| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/29006/И |
| Дугаар | 210/МА2026/00979 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00979
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/04068 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 55,154,897 төгрөг зээлдүүлснээс 15,000,000 төгрөг төлөгдөөгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь зээлсэн мөнгөн хөрөнгийг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн, мөн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдээр дамжуулан хүлээн авсан эсэхэд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 47,537,206 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогджээ.
Уг харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт, тооцооллоос 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэх 7,617,700 төгрөгийг хариуцагч хүлээн аваагүй гэж зөв дүгнэсэн, уг шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Харин хариуцагчийн нөхөр ******* ******* дахь ******* тоот данс руу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээнд хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
3.2. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь өөрийн өмчлөлийн Toyota Prius Alpha маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж *******-аас авсан зээлийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлсний дараа тээврийн хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр ******* нэр дээр шилжүүлж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буцааж өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа нэхэмжлэгчид зээлийн төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлэхэд нэхэмжлэгчээс ******* дансанд шилжүүлсэн 8,500,000 төгрөг нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч хүлээн авсан өдөр ******* руу нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн боловч уг мөнгөн шилжүүлэг нь тусдаа эрх зүйн харилцаанд хамааралтай болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцааж чадаагүй. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд энэ үүрэг хариуцагч талд ногдоно.
Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдээр дамжуулан хүлээн авах боломжтой тул уг шилжүүлгийг зээлийн гэрээний харилцаанд хамааруулж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 55,154,906 төгрөгийн баримт гаргаж өгснөөс 47,537,206 төгрөгийг зээлийн гэрээний хүрээнд хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдлоо.
3.3. Зээлийн эргэн төлөлтийг тооцохдоо анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн Toyota Prius Alpha маркийн тээврийн хэрэгслийн үнийг 18,000,000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн хуваарилалтад нийцжээ.
Харин шүүхээс хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг 20,000,000 төгрөг гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар 21,700,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон учир үүгээр залруулан дүгнэв.
3.4. Иймд хариуцагч нь хүлээн авсан 47,537,206 төгрөгийн зээлээс 39,700,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7,837,206 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан эрх зүйн болон үйл баримтын дүгнэлтийн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/04068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,837,206 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,162,794 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,345 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ