| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07222/И |
| Дугаар | 210/МА2026/00827 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00827
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01443 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* БСБ-д холбогдох,
Өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 сарын 03-ны өдөр *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үйлчлэгчээр ажилд орсон боловч 2025 оны 03 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийг ажилдаа очиход ажлаас халсан байсан.
1.2. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг боловч хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээ байхгүй гээд гаргаж өгдөггүй. Мөн ажилд орсон тушаалыг ирүүлээгүй.
1.3. Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаж цаашид сунгагдахгүй болсон ..: гэж заасныг баримталсан байх боловч хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.4. Мөн тушаалын үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилтны санаачилгаар цуцалсан гэжээ. Гэтэл ******* нь өргөдөл өгөөгүй, надад дүү байхгүй, би хүнээр өргөдөл өгүүлээгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Тиймээс ажилтан санаачилсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
1.5. Иймд *******ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Ажилд нь эгүүлэн тогтоож, олгогдоогүй цалин хөлсийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Сарын 1,200,000 төгрөгөөр тооцож бол шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговрыг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь *******ийг хүсэлтийн дагуу 2025 оны 02 сарын 04-ний өдөр ажилд авсан. ******* нь ажилд орсноос хойш эхний долоо хоног ажилласан ба 2 дахь долоо хоногоосоо хоолойны махаа авхуулах тухай хэлж 7 хоног цалингүй чөлөө авч явсан. Чөлөө авах тухай өргөдлөө буцаж ирэхдээ өгье гэж хэлсэн боловч өгөөгүй.
2.2. Чөлөө авч явснаас хойш 2-3 хоногийн дараа түүний дүү гэх хүн ирж ... *******ийг халагдах хүсэлтэй байна ... гэсэн өргөдлийг өгсөн. Бид ажилтны өмнөөс өөр хүн ажлаас гарах тухай өргөдөл өгч болохгүйг сануулж, *******ийг өөрөө ирж уулзах шаардлагатай гэж хэлсэн. 14 хоногийн дараа ******* нь ирж захиралтай уулзан дахин ажиллахаар болсон боловч 1 өдөр хүрэхгүй ажиллаад алга болсон.
2.3. Үүнээс хойш 5 хоногийн дараа ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирж *******ий ажилласан хугацааны мэдээлэл болон тодорхойлолтыг авсан. *******ийг зөрчил гаргасныг мэдээд ирэхгүй юм байна гээд өмнө өгсөн өргөдлийн дагуу ажлаас чөлөөлсөн.
2.4. ******* нь удаа дараа байгууллагын удирдлагуудад худлаа мэдээлэл өгч, өөртэй нь холбогдох асуудлуудыг худал мэдүүлж ажилчдын дунд үл ойлголцол үүсгэдэг болсон. Мөн дотуур байрны суралцагчидтай холбоо тогтоож, дээрэлхэлт үүсгэх гэж байсан нь удаа дараа ажилчдад мэдэгдсэн. Хэд хэдэн удаагийн энэхүү үйлдэл дээр үндэслэн, байгууллагын нэр хүндэд хохирол учруулах үйлдэл гаргаж байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Манай байгууллага нь хууль тогтоомжийн дагуу цалин хөлсөө тооцож олгосон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагч *******ийг хариуцагч ******* Холбоо Боловсрол сургалтын байгууллагын үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 224 608 төгрөг гаргуулан *******д олгож, *******ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэн ******* хариуцагч байгууллагад ажилд орохыг хүссэний дагуу 2025 оны 02 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулсны үндсэн дээр хуулиар хүлээсэн үүрэг болох *******ийг ажлаар хангах үүргээ зохих ёсоор, шударгаар хэрэгжүүлж ирсэн.
4.2. Хариуцагч нь ажилтан *******ий хувьд хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь харгалзан анх байгуулсан гэрээгээр тохиролцсоныхоо дагуу цалин хөлсийг тодорхой бууралт, хасагдалтгүйгээр олгож байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа түүний гаргаж байсан аливаа зөрчил дутагдалд ямар нэгэн хариуцлага тооцож байгаагүй.
4.3. Харин ажилтан ******* 2025 оны 02 сарын 19-ний өдөр эрүүл мэндийн хувьд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд манай байгууллагын зүгээс түүний өргөдлийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан хугацаанаас 7 хоногийн өмнө буюу 2025 оны 03 сарын 13-ны өдөр ажилтан *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасны дагуу энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалж дуусгавар болгосон юм.
4.4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т зааснаар өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, өөрөөр хэлбэл энэ талаар гаргасан тушаалыг хүлээн авсан буюу мэдсэн үеэс хойш маргаан шийдвэрлэх байгууллагад хуульд заасан хугацаанд хандаагүй зэрэг бусад нөхцөл байдлуудыг нотолсон баримтуудыг бид шүүхэд хүргүүлсэн.
4.5. Харин ажилтан ******* нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.
4.6. Анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагч тал өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн *******ий нэхэмжлэлтэй манай сургалтын байгууллагад холбогдох хэрэг маргааныг бидний оролцоогүйгээр хянан шийдвэрлэж, хэт нэг талыг баримтлан ажилтан *******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч ******* нь ажлаас гарах өргөдлийг өөрөө өгсөн гэдэг. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ******* нь тухайн ажлаас гарах өргөдлийг өөрийн биеэр өгөөгүй нь тогтоогддог.
5.2. Өөрөөр хэлбэл, ******* БСБ-ын захирал болон ******* нарын тайлбарт ******* нь ажлаас гарах өргөдлийг өөрийн биеэр авчирч өгөөгүй, дүү нь авчирсан гэж хэлдэг боловч тайлбараа нотолж чаддаггүй. ******* ажлаас халах өргөдөл өгөөгүй, өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
5.3. Хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээ хэдий хугацаатай байгуулагдсан бэ гэхээр Хөдөлмөрийн гэрээг гаргаж өгдөггүй. ******* удаа дараа ажлаас чөлөө авч явдаг баримт гаргаж өгөөгүй гээд байгаа боловч Хан-Уул дүүргийн эмнэлэгт хоолойны хагалгаанд орсон гэх эмчийн лавлагаа байдаг.
5.4. ******* БСБ нь ажлаас чөлөөлөх тушаалыг *******д гардуулж өгөөгүй, танилцуулаагүй, ямар үндэслэлээр халсан талаар тайлбарлалгүй ажлаас халсан гэж хэлдэг ба 2025 оны 08 сард Хуулбар үнэн гэсэн дардастай ажлаас чөлөөлөх тогтоолыг хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад гаргаж өгсөн.
5.5. Мөн хариуцагч талаас шийдвэр гарснаас хойш 5, 6 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд Маргаан таслах гурван талд хороонд гомдол гаргаагүй байна гэж байна. Хөдөлмөрийн маргааныг Маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй гэж заадаг болохоос заавал Маргаан таслах гурван талд хороогоор орсны дараа маргааныг шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. ******* нь 2025 оны 06 сарын 29-ний өдөр ажлаас халагдсан талаар мэдээд 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан.
5.6. Хариуцагч нь 2025 оны 06 сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг *******д харуулсан, гардуулж өгөөгүй. Энэ хугацаанаас өмнө ажлаас халах тушаал гараагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсныг анхаарч үзнэ үү.
5.7. Түүнчлэн хариуцагч талын гомдолд дурдсанаар анхан шатны шүүх хэргийг эзэнгүйд шийдвэрлэсэн, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэдэг. Анхан шатны шүүх хурлын явцад хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхэд хүндрэл учруулсан байдаг.
5.8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүсэлт гаргасны үндсэн дээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.
5.9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд иргэний хэргийн дагуу хөдөлмөрийн харилцааг үндэслэн гомдол гаргах эрхтэй байна гэж үзсэн.
Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбар мэдүүлгийг үнэн зөв талаас нь үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* БСБ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч байгууллагын захирлын 2025 оны 03 сарын 13-ны өдөр Б/09 тоот тушаалын 1 дэх заалтаар ... *******ийг өөрийн хүсэлтийн дагуу 2025 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн *******ийг ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Нэхэмжлэгч нь ... 2025 оны 03 сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй тул гардаж авсан хугацаанаас хойш хуулийн хугацаанд буюу мөн оны 07 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ... гэж, хариуцагч нь ... тушаалыг *******д гардуулах боломжгүй байсан. гэж тус тус тайлбарласан.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2-т эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, эдгээр байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэх, маргалдагч тал тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн маргаантай харилцаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх ёстой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авах үед энэ журмыг хэрэгжүүлсэн эсэхийг зайлшгүй шалгах үүрэгтэй. Нэхэмжлэлийг хүлээн авах үед ийнхүү урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн эсэхийг шалгах ёстой тул иргэний хэрэг үүсгэсний дараа уг журмыг хэрэглээгүй гэх нөхцөл байдал үүсэхгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд шүүх шууд харьяалан хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг заасан ба харин урьдчилан шийдвэрлүүлэх журамтай боловч ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл ажилтан шүүхэд хандаж шийдвэрлүүлэх онцгой тохиолдлыг зохицуулсан байна.
Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал гэдэгт ийм байгууллага байгуулагдаагүй, эсвэл байгаа боловч тухайн байгууллагад хандах боломжгүй болсон ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил, саад болсон үйл баримт тогтоогдсон хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгох бөгөөд ажилтан шүүхэд эсвэл урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандахыг сонгох агуулгатай зохицуулалт биш юм.
4.2. Хэргийн баримтаар ******* нь оюуны хөнгөн хомсдол өвчний оноштой ба 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь тогтоогдсон.
Энэ хэргийн тохиолдолд хариуцагч байгууллага нь бодит үйлдлээр хөдөлмөр эрхлэх боломжийг олгоогүйг ажилтныг ажлаас халсантай адилтган үзэх тогтсон жишгийг хэрэглэх боломжгүй ба ажлаас халсан тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд гомдол гаргасныг Хөдөлмөрийн тухай 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагч талаас шүүхэд 2025 оны 03 сарын 13-ны өдрийн Б/09 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, шийдвэрийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн тушаал, шийдвэрийг ажилтанд мэдэгдсэн, хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлоогүй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь ажилтан *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон зохицуулалтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.
Түүнчлэн, хариуцагч нь ... нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлах боловч уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийг өөрөө хүсэлт гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч *******ийг ******* БСБ-ын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.
6. Анхан шатны шүүх талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн нэхэмжлэгч нь 2025 оны 02 сарын 03-ны өдрөөс *******д үйлчлэгчээр ажил орсон болон нэг сарын цалин 1,200,000 төгрөгөөр тогтоосон талаар зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, нэг сарын цалингийн хэмжээг 1,200,000 төгрөгөөр тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,224,608 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг заасан зохицуулалт болон уг хуулийн үзэл баримтлалд нийцсэн байна.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* БСБ-д даалгаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР