөрсөн, тооллогын комиссын тогтоол, уг тогтоолыг үндэслэсэн Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Багийн Засаг даргад уламжлах тухай тогтоолд дурдсан санал хураалтын дүн зөрүүтэй байна.
Иймд хууль зөрчиж явагдсан хуралдаанаас гарсан санал хураалтын ирц, дүнгийн зөрүүтэй Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр Багийн Засаг даргад уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 107 дугаар зүйлийн 107.5дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын31-ний өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох хуралдааныг дахин явуулахыг Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Анхбаярт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР