Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/01102

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/01102

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зааар сум, 3-р баг, Хайлааст өгөөмөр, 12-р гудамж, 16-р тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Онход овогт Нямсүрэнгийн Наранцэцэг /РД:РЛ76051003/-ийн

М.Мөнхнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Н.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Мөнхнасантай 2005 онд гэр бүл болж нэг гэрт орж 11 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2010 оны 6 дугаар сарын 6-ны өдөр охин М.Гантуяа, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин М.Байгальмаа нар төрсөн. Нөхөр М.Мөнхнасан нь өвчний улмаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нас барьсан.  Одоо 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэр бүлийн батлахгүй тул шүүхээр М.Мөнхнасантай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд намайг М.Мөнхнасантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь талийгаач М.Мөнхнасантай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг нэхэмжлэлийг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь талийгаач М.Мөнхнасантай хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 6-ны өдөр охин М.Гантуяа, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин М.Байгальмаа нар төрсөн байна.

Хэрэгт авагдсан №0000897375Г-77, №0447714Г-94 дугаар бүхий хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, мөн Н.Наранцэцэг, М.Мөнхнасан нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзлээ.

Учир нь: охин М.Гантуяа, М.Байгальмаа нарын эцэг нь Хамба овогт Маналын Мөнхнасан гэж бичигдэж, мөн нэг хаягт оршин сууж байсан зэрэг нь иргэний үнэмлэхний хуулбаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/976 дугаартай тодорхойлолт, Н.Наранцэцэг, М.Мөнхнасан нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, гэрч Н.Анхтуяа, Л.Янжмаа, Ч.Чанцалням нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тэдгээрийн хамт амьдарч эхэлсэн хугацааг нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн 2005 оны 4 дүгээр сараас тооцож, амьдарч дууссан хугацааг М.Мөнхнасанг нас барьсан өдөр болох 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Онход овогт Нямсүрэнгийн Наранцэцэг /РД:РЛ76051003/ нь Хамба овогт Маналжавын Мөнхнасан /РД:НН81070278/-тай 2005 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

щщ

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ