Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0424

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.М-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэгч Б.М-ээс гаргасан “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тоот захирамжийн Б.М-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/814 тоот захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 06 хороонд байрлах 96 м2 талбайтай газрыг надад эзэмшүүлсэн бөгөөд миний бие газрыг гэрээнд заасан зориулалтын эзэмшиж ашиглаж ирсэн. Гэтэл дүүргийн Засаг даргын 2013 оны Б/814 тоот захирамжаар газраа 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Миний бие дээрх газрыг эзэмшихээр дүүргийн газрын албанд хүсэлт гарган эзэмшиж авсан ба ямар нэгэн хууль бус аргаар эзэмшиж аваагүй юм. Тус газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хууль бусаар хүчингүй болгосон. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 тоот тогтоолоор Б.М миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг Засаг даргад даалган шийдвэрлэсэн байсан ба энэхүү хууль бус тогтоолыг 2019 оны 12 сард зөвтгөн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг даалгасугай гэж өөрчилсөн. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах, газрын хууль тогтоомжийн зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй гэж үзэж байна. Дээрх байдлаар тогтоолд өөрчлөлт оруулсан нь анхнаасаа хууль бус тогтоол гаргасан гэдгийг илтгэж байгаа тул хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Дүүргийн Засаг даргаас энэхүү хууль бус тогтоолыг үндэслэн миний газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус болсон юм. Надад олгогдсон 96 м2 талбайтай газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх нотлох баримт хэрэг авагдаагүй бөгөөд дүүргийн газрын алба, Засаг даргаас надад эзэмшүүлэх боломжтой гэж үзээд эзэмшүүлсэн байхад анхнаасаа ямар захирамжаар олгогдсон тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай дүгнэлт болсон байна. Мөн анхан шатны шүүхээс 2013 оны Б/814 тоот захирамжийг хуульд нийцсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна Тус захирамж нь Газрын тухай хуулийг 4.1.4-т заасныг зөрчиж гарсан байхад хуульд нийцсэн гэж үзэж байгаа нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн л гэж маргасан. Бусад захирамжтай холбоотой асуудлаар маргаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчид олгосон нь газар анхнаасаа хууль ёсны олгогдоогүй гэж хардаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны Б/814 тоот захирамжаар төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн, Газрын тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж гарсан байхад анхан шатны шүүхээс захирамжид хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж захирамжийг хууль ёсны гэж дүгнэж байгаа нь хууль бус байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 319 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон техникийн алдаа гаргасан байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар “ ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6, 40.2, 59 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийг ...” тус тус үндэслэн нийт 55 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгосон шийдвэрүүдийн холбогдох заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт болон хариуцагчийн тайлбарт[1] заасан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэн, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй, захирамжид хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж захирамжийг хууль ёсны гэж дүгнэж байгаа нь хууль бус ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь, Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 649 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид Б.М нь Дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 428 дугаар захирамжаар өмнө нь газар эзэмшиж байсан мэтээр дурджээ.

Гэтэл дүүргийн Засаг даргын 2005 оны 428 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжаас өөр түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр огт байхгүй болох нь тогтоогдсон байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Б.М нь Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжаар анх удаа тус газрын эзэмших эрхийг олж авсан гэж үзэхээр байх бөгөөд Б.М нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангахгүйгээр маргаан бүхий газрыг шууд эзэмших эрхтэй болсон байх ба Газрын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1-д заасны дагуу дүүргийн Засаг даргаас иргэний газар эзэмших хүсэлтэд үндэслэн газар эзэмшүүлэх ёстой атал энэ зарчмыг хэрэгжүүлэлгүй хууль зөрчсөн, энэ үндэслэлээр нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтэд[2] “....2005 оны 428 дугаар захирамжтай газар дээр авто зогсоол барьж байгаа ... иргэн Б.М миний нэр дээр шилжүүлэн гаргаж өгнө үү” гэснээс үзвэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдаас шилжүүлэн авч байгаа мэт боловч холбогдох баримтуудыг хүсэлтдээ хавсаргаагүй, бусдаас газрыг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул энэхүү хүсэлтэд үндэслэн түүнийг газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан гэж дүгнэх боломжгүй.

Дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “... газар эзэмших эрхийг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй” хэмээн нэхэмжлэл гаргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/03 дугаар тогтоолын тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 14/08 дугаар тогтоолоор маргаан бүхий 13/03 дугаар тогтоолд “...55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн талаарх зөрчлийг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн өөрчлөлтийг оруулсан, анхан шатны шүүхээс “... бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шатны Засаг даргад үүрэг, чиглэл өгсөн агуулга бүхий Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай 13/03 дугаар тогтоолыг шүүхээс хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгчийн Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших эрх олж авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэхгүй ...” хэмээн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, маргаан бүхий тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосон  ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол хангагдахгүй, буюу газар эзэмших эрх сэргэхгүй, шүүхээс хууль ёсны дагуу үүссэн эрхийг сэргээн эдлүүлэхээс хууль бусаар олж авсан эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолыг “захирамж” хэмээн алдаатай бичсэн байх тул холбогдох өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...32.1..” гэсний ард “61 дүгээр зүйлийн 61.1” гэж нэмэн, “...13/03 тоот захирамжийн” гэснийг “13/03 тоот тогтоолын” болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] 2хх-154 дүгээр хуудсанд авагдсан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар,

   2хх-176 дугаар хуудсан авагдсан шүүх хуралдаанд гаргасан тайлбар

[2] 1хх-99 дүгээр хуудсанд авагдсан