| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0834/Э |
| Дугаар | 841 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 841
2019 09 23 2019/ШЦТ/841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Амуундарь,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Т (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Тд холбогдох эрүүгийн 1909028570919 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, Казак, тусгай дунд боловсролтой, барилгын засвар, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум 5 дугаар баг, 5 дугаар гудамж, Түнхэл хараа гудамж, 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18 дугаар гудамж 115 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар автобусны буудал орчим хохирогч Д.Долгоржавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг таксинд суух гэж байхад нь мөрөн дээрээс нь татаж хавирч унаган баруун гарын шуу, богтос ясны далд зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909028570919 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Тын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед 17-н тэндээс барнаас гараад явж байтал замын хажууд хоёр охин зогсож байхаар манай найз Бекежан нөгөө хоёр охинтой танилцах уу гээд гээд очсон. Тэгээд хэлтэл Долгоржавтай юм яриад зам гараад ирэхээр би “наад хоёр хачин юмаа хая” гэж хэлтэл Долгоржав миний араас өшиглөхөөр би Долгоржавыг түлхсэн юм , Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний түлхэлтээс болж энэ гэмтэл учирсан тул би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирогч Д. Долгоржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...зам дагуу такси барих гээд гараа өргөж алхангаа явж байтал араас хоёр залуу ирж байснаа бид хоёр дээр эхлээд цагаан цамцтай залуу ирээд “гурвуулаа танилцъя” гэхээр нь “бид хоёр танилцахгүй, үе тэнгийн охидтойгоо танилц, хоёр эгч нь нялх нойтон хүүхэдтэй, одоо харилаа” гээд хэлсэн чинь цаанаас цэнхэр цамцтай залуу гүйж ирээд “наад хоёр янхан чинь юу гээд байгаа юм, наад хоёр халтар янханаа зайлуулаач” гэхээр нь маргалдсан, би замын хажууд гар өргөөд зогсож байтал такси зогсохоор нь би суух гээд хаалгыг нь онгойлгосон чинь цэнхэр цамцтай залуу намайг үгийн зөрүүгүй хавсарч унагаагаад зам хөндлөн гарч гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Бекежан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 22-ны оройхон Телуберд над руу яриад “ирээд авчих” гэсэн тэгээд 17-н тэнд нэг бааранд 22 цагийн үед Телубердтэй уулзаад би хоёр хүний 2 шил пиво уучихаад баарнаас гараад явж байтал замын хажууд хоёр охин зогсож байхаар би очоод “танилцах уу” гэсэн. Тэгээд нөгөө хоёр охин танилцахгүй гэхээр би зам хөндлөн гартал Телуберд үлдсэн. Зам гараад эргэж хартал одоо мэдсэнээр Долгоржав газар суугаад уйлж байсан, тэгээд би явж очоод замын хажууд Долгоржавыг гаргаад би 32 -ын тийш зам дагаад алхаад явсан, Телуберд 7 буудлын тийш зам дагаад алхаад явсан би явж байгаад буланд тамхи татаад гараад иртэл цагдаа ирээд аваад явсан. Би сүүлд Телубердээс сонсоход би Долгоржавыг түлхээд унагаасан гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цэрэнбадам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 23-ны орой бид хоёр автобусны буудал дээр такси барих гээд зогсож байтал хажуугаар хоёр залуу өнгөрөхдөө нэг нь миний мөрөн дээр гараа тавьсан тэгээд цааш явсанаа Долгоржавтай юм яриад зам хөндлөн гарсан, тэгээд би такси бариад Цагдаагийн хэлтэс ороод манай найзыг сая АТМ-с мөнгө аваад явж байхад нь 2 залуу аваад явчихлаа гэсэн чинь 2 цагдаа намайг дагаад гарсан тэгээд уулзвараар гараад ирэхээр нь би урдуур нь орж зогсоосон чинь 2 залуу буугаад зугтаасан, Долгоржав баруун гар эвгүй болчихлоо гээд буугаад ирсэн. Надтай хамт байхад гар нь зүгээр байсан, тэгээд хоёр залуутай үлдээд гар нь гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9127 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Х.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 7 дугаар сарын 23-наас 2019 оны 7 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар автобусны буудал орчим хохирогч Д.Долгоржавыг “танилцъя” хэмээн өдөж хоргоон зүй зохисгүй харьцаж маргалдаж, улмаар түүнийг таксинд суух гэж байхад нь мөрөн дээрээс нь татаж хавирч унаган, баруун гарын шуу, богтос ясны далд зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Долгоржавын мэдүүлэг, гэрч Ж.Бекежан, гэрч Ц.Цэрэнбадам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9127 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Д.Долгоржавын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрчээс хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Тын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Х.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Долгоржаваас“...хохирлыг төлж барагдуулсан тул гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН