| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/28299/И |
| Дугаар | 210/МА2026/00733 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00733
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
12,835,635.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,835,635.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ББСБ ХХК болон *******, ******* нарын хооронд 2023 оны 12 сарын 04-ний өдөр №ЗГ/140231204002 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ББСБ ХХК нь 32,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 38.4 хувь, сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлж, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, *******, ******* нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон;/хх-14-16/
3.1. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 12 сарын 04-ний өдөр №Ф/140231204002-1 тоот Эд хөрөнгө өмчлөх гэрээ /фидуци/ байгуулж, гэрээгээр хариуцагч *******гийн өмчлөлийн ******* УБЯ улсын дугаартай, Toyota alphard маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн; /хх-73-74/
3.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 15,972,099.98 төгрөг төлсөн, 2025 оны 04 сарын 07-ны өдрөөс хойш үүргийн зөрчил гаргаж зээлийн төлөлт хийгээгүй байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,049,135.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлт оруулна.
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас автомашин худалдаж авах зорилгоор 32,000,000 төгрөгийн зээл авсан ба нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг 2025 оны 04 сарын 07-ны өдөр хураан авсан үйл баримтад талууд маргаагүй.
Автомашиныг өөрийн эзэмшилдээ авах хүртэл хугацааны нийт гүйцэтгэх зээлийн гэрээний үүрэг нь 21,160,704 төгрөг байсан ба үүнээс хариуцагч нар нь нийт 15,972,099 төлсөн байна. Тодруулбал, хариуцагч нар нь 2025 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар 31,878,308 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл үүрэгтэй байжээ. /хх-16/
5.2. Талуудын хооронд байгуулсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.2-д 2008 онд үйлдвэрлэгдсэн, *******арлын дугаартай, Toyota alphard маркийн автомашины үнэлгээг 43,000,000 төгрөгөөр тогтоосон байна.
5.3. Нэхэмжлэгч нь ... ******* ХХК-аар хийлгэсэн үнэлгээний тайланд ... ******* УБЯ улсын бүртгэлийн дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, *******арлын дугаартай Toyota alphard маркийн автомашины үнэлгээг хийлгэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн ба үнэлгээнд 2025 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар уг автомашин 19,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэсэн үнэлгээгээр тооцож бусдад шилжүүлсэн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Уг зохицуулалтаар үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.
Хэргийн баримтаар фидуцийн гэрээний зүйлийн чанар байдал илтэд доройтсон нөхцөл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний үнэлгээг эрх зүйн ач холбогдол бүхий үнэлгээ гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь өмчлөх эрхийг бүртгүүлж, фидуцийн зүйлийг 2025 оны 04 сарын 07-ны өдөр эзэмшилдээ авах үед зээлдэгчийн үүргийн хэмжээ 31,878,308 төгрөг байсан баримтаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зээлийн үйл ажиллагааг дагнан явуулдаг, мэргэшсэн аж ахуйн эрхлэгч ба фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор өмчлөлдөө шилжүүлэн авч, бусдад худалдсанаар фидуцийн үүрэг болон зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг мэдэх боломжтой гэж үзнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч *******, ******* нараас 12,835,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/03486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нараас 12,835,635.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
С.ЭНХБАЯР