Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0135/з |
Дугаар | 221/МА2020/0425 |
Огноо | 2020-07-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2020/0425
“ИЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, хариуцагч татварын улсын байцаагч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор “ИЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “ИЭС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын НӨАТ ногдох борлуулалт (2,095,951,116.7), ногдуулсан НӨАТ (209,595,111.67) гэснийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар давж заалдах гомдолдоо: “...Татварын хяналт шалгалтын явцад “ИЭС” ХХК нь “Итэлл” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл мөн Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлсэн байдаг. Ингэхдээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэлх ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэж заасныг удирдлага болгон энэ хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг ногдуулан төсвөөс буцаан авах татварыг баталгаажуулсан. Харин “ИЭС” ХХК-ийн Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”, мөн хуулийн 12.4-д “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасныг үндэслэн тус компанийн дотоодын тээвэрлэлтэд буюу Монгол Улсын хилийн дотор хийгдсэн тодруулбал Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээний 2 095 951 116.75 төгрөгийн орлогод “0” хувь хэмжээг хэрэглэхгүй, ажил үйлчилгээг экспортод гаргаагүй гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг 209 595 111.67 төгрөгөөр багасгаж баталгаажуулсан нь хууль тогтоомжид нийцэж байгаа болно.
Шүүхээс “ИЭС” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг гаалийн хяналтын бүсэд буулгасан нь тээвэрлэгчээс үл хамаарсан буюу хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ байх тул нэхэмжлэгчийн “бид өөрийн хүсэл зоригоор цагаан хаданд буулгасан зүйл байхгүй Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу салгаж тээвэр хийсэн, бид экспортод гаргах нүүрсийг тээвэрлэсэн, тиймээс салгаж хийсэн тээвэр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар /0 хувиар/ албан татвар ногдуулна” гэсэн хуулийн зохицуулалт нь тухайн компанийн тухайд нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг экспортод гаргасан байхыг шаардана, гэтэл “ИЭС” ХХК нь экспортод гаргах нүүрсийг Монгол улсын хилийн дотор буюу Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлээ тодорхойлоод шүүхэд тайлбар өгсөөр байхад шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуульд зааснаас давж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ зөрчлийн тухайд экспортод гаргах ачаа буюу нүүрс нь чухал биш харин уг нүүрсийг тээвэрлэсэн үйлчилгээ нь экспортод гарсан байхыг шаардана. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын 17.4-д “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж тухайн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад экспортод гаргах ачаа бараа гэж үзэн татварын 0 хувь хэмжээг хэрэглэнэ гэсэн нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг экспортод гаргасан тохиолдолд 0 хувь хэмжээг хэрэглэнэ, дотоодын буюу Монгол Улсын хил доторх ачаа тээвэрлэлтэд 10 хувиар татвар ногдуулах хуулийн зохицуулалттай нийцээгүй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 4-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, мөн хуулийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж тус тус заасны дагуу олон улсын ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээтэй холбоотой 0 хувь хэмжээг хэрэглэх эсэх харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2, 12.4 дэх хэсгээр зохицуулагдахаар байна. Дээрх байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж буй нь Монгол улсын төсөвт их хэмжээний хохирол үүсгэх буюу их хэмжээний татварыг буцаан олгох хор уршигтай юм. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2018-2020 онуудад олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдийн баталгаажуулалтын шийдвэрт Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 7.4 тэрбум төгрөгийн зөрчилд 740.0 сая төгрөгийн буцаан олголтыг бууруулан шийдвэрлэснийг татвар төлөгчид хүлээн зөвшөөрч буцаан олголтын дүнг баталгаажуулсныг Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0349 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нар нь “ИЭС” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог шалгаж, татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар тус компанийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 21 208 648.60 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 220 087 399.31 төгрөгөөр баталгаажуулсан, хэргийн оролцогчид актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүн, тооцооллын асуудлаар тухайлан маргаагүй, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /0/-тай тэнцүү байх хуулийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэх эсэх асуудлаар маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “ИЭС” ХХК нь Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээд болох “Итэл” компани /Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй/-тай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “БНХАУ-ын “ЧтХк” компанийн “Э-Тт” ХК-иас худалдан авсан нүүрсийг “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Э-Тт” ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын “Ганц мод” боомтын гаалийн хяналтын бүсэд” хүргэх тээврийн үйлчилгээг “Итэл” компанид үзүүлж, тээврийн үйлчилгээний хөлсийг “Итэл” компанийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ти Ти Си энд Ти” ХХК-иар дамжуулан авдаг болох нь тогтоогдсон.
Ийнхүү нэхэмжлэгч “ИЭС” ХХК нь “Э-Тт” ХК-ийн экспортод гаргаж буй нүүрсийг тус компанийн уурхайгаас тээвэрлэн БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд хүргэх тээврийн үйлчилгээг Монгол Улсад оршин суугч бус этгээд болох “Итэл” компанид үзүүлж, үйлчилгээний төлбөрийг авч буй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ ... доор дурдсан ... үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн ... үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан ... үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах ... үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2-т “ ... Монгол Улсаас гадаад улсад, ... гаргасан ... ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-д “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгчээс албан татварын тэг хувийг хэрэглэж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлээ баталгаажуулахаар тайлагнасан нь үндэслэлтэй байна.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолоор “нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор нүүрс тээврийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулахаар” шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч “ИЭС” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, “Э-Тт” ХК-ийн уурхайгаас нүүрсийг тээвэрлэн Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүргээд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс дахин тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүсэд хүргэх болсон байна.
Үүнийг татварын улсын байцаагч нараас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан “...Монгол Улсын хилийн дотор салгаж тээвэрлэлт ... ” хийсэнд тооцно хэмээн маргаан бүхий актаар “ИЭС” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 220 087 399.31 төгрөгөөр баталгаажуулсан нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь зөв байна.
Учир нь Засгийн газрын дээрх тогтоолоор Таван толгойн нүүрсний ордоос Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүс хүртэл холбогдох гэрээний дагуу хийдэг байсан тээвэрлэлтийг Таван толгой нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомтоор “Ганц мод”-ны гаалийн хяналтын бүс хүртэл хийхээр зохион байгуулалт хийж, нүүрс тээвэрлэх чиглэлийг дотор нь хоёр салгасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд, “Итэл” компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр “Э-Тт” ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтын гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэх нүүрс тээврийн үйлчилгээгээ хэвээр үргэлжлүүлж байсан, Засгийн газрын 320 дугаар тогтоолын дагуу зөвхөн нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдаж хийгдсэнээс “Э-Тт” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тусдаа үйлчилгээг бий болгоогүй, дээрх гэрээний дагуу үзүүлж буй өөрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас тусдаа ажил, үйлчилгээ буюу татвар ногдох тээвэрлэлтийг салгаж үйлдээгүй, өөрөөр хэлбэл нэг үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдсан болохоос Монгол Улсаас экспортод гаргаж буй ачаа тээврийн үйлчилгээнд буюу татвар ногдох зүйлд өөрчлөлт ороогүй байна.
Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4-д заасан “ ... ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй, “Э-Тт” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтын гаалийн хяналтын бүс гэсэн 1 чиглэлд 1 бүхэл ачаа тээврийн үйлчилгээг “ИЭС” ХХК нь дангаараа үзүүлсэн, Монгол Улсын хилийн дотор салгаж тээвэрлэлт хийгээгүй байна.
Дээрх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах ... үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2-т “ ... Монгол Улсаас гадаад улсад, ... гаргасан ... ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-д “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасныг үндэслэн “ ... нэхэмжлэгч “ИЭС” ХХК-ийн “Итэл” лимитед компанитай байгуулсан гэрээний дагуу үзүүлж буй ачаа тээврийн үйлчилгээг оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд хамааруулж үзэх боломжтой. ... дээрх тээвэрлэлтийн гэрээгээр Монгол Улсад оршин суугч бус этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компани экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлүүлэх үйлчилгээг авч байна, ... тээвэрлүүлэгч нь өөрчлөгдөөгүй байна ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул “хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН