| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00934/И |
| Дугаар | 210/МА2026/00826 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00826
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/04604 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2024 оны 01 сарын 04-ний өдөр GL0021130 24/24 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2024 оны 01 сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай, даатгуулагчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан эрсдэлийг даатгахаар тохиролцсон.
3.2. Мөн, талууд 2023 оны 08 сарын 14-ний өдөр PI0014683 23/23 дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр 2023 оны 08 сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, даатгуулагч болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа (мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл)-наас үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх мэргэжлийн хариуцлага нь даатгалын зүйл байхаар тохиролцсон, мөн даатгалын жилийн нийт үнэлгээг 270,000,000 төгрөг, нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн хязгаар 2 болон түүнээс дээш ажилтанд 20,000,000 төгрөг, даатгуулагчийн өөрөө хариуцах хэсгийг нэг удаагийн тохиолдолд олгохоор тооцсон хохирлын 20 хувь, даатгалын хураамжийг 0.7 хувь, даатгалын гэрээний хураамжийн дүнг 1,890,000 төгрөгөөр тус тус тохиролцсон.
3.3. Нэхэмжлэгч байгууллагын ажилтан ******* 2024 оны 01 сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа гаргаж үйлчлүүлэгч *******гийн Toyota Harrier маркийн ******* УАМ улсын дугаартай автомашины хөргөлтийн шингэний буюу тосолын шингэний хоолойг агааржуулалтын хоолойтой андуурч залгасны улмаас мотор нь цохиж хохирол учруулсан.
3.4. Даатгуулагч ******* ХХК-аас 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг даатгагч ******* ХХК-д хүргүүлэхэд 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 01/135 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг хүргүүлсэн.
3.5. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 сарын 30-ны өдөр 3/3224 дугаар албан бичгээр ... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох талаар урьдчилан шийдвэрлэсэн.
4. Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Талуудын 2023 оны 08 сарын 14-ний өдөр байгуулсан PI0014683 23/23 дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ-ний хавсралт №02 даатгалын зүйлийн дэлгэрэнгүй гэх жагсаалтын 10-т Автомашин засварчин ******* /РД: *******/ даатгагджээ.
Хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон болохыг нотлоогүй гэж маргах боловч шүүхийн 2025 оны 02 сарын 21-ний өдрийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... ******* УАМ улсын дугаартай автомашин 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 11 цаг 04 минут 34 секундэд тус засварын газарт орж ирэн засвар үйлчилгээ хийлгэхээр засварын өргөгч лифтэнд гаргасан, уг засвар үйлчилгээнд 2 засварчин оролцож байгаа талаар дурдсан ба уг засварчны нэг нь ******* талаар маргаагүй.
Нэхэмжлэгч байгууллагаас *******гийн Toyota Harrier маркийн ******* УАМ улсын дугаартай автомашиныг засварлуулах зорилгоор ******* ХХК-аас 7,500,000 төгрөгөөр мотор худалдан авсан болох нь Хаан банкны 2024 оны 01 сарын 30-ны өдрийн журналын ******* дугаартай шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Даатгалын тохиолдол болсныг нотлоогүй талаар хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зарчмаар тайлбарлаж, даатгагч нь даатгуулагчийн даатгагдсан зөвшөөрөл бүхий этгээдийн ... мэргэжлийн үйл ажиллагаа (мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл)-наас үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд даатгагч, даатгуулагч нарын эрсдэл хариуцах хувийг хуваасан байхад анхан шатны шүүх 7,500,000 төгрөгийг хуваарилахгүйгээр гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул талуудын хооронд 2023 оны 08 сарын 14-ний өдөр PI0014683 23/23 дугаартай Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан гэрээний даатгуулагчийн өөрөө хариуцах хэсгийг нэг удаагийн тохиолдолд олгохоор тооцсон хохирлын 20 хувийг хасаж тооцоход нэхэмжлэгч 20 хувийн эрсдэл буюу 1,500,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй.
Хариуцагч ******* ХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,987,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7. Анхан шатны шүүх ******* УАМ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардал буюу мотор сольж суурилуулах засвар, тос тосолгооны бүтээгдэхүүний зардал 487,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 197/ШШ2026/04604 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас нөхөн төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,987,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 134,950 ... гэснийг ... 110,950 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР