Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00438/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг, Чандган гэх газарт оршин суух, иргэн Нурун овогт Цэдэндоржийн Содномдаржаагийн (РД: СР55051511) нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж 24, Баруун дөрвөн зам, Рокмон бьюлдингийн 309 тоотод байрлан үйл ажиллагаа явуулах,  “Монгол дайвин” ХХК-нд (РД:2791617) холбогдох

            “Орон сууцны захиалгын урьдчилгаа төлбөрт өгсөн 16 729 050  /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.

Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Гантөрд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ц.Содномдаржаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний төрсөн хүү Содномдаржаа овогтой Шийтэр нь “Монгол Дайвин” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах Атмор төслийн орон сууцны барилгыг захиалгаар бариулж, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 46,86 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 53 889 000 /тавин гурван сая найман зуун наян есөн мянган/ төгрөгөөр бариулж 2015 оны 11 сарын  хоёрдох долоо хоногт багтаан ашиглалтанд оруулж бэлэн хүлээлгэн өгөхөөр заасан. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол дайвин” ХХК-ийн 340601339775 тоот дансанд урьдчилгаа 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг бэлнээр шилжүүлсэн юм. “Монгол дайвин” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж одоог хүртэл захиалсан барилгыг ашиглалтанд оруулаагүй ажлаа зогсоосон бөгөөд тал хана бариад л орхисон. Холбоо барьж уулзаж ярилцах гэхлээр уулзаж ярилцах хариуцсан хүнгүй байна.
      Иймд  “Монгол дайвин” ХХК-ны 340601339775 тоот дансанд урьдчилгаа болгон өгсөн      16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч “Монгол Дайвин” ХХК-ийн ерөнхий захирал С. Дэлгэрбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Дайвин” ХХК нь өөрийн санаачлан хэрэгжүүлж  буй “Атмор-24 төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 24 айлын орон сууцны барилгыг эхлүүлсэн билээ. Нэхэмжлэгч Ц.Содномдаржаа нь “Атмор-24 төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах  27 айлын орон сууцны 46,86 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж урьдчилгаа 16 729 050 төгрөгийг манай  “Монгол Дайван” ХХК-ны дансанд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн байна.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 хэсэгт “захиалагч буюу худалдан авагч тал энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч буюу худалдагч тал нь Захиалагч буюу худалдан авагч талаас төлсөн нийт санхүүжилтийн 50 хувийг гэрээ цуцалсны торгууль болгон үл маргах журмаар суутган авч тухайн орон сууцыг өөр худалдан авагчид борлуулснаас хойш ажлын 10 хоногт үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ” гэж заасан билээ. Иймд дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр 8 364 525 /найман сая гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин таван/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэгдэл 8 364 525 /найман сая гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү? гэжээ. (хх-ийн 16-17 тал)

Нэхэмжлэгч Ц. Содномдаржаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хүү С.Шийтэр нь “Монгол Дайвин” ХХК-тай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах 24 айлын орон сууцанд 2 өрөө 46,86 м2 талбай орон сууцийг худалдан авахаар урьдчилгаа 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг өгсөн. “Монгол Дайвин” ХХК-нь уг орон сууцийг 2015 оны 11 дүгээр сард барьж дуусгаж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгнө гэж тохирсон. Үлдэгдэл  мөнгийг байраа хүлээн авч, түлхүүрээ гардан авах үедээ төлнө гээд тохирсон. “Монгол Дайвин” ХХК-нь одоо болтол уг байрыг хүлээлгэн өгөөгүй, барилга нь зөвхөн суурийг нь тавиад, нэгдүгээр давхар нь дөнгөж баригдаж эхлээд байгаа байдалтай эхлээд жил гаран болсон юм. Одоо уг барилгыг “Монгол Дайвин” ХХК-нь барьж дуусаагүй, нэгэнтэй баригдахгүй болсон ба биднийг болон захиалга өгсөн бусад иргэдийг хуурч мэхлэн эдийн засаг,  мөнгө санхүүгээр хохироож байгаа тул арга буй орон сууц захиалсан мөнгөө олж авахын тулд шүүхэд хандсан билээ. Хэрэв “Монгол Дайвин” ХХК-нь орон сууцаа гэрээнд заасан хугацаанд барьж дуусгасан бол бидний зүгээс ямарч асуудалгүй орон сууцандаа орж амьдрах байлаа.Тиймээс хариуцагч талын хэлж байгаа шиг өөрсдийн хүсэлтээр буюу орон сууцны үнийг төлөх боломжгүй ийм шалтгаанаар бид гэрээг цуцлаагүй юм. Ийм байдалд хүрсэн нь малчид бидний буруу байхгүй. Иймд нэхэмжилсэн 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг бүрэн гаргуулж хохиролгүй болохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Содномдаржаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү С.Шийтэр нь “Монгол Дайвин” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах Атмор төслийн орон сууцны барилгыг захиалгаар бариулж, худалдан авах  гэрээ байгуулсан. Уг гэрээнд 46,86 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 53 889 000 /тавин гурван сая найман зуун наян есөн мянган/ төгрөгөөр бариулж 2015 оны 11 сарын  хоёрдох долоо хоногт багтаан ашиглалтанд оруулж бэлэн хүлээлгэн өгөхөөр заасан. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол дайвин” ХХК-ийн 340601339775 тоот дансанд урьдчилгаа 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг бэлнээр шилжүүлсэн юм. “Монгол дайван” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж одоог захиалсан барилгыг ашиглалтанд оруулаагүй ажлаа зогсоосон бөгөөд тал хана бариад л орхисон. Бид  “Монгол дайвин” ХХК-ны 340601339775 тоот дансанд урьдчилгаа 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг  шилжүүлсэн юм. Гүйцэтгэгч компани нь гэргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл орон сууцыг ашиглалтанд оруулаагүй, ажлаа зогсоосон учир шүүхэд арга буюу хандах болсон. Тухайн компани нь бидэнд мэдэгдээгүй, ямар нэгэн тайлбар хэлээгүй, барьж байгаа байшингаа дуусгаагүй орхисон. Иймд би мөнгөө буцааж авах хүсэлтэй байна  гэв.

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Нурун овогт  Цэдэндоржийн Содномдаржаа нь “Монгол дайвин” ХХК-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Атмор-24 төслийн хүрээнд барихаар захиалга авч байсан 24 айлын орон сууцнаас 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Ц.Содномдаржаагийн хүү С.Шийтэр нь “Монгол Дайвин” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Атмор-24 төслийн хүрээнд барихаар нийтэд зарлан захиалга авч байсан 24 айлын орон сууцнаас    2 өрөө 46.86 мкв орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээ /хх-ийн 5-6 тал/-г бичгээр байгуулсан байна.
Энэхүү орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө буюу 2015.04.23-ны өдөр захиалагч тал болох иргэн С.Шийтэр нь “Монгол Дайвин” ХХК-ийн 340601339775 тоот дансанд орон сууцны урьдчилгаа болгон уг орон сууцны үнийн 30 хувь болох 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 7 тал/-аар нотлогдож байна.
“Монгол дайвин” ХХК нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Атмор-24 төслийн хүрээнд барихаар иргэдээс захиалга авсан уг барилгыг Орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээний 2.2.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногт багтаан ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн хэдий ч  одоог хүртэл барилгыг бариагүй, барилгын ажил дөнгөж эхлэлийн байдалтай ажил нь зогссон, барилга баригдахгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгч байгаа тайлбар, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримт болгон өгсөн  Өмнөдэлгэр сумын төвд эхэлсэн уг барилгын ажлын явц байдлыг харуулсан         3 ширхэг фото зураг /хх-ийн 33-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч “Монгол Дайвин” ХХК-нь шүүхэд гаргасан тайлбартаа: талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 хэсэгт “захиалагч буюу худалдан авагч тал энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гүйцэтгэгч буюу худалдагч тал нь Захиалагч буюу худалдан авагч талаас төлсөн нийт санхүүжилтийн 50 хувийг гэрээ цуцалсны торгууль болгон үл маргах журмаар суутган авч тухайн орон сууцыг өөр худалдан авагчид борлуулснаас хойш ажлын 10 хоногт үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ” гэж заасан билээ. Иймд дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр 8 364 525 /найман сая гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин таван/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэгдэл 8 364 525 /найман сая гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлт гаргажээ.
Энэ тохиолдолд хариуцагч тал  нь захиалагч бөгөөд худалдан авагч талыг Орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээний 2.1.4-т заасан: өөрийн хүсэлтээр буюу сууцны үнийг төлөх боломжгүй болсон шалтгаанаар гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай мэдэгдэж, тухайн орон сууцыг худалдан авах өөр худалдан авагчийг олж өгөх гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байна.
Маргааны үйл баримт, зохигчдын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч тал буюу захиалагчийн зүгээс гүйцэтгэгч тал буюу “Монгол Дайвин” ХХК-нь барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтанд өгөөгүй, одоо ч уг барилга зөвхөн эхлэлийн байдалтай ажил нь зогссон байгаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд уг барилгыг хариуцах хүн олдохгүй байгаа  учраас цаашид уг барилга баригдахгүй нь гэж үзэж шүүхэд орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь худалдан авагч талыг өөрийн хүсэлтээр эсхүл орон сууцны үнийг төлөх боломжгүй болсон гэх 2 үндэслэл шалтгааны аль аль нь биш иргэдийн хувьд зөвхөн зүй ёсны дагуу учирсан хохирлоо нэхэмжилж байгаа хэрэг бөгөөд гүйцэтгэгч тал буюу “Монгол Дайвин” ХХК-нь гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Иймд орон сууц захиалагч талыг шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч талын Орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах гэрээний           3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиалагч талаас орон сууцны урьдчилгаа болгож төлсөн мөнгөний 50 хувийг суутган авах тухай хүсэлт нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг, баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авна гэж:, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т. Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж:, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т: Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж:, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т: нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэг үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх шаардлагууд болон шударга ёсны зарчмын үүднээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэгэнт иргэн Ц. Содномдаржаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж буй тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241 595 төгрөгийг хариуцагч Монгол Дайвин ХХК-аас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.Содномдаржаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Монгол дайвин” ХХК-аас 16 729 050 /арван зургаан сая долоон зуун хорин есөн мянга тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Содномдаржаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Содномдаржаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241 595 төгрөгийг улсын орлого болгон, хариуцагч “Монгол дайвин” ХХК-аас 241 595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Содномдаржаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР