| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0428/Э |
| Дугаар | 818 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 818
2019 09 13 2019/ШЦТ/818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бд холбогдох Эрүүгийн 1709003820024 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1а- 50а тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25-2-704 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П. Бат-Эрдэнэ нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 07- 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-3 тоотоос хохирогч М. Халтмаагийн “Huawei P9 lite” маркийн гар утсыг “хүнтэй ярьж юм тосч авчихаад ирье” гэж хуурч мэхлэн залилан авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 3-ны өглөө 7-8 цагийн үед нутгаас ирсэн хүнтэй уулзах гэж байсан. Хөдөөнөөс ирсэн хамт ажиллаж байсан залуутай уулзаад бид хоёр жаахан архи хэрэглэсэн. Би Халтмаагийн Хуавэй пи9 маркийн гар утсыг хүнтэй утсаар ярьж, уулзчихаад буцаж ирээд өгье гэж хэлээд авсан. Би утсаар ярьж, хүнтэй очиж уулзчихаад буцааж авч ирж өгөх байсан. Гэвч найз дээрээ очоод архи ууж байгаад утсыг нь хаясан тул буцаж очиж чадаагүй...” гэв.
Эрүүгийн 1709003820024 дугаартай хэргээс:
Шүүгдэгч П. Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр хүнтэй гарч уулзахдаа Халтмаагийн гар утсыг авсан нь үнэн. Би уг нь буцаагаад авч ирж өгөх байсан. Гэхдээ би өгөлгүй тэр өдөр нутгийн нэг залуутай уулзсан учир архи уугаад яваад өгсөн. Би тухайн гар утсыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаячихсан, хаана хаясанаа мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,
Хохирогч М.Халтмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цагт гэртээ байж байхад манай нутгийн залуу манай гэрт хоночихоод гарч явахаасаа өмнө миний утсаар хүнтэй ярьчихаад өгье гээд авч гараад тэр чигтээ алга болсон. Тэгээд тэрнээс хойш авчирч өгөөгүй дандаа худлаа ярьж алга болсон. Би 2017 он 06 сард гэрийнхээ автобусны буудал дээр таараад намайг гэрт хүргэж өгөөд тэрнээс хойш манай гэрт орж гардаг болсон, тэгээд 2017 оны 07 дугаар сарын 01-ний орой манай гэрт ирээд амралтын өдрүүдэд тэрээр “танай гэрт байж болох уу” гэхээр нь зөвшөөрөөд хонуултал 07 сарын 03-ны өглөө миний утсыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Мягмардорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр багаас таньдаг байсан Бат-Эрдэнэ ирээд “өнөөдөр ахынд хоночихоод явъя” гэхээр нь би нээх юм бодоогүй зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө манай охин Халтмаа ахынд орчихоод гэр рүүгээ орох гээд явж байхад нь Бат-Эрдэнэ “гар утсаа өгч бай хүнтэй ярьчихаад өгье” гээд авсан байсан. Тэгээд хашаан дотор хүнтэй яриад байсан. Тэгээд Халтмаад хандан 5 буудал дээр хүнээс юм тосч авчирах гэсэн юм утсыг чинь авч явчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө ирээгүй. Тэгээд би залилуулсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ “...Хятад улсад үйлдвэрлэсэн HUAWEI P9 lite маркийн гар утыг 1.000.000 төгрөгөөр үнэлэв....” гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Бат-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Б.Чадраагийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П. Бат-Эрдэнэ нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 07-08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-3 тоотод иргэн М.Халтмаагаас хохирогч М. Халтмаагийн “Huawei P9 lite” маркийн гар утсыг “хүнтэй утсаар ярьж, юм тосч авчихаад ирье” гэж хуурч мэхлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П. Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Халтмаагийн мэдүүлэг, гэрч Д.Мягмардоржийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл П.Б нь М. Халтмаагийн “Huawei P9 lite” маркийн гар утсыг “хүнтэй ярьж юм тосч авчихаад ирье” гэж хуурч төөрөгдүүлэн мэхлэн авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул П. Бат-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч П. Бат-Эрдэнийг бусдыг хуурч төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Бэс хохирлын 1.000.000 төгрөгийг Мягмардоржийн Халтмаагийн Хаан банкны 5890610628 дансанд бэлнээр шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх П.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П. Бат-Эрдэнэ нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 22 хоног цагдан хоригдсон болон 2 хоногийн хугацаагаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байх Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон, баривчлагдсан хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /24*8=192/ 192 цагийг хасч /600-192=408/ 408 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Бийг бусдыг хуурч төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийн баривчлагдсан, цагдан хоригдсон 24 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /24*8=192/ 192 цагийн ажлыг эдлэх ял хасч, /600-192=408/ 408 /дөрвөн зууун найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН