Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

             Хохирогч Ж.А,

             Иргэнийн нэхэмжлэгч Б.Б, Бичил глобус финас ББСБ-ын төлөлөөгч Ц.Х,

         Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С. Дид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: С. Д,

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч С.Д нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт .... УБН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.1, 12.3 заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөвөө,өөр нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Агийн хохирлыг төлнө, харин дахин хагалгаанд орох 1000000 төгрөгийг тухайн үед нь төлнө.Машины засварын мөнгийг төлнөө” гэв.

            Хохирогч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот руу явахаар болж өөрийн нөхөр Б цуг ажилладаг Д, Р, Пгийн хамтаар орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу гарсан... манай нөхөр өөрөө бариад явах гэсэн чинь ах би бариад явъя гэж Д хэлээд Д барьсан... Айргаас наашаа 110 км явахдаа тормоз гишгээд явж байсан. Манай нөхөр аваарт орсоноос хойш чих нь юм сонсохгүй, шокны байдлаас гарахгүй 5 сар болж байна. Д энэ хэргийг санаандгүй хийсэн. Энэ хүн хариуцлага алдсан. Би тэр талаас нь өөрийгөө биш энэ хүнийг бодож 5 сар хүлээсэн. Би эгэмний хагалгаанд бүтэн норкозтой ороод ялтас төмөр суулгуулсан байгаа. Би хагалгаанд орохгүй эм уугаад эдгээе гэхэд эмч заавал ор гэж хэлсэн. Тухайн үед 10 хувийн хүүтэй 3000 000 төгрөг хүнээс авсан байсан болохоор Эрээн хот явж бараагаа аваад буцсан. Манай найзын тархины судас хагараад 2 оёдол тавиулсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан. Би насан туршийн гэмтэлтэй болсон. Хохирлын талаар бүх баримтыг хэрэгт хавсаргасан. Хохирлоо өөрөө тооны машинд хийж үзээгүй. Энэ хэрэг гарснаас хойш 8 удаа нааш цаашаа ирж буцсан зардал болон нөхрийнхөө 3 удаа эмнэлэгт хэвтсэн зардлыг ерөөсөө нэхэмжлээгүй. 4950 000 төгрөгөөс Д 3 удаа тасалж 3000 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би Доос нэлээн шаардаж авсан. Энэ хүний эхнэрээс өмнө нь наймааны журмаар 1000 000 төгрөг зээлсэн байснаас 700 000 төгрөгийг би өгөөгүй байсан. Энэ мөнгийг Д 1000 000 төгрөг өгсөн гэж тооцсон учраас би хүлээн зөвшөөрч хохиролд Доос 4000 000 төгрөг авсан гэж үзэж байгаа. Одоо 950 000 төгрөг дутуу байгаа. Би нэг ч зүгээр байдаггүй, 2 ширхэг юм оёод нэгийг нь 45000 төгрөгөөр зараад өдөрт 90 000 төгрөгийн орлого олдог байсан. Гэтэл энэ хэргээс болоод би 2 сар энэ орлогоо алдсан. Энэ бүгдийг би нэхэмжлээгүй. Би энэ хүнд хүн чанар гаргаж байгаа учраас мөн хүн чанар хүсч байна, надад гомдолтой байна. Би өр зээлнээс болоод эрүүл мэндээ хаясан. Машины үнэлгээн дээр би гомдолтой байна. Хохирогч хүн өөрөө эд зүйлээ үнэлүүлэх хүнээ дууддаг юм гэсэн. Би сард 4000 000 төгрөг авахад 4400 000 төгрөг болдог. Намайг юм оёход нөхөр маань машинаараа оёсон юм болон авчирсан барааг маань зараад явдаг байсан. Нөхөр бид хоёр Бичил глобус финас ББСБ-аас 2 дахь удаагаа зээл авч байгаа. Энэ хугацаанд зээлээ хугацаанд нь төлдөг байсан. Бид хоёр өөрсдөөсөө 4000 000 төгрөг гаргаж нийт 19000 000 гаруй төгрөгөөр энэ машиныг авсан. Би дахин хагалгаанд орж ялтас төмрөө авахуулна. Намайг хагалгаанд ороход ийм зардал гарах учраас шүүх хурал дээрээ өгөөрэй гэж хэлсэн.... Автомашинд байсан хүмүүс унтаад би сэрүүн явж байтал урдаас том автомашин гараад ирэх шиг болсон. Тэгээд уг автомашин жолоодож явсан Д нь замын баруун тал руу дарж осол болсон тэр үед уг автомашин газар нэг хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогссон байсан.... Миний баруун гарын эгэм хугарсан байсан....” гэсэн мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хүн хэрэг гарсны дараа та гомдолгүй гээд хэлчих, би очоод танд шинэ машин аваад өгье гэж хэлсэн. 1 сарын өмнө танд машин авч өгөхөөр боллоо та эмчилгээний зардлаасаа 1000 000 төгрөг хасчих гэхээр нь тэгье гэж хэлсэн. Сая уулзахад би төлж чадахгүй гэж хэлсэн. Би энэ машиныг аваад нэг сар ч болоогүй байж унагаачихаад зүгээр засуулж авна гэхээр гомдолтой байна. Тэгэхээр би энэ машиныг авахгүй гэж бодож байгаа. дээрээс нь би шокноос гарч чадахгүй сонсохгүй, салга болчихоод ийм машинтай явж чадахгүй...Үнэлгээг зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг Иргэний нэхэмжлэгч Бичил глобус финас ББСБ-ын төлөлөөгч Ц.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” засвар үйлчилгээ хийх ёстой 3189 000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрээс нь орлогоо машинаараа хийдэг байсан учраас өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт доголдсон гэдгийг дурдаж байгаа юм...”гэсэн мэдүүлэг

              Гэрч Т.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:: “...Би Улаанбаатар хотоос өөрийн хамт ажилладаг Д, П, Б, А нарын хамтаар Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 30 минутын үед гарсан улсын дугаарыг анзаарч хараагүй... Дорноговь аймгийн Айраг суман дээр ирэхэд шөнийн 03 цагийн болж байсан санагдаж байна. Машины нэг зүйлийг хөргөөд байсан би яг юу халаад байсныг нь мэдэхгүй байна... Тэгээд хөдлөх болоод ямар ч гэсэн жолоогоо солиод Д нь автомашиныг унаад Б болохоор урд талд нь суугаад явсан... Тухайн үед унтаж явсан болохоор яг юунаас осол болсоныг мэдэхгүй байна. Тэгээд унтаж байтал гэнэт л тас хийгээд автомашин эргэлдээд зогсох шиг болсон хүмүүс уйлалдаад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

            Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн::“...Би Улаанбаатар хотоос өөрийн нөхөр Д, хамт ажилладаг Б, А, Р нарын хамтаар Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөрх 09 цаг 30 миунтын үед гарсан... Дорноговь аймгийн Айраг сумын мөнгө хураадаг постон дээр ирээд мөнгө өгөх гэж машины цонхыг онгойлгосон чинь муухай түлэгдсэн үнэр үнэртээд байсан... Тэгээд автомашиныг манай нөхөр унаад явсан... Тэгээд унтаж байтал нэг юм тас хийгээд машин юм мөргөж байгаа юм шиг болсон. Тэгээд машин хажуу тийшээ онхолдож нэг бүтэн эргээд буцаад 4 дугуйн дээрээ зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

              Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутаас би өөрийн .... УБМ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн эхнэр А, Р, П нарын хамтаар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд гарсан... Манай танил дүү Д нь ах би жоохон жолоодож газар авах уу гэж асууж байсан. Тэгээд би унтаж явж байтал Д нь “ээ пизда” гэж хэлээд хажуу тийшээ дарсан... Тэгээд манай автомашин газарт нэг өнхөрөөд 4 дугуйн дээрээ зогссон... Тухайн осол болох үед гадаа гэгээ орчихсон байсан. Намайг зүүрмэглээд явж байхад Д “ээ пизда” гэж хашгирахаар нь би сэртэл урд талд нэг машин их ойртоод ирчихсэн байсан ба Д баруун гар талруугаа дараад машин онхолдсон юм. Яг тухайн осол болох үед хэдэн км /цагийн хурдтай явсаныг бол мэдээгүй гэхдээ бол нилээн хурдтай явж байсан. Багцаагаар 100 орчим км/ цагийн хурдтай явж байсан гэж бодож байна...Тухайн үед анх Д бариад хөдлөөд явахдаа бол тормозыг нь зүгээр байна тормоз барьж байна хатуурч байна гэж байсан юм. Миний машин нь бол урьд нь бол ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх ийн 19-20, 100-101 дугаар хуудас/

            Шинжээчийн ......... дугаартай: “...Ж.Агийн биед баруун эгэмний ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба цаг хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 29 дүгээр хуудас/

            Шинжээчийн ..... дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ нь хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн С.Дийн цусны дээж гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлт/хх ийн 50-52 дугаар хуудас/

           Техникийн шинжээчийн ... дугаартай: “...С.Дийн жолоодож явсан .... УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Бичил глобус финанс ББСБ ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр техникийн хяналтын үзлэг оношлогоогоор орж тэнцсэн.... .... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хоёр тормозны накладыг салгаж үзэхэд хөдөлгөөний явцад тормозны тэлэгч механизм поршин байнгын шахагдаж явсанаас тормозны наклад дугуйн филанз хоёрын үрэлтээс их хэмжээний дулаан ялгарч тормозын наклад шатаж цайвар өнгөтэй болсон, феланз халалтаас үүссэн дугуй хэлбэртэй хээ үүссэн шахагч поршингийн толгойн хэсэг цөмөрсөн, тормозны дөрөөн дээр гишгэж үзэхэд тэлэгч поршин муу шахаж байгаа нь тормозны механизмд гэмтэлтэй байгааг илтгэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/

            Шинжээчийн .... өдрийн нэмэлт: “....... УБН удсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолоодож явсан жолооч С.Д Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажпын тормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. Мөн техникийн шинжээч Р.Пүрэвдавгын 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №11 дугаартай техникийн дүгнэлтээр урд 2 тормозны накладыг салгаж үзэхэд хөдөлгөөний явцад тормозны тэлэгч механизм поршин байнгын шахагдаж явсанаас тормосны наклад, дугуйн филанз хоёрын үрэлтээс их хэмжээний дулаан ялгарч тормозны наклад шатаж цайвар өнгөтэй болсон, филанз халалтаас үүссэн дугуй хэлбэртэй хээ үүссэн, шахагч поршингийн толгойн хэсэг цөмөрсөн, тормозны дөрөөн дээр гишгэж үзэхэд тэлэгч поршин муу шахаж байгаа нь тормозны механизм гэмтэлтэй учир осол гарахад нөлөөлөх үндэслэлтэй гэж 2, 3 дугаар хариултанд дурьдсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 111-112 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 158 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч С.Д нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах “Сайншанд” гэсэн хаалганаас хойш .... УБН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,тээврийн хэрэгслийн ажлын тормос систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно “, 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хот руу явахаар болж өөрийн нөхөр Б цуг ажилладаг Д, Р, Пгийн хамтаар орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу гарсан... манай нөхөр өөрөө бариад явах гэсэн чинь ах би бариад явъя гэж Д хэлээд Д барьсан... .... Автомашинд байсан хүмүүс унтаад би сэрүүн явж байтал урдаас том автомашин гараад ирэх шиг болсон. Тэгээд уг автомашин жолоодож явсан Д нь замын баруун тал руу дарж осол болсон тэр үед уг автомашин газар нэг хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогссон байсан.... Миний баруун гарын эгэм хугарсан байсан. гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн айраг сумын мөнгө хураадаг постон дээр ирээд мөнгө өгөөд зогсож байтал урд хэсгээс муухай түлэгдсэн үнэр үнэртээд байсан,үзэхэд томозны наклад жоохон халсан байсан тэрийг хөргөж 30 гаруй минут зогсож байж байгаад хөдлөх гэтэл манай танил дүү Д нь ах би жоохон жолоодож газар авах уу гэж асууж байсан. Тэгээд би унтаж явж байтал Д нь “ээ пизда” гэж хэлээд хажуу тийшээ дарсан... Тэгээд манай автомашин газарт нэг өнхөрөөд 4 дугуйн дээрээ зогссон...” гэсэн мэдүүлэг, Техникийн шинжээчийн 2019 оны 06 сарын 23-ны өдрийн 011 дугаартай дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 09 сарын 26-ний өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр,2019 оны 05 сарын 31-ний өдрийн .... дугаартай дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч С.Д, Т.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

         Шүүгдэгч С.Дид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Шүүгдэгч С.Дид холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч С.Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

     Шүүгдэгч С.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, прокурорын гаргасан ялын саналыг зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг,хөнгөн ангиллын гэмт хэргийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийн байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэхээр” заажээ. Шүүгдэгч С.Д нь ... тоотод оршин суух хаягтай тул энэ хаягаар гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгав. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Агийн биед хүндэвтэр хохирол учирч гэм хорын хохиролд 5950000 төгрөг нэхэмжилсэн байна. Хавтаст хэргийн 66-84 дүгээр талд “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн хагалгааны болон эмчилгээний зардал 3945290 төгрөг, шатахууны төлбөр 162509 төгрөг, Монос эмийн сангаас эм авсан 6165 төгрөг, зам ашигласны төлбөр 2000 төгрөг,Мон-Арга эмийн сан 234500 төгрөг, Намуун тамир ХХК-аас тиомодилум 80м-18000 төгрөг нийт 4368464 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан олгож, харин 581536 төгрөгийн баримт шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д”бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хохирогч Ж.А нь гэмтлийн улмаас В12 эгэм ялтсаар бэхлэх мэс заслыг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэж, ялтас авахуулах хагалгааны 1000000 төгрөгийн төлбөрийг урьдчилан нэхэмжилснийг “Супер проб” ХХК ний нэхэмжлэхийг үндэслэн хангаж шийдвэрлэв. Шүүгдэгч С.Д нь хохирогч Ж.Ад 4000000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1368464 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Т.Р нь эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авснаас учирсан хохирол хавтаст хэргийн 122-135 дугаар талд “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр 268000 төгрөг,Монос эмийн сангаас 12550 төгрөг, Мон-Арго ХХК тархины эм бэлдмэл 192000 төгрөг,толгойн зураг авахуулсан 80000 төгрөг, MG pharmacy- аас падма 6 ширхэг 90000 төгрөг , төмөр замын зорчих тасалбар 20100 төгрөг нийт 662650 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Б.Б нь “Бичил глобус Финанс” ББСБ –тай 2019 оны 04 сарын 24-ний өдөр ... УБН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ барьцаалан унаж явах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслийг худалдан авсан тул иргэний нэхэмжлэгч Б.Б нь эд хөрөнгөнд учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэн авах эрхтэй байна, эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй болно.

           Уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “Бичил глобус Финанс” ББСБ бүртгэгдсэн хэдий боловч “Бичил глобус Финанс” ББСБайгууллага Б.Б нарын хооронд байгуулсан Фидуцийн гэрээ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч үндсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд түүнд буцаан өгөх үүрэг хүлээдэг. Иймд “Бичил глобус Финанс” ББСБ нь шүүгдэгч С.Доос Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шардах эрхгүй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэргэшсэн үнэлгээний байгууллагаар ... УБН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээг мэргэшсэн үнэлгээний байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1,6-д заасан журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад/ хх-113-116/ дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх ямар нэг санал хүсэлт гаргаагүй тул иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Ж.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт “ шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй,дахин үнэлгээ тогтоолгоно” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

         Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Улааанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

           

5. Шүүгдэгч С.Днь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 1368464 төгрөг гаргуулан хохирогч  Ж.Ад, иргэний нэхэмжлэгч Т.Рд  662650 төгрөг, Б.Бд 3189000 төгрөг тус тус гаргуулан олгож,” ................” ББСБайгууллагын 3189000 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Ж.Агийн нэхэмжлэлээс 581536 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН