| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0431/Э |
| Дугаар | 850 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 850
2019 09 24 2019/ШЦТ/850
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 1809019540297 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамжны 40 дүгээр байрны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бямбажавыг “зуслангийн байрыг чинь худалдаж авна, гар утсаар чинь яриад өгье, мөнгөө түр өгч байгаач” гэж хуурч бэлнээр 60.000 төгрөг, Самсунг маркийн гар утас зэргийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809019540297 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны орой таксины жолооч Бямбажав ах надтай цуг Батсүмбэр явж байх замдаа Найрамдлын орчимд нэг найзынх нь зуслангийн байр байдаг гэхээр нь би тэр байрыг таньж мэддэг хүндээ үзүүлээд зараад өгч болох юм гэж хэлж байсан. Бямбажав ах бид хоёр маргааш өдөр нь дахин уулзаж Найрамдлын байрыг очиж үзэхээр болоод салцгаасан. Тэгээд маргааш өдөр нь Найрамдал зусланд очиж тэр байрыг гадна талаас нь үзээд Бямбажав ахын гар утсан дээр зургийг нь аваад тэндээсээ буцаж Улаанбаатар хотод ирээд би Бямбажав ахаас “60.000 төгрөг өгч байгаач” гэж хэлээд зээлээд явсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд Бямбажав ахтай уулзаад “Шангрила” дотор байдаг кофе шопоос кофе авахаар явахдаа Бямбажав ахыг та наанаа сууж бай гэж хэлээд гар утсыг нь аваад “утсаар яриад ирье” гэж хэлээд тэр чигээрээ явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 35 дугаар хуудас/,
Хохирогч М.Бямбажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө намайг дуудаад “Тэнгис” кино театрын гадна уулзаад найрамдал зусланд байдаг хаусыг чинь үзнэ гэж хэлсэн. Би тэр хаусыг мэдэхгүй учир Аригчаа гэдэг найзыгаа дуудсан. Найрамдал ороод миний утсаар бичлэг хийсэн. Солих гэж байгаа байраа маргааш үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд надаас 60.000 төгрөг авсан. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед Шангри-Ла зочид буудал дотор Дөлгөөнтэй уулзсан. Би танд кофе аваад өгье та сууж бай гээд миний утсыг аваад яриад явж байгаад зүүн урд зүг рүү яваад байхаар нь араас нь очиход алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг Эс-3 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 72.000 /далан хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бямбажавыг “зуслангийн байрыг чинь худалдаж авна, гар утсаар чинь яриад өгье, мөнгө түр өгч байгаач” гэж хуурч бэлнээр 60.000 төгрөг, Самсунг маркийн гар утсыг шилжүүлэн авч залилан бусдад 132.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
хохирогч М.Бямбажавыг “...Тэгээд надаас 60.000 төгрөг авсан. миний утсыг аваад яриад явж байгаад зүүн урд зүг рүү яваад байхаар нь араас нь очиход алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Дий “...Бямбажав ахаас “60.000 төгрөг өгч байгаач” гэж хэлээд зээлээд явсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд Бямбажав ахтай уулзаад “Шангрила” дотор байдаг кофе шопоос кофе авахаар явахдаа Бямбажав ахыг та наанаа сууж бай гэж хэлээд гар утсыг нь аваад “утсаар яриад ирье” гэж хэлээд тэр чигээрээ явсан...” мэдүүлсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Г.Д нь “60.000 төгрөг өгөөч”, “утсаар ярьчихаад өгнө” гэж М.Бямбажавыг төөрөгдүүлэн хуурч түүний эд хөрөнгө болох гар утас болон бэлэн мөнгийг өөртөө авч бусдад хохирол учирсан болох нь тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Дий үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас ялласан болон прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв зүйлчилж хэрэглэсэн ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч Г.Дийг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бямбажаваас “ хохирол бүрэн төлөгдсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлж /хх-ийн 21/ хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Дг бусдыг хуурч төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН