| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/02152/И |
| Дугаар | 210/МА2026/00980 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00980
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02443 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
үндэслэлгүй хөрөнгөжсөн 33,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******т гэмтэл учруулсан. Тухайн үед ******* намайг сайн танихгүй учраас барьцаанд автомашинаа манай эхнэрийн нэр дээр шилжүүлж өгөөд эмчилгээнд оруулж өг, тэгсний дараа буцаагаад автомашиныг чинь өгнө гэсний дагуу Тоёота Приус-41 маркийн автомашинаа хохирогч *******ын эхнэр болох *******гийн нэр дээр шилжүүлж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад *******т эмчилгээний зардлыг бүрэн төлсөн бөгөөд шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн.
Миний автомашиныг шүүх хурал эцэслэгдсэний дараа буцааж өгнө гэсэн боловч буцааж өгөлгүй дур мэдэн худалдчихсан. Иймд хариуцагчаас 33,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь миний нөхөр болох *******ын биед хүндэвтэр гэмтэл учруулж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь сайн дураараа хүсэлт гаргаж, гэмт хэргийн улмаас миний нөхрийн эрүүл мэнд, ажил төрөл, сэтгэл санаанд учруулсан хохирол, ирээдүйд гарах эмчилгээний болон түүнтэй холбогдох бусад зардалд зориулж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ миний нэр дээр шилжүүлж өгсөн.
Шилжүүлж өгсөн тээврийн хэрэгсэл нь нөхрийн маань эмчилгээнд бүрэн хүрэлцэхгүй, уг автомашиныг шилжүүлж өгсөн учраас бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудалд шүүхэд сөрөг тайлбар гаргаагүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
******* миний биед гэмтэл учруулаад 2 хоногийн дараа манай эхнэрт автомашинаа шилжүүлж өгсөн. Тухайн үед толгой маш их хавантай, нүд маань дарагдчихсан байсан учраас би өөрөө явж чадаагүй. Автомашиныг худалдаад эмчилгээний зардалд хэрэглэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан 33,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Би ******* шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 33,000,000 төгрөгийг буцаан шаардсан болохоос *******т учруулсан гэмтэлтэй холбоотойгоор гэм хорыг нөхөн төлөхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүгчийн зүгээс тус нэхэмжлэлийг дүгнэхдээ гуравдагч этгээдийн эмчилгээний зардалд нөхөн төлсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр *******т учирсан хохирлын тооцоо гарсан бөгөөд уг төлбөрийг шүүхийн шатанд 5 хоногийн завсарлага авч бүрэн төлж барагдуулсан.
*******гаас эрүүгийн журмаар хэрэг шийдвэрлэж дууссаны дараа тээврийн хэрэгслээ буцаан шилжүүлж авахыг шаардсан боловч эргүүлж өгөөгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн хариуцагч ******* үндэслэлгүй хөрөнгөжөөгүй анх шилжүүлсэн зорилгод нийцүүлээд тухайн автомашиныг эмчилгээний зардалд зарцуулсан гэх дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагч Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн бөгөөд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх талуудын хооронд болсон үйл баримт, машиныг шилжүүлэх болсон шалтгаан, шаардлага, цаашид бий болсон үр дагавар зэргийг харгалзан үзэж, үндэслэлтэй шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талын байр суурийг дэмжиж оролцсон.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан шүүхийн шийдвэрт заасан эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан үндэслэлээр урьд хохирол барагдуулах зорилгоор шилжүүлсэн байсан тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулж нөхөр *******ын эмчилгээнд зарцуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.
2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарах эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахад нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг оруулж тооцсон эсэх үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт согтуурсан үедээ өөрийн эхнэртэй маргалдаж, уг маргааныг таслан зогсоох санаа зорилготой байсан *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Үүний дараа нэхэмжлэгч нь дээрх хэргийн хохирлыг барагдуулах үүднээс *******ын эхнэр буюу хариуцагч *******гийн нэр дээр өөрийн өмчлөлийн ******** улсын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлжээ.
3.1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,200,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хохирогчид 8,428,233 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Мөн шийтгэх тогтоолд хохирогч ******* нь 10,636,791 төгрөг нэхэмжилснээс 9,570,833 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1,142,600 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,428,233 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд завсарлага авч төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх дүгнэлтэд холбогдох үйл баримтыг дахин нотлохгүй.
3.2. Маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийг хариуцагч нь бусдад худалдан борлуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч *******-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 29,800,000 төгрөг гэж тогтоосон. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг зохигч гаргаагүй.
3.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШТ2025/00404 дугаар тогтоолоор хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ын гэм хорын хохирол 81,861,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
4. Анх нэхэмжлэгчээс хариуцагч руу маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийг эрүүгийн гэмт хэргийн улмаас *******т учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шилжүүлсэн тул хариуцагч нь тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ хууль ёсоор хүлээн авсан, тухайн үедээ шударга эзэмшигчид тооцогдох үндэслэлтэй байжээ.
Харин хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч нь *******т учирсан гэм хорын хохирлыг мөнгөн дүнгээр бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн бөгөөд уг тогтоолд тээврийн хэрэгслийг хохиролд тооцсон талаар ямар нэгэн дүгнэлт, заалт тусгагдаагүй.
Иймд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үргэлжлүүлэн дүгнэх үндэслэлгүй.
4.1. Түүнчлэн хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчээс хүлээн авсан тээврийн хэрэгслийг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохиролд тооцсон, эсхүл худалдан борлуулж олсон мөнгийг цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Нотлох үүргийн хуваарилалтын хувьд энэ үүрэг хариуцагч талд ногдох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч, гуравдагч этгээдийн өмнө гэм хорын хохирол барагдуулах үлдэгдэл үүрэг байгаа нь тогтоогдоогүй байна.
4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон нөхцөлд бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсдэг.
Нэгэнт нэхэмжлэгчийн шилжүүлсэн тээврийн хэрэгслийг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох эрх зүйн үндэслэлгүй тул хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээдэд тооцогдоно.
Харин маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг хариуцагч гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул бодитоор буцаан гаргуулах боломжгүй болсон байна.
Иймд тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 29,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ. Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.
4.3. Цаашид гуравдагч этгээдийн зүгээс гэм хорын хохирлоо шаардах эрх нээлттэй бөгөөд энэ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад гэм хорын хохирлыг нэхэмжлэгчээс хүлээн авсан тээврийн хэрэгслээр урьдчилан, хийсвэр байдлаар хохиролд тооцох эрх зүйн ойлголт байхгүй тул энэ үндэслэлээр маргааныг шийдвэрлэв.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.1. Анхан шатны шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан зөрчил гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний үндсэн дээр зохих ажиллагааг хийх зохицуулалтад нийцээгүй байна.
Гэвч уг зөрчил мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарахгүй тул энэхүү алдааг тэмдэглэн дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02443 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 29,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ