Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
Хэргийн индекс | 152/2016/00372/И |
Дугаар | 09 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 09
Б.Мөнхчулууны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багт оршин суух, Булгадар овогт Буяндэлгэрийн Мөнхчулууны нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу, нарийн бичгийн дарга Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийгүнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Б.Мөнхчулуун би үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавд хүсэлт гаргахад тус албаны дарга Ж.Октябрь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгээр хангахаас татгалзсан нь. хуулиар өөрт эрх олгоогүй, хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаарзүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасныг зөрчсөн. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажилагааг хууль бус болохыг тогтоосон тул түүнд үндэслэн явагдсан эд хөрөнгө үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа зөв байх боломжгүй. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах ажиллагаа явагдсаны дараа эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явуулдаг хуультай. Хэрэв эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө үнэлүүлэх тухай тогтоол хууль бус болно. Иймээс нэхэмжлэгч Б.Мөнхчулуун миний гомдлын шаардлагыг хангана уу.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Тус албанаас гарч буй ямар нэгэн албан бичиг нь байгууллагын албан бланк дээр албаны даргын гарын үсгээр баталгаажиж гардаг болно. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад С.Мягмаржавын гарын үсэгтэй албан бичиг гарах боломжгүй юм. “Шинжээч томилох тогтоол”-ыг ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж тогтоолын дугаар өгдөг тул 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар тогтоол үйлдэх боломжгүй. Мөн уг эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь тус албанаас хараат бус бие даасан үнэлгээний байгууллага тул үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-д зааснаар үнэлгээг тус алба хүчингүй болгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр: “1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахьхэсгүүдэд тус тус заасныг баримтлан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1360 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1270 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...албаны дарга ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгосон эрх хэмжээг өөрийн эрх хэмжээний нэгэн адил үзэж, 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгосон, өөрчилсөн зүйлгүй..." гэсэн дүгнэлтээр зөвтгөхдөө нотлох баримтад тулгуурлаагүйгээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3.5-т заасныг буруу хэрэглэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-дахь заалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргад хамаарах зохицуулалт юм. Үүнийг анхан шатны шүүх Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хамаатуулж, улсын байцаагчийн эрхтэй мэтээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/112 тоот тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам"-ын 4.2-т заасныг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 3 дугаар зүйлийн 3.5-т заасныг ноцтой зөрчсөн. Тус журам "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 2.5.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах , хураах ажиллагаа явагдсаны дараагаар эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явагддаг хуультай бөгөөд эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлүүлэх тогтоол хууль бус болно. Шүүх үүнийг анхаарч үзээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэж буруу дүгнэсэн. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93 болон 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Шинжээч томилох тухай” тогтоолыг[1], мөн уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлтэд хариу өгсөн тус албаны даргын “2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар” албан бичгийг[2] тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө үнэлүүлэх тухай тогтоол хууль бус болох тул “Шинжээч томилох тухай” тогтоол хууль бус болох юм. Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгээр хариу өгсөн нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар гаргасан шийдвэр юм.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.
Өөрөөр хэлбэл Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Мөнхчулууны эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг[3] битүүжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болсон нь тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр Увс аймгийн 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын гаргасан “Шинжээч томилсон тогтоол”-ыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол нь түүнийг үнэлүүлэхээр шинжээч томилох тухай тогтоолын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх шууд шалтгаант холбоогүй, тус тусдаа бие даасан үйл ажиллагаа байна.
Мөн Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар” албан бичгийг гаргасан байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.ЖАМБАЛСҮРЭН
[1] Хэргийн 43, 47 дугаар хуудаст
[2] Хэргийн 13 дугаар хуудаст
[3] Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 м.кв-ын дэд өртөөний барилга, 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга