| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0170/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Ө.С, О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.С, О.Ө нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө.С,
О.Ө
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Ө, Ө.С нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Э.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...манай найз болох Өнөрмөнх гэдэг залуу Япон улс руу явахаар болох үед нь Ө бид хоёр Өнөрмөнхтэй хамт үдэлтийн баяр хийхээр Виктория баар луу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 22:00 цагийн орчимд орцгоосон. Тэнд ороод 2, 2 шил пиво авч ууцгаагаад ширээ тойроод суусан, Ө бие засах гээд явчихаад ирэхдээ “Намайг сая хүн мөрлөчихлөө” гэж хэлж байсан. Ө бид 2 тамхи татах гээд гадагшаа гартал Ө надад “намайг мөрлөсөн хүн тэнд байна, очъё гэж хэлээд намайг дагуулаад очсон. Очоод Ө тэр залууг шууд мөргөчихсөн. Би салгах гэтэл тэр залуу доромжлоод байхаар нь тэр залуугийн баруун шанаан хэсэг рүү нь 1 удаа цохьсон. Тэгсэн нөгөө залуу зөрүүлээд миний зүүн шанаа руу 1 удаа цохьсон чинь би ухаан алдаад уначихсан. Нэг сэрэхэд Ө намайг аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг”
Шүүгдэгч О.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “Манай найз Өнөрмөнх Япон улс руу суралцахаар болсон тул үдэлт хийж өгөхөөр С бид 3 Виктория баар луу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 22 цагийн үед орцгоосон. Тэнд зүс таних Гэ гэдэг залуутай бааранд тааралдаад 00 орох замд зөрж өнгөрөхдөө намайг мөрлөчихсөн. Тухайн үедээ бол юу ч дуугараагүй муухай харалцаад өнгөрсөн. ... баарнаас гадагш гарахад Гэ тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод шууд мөргөчихсөн юм. Тэгсэн Гэ хэлэхдээ “Намайг яасан гэж цохиж байгаа юм, би та нарыг маргаашнаас эхлээд нэг нэгээр чинь түүнээ” гэж хэлэхэд нь манай найз С уурлаад Гий шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон. Тэгсэн Гэ зөрүүлээд Сийн шанаа руу нэг удаа цохьсон. С газарт ухаан алдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Виктория шөнийн цэнгээний газрын гадаа байж байхад намайг үл таних хүн хүрч ирэн мөргөсөн. ...эхлээд мөргөөд дараа нь дахиад өөр нэг залуу нүүрэн тус газар цохьсон. Тэгээд тэр хоёр дахиад үргэлжлүүлээд цохьсон ч байж магадгүй санагдаж байна. Нэг нь өндөр туранхай цэнхэр жинсэн хүрэмтэй залуу, нөгөөх нь намхандуу зууван царайтай, онигор, халимаг үстэй ягаан цамцтай хүмүүс байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны ... дугаартай “...Э.Гий биед тархи доргилт, уруулын дотор хэсгийн шарх, шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт, уруулын дотор хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шүдний ганхаа, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт гэсэн дүгнэлт/хх-ийн 11 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47-48 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ө, Ө.С нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт “Виктория” баарны гадаа иргэн Э.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Виктория шөнийн цэнгээний газрын гадаа байж байхад намайг үл таних хүн хүрч ирэн мөргөсөн. ...эхлээд мөргөөд дараа нь дахиад өөр нэг залуу нүүрэн тус газар цохьсон.... ” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны ... дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ө.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Тэгээд удахгүй бид 2 тамхи татах гээд гадагшаа гартал Ө надад “намайг мөрлөсөн хүн тэнд байна, очъё” гэж хэлээд намайг дагуулаад очсон ба Ө тэр залууг шууд мөргөчихсөн ...би зүүн гараа атгаж байгаад тэр залуугийн баруун шанаан хэсэг рүү нь 1 удаа цохьсон....” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэ тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод шууд мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ө.С, О.Ө нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.С, О Ө нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.С, О Ө нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С, О.Ө нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С, О.Ө нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ө.С, О.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.С, О.Ө нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 47-48 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.С, О Ө нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Ө.С, Б.О.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С, О.Өнарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ө.С, О.Ө нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ө.С, О.Өнар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.С, О.Өнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН