Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 47

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар А.*******ын нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2017 оны 2дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар, 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 907 644 төгрөгийг гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах, бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулахшаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ж.*******, нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн даргаар Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2004 оноос ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хийж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээг зөрчиж байгаагүй удирдаж явсан. Соёлын төв нь аймагт 1, 2 дугаар байранд удаа дараа орж байсан, 2012 онд аймгийн шилдэг Соёлын төв, шилдэг менежер, өргөмжлөл 1000,000 төгрөгөөр шагнагдаж байсан 2222 морин хуурын хүүхдүүдийг түүхэнд бичигдэхэд биечлэн оролцож явсан соёлын тэргүүний ажилтан, бизнесийн удирдлагын ухааны магистр, төрийн албан хаагч юм. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захиргааны актаар ажлаас халсан. Миний бие буруу зүйл ердөө хийгээгүй учир төрийн албаны салбар зөвлөлд хандсан шийдвэрийн дагуу шүүхэд хандаж байна. 1.Сумын Засаг даргаас Соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээ анх хийсэн өдрөөсөө хууль бус захиргааны гэрээ байсан. Гэрээнд гэрээ байгуулах болон биелэлтийг дүгнэх хугацаа, он сарууд худлаа тавьсан байсан. Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/406 тоот гэрээний биелэлт ирүүлэх албан бичиг ирүүлсэн. Манай байгууллага 12 сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичгээр биелэлтийг хүргүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Засаг дарга хурал хийж хурал дээр үр дүнгийн гэрээний урамшуулал авах бол захирамж төлөвлөөд ир гэсэн. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч нар байсан. Миний бие байгууллагын дарга нарын үр дүнгийн гэрээний урамшууллын захирамжийг төлөвлөөд бичиг хэрэгт өгсөн. 30-аад минутын дараа бичиж дуусав уу гэж ороход Засаг дарга таны нэрийг хассан шүү гэсэн. Намайг байнга гадуурхаж ялгаварлаж байдаг. Ж.*******аас яагаад намайг хассан юм бэ? гэж асуухад таньд би тусд нь урамшууллын захирамж төлөвлөж байна гэж хариулсан. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр захирамжилсан акт гаргаж 1 сарын цалинг 25% хувиар нэмж олгосон. Засаг даргын төлөвлөж гаргасан захирамж нь хуулийн үндэс байхгүй, үг үсгийн алдаатай утга агуулга байхгүй захирамж санхүүд өгсөн байсан. Энэ захирамжийг хараад ямар ч байсан үр дүнтэй сайн ажилласан албан хаагч л цалингаа нэмүүлж урамшуулал авдаг гэж бодсон. Ийм учраас үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Миний бие нь Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хийдэг боловч дуу-хөгжмийн багшийн ажлыг хавсарч хийдэг. Дуу хөгжмийн багш авах гэхээр авахуулдаггүй. Би мэднэ би өөрөө авна гэж дарамтална. Хөдөлмөрийн тухай хууль, мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ үндэслэн ажил хавсарч хийсний 40%-ийн цалинг хөгжмийн багшгүй байсан хугацааны 12, 1, 2 дугаар саруудаар олгуулж авмаар байна. ... Миний биеийг 2 удаа 2015, 2017 онуудад ажлаас халахдаа 2 удаа гаргасан захирамжуудын хуулийн үндэс заалтууд яг ижил миний бие 20 гаруй жил төрд ажиллахдаа ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаагүй шилдэг менежер явсан. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захиргааны акт нь гүйцэтгэх, бодит байдал дээр биелүүлэх боломжгүй байсан. Жишээ нь: Ж.******* орлогч дарга нар нь ажлаа авья, ажлаа өг гэж утсаар, мөн өрөөндөө дуудаж оруулж дарамтлаж, доромжилж байсан боловч хэнд өгөх нь тодорхой бус эзэн байхгүй. Манай байгууллагын номын санч ыг дуудаж миний ажлыг ав гэж дарамтлаад хэцүү байсан. би авахгүй эрх зөрчигдөж байгаа гэж өргөдлөө Засаг даргад болон Соёлын төвд өгсөн. Хүлээн авах эзэнгүй дарамтлуулж 1 сар 6 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд манай байгууллагын ажил төлөвлөгөөний дагуу цэргийн баяр, мартын найман гэж баярууд болж хүндэтгэлийн концерт гээд бүх ажлаа үргэлжүүлэн явуулж байсан. Сарын сүүл болж цалин мөнгө, бараа материалын гүйлгээ хийлгэх болж санхүүгийн алба захирамж биелүүлэх ёстой гэж гарын үсэг зуруулж, гүйлгээ хийлгэж болохгүй гэж үүрэг өгсөн гэсэн учир манай байгууллагын ажилчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Миний бие цөхрөнгөө барж Засаг даргад өрөөнд оруулж тамгаа өгсөн. ... Ж.******* нь тамгаа авсны дараа тамгаа өгдөг маш зөв байна, таныг ТЗ-З-аар байгаль хамгаалагч болгоод өгье, дээр нь зээлэнд хамруулна гэж юу ч болоогүй хүнтэй ярьж байгаа нь намайг хэн ч бишээр доромжилж байгаа мэт санагдаж байлаа. Намайг ажлаас халж ямар их сэтгэл санаагаар унаж гутарч нэр төрөө гадуур алдаж байгааг мэдэхгүй байгаа болтой. Сумын Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 22-ны Б/03 дугаар захирамжид Соёлын төвийн эрхлэгчээр Ц.*******ийг томилсон бөгөөд захирамжийн ажилд томилох тухай хуулийн үндэслэлийн зүйлд заалтанд баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д сумын Засаг дарга хууль тогтоомжинд заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөж, томилох чөлөөлөх эрхтэй байхаар заасан байна. Холбогдох дээд байгууллагын удирдлага гэдэг нь Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д ...Сум дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум , дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлнө гэжээ. Мөн соёлын байгууллагын даргыг Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Улсын болон бүс нутгийн түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн соёлын байгууллагын захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулан томилно гэжээ. Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй хууль бус гэж үзэж байна. Ц.******* нь Соёл урлагийн байгууллагад ажиллаж байгаагүй мэргэжил нь нягтлан бодогч төрийн банкинд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нэгэн. Мөн Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн хөгжлийн бодлогын 3.4, соёл урлагийн зорилт 1.2-т ... сумдын соёлын төвүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах.... гэсэн байгаа учраас Боловсрол, Соёл урлагийн газрын дарга С.*******тэй зөвшилцөөгүй нь тодорхой байна. Ц.*******ийн хувьд миний ажлыг авах гэж сүүлийн 4 сар миний эрх ашгийг хөндөж байлаа. Мөн энэ хүн нягтлан бодогч мэргэжилтэй сургууль, цэцэрлэг, соёлын төвд нягтлан бодогч 2016 оны 12 сараас хойш байхгүй байхад нягтлан бодогч болохгүй, Ардчилсан нам амласан тул заавал дарга болно гэдэг. Иргэдийн төлөөлөгч болсон учир сумын Засаг даргыг сонгоход гар өргөсөн. Энэ хоёр хүн нэг нь гар өргөж, нөгөө нь ажил амлаж миний ажлын орон тоон дээр оруулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож болохоор байгаа. Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн дугаар 1 сар 6 хоногийн өмнө гаргасан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийн урьд дугаарлагдсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Миний бие нь захирамжийн эх хувиа шүүхэд өгсөн байсан учраас Засаг даргаас эх хувийг авч нийгмийн даатгалд өгч ажилгүйдлийн тэтгэмж авах гэж захирамжийн нэг хувийг авахад дугаар өөр захирамж өгсөн, түүн дээр Б/02 гэжээ. Миний амьдрал ажилтай холбоотой гарсан 3 захирамж нь Б/01, Б/02, Б/03 дугаартай гарсан жишээтэй. Сумын Засаг даргын захирамж 1 дүгээр улиралд ердөө энэ 3 захирамжийг гаргасан мэт харагдаж байна. Намайг 2016 оны 11 дүгээр сард санхүүгийн баримтанд шалгалт хийлгээгүй гэж сахилгын шийтгэл 1 сарын цалинг 20 хувиар хасаж тооцсон. Энэ нь миний эрхийг зөрчсөн учраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр миний бие сахилгын шийтгэлгүй болж 20 хувийн цалингаа авч байгаа. 2015, 2017 онуудад ажлаас халж 2016 онд цалингаас хасаж миний эрх ашиг маш их зөрчигдөж байгаа. Миний бие 2 оюутан хүүхэдтэй, мөнгө төгрөг муутайгийн хажуугаар сум, аймаг хоёрын хооронд явах зардлын мөнгө, мөн ажил алдагдаж сэтгэл санаа хямарч байсан. Энэ хугацаанд миний бие бусад нөхөн олговоруудыг гаргуулж байгаагүй энэ удаа бүгдийг шүүхээр ялгуулж, шалгуулж нөхөн олговруудыг гаргуулж авна. Иймд миний шүүхэд хандаж байгаа гомдлуудыг шүүн тунгааж буруу зөвийг олж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар болон 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 1 002 644 төгрөгийг гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах, бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулах гэсэн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол 2017 оны 2дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар, 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 907 644 төгрөгийг гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах, бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулах гэсэн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь миний бие 2004 оноос ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хийж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдаж, зөрчиж байгаагүй. Удирдаж явсан соёлын төв нь аймагт нэг, хоёрдугаар байранд удаа дараа орж байсан. 2012 онд аймгийн шилдэг соёлын төв, шилдэг менежер өргөмжлөл 1000000 төгрөгөөр шагнагдаж байсан. 2222 морин хуурч хүүхдүүдийг бэлдэж түүхэнд бичигдэхэд биечлэн оролцож явсан билээ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бизнесийн удирдлагын ухааны магистр төрийн албан хаагч юм. Намайг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар ажлаас халсан. Миний бие буруу огт хийгээгүй учир буруу, зөвийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.

Сумын Засаг даргаас соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/406 дугаар албан бичгээр ирүүлэх тухай мэдэгдсэн. Манай байгууллага нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичгээр гэрээний биелэлтийг хүргүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Засаг дарга хурал хийж тухайн хурал дээр үр дүнгийн гэрээний урамшуулал авах бол захирамж төлөвлөөд ир гэсэн. Тухайн хуралд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эрүүл мэндийн төвийн дарга, соёлын төвийн эрхлэгч нар байсан. Миний бие захирамжийг төлөвлөж бичиг хэрэгт өгсөн. Ингээд 30 минутын дараа бичиж дууссан уу? гэж асуухад Засаг дарга таны нэрийг хасчихлаа гэсэн. Ийнхүү намайг байнга гадуурхаж, ялгаж харьцдаг. Ж.*******аас яагаад миний нэрийг хассан юм бэ? гэж асуухад танд тусд нь захирамж төлөвлөж байна гэж хариулсан. Энэ нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр захирамж байсан. Энэ захиргааны акт нь хуулийн үндэслэлгүй. Мөн үг, үсгийн алдаатай, утга алдаатай захирамжийг санхүүд өгсөн байсан. Ингээд миний бие нэг сарын цалингаа 25 хувиар урамшууллын нэмэгдэлтэй авсан юм. Дээрх захирамжийг хараад ямар ч байсан сайн ажилласан албан хаагч л цалингаа нэмүүлж урамшуулал авдаг байх гэж бодож байлаа. Ийм учраас үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож ажлаас халсан нь хууль бус юм. Миний бие соёлын төвийн эрхлэгчийн ажил хийдэг боловч дуу хөгжмийн багшийн ажлыг хавсарч хийдэг. Дуу хөгжмийн багш авах гэхээр Засаг дарга нь авахуулдаггүй, би өөрөө мэдэж авна гэдэг байсан. Уг нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар 40 хувийн цалин авах ёстой гэдгийг заасан байдаг. Ийм учраас 2016 оны 12 дугаар, 2017 оны 1, 2 дугаар сарын 40 хувийн цалинг олгуулж өгнө үү. Миний бие төсвийн шууд захирагч бүхий албан тушаалтан бөгөөд удирдлагын итгэлийг алдсан зүйл огт байхгүй. Тийм учраас Монгол улсын Үндэсний Аудитын харьяа Завхан аймгийн Аудитын газрын дүгнэлт 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 074 албан бичиг ирсэн. Соёлын төвд бол дуу хөгжмийн багш нь гол үүргийг гүйцэтгэдэг, тусгай ур чадвар шаардсан ажил байдаг юм. Миний бие цалингаа картаа, цагийн бүртгэлтэй хавсаргаж өгсөн байгаа. Соёлын төвийн ажил бол 12 дугаар сард маш их ачаалалтай байдаг. Тухайн үед өглөөний 9 цагаас шөнийн 12 цаг хүртэл ганцаараа ажилладаг байсан. Ийм учраас миний 12 дугаар сарын цалин дээр 195000 төгрөг бодогдсон юм. Энэ бол миний илүү цагийн мөнгө. Дээрх мөнгөнөөс 92000 төгрөгийг интернетийн төлбөр гэж хийсэн. Харин 20000 төгрөгийг уран бүтээлийн зардалд өгсөн. Энэ талаарх баримтуудыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Харин үлдсэн 83000 төгрөг бол миний илүү цагийн хөлс юм. Би интернетийн төлбөр гэж нийт 772000 төгрөг тушаасан байгаа. Намайг хоёр удаа ажлаас халахдаа хоёр удаа захирамжуудын хуулийн үндэслэл, заалтууд яг адилхан. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Ц.*******ийг томилсныг хууль бус гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.8-т зааснаар холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөж томилж, чөлөөлөхөөр байна. Холбогдох дээд байгууллагын удирдлага гэдэг нь Соёлын тухай хуулийн 15.2-т зааснаар сум дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол соёлын газрын даргатай зөвшилцөөгүй байдаг. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өөр тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон захирамж дээр маргасан. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль биш Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн байна. Ингэхдээ ажлаас чөлөөлөх буюу сахилгын шийтгэл ногдуулах гэсэн утгаар захирамжаа гаргасан. Тэгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ноцтой буюу давтан зөрчил байх шаардлагатай. Зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээн дээр энэ зүйлийг сахилгын шийтгэл гэнэ, үүнийг ноцтой зөрчил гэдэг баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Тэгэхээр алийг зөрчил гээд байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тайлбарласан тайлбар дээр ажил олгогчийн итгэлийг алдсан тусгай субьект байгаа өөрөөр хэлбэл эд хөрөнгө хариуцагч гэсэн үг. Энэ хүн нь ажил олгогчийн итгэлийг алдахдаа хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай. Гэтэл энэ хэргийн тухайд ямар нэгэн дүгнэлт байгаагүй. Маргаан бүхий захирамжийг гаргах үед дүгнэлт гараагүй бөгөөд дараа нь Аудитын дүгнэлт гарсан. Ингэхдээ Аудитын дүгнэлтээр зөрчилгүй гэж гарсан байна. Хэргийн материалд Аудитын дүгнэлт авагдсан. Мөн сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байна. Учир нь сахилгын зөрчлийг хэзээ илрүүлсэн гэдэг асуудал байгаа. Сахилгын зөрчлийг илрүүлэхийн тулд шалгаж тогтоосон байх шаардлагатай. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч хэлэхдээ тухайн үед сахилгын зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэж хэлсэн. Ийм учраас дээрх асуудлын талаар мэтгэлцэх боломжгүй боллоо. Учир нь хариуцагч бол зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийн тулд холбогдох дээд байгууллагын албан тушаалтантай зөвшилцөх шаардлагатай. Зөвшилцөх гэдгийг юу гэж тайлбарлах вэ? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан тайлбар дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 1996 оны тайлбараар авч хэлэлцэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 1996 оны тайлбар дээр зөвшилцөх асуудал нь хоёр байгууллагын хооронд албан бичгээр санал солилцсон байх ёстой. Дээрх саналыг ажлаас чөлөөлөхөөсөө өмнө санал солилцсон байна. Хэрвээ албан бичиг солилцоогүй бол ямар нэгэн уулзалтаар ярилцаад хурлын тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагатай. Иймд Соёлын тухай хуулийн 15.2 дахь заалтыг хангаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний биелэлтээ заасан хугацаанд өгсөн гэж ойлголоо. Зохих журмын дагуу тайлангаа өгөөгүй гэдгийг хариуцагч тайлбарлахдаа хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлалаа. Гэтэл хангалтгүй биелүүлсэн гэдгийг тайлбарлавал ямар нэгэн байдлаар оноо өгөх шаардлагатай. Тэгэхээр үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн оноо нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн асуудал огт харагдахгүй байна.

2016 оны 12 дугаар сард удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил хавсран гүйцэтгэсний цалин тооцож авсан талаар тайлбарладаг. Үүнийг тайлбарлахад хууль сануулж авсан *******гийн гэрчийн мэдүүлэг байгаа. Гэрчийн мэдүүлгээс харахад надад ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлээгүй, илүү цагийн блансаас А.*******д мөнгө олгосон гэж хэлдэг. Олгосон гэдэг нь А.******* өөртөө цалин тооцож авах эрхгүй. Учир нь нягтлангаар дамжиж цалин шилжиж ордог. Ийм учраас нэхэмжлэгч нь өөр өөртөө цалин тооцож авах боломжгүй юм. Мөн нягтлан мөнгө шилжүүлэх үйл явцад нь А.******* нөлөөлсөн асуудал байдаггүй. Учир нь гэрчийн мэдүүлэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдэг.

Төсвийн шууд захирагч удирдлагын итгэлийг алдсан ба сахилгын шийтгэлийг давтан гаргасан талаар тайлбарладаг. Итгэлийг алдсан гэдгийг түрүүн тайлбарласан. Хариуцагч байгууллагаас илтгэлийг алдсан гэдгийг тайлбарлахдаа Төсвийн тухай хуулийн 40.4.2 дахь заалтыг тайлбарладаг. Дээрх хуулийн заалт нь энэ хэрэгт хамааралгүй юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь итгэл алдсан гэдгийг тайлбарлахдаа *******ын талаар ярьсан. Гэтэл маргаан бүхий захирамжид ******* гэсэн нэр огт байхгүй. Мөн өөрийнхөө ажилтанд цалин хууль бусаар олгосон гэсэн үг, үсэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын агуулга, үндэслэх хоёрт *******ын талаар дурдаагүй учраас ярих боломжгүй байна. Мөн хариуцагч тайлбартаа *******ын талаар шалгаж тогтоогоогүй гэж хэлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг шалгаж тогтоогоод, сонсох ажиллагаа явуулах шаарлагатай. Иймд хариуцагч нь сонсох ажиллагаа явуулаагүй байна. Мөн зөрчлийн талаар тогтоосон зүйл байхгүй.

Цалин хөлсний тухайд гэвэл Нийгмийн даатгалаас гаргасан лавлагаа байгаа. Энэхүү лавлагаан дээр 2005 оны хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журам-ын дагуу гаргасан. Ийнхүү гаргахдаа тухайн ажилтны сүүлийн бүтэн ажилласан гурван сарын цалин гэж заасан байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийг 2016 оны 12, 2017 оны 1, 2 дугаар сард бүтэн ажилласан гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сард 917588 төгрөг, 2017 оны 1 сард 866740, 2 сард 722283 төгрөгийн цалинг тус тус авсан байна. Дээрх цалинг аргачлалын дагуу гуравт үржүүлэхээр 2506611 төгрөг гарч байна. Дээрх мөнгөн дүнг бүтэн гурван сардаа хуваахаар нэхэмжлэгчийн нэг сард ажиллах дундаж цалин хөлс нь 835537 төгрөг байна. 835537 төгрөгийг сарын хоногтоо хуваахаар нэхэмжлэгчийн нэг өдөрт ажиллах дундаж цалин хөлс нь 38862 төгрөг байна. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлын 109 хоног байна. ажлын 109 хоногийг 38862 төгрөгт үржүүлэхээр 4235978 төгрөг байгаа. Ийм учраас хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гэж 4235978 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон албан татварыг зохих журмын дагуу суутгаж өгнө үү гэв.

Хаиуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан А.******* нь төсвийн мөнгийг ямар нэгэн хэлбэрээр хүүхэд болон өөр дээрээ урамшуулал нэрийдлээр гаргаж хувьдаа завшдаг. Сүүлийн 5,6 жил Соёлын төвд хөгжмийн багш авалгүй цалинг нь дур мэдэн зарцуулсан. Монгол Улсын Засгийн газрн 2016 оны 47 дугаар тогтоолыг зөрчиж техник тоног төхөөрөмж худалдан авсан. Соёлын төвийг гэр бүлийн байгууллага болгосон. Шагнал, нэр хүндийн хойноос хөөцөлдөж төрийн ажлыг цалгардуулж байна. Боловсрол соёлын газрын даргатай өөрийн биеэр уулзаж Соёлын төвийн эрхлэгч ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар мэдэгдсэн. 2016 оны 12 дугаар сард өөр дээрээ дур мэдэн цалингаа 30 % -иар нягтлангаас нэмүүлэн бодуулсан байсан. Мөн ажлыг дүгнэх гэхлээр ажлаа дүгнүүлдэггүй цалин, урамшууллын хойноос байнга хөөцөлддөг. Иймээс төрийн албаны нэр хүндийг хамгаалах ажлыг нь сайжруулан явуулахын тулд ажлаас нь чөлөөлсөн болно. Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан А.******* нь эрх мэдлээ урвуулан ашиглаж хөгжмийн башийн сул орон тоон дээр өөрийн хүү Э.******* болон өөр дээрээ ажил хавсарсны нэмэгдлийг холбогдох албан тушаалтны шийдвэргүйгээр авч ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна./ Энэ нь Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны Б/13 дугаар тушаал, 2016 оны 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт/-ээр нотлогдож байна. Засаг даргын нэрийг барин нягтлан бодогчийг хууран мэхэлж ажил хавсарсны нэмэгдэл 195305 төгрөгийг 2016 оны 12 сарын цалин дээр нэмж авсан нь удирдлагын итгэлийг алдсан төрийн албан хаагчийн үнэнч шударга байх зарчмыг зөрчсөн үйлдэл юм. 2016 оны 12 дугаар сарын цалингийн хэмнэлтээс Саранчимэгийн ******* гэсэн нэр дээр 1340000 төгрөгийн цалинг хуурамчаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үрэлгэн зарцуулсан болно. /2016 оны 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт/ . 2016 оны сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч стандартын дагуу бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй болно./ 2016 оны үр дүнгийн гэрээ, биелэлтийг хавсаргав./ Эдгээр зөрчил дутагдлыг үндэслэн шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр сахилгын арга хэмжээг А.*******д тооцож байсан. Нэхэмжлэгч нь соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Өмнө нь соёлын төвд энэ хүний нөхөр ажиллаж байсан. Мөн 2016 оноос хойш 2 хүүгээ ажилд оруулсан байгаа. Нэхэмжлэгч А.*******ын хүү ******* болон ******* нартай холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бол тухайн байгууллагад гэр бүлийн хүн нь шууд удирдлаган дор ажиллахыг хориглосон байдаг. Хэрвээ ажиллуулахаар бол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. ******* сумын соёлын төв бол дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Ийнхүү дөрөвхөн хүний орон тоотой газар гэр бүлийн хүнийг ажиллуулахаар ард иргэдээс шахалт, гомдол санал ихээр ирдэг. Мөн Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байгаа. Өмнө нь сахилгын арга хэмжээ авсан байхад удаа дараа зөрчил гаргасан болохоор ажлаас чөлөөлсөн. Энэ нь юугаар нотлогдож байна вэ? гэхээр Би А.******* эгчтэй гурван жил хамтарч ажилласан. Энэ хүн 10 жил соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Энэ хугацаанд соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ганц, хоёр хүн ажилд аваад чөлөөлсөн байдаг. Соёлын төв бол үндсэн 5 орон тоотой. Гэтэл нэг хүний орон тооны цалин хаагуур урсаад байгаа нь анхаарал татаж байгаа. Гэхдээ төсөв муутай учраас ажиллаж байгаа хүмүүстэй урамшуулал олгодог юм байлгүй гэж бодоод өнгөрдөг. Гэтэл миний мэдэхгүй, манай сумын ард иргэд мэдэхгүй ******* гэдэг хүний нэр дээр 1340000 төгрөгний цалин гаргасан байгаа. Би өнөөдөр хэргийн материалтай танилцахад *******ыг 2016 оны 7 дугаар сард нэг сарын хугацаатай ажилд авсан байдлаар тушаал гаргасан байна. Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажлыг хийж байгаа хүн бол нэг сарын хугацаанд 500000 гаруй төгрөгний цалин авдаг юм. Гэтэл *******ыг нэг сар дуу хөгжмийн багшаар ажиллуулсан гээд 1340000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард гаргасан байна. ******* гэдэг хүн үнэхээр дуу хөгжмийн багшаар ажилласан уу? гэвэл нэг ч өдөр ажиллаагүй. Ийм хүн дуу хөгжмийн багшаар ажилласан юм уу? гээд ******* сумын ард иргэдээс тайлбар авах нь зүйтэй. Учир нь сум жижиг учраас бүх зүйл нүдэн дээр ил тод байдаг.

Соёлын төвийн эрхлэгч А.******* нь санхүүгийн баримт болон архивын бичиг баримтаа хүлээлгэж өгөөгүй. Одоо ажиллаж байгаа соёлын төвийн эрхлэгч бол тамгаа аваад ажлаа явуулж байна. Тэгэхээр А.******* нь нэг бичиг баримтыг хоёр, гурван янзаар гаргах магадлалтай. Учир нь бланк дээр тамгаа дараад аваад үлдсэн байж магадгүй. Ер нь архивын баримтыг дарга хүн өөр дээрээ хадгалдаггүй. Яагаад гэвэл архивын баримт бол тодорхой нууцын зэрэглэлд хамаардаг байгаа. Гэрч ын тайлбараас харахад дарга бол архив, бичиг хэргээ өөр дээрээ хадгалдаг гэж хэлсэн. Тийм учраас ******* дээр гаргасан тушаалыг дахин нягтлах шаардлагатай. Энэ хүн дээр гаргасан 1340000 төгрөг бол бага мөнгө биш. Би энэ ******* гэдэг хүнийг мэдэхгүй, танихгүй. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт байна лээ. Ийм учраас нэхэмжлэгч А.*******ыг санхүүгийн итгэлийг алдсан гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас халсныг үндэслэлгүй хэмээн үзэж, өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. ******* сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаараа нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг зөрчсөн гэж ажлаас халсан байна. Хариуцагч дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.******* нь 2016 оны 12 дугаар сард ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл гэж удирдлагын шийдвэргүйгээр өөрөө өөртөө 195.000 төгрөг гаргуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгч нь 195.000 төгрөгийг ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл бус илүү цагийн хөлс, илүү цагийн хөлсийг цаг бүртгэгч бүртгээд нягтланд өгч, нягтлан илүү цагийн хөлсийг бодож гаргадаг. Тухайн үед манай нягтлан шинээр ажилд орсон байсан учир цалингийн хүснэгтэд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл гэж алдаатай бичсэн гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сард 168 цаг ажиллахаас цагийн бүртгэлийн тооцоогоор 227 цаг, илүү 59 цаг ажилласан болох нь тогтоогдож байна. Мөн гэрч, тус байгууллагын нягтлан бодогч Ч.*******гийн мэдүүлгээр нэхэмжлэгч А.*******д илүү цагийн мөнгө тооцож олгох гэтэл цалингийн сан хүрэлцэхгүй байсан тул ажил хавсарснаар 195.305 төгрөг бодож олгосон, илүү цагийн мөнгийг цаг бүртгэгч тооцож нягтлан бодож олгодог, нэхэмжлэгч нь хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэсний цалин бодуулна гэж шаардаж байгаагүй, тийм хууль бус шаардлага тавьж байгаагүй гэжээ. Иймд нэхэмжлэгч нь өөртөө ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг бодуулж олгуулсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх ба хариуцагч нэхэмжлэгчийн энэхүү үйлдлийн тогтооход шаардлагатай нотлох ажиллагаа хийгээгүй, шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчээс тайлбар авах, сонсох ажиллагаа явуулаагүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халсан удаах үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь заалт байна. Хариуцагч дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Байгууллагын дарга нарт үндсэн цалингийн 40 хувиар урамшуулал олгосон. Гэхдээ нэхэмжлэгчийн тухайд 25 хувиар урамшуулал олгосон байгаа. Тэгэхээр үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн хэмээн тайлбарлаж, нэхэмжлэгч нь би хариуцагч сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б/01 дүгээр захирамжаар цалингийн 25 хувийн урамшуулал авсан нь үр дүнгийн гэрээг хангалттай биелүүлсэн гэж хариуцагчаас дүгнээд өгсөн урамшуулал гэж ойлгож байгаа, үр дүнгийн гэрээгээ хугацаанд нь бүрэн тайлагнасан гэж маргаж байна. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сумын байгууллагын дарга нарт хандан сумын Засаг даргаас байгууллагын дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны дотор гаргаж ирүүлэхээр 1/406 дугаар албан бичгийг илгээсэн байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Үр дүнгийн гэрээний биелэлт, сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн заалтын биелэлт ... зэрэг баримтыг хүргүүлж, ******* сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн 232 дугаарт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг дүгнээгүй гэх боловч 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б/01 дүгээр захирамж гаргаж, уг захирамжаар нэхэмжлэгч А.*******д цалингийн 25 хувийн урамшуулал олгосон байна. Энэ талаар хариуцагчаас тодруулахад нэхэмжлэгчид ямар урамшуулал олгосон гэдгээ мэдэхгүй байна гэжээ. Хариуцагчийн үндэслэсэн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна гээд мөн хуулийн 40.4.2 дахь заалтад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэж зааснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг дүгнэлгүйгээр түүнд хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халсан удаах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт байна. Хариуцагч дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчид 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр арга хэмжээ тооцсон байсан. Дараа нь нэхэмжлэгч С.******* дээр 1.340.000 төгрөгийн цалин гаргасан байгаа. Тэгэхээр давтан зөрчил гаргасан гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 хамаарч байна. Соёлын төвийн эрхлэгч гэдэг бол төсвийн шууд захирагч юм. Төсвийн шууд захирагч нь гаргасан зөрчлөө давтан гаргаад байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг баримтлаад тус хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас халсан байгаа гэжээ. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 захирамжийн үндэслэлд холбогдох үйл баримтын талаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/107 дугаар албан бичгээр шүүхэд анх гаргасан тайлбартаа : Нэхэмжлэгч нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 47 дугаар тогтоолыг зөрчиж техник, тоног төхөөрөмж худалдаж авсан гэсэн боловч үүнтэй холбоотой баримтыг тус шүүхээс шаардахад ирүүлээгүй байна. Улмаар 2017 оны 2017 оны 5 сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2016 оны 12 дугаар сарын цалингийн хэмнэлтээс С.*******ын нэр дээр 1.340.000 төгрөгийн цалинг хуурамчаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үрэлгэн зарцуулсан гэж, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.340.000.төгрөгийг С.*******ын нэр дээр гаргасныг 12 сарын цалингийн тооцооны хүснэгтийг санхүүгийн албанаас гаргуулж авсаны үндсэн дээр мэдсэн гэж өөр өөр байдлаар тайлбарласан ба нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/11 дүгээр захирамжийн үндэслэлд холбогдох үйл баримтад С.*******т хууль бусаар цалин олгосон гэх талаар дурдаагүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа үндэслэсэн дээрх Хөдөлмөрийн хуулийн заалттай холбоотой нэхэмжлэгчийн үйлдлийг С.*******т 1.340.000 төгрөгийн цалин хууль бусаар олгосон гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч энэхүү үйлдлийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий үйлдэл гаргасан эсэхийг хариуцагч шалгаж тогтоолгүйгээр тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн удирдаж байсан ******* сумын Соёлын төвийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд Завхан аймгийн Аудитын газраас 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 074 дугаар Аудитын дүгнэлтээр Зөрчилгүй санал дүгнэлт гаргасныг хариуцагч ******* сумын Засаг дарга шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байсныг дурдах нь зүйтээ байна. Өөрөөр хэлбэл ******* сумын Соёлын төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй, хуульд нийцэж явагдсан гэдгийг аудитын байгууллагаас баталсныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаас үзэхэд хариуцагчийн захирамжийн үндэслэлд дурдсан нэхэмжлэгч санхүүгийн үйл ажиллагаандаа зөрчил гаргасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг .... сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө гэж тусгайлан зохицуулсан зохицуулалтыг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, гуравдагч этгээд Ц.*******ийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжаар ******* сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилсон болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд холбогдох хууль зөрчин нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халж гуравдагч этгээдийг ажилд томилсон болох ньдээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгон А.*******ыг ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нэгэнт ******* сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамж хууль бус, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 109 хоногийн цалин 3.984.931 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтээ байна.

Хоёр. 2016 оны 12 дугаар, 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 907.644 төгрөгийг гаргуулах, Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах, бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сар, 2017 оны 1 сар, 2 сард дуу хөгжмийн багшийн ажил хавсран хийсэн ба үндсэн цалингийн 40 хувиар ажил хавсран гүйцэтгэсний цалинг тооцож 907.644 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч нэхэмжлэгчийг албан ёсны шийдвэргүйгээр ажил хавсран гүйцэтгэсэн байна. Иймд ажил хавсран гүйцэтгэсний цалинг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ******* сумын Засаг даргын Б/01 дүгээр захирамжаар тус сумын соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэжээ. Түүнээс хойш дуу хөгжмийн багшийг 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар саруудад хавсран гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой шийдвэр, үйл баримт тогтоогдохгүй, мөн бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэхүү байдал нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү асуудлаар маргаантай байх тул уг шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар .... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн субьектив эрх буюу өөрт олгогдсон бодит /хөдөлмөрлөх/ эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах ба нэхэмжлэгчийн субьектив эрхэд хамааралгүй асуудлаар гомдол гаргах эрхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 106.6, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 40.4, 40.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11дүгээр захирамжийг хүчингүй болгож, А.*******ыг Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Нэхэмжлэгч А.*******ын 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 907 644 төгрөг гаргуулах, бусад нөхөн олговор 1.000.000 төгрөг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.5 дахь заалтад заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.*******ийн ажиллаж байсан хугацааны цалинг буруутай этгээд дээр төлбөр болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.*******ын ажилгүй байсан 2017 оны 2 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 109 хоногийн цалин 3.984.931 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР