Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

 

 

 

 

        Э.Бямбадоржид холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор О.Багшбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 5/35 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Бямбадоржид холбогдох 201625011048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Урианхай овгийн Эрдэнэдалайн Бямбадорж, 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамж 876а тоотод оршин суух,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 21 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр суллагдсан. /регистрийн дугаар: РЭ87061774/

 

Э.Бямбадорж нь ялтай байхдаа согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр-2” хорооллын байрны гадна зогсоолоос Б.Эрхбаярын 4,500,000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai accent verna” загварын, 68-03 УНЛ улсын дугаартай автомашиныг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Энхтуяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Бат-Отгоныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Бямбадоржийг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Бямбадоржид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Бямбадоржоос 280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бат-Отгонд олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, хохирогч Б.Эрхбаяр, Х.Энхтуяа нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Багшбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бямбадоржид оногдуулсан хөнгөн ялууд болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тус тус хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хугацаагаар хорих ялд багтаасан атлаа нийт биечлэн эдлэх ялыг нь 3 жил 6 cap гэж тогтоосон нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг тус бүрт нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх замаар биечлэн эдлэх ялыг тогтоохоор маш тодорхой заасан. Энэхүү ял багтаах, нэмэх журмын алийг нь шүүгдэгчид хэрэглэхээс хамааран жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ харилцан адилгүй тогтоогдох учраас шүүх аль журмыг сонгон хэргэлснээ тогтоолдоо тодорхой дүгнэх учиртай.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд Э.Бямбадоржид ял багтаах, эсхүл ял нэмж нэгтгэх журмын алийг хэрэглэх үндэслэлтэй талаар огт дүгнээгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... хөнгөн ялыг хүндэд нь багтааж ...” гэж заасан атлаа оногдуулсан ялуудыг бүгдийг нэмж нэгтгэх замаар шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээс гадна дараах байдлаар хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

1. Шийтгэх тогтоол /2-р хх 156/-оос үзэхэд “Э.Бямбадорж нь... гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “... шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт...”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заахаар хуульчилсныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд яллах болон өмгөөлөх талын хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас шүүх чухам ямар нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон болохыг дүгнэж, эсрэг талын байр суурь хэрхэн үгүйсгэгдэж буй үндэслэлийг тодорхойлох байтал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд /2-р хх 152-156/-ыг бүхэлд нь хамж дүгнэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй. 

 

2. Э.Бямбадорж нь ялтай байхдаа, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болсон байхад анхан шатны шүүх давхар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзан үзэхгүй” гэснийг зөрчсөн байна. 

 

3. Э.Бямбадорж нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн хэргийн үйл баримтыг прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд “мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заагаагүй гэмт хэргийн шинжээр тодорхойлж бичснээ цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцэл болон энэ магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бямбадоржид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бямбадоржид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Э.Бямбадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН