Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар  2024/ХШТ/112

 

 

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, С.Б-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй,

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан “насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 6 жил хорих ял шийтгүүлж уг ялыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял болгон дүйцүүлж,

Мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хүчиндэх гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 27 хоногийн хугацаагаар тогтоож, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ... овогт  ....

 

Шүүгдэгч С.Б нь Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын сарын 07-ны өдөр ... настай Б.М-ийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч С.Б-т бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 320 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гаас эрэн хайх болон замын зардалд нэхэмжилсэн 17.337.650 төгрөгийн нэхэмжлэлээс лам, бөөд өгсөн гэх шашны зан үйлтэй холбоотой 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-аас эрэн хайх болон замын зардал 14.137.372 (арван дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 13.920.000 (арван гурван сая есөн зуун хорин мянга) төгрөг, нийт 28.057.372 (хорин найман сая тавин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 1838006260175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, ягаан өнгийн ул, үдээстэй пүүз /хос/, цагаан өнгийн судалтай, цэнхэр өнгийн цамцны тасархай 5 ширхэг, цэнхэр өнгийн палаж, хар хөх өнгөтэй, ягаан өнгөөр “Spor” гэж бичсэн өмдний тасархай, гавал, эрүүний яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож, 10 ширхэг ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Баасанжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо “... миний ах Б надад ах нь Баянзүрх явах ажилтай болчихлоо миний дүү хонь хараад өгөөч 10 хоног явна. Би за ахаа гээд малыг нь харж байгаад үхрийг нь алдчихсан. 10 хоногийн дараа ах ирээд нутгийн хүмүүсээс асууж үхрийн сураг гарсан. Ах очоод аваад ир гээд товог улаан толгой уул хоёрын дундуур давхиад явж байтал зүүн гар талд хүүхэд дуудаад даллаад байсан. Тэгэхэд нь би яасан юм бол гээд очсон. Тэр хүүхэд нойрмог “хээр хониныхоо хажууд унтаад сэрсэн чинь хониноосоо хоцорчихлоо ах та дөхүүлээд өгөөч” гэсэн. Би “за ах нь дөхүүлээд өгье” гээд давхиад замын ховилд орсон. Явж байсан нөгөө хүүхэд ахаа гээд баруун талын мөрөн дээр минь цохитол өөв гээд ховилд цохиулсан нэг сэрсэн нөгөө хүүхэд буруу хараад унасан байсан. Тэгэхэд би сандраад, балмагдаад, тэвдээд маш их айсан. Би тэгээд уул нь аминдаа модны сүүдэрт бараадуулсан юм л даа өөр ямар ч санаа оноо байгаагүй тэр газарт ямар ч сүлжээ байхгүй байсан. Ойр хавьд нь ямар ч айл хүн амьтан байхгүй байсан. Би гэрийг нь хаана байгааг мэдэхгүй надад муу санаа байгаагүй. Харин ч бүүр аврах эрмэлзэл дүүрэн байсан боловч туслах дэмнэх хэн ч байгаагүй. Миний бие маш их гэмшиж байна. Энэ алдаа дутагдлынхаа хохирлыг би заавал төлнө. Эрхэм прокурор, шүүгч та бүхэн миний ялыг тоотой ял болгож өгнө үү. Миний үлдсэн ганц аавыг минь, хоёр сайхан охиныг минь амьдрах цаг хугацаа тал бүрээс нь харгалзан амьдрах боломж олгож ялыг минь хасаж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь насаа алдсан охины ар гэрт эмгэнэл илэрхийлье. Өмгөөлөгчийн хувьд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа болохоос ямар нэгэн субьектив чиг хандлага байхгүй гэдгээ хэлье.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Харин прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитой тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүгдэгч С.Б-ын хууль бус ямар үйлдлийн улмаас охины амь нас хохирсон гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Ямар орон зай, цаг хугацаанд, ямар хүчин зүйлийн улмаас охины амь нас хохирсон болох нь тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Б-ын субьектив санаа зорилго, гэм буруугийн хэлбэр нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй. Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтжуулсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт өгөх аргаар хууль зүйн үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийх ёстой. Анхан шатны шүүх дээрх байдлаар шийдвэр гаргаж чадаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсангүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.2-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хэдий ч дээр дурдсан асуудлууд эргэлзээтэй.

Миний үйлчлүүлэгчийн хоёр удаагийн ял шийтгэгдсэн байдал буюу хувийн байдлыг нотлох баримт мэтээр дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг нь дордуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэрээр хуульд заасны дагуу ял шийтгэлээ эдэлж дууссан хүн.

Иймд үндэслэл бүхий эргэлзээтэй бий тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М хэлсэн саналдаа “... амь хохирогч Б.М- миний төрсөн дүү. Ээж маань 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, Хөвсгөл аймгийн ... суманд оршин суудаг. Тухайн үед миний дүү цэцэг, цэврүү шиг ... насандаа биднээс явж, манай гэр бүл, хамаатан, садан, ах дүү нар амьдын хагацал үзэж, Хөвсгөл аймгийн ... сум даяараа энэ хэргийг жигшиж, хэргийн учир олдож, гэмт хэрэгтэн үйлдсэн хэргийнхээ ялыг аваасай гэж олон хүн хүсэж суугаа. Миний дүү эмэгтэй хүүхэд байсан болохоор санамсаргүй нас барсан гэдэгт итгэхгүй, хардлага төрдөг. Хэрэв эрэгтэй хүүхэд байсан бол санамсаргүй нас барсан байх гэж өөрийгөө тайвшруулах байсан. Манай гэр бүлд хэцүү байгаа төдийгүй ээжийнхээ царайг харахад хүртэл хүнд байна. Зургаан жилийн хугацаанд эх хүний сэтгэлээр охиноо хүлээж суугаа. Та бүхнээс энэ хэргийн учрыг олж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд би өөрийн биеэр орсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дүүгийнхээ ясыг одоог хүртэл авч чадахгүй, хүний ёсоор оршуулж чадаагүй явна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Оюунбат хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэгт шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй. Тус хэрэг 5 жилийн дараа илэрсэн бөгөөд дээрх хугацаанд гэмт хэргийн ул мөр арилсан, нотлон тогтоох боломжгүй зарим ажиллагаа байсан нь шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын нутаг дэвсгэрт ... настай Н.М-г хонио хариулж явахад нь бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр амь насыг хохироож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэг холбогдож, анхан шатны шүүх бүх насаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. С.Б энэ гэмт хэргийг үйлдсэн нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримтаар 4 жил, 8 сарын хугацаанд ор сураггүй байсан охины хувцас болон амь хохирогчийн гавал, эрүү яс олдсон. Гавал болон эрүү ясанд хийгдсэн ДНК буюу удамшлын суурь макромолекулийн шинжилгээгээр төрсөн эх нь Д.Б байх боломжтой гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж алсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн бүх насаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хувийн байдал зэрэгт тохирсон, үндэслэл бүхий болжээ.

Аливаа гэмт үйлдэл, эс үйлдэхүй түүнээс учирсан хор уршгийн шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээг ялгамжтай тогтоох, хохирлыг үндэслэлтэй тодорхойлон төлүүлэхэд онцгой ач холбогдолтой асуудал юм. Тодруулбал, шүүгдэгч С.Б нь хохирогч охиныг мотоциклоор авч явснаа үгүйсгэдэггүй ч амь насыг нь шууд санаатайгаар хохироогоогүй гэж маргадаг. Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайлбал, С.Б “охин мотоциклоос унаад зүүн талын шанаа нь зулгарсан, ямар ч амьсгалгүй болсон байсан” гэж мэдүүлдэг. Мотоциклоос унасан тохиолдолд ихэнхдээ тархиндаа гэмтэл авч нас барсан байх тохиолдол элбэг байдаг. Гэтэл охины гавал яс ямар ч гэмтэлгүй болох нь шинжээчийн 1462 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Охиныг алга болсны дараа С.Б-ын дотуур өмдийг хураан авч шинжилгээ хийхэд үрийн шингэн илэрсэн. Энэ асуудлаар шүүгдэгч 2-3 удаа өөр байдлаар мэдүүлдэг. Мөн унаж явсан мотоциклд нь ямар ч сэв зураас, гэмтэл байхгүй болох нь үзлэгээр тогтоогдсон. Дээрх баримтууд, хувийн байдал зэргээс дүгнэвэл өөр хүнд гэмт хэргийг үйлдсэн, түүний улмаас хохирогчийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал үгүйсгэгддэггүй. Мөн шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас буюу мотоцикл онхолдсоноос амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал тогтоогддоггүй.

Иймд насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж халдсан шүүгдэгчийн үйлдэл ямар үр дагавар үүсгэсэн, хэний үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбооны талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Шүүхээс С.Б-т бүх насаар хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хор уршиг, хохирол, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэрэг хуульд заасан бүхий л нөхцөл байдлыг харгалзсан талаар дүгнэсэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамласан нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь нягтлан хянав.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тухайн үед ... настай байсан Б.М-ийг хонь хариулж явахад нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч C.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг “биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд” болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, үр дагаврыг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Б-ын мэдүүлэг нь гэрч Д.А, Х.Ц, Ш.П, Д.Х, С.Б, С.Б нарын мэдүүлэг, гэрч Д.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.А, Х.Ц, Г.Х, Д.Г, Ц.Б Д.Г нарын амь хохирогчийн өмсөж явсан хувцсыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын мэргэшсэн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1462 дугаартай “гавлын яс болон эрүүний яс, шүдэнд” хийсэн дүгнэлт, биологич-хүний генетикчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

 

Бага насны хүүхэд учраас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар  амь насыг нь хохироож, хүн зорчих боломжгүй аглаг ойд нууж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 4 жил 8 сарын дараа нөхөн илрүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ялын дээд хэмжээний буюу бүх насаар нь хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулиар тодорхойлсон хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж үзлээ.  

 

Шүүх шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн зөв сонголт, хэрэглээ болно.

 

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан “... хохирогчийн амь насыг болгоомжгүй хохироосны дараа, эсвэл хохироогүй байсныг мэдэлгүйгээр, амьд байхад нь өөрийн хууль бус үйлдлийг нуух зорилгоор амь хохирогчийг, эсвэл амь хохирогчийн цогцсыг зөөж, шилжүүлэн байрлуулсан асуудал нь дээрх үйлдлээс ялгаатай тул өөр зүйл ангиар зүйлчлэгдэх нь гарцаагүй” гэсэн гомдол болон шүүгдэгч С.Б-ын “... үлдсэн ганц аавыг минь, хоёр сайхан охиныг минь амьдрах цаг хугацааг тал бүрээс нь харгалзан үзэж эрхэм шүүгч та бүхэн миний ялыг тоотой ял болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Тухайн хэрэгт Улсын ерөнхий прокурорын газрын Тусгай хяналтын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ц-1460 дугаартай тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд олгосон зөвшөөрлийг үндэслэн 2023 онд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан байх бөгөөд анхан шатны шүүх уг ажиллагааны үр дүнд тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул уг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Ийнхүү мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг нотлох баримтаар тооцоогүй нь шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.3, 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хэрэгт хавсаргасан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүйг дурдсугай.

 

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                                Б.БАТЦЭРЭН

 

                                                                 Ч.ХОСБАЯР

 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                       Б.ЦОГТ