Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 211/МА2026/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                     211/МА2026/00010

 

                                        

                            

Цагдаагийн газрын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 301/ШШ2026/00221 дугаар шийдвэртэй, А аймгийн Цагдаагийн газрын /РД:9000852/ хүсэлттэй Б.Сыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

 

            Гуравдагч этгээд Б.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Б.С, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А аймгийн Ц нь “Б.Сыг архины албадан эмчилгээнд явуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

А аймгийн Э сумын 1 дүгээр багийн иргэн Бын С нь байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтуурах донтой нь эмнэлгийн магадалгаагаар 3 дугаар зэргийн донтолттой байх тул Баттулгын Сыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.  

 

2. Гуравдагч этгээд Б.Сын татгалзал, тайлбарын үндэслэл агуулга:  Ээж Д.Х 74 настай хөл, гар өвддөг, архаг хууч өвчтэй. Архины гэм хорыг сайтар ухамсарлаж байна. Би заавал албадан архины эмчилгээнд явалгүйгээр өөрөө архи уухгүй байж чадна. Би уурхайд ажилладаг. Ээжийн бие тааруу байгаа болохоор ээжийгээ харах гээд энд байгаа. Хүсэлт гаргасан хүн бол манай төрсөн дүү. Манай төрсөн дүүгийн хүүхэд манайд байдаг. Гэр бүлийн дотор асуудлаас болоод бас зөрчилдөөн үүсдэг, үүнээс болоод намайг эмчилгээнд явуулах гээд байна гэж ойлгож байна. Би ээжийгээ харж ханддаг. Намайг явчихвал харж хандах хүнгүй. Манай ээж гэрээсээ өөр газарт байх боломжгүй, дүүгийнд ч байх боломжгүй. Ар гэрийн хүсэлт гэвэл албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг манай ээжээс авах хэрэгтэй гэж бодож байна. Би албадан эмчилгээнд явахгүй гэжээ.

 

3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 301/ШШ2026/00221 дугаар шийдвэрээр: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Х овгийн Бын С /ИБД:00000000/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс Б.Сыг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар гуравдагч этгээд Б.Сыг албадан эмчлэх шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг А аймгийн Цт даалгаж, Хүсэлт гаргагч А аймгийн Цагдаагийн газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

          4. Гуравдагч этгээд Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь үнэн хэдий ч сүүлийн үед өөрөө үүнийгээ ухамсарлан өөрөө өөртөө архинаас гарах зорилт тавьж, өөрийгөө засах талаар ажиллаж байна. Миний тухайд заавал албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтгүй байгаа. Би өөрөө гагнуурчин бөгөөд сүүлийн 1 жил хувиараа ажиллаж эдийн засгийн асуудлаа шийдвэрлэж байна. Цалингийн зээлтэй бөгөөд өөрийн олсон орлогоороо зээлээ төлдөг. Архины албадан эмчилгээнд явахад ажлаа хийж чадахгүй санхүүгийн хүндрэлд орох бодит нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар би ээжтэйгээ амьдардаг, ээж маань ахмад настай өөрөө өөрийгөө асрах гэр орны ажлаа хийх боломжгүй. Ус авах, түлээ бэлдэх болон бусад гадуур ажлаа өөрөө бөөгнүүлж чаддаггүй. Миний тухайд уурхайд ажилладаг байсан хэдий ч ээжийгээ асрахаар сүүлийн 1 жилийн хугацаанд уурхайн ажилдаа явж чадахгүй, хувиараа хөдөлмөрлөж байна. Ах, эгч дүү нар аймагт байдаг боловч тусдаа амьдралтай, ээжийг харах асрах боломжтой хүн байдаггүй. Би архины эмчилгээнд явсан тохиолдолд бодит үр дүн гарна гэхэд эргэлзэж байгаа ба харин өөрөө архинаас гарах асуудлаа шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэргийн материалд Цагдаагийн байгууллагын бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архиддаг...” гэсэн агуулгатай тодорхойлолт байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй. Анхан шатны шүүх, бодит нөхцөл байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.10-ны өдрийн 301/ШШ2026/00221 дугаар шийдвэртэй хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.С нь А аймгийн Э сумын 1 багт оршин суудаг. Тухайн иргэний ар гэр, асран хамгаалагч, төрсөн дүү болох Б.Дэлгэрсүрэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байгаа. Төрсөн дүү Б.Дэлгэрсүрэн нь А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нийгмийн ажилтан. Манай ах сүүлийн үед архины хамааралтай болоод эрүүл мэнд, амь насанд нь бодитой хохирол учрах эрсдэл үүсээд байна гэсэн үндэслэл, агуулгатай өргөдлийг хүлээж аваад, тухайн иргэнд холбогдох баримт, материалыг бүрдүүлээд шүүхэд ирүүлсэн байгаа. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас тухайн иргэний мэдээллийг шүүж, хэргийн материалд хавсаргасан байгаа. Тухайн иргэнийг биеэ авч явах чадваргүй үндэслэлээр хэд, хэдэн удаа эрүүлжүүлэх, саатуулах байранд орж байсан баримт хэрэгт хавсаргасан байгаа. Би 1 дүгээр багийг хариуцаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн иргэн намайг эргүүл, хяналт шалгалт хийгээд явж байх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай удаа дараа таарч байсан. Эрүүл мэндийн байгууллагын сэтгэцийн эмчийн дүгнэлтээр архинд донтох, мансуурах 3 дугаар зэрэглэл гарсан. 3 дугаар зэрэглэл нь хамгийн хүнд хэлбэртэй багтдаг юм билээ гэв.

 

6. Гуравдагч этгээд Б.С давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: Би сүүлийн 10-аад жил уурхайн хамгийн хүнд, хортой нөхцөлд гагнуурчин хийж байгаа. Өнгөрсөн оны 7 сараас хойш ээжийг асарч байгаа. Энд ирснээс уусан буруугаа хүлээж байгаа. Архины албадан эмчилгээ бол хамгийн сүүлийн шат гэж би харж байна. Тэрнээс наана өөр цаг хугацаа бага шаардагдахаар эмчилгээг сонговол үр дүнтэй юм болов уу гэж миний хувьд бодож байна гэв

                                                     

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

8. Хүсэлт гаргагч Ц “Б.Сыг байнга архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж, өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг, согтуурах донтой нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд Б.С “би заавал архины албадан эмчилгээнд явалгүйгээр өөрөө архи уухгүй байж чадна, албадан эмчилгээнд явахгүй” гэжээ.

 

9. Согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх үндэслэлийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан.

 

10. Б.Ст “архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хам шинж” гэсэн эмнэл зүйн онош тавьсан эрүүл мэндийн байгууллагын 2026 оны 01 сарын 14-ний өдрийн дүгнэлтийг түүнд мөн өдөр буюу 2026 оны 01 сарын 14-ний өдөр танилцуулжээ.

 

11. Б.С нь А аймгийн Цт “миний бие архины албадан эмчилгээнд явахгүй” гэсэн хүсэлтийг /он, сар, өдөр бичигдээгүй/ гаргаж байсан /хх-7х/ боловч тэрээр сайн дураараа эмчлүүлэх хүсэлттэй байсан эсэх, эсхүл сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

12. Хэрэв Б.С сайн дураараа эмчлүүлэх хүсэлттэй байсан бол хүсэлт гаргаснаас хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргахаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан.

 

13.Гэтэл А аймгийн Ц Б.Сыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг түүнд танилцуулснаас хойш 6 хоногийн дараа буюу 2026 оны 01 сарын 20-ны өдөр А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан,  тэрээр сайн дураараа эмчлүүлэх хүсэлттэй байсан эсэх, эсхүл сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан талаар хүсэлт байхгүй байхад албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.3-т заасантай нийцээгүй байна. 

 

14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Согтуурах мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай ... тодорхой бичнэ” гэж заасан бөгөөд Б.Ст холбогдох 2026 оны 01 сарын 14-ний өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа  албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг тусгаагүй, түүнийг албадан эмчлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргаагүй байна.

15. Хавтаст хэрэгт Б.Ст холбогдох “... хяналт тавьж, сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байсан тухай” хэсгийн байцаагчийн тэмдэглэл, 2014-2023 онд болон 2025 оны 1 сарын 22-нд “олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан” зөрчил үйлдсэн, 2025 оны 1 сарын 31-нд “согтуурсан, мансуурсан этгээдийг түр саатуулсан” зөрчилд холбогдож байсан талаарх гэмт хэрэг, зөрчлийн лавлагаа авагдсан нь гуравдагч этгээдийг албадан эмчлүүлэх хүсэлтийн шаардлагад ач холбогдолтой эсэх, согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдал тогтоогдсон эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

 

16. Шүүхэд хүсэлт гаргахдаа бүрдүүлсэн материалаас бусад баримтыг холбогдох байгууллага, иргэдээс шүүх авч болохоор Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан, мөн энэ хэргийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх боломжтой байжээ.

 

Иймд согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн этгээд өвчтэй болохыг, түүнийг албадан эмчлэх зайлшгүй шаардлагатай болохыг тус тус тогтоохоос гадна энэ нь тухайн этгээдийн эрхийг хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ болохын хувьд хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэх шаардлагатайг анхан шатны шүүх анхаараагүй , шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 301/ШШ2026/00221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогоос гаргуулж Б.Ст олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                                  Ч.ЭНХТӨР