| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1630/Э |
| Дугаар | 1664 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1664
2019 11 04 2019/ШЦТ/1664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Од холбогдох 1906 04910 2360 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 2001 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар гудамжны 169 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 79 дүгээр гудамжны 61 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Я овогт Сийн О /РД:........./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.О нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн автобусны буудлын орчимд Н.Наранбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Наранбаатарын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө миний бие Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байх 16 дугаар байрнаас гарч Цагдаагийн академийн буудлын ТҮЦ орчихоод гэр лүүгээ чиглэн алхаад явж байтал миний урд талд төв засмал зам дагаад хэсэг хүүхдүүд явж байгаа харагдсан юм. Нэг хүүхэд нь эргэж хараад “над руу хандаж ард хэн яваад байгаа юм” гэж байсан.Тэгэхээр нь би “яасан, ахын дүү” гэж асуутал “чамаас юм асууж болохгүй юмуу” гэж нэг хүүхэд нь хариу хэлсэн “та нар зүгээр яваарай хаанахынх вэ” гэж асуутал тухайн үед гэнэт нэг хүүхэд шууд миний нүүрэн тус газар нүд орчим нэг удаа цохиж авах үед би доош унасан. Намайг хэн нь хэдэн удаа цохиж авсан талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан би босоод шууд гэрийнхээ зүг зугтаасан. Ингээд гүйж явах замд эд зүйлсээ үзтэл гэрийн түлхүүр цамцны карманд байсан. Өмдний маань халаас богино карматай байсан тул цохиулаад унах үед түрийвч гар утас хоёр унасан байх гэж бодсон. Би шууд гэртээ ороод ээждээ “утас түрийвчээ алдчихлаа, хэдэн хүүхдүүдэд зодуулаад” гэж хэлсэн. Тэгээд би ээж Нарантунгалагийн хамтаар буцаж очоод цохиулсан газартаа ирж эд зүйлсээ ээжийн гар утасны гэрлээр тусгаж хайтал замын хажуу талын яг цохиулж байсан орчмоосоо бор өнгийн түрийвч болон дотор байсан мөнгөний хамт олж авсан. Мөнгө бүрэн байсан мөн ТҮЦ-ээс авсан контикоо олж авсан. Гар утсаа хайгаад олоогүй ер нь цэнэг нь дуусаж байсан Самсунг эс-7 маркийн гар утас байсан. Хэсэг хайж байгаад ээжийн машинтай хүүхдийн араас явах болж замдаа Велл мартын орчимд явж байсан эрэгтэй хүнийг гуйж “хүмүүст зодуулж утсаа алдчихлаа” гэж хэлээд дагуулж явсан юм. Ингээд цааш Оргил худалдааны төвийн орчимд замын хойд талд нөгөө намайг цохиж авсан хүүхдүүд алхаад явж байгаатай нь таарч улмаар шууд явж очтол нөгөө хүүхдүүд зугтаасан ба бид нар 3 хүүхдийг нь барьж авсан. Зугтаж байх үедээ чулуу шидэн зугтаагаад байсан. Энэ үед ээж цагдаад дуудлага өгч дуудсан... Би царайг нь харвал танина. Надаас намхан хүүхэд байсан би өөрөө 180 гаран см өндөртэй, өндрийг нь сайн мэдэхгүй байна. Хувцсыг анзаарч хараагүй, гэнэт намайг цохиж авсан юм. Тухайн баригдсан хүүхдүүд хэлэхдээ “таныг Очироо цохисон” гэж байсан... Баригдсан хүүхдүүдээс би гар утсаа асуугаагүй. Ямар ч байсан цагдаад барьж өгнө гэж бодож байсан... Тухайн үед тэр хүүхдүүдийг барилцсан тэр ах цагдааг ирэх үед явсан. Бид нар баярлалаа гэж хэлээд Ботаникийн эцэс дээрээс тэр хүн салаад явсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
“... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан... Тухайн үед тэр хүүхдүүд бөөнөөрөө над руу ирж юм ярьж байгаад гэнэт нэг хүүхэд нь миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би газарт унаад босож ирээд зугтаагаад гэр лүүгээ орсон. Тухайн үед тэр хүүхдүүдийн хэн нь намайг цохисныг нь мэдэхгүй байна... Миний биеийн байдал одоо хэвийн зүгээр байгаа... Би эмчилгээ хийлгээгүй. Надад баримт байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нарантунгалагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 19-ны шөнийн 01 цагийн үөд би өөрийн төрсөн хүү болох Наранбаатарыг Хууль сахиулах их сургуулийн урд байх буудлын Түц ороод ундаа, нүүрний маск аваад ир гээд явуулсан. Тэгээд 01 цаг 30 минутын үед манай хүү Наранбаатар их айсан байдалтай орж ирээд “намайг гадаа 10 гаран хүүхдүүд унагааж зодоод, утас түрийвчийг маань дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад урд зам руу хүүгээ дагуулаад явахад манай хүүг дээрэмдсэн гэх хэсэг бүлэг хүүхдүүд зам дагаад алхаж байхаар нь цагдаад барьж өгсөн... Анх гэрт орж ирэхдээ шүд эвгүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын гэрчээр өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би найзууд болох Энхтүвшин, Билгүүн, Дөлгөөнөө, Заяа, Дөк нартай хамт их буурал гэдэг нэртэй караоке орох гээд Хууль сахиулах их сургуулийн хотын төв рүү явдаг автобусны буудлын хойд талд явж байхад надад цохиулдаг ах ирээд Энхтүвшинтэй юм яриад байсан. Тэгтэл надад цохиулдаг ах “та нар хаана байдаг юм алнаа” гэж орилоод байхаар нь би очоод тэр ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр ах газар унаад буцаж босож ирээд цаашаа гүйгээд явсан. Тэгээд бид нар цаашаа алхаад явж байхад надад цохиулсан ах машинд суучихсан ээж аавыгаа дагуулж ирээд бид нарыг барьж аваад цагдаад аваачиж өгсөн... Би хичээлийнхээ хажуугаар амралтын өдрөөр ахтайгаа хамт ажил хийдэг юм. Тэгээд ирж амжихгүй байсан юм... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан... Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Н.Наранбаатарын биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.20/,
С.Оын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Наранбаатарын зүүн биед хоншоор ясны хугарал, орчны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10082 дугаартай дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын яллагдагчаар өгсөн: “... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан... Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Н.Наранбаатарын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан... Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.О нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн автобусны буудлын орчимд Н.Наранбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Наранбаатарын өгсөн: “... Тухайн үед тэр хүүхдүүд бөөнөөрөө над руу ирж юм ярьж байгаад гэнэт нэг хүүхэд нь миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би газарт унаад босож ирээд зугтаагаад гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх.5-6, 9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нарантунгалагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 19-ны шөнийн ... 01 цаг 30 минутын үед манай хүү Наранбаатар их айсан байдалтай орж ирээд “намайг гадаа 10 гаран хүүхдүүд унагааж зодоод, утас түрийвчийг маань дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад урд зам руу хүүгээ дагуулаад явахад манай хүүг дээрэмдсэн гэх хэсэг бүлэг хүүхдүүд зам дагаад алхаж байхаар нь цагдаад барьж өгсөн... Анх гэрт орж ирэхдээ шүд эвгүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын гэрчээр өгсөн: “... Тэгтэл надад цохиулдаг ах “та нар хаана байдаг юм алнаа” гэж орилоод байхаар нь би очоод тэр ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр ах газар унаад буцаж босож ирээд цаашаа гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
С.Оын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Наранбаатарын зүүн биед хоншоор ясны хугарал, орчны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10082 дугаартай дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Оын яллагдагчаар өгсөн: “... Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Н.Наранбаатарын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар С.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
С.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Н.Наранбаатар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир С.Оыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Я овогт Сийн Оыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Од сануулсугай.
5. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Наранбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР