Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 211/МА2026/00011

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2026/00011

 

                                        

                             

Т.Г, Т.Г, Ю.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШШ2026/00093 дугаартай шийдвэртэй Тын Г, Тын Г, Юийн Н  нарын нэхэмжлэлтэй

Дийн Г, С Б нарт холбогдох

хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9.750.000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 6.336.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 89.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Пүрэвсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Нэхэмжлэгч бид нар хариуцагч Д.Гтой хамтарч 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан юм. Бид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч амаар харилцан тохиролцож оруулсан мөнгөний хэмжээ харгалзахгүйгээр олсон ашгийг 4 хувааж авахаар болсон. Ингээд нэхэмжлэгч бид нар хариуцагч Д.Г болон малчдын данс руу үхэр, хонь, ямааны мах авахад нь зориулж нийт 180.255.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар хариуцаж ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан ба худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан байгаа. Хариуцагч Д.Гийн зооринд тухайн худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас түүнд үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон юм. Гэтэл хариуцагч Д.Г оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэхэмжлэгч Т.Гын 7.255.000 төгрөгийг өгөөгүй ба олсон ашгийг хамтран ажилласан бусад гишүүдэд өнөөдрийг хүртэл тооцож өгөөгүй хохироож байна.Уг бизнесийг хийхэд нэхэмжлэгч Т.Г 12.255.000 төгрөгийн, нэхэмжлэгч Т.Г 110.000.000 төгрөгийн, нэхэмжлэгч Ю.Н, 58.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын оруулсан мөнгийг буцааж өгсөн. Харин тухайн бизнесийн ашгийг тооцож өгөөгүй. Нэхэмжлэгч Т.Г нийт 12.255.000 төгрөг оруулсан ба түүнээс 5.000.000 төгрөгийг /идэшний үхэр, хонины мах оролцуулан/ авсан. Харин үлдэгдэл 7.255.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй ба тухайн бизнесээс олсон ашгийг мөн хариуцагч Д.Г өгөөгүй байна. Нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба энэ бүх мөнгийг хариуцагч Д.Г болон малчдын данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Д.Г нь 158.831.000 төгрөгөөр үхэр 11.849 тонн, хонь 5 тонн, ямаа 6 тонн махыг тус тус авсан гэж тайлбарладаг. Энэхүү бизнесээс олсон ашгаа хамгийн багаар тооцож үзэхэд 30.000.000 төгрөгийн ашиг олсон байна. Энэ нь оруулсан мөнгөний 20-30 хувьтай тэнцэх юм. Үүнийг 4 хувааж тооцоход нэг гишүүнд 7.500.000 төгрөгийн ашиг хуваарилах ёстой байна. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г үндсэн хөрөнгө оруулалтын мөнгөний үлдэгдэл 7.255.000 төгрөг дээр ашиг 7.500.000 төгрөг нэмэхэд нийт 14.755.00 төгрөг, нэхэмжлэгч Т.Г ашиг 7.500.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н ашиг 7.500.000 төгрөг, нийт 29.755.000 төгрөгийг авахаар байна. Түүнчлэн 2022 оны хавар 4 сард нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гтой хамтарч ноолуур худалдаж авсан. Энэхүү бизнесийн ашиг нийт 5.000.000 төгрөг болсон. Үүнээс 2.500.000 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч Т.Год хариуцагч Д.Г өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Энэхүү төлбөрийг нэхэмжлэгч Т.Гын авах ёстой мөнгөн дүн дээр тооцож үзэхэд хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 17.255.000 төгрөгийг авахаар байна. Иймд хариуцагч Д.Гоос нийт 32.255.000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн тайлбартаа ... Хариуцагч С.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбартай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан нэмэгдүүлж байна. Хамтран ажиллахдаа нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба ийнхүү хөрөнгө оруулахдаа нэхэмжлэгч Ю.Н хариуцагч Д.Гийн эхнэр буюу хариуцагч С.Бгийн данс руу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг мах худалдан авч борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор шилжүүлсэн. Гэтэл хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Т.Год нэхэмжлэгч Ю.Нгаас шилжүүлэн авсан мөнгийг өгөөгүй, энэхүү мөнгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч Ю.Н руу буцаан шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Г 12.000.000 төгрөгийг тус тус, гаргуулах, харин хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Г 9.750.000 төгрөгийг, нэхэмжлэгч Ю.Н 9.750.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж байна ... гэжээ.

3. Хариуцагч  Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ ... 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан борлуулж, олсон ашгаа тэнцүү хуваах зорилгоор хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нар хамтран ажилласан. Ю.Н 48,000,000, Т.Г 110,000,000, хариуцагч Д.Г 30,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Мах авахад Т.Г 12,255,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг мэдэхгүй. Хөрөнгө оруулсан мөнгөнөөс ихэнх нь малчид руу шилжсэн. Д.Г мах авахдаа 2021 оны 9 сарын 28-ны өдөр мах гээд 1,010,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр мах гээд 15,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, мөн өдөр О гээд 755,000 төгрөг, Б гээд 2,071,000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр мах Ц гээд 3,000,000 төгрөг, 800,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр мах С гээд 7,512,000 төгрөг, мах гээд 6,504,000 төгрөг, мах Э гээд 510,000 төгрөг, мах Б 2,661,000 төгрөг, мах гээд 916,000 төгрөг, мах Б гээд 3,000,000 төгрөг, мах О 2,712,000 төгрөг, мах Т 365,000 төгрөг, мах Б 5,081,000 төгрөг, мах Ц 504,000 төгрөг, мах С, Г 1,106,500 төгрөг, 983,000 төгрөг, мах Ц 3,086,000 төгрөг, мах Буяа 1,065,000 төгрөг, мах гээд 500,000 төгрөг гэх зэргээр нийт 180,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Үүний 142,633,800 төгрөг нь Т.Гын данснаас, 40,000,000 гаруй сая төгрөг Д.Гоос гарсан. Малчид, иргэдээс 190,000,000 орчим төгрөгийн мах худалдан авч зооринд хадгалж байгаад 2022 оны 3-5 сард зарж борлуулсан. Мах зарж борлуулсан мөнгө Д.Гийн данс руу 86,000,000 төгрөг, Т.Гын данс руу 124,152,000 төгрөг тус тус орсон. Д.Г өөрийн дансанд төвлөрсөн 86,000,000 төгрөгөө Т.Гын данс руу шилжүүлсэн. Ингээд Т.Гын дансанд мах худалдан борлуулсан мөнгө нийт 210,152,000 төгрөг төвлөрсөн. Уг мөнгөнөөс хөрөнгө оруулсан Ю.Нгийн 58,000,000 төгрөгийг, Т.Гын 110,000,000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Т.Гын дансанд төвлөрсөн 210,152,000 төгрөгөөс Т.Гын мах авахад оруулсан мөнгөний үлдэгдэл гэх 7,255,000 төгрөгийг, Ю.Н, Т.Г нарт буцааж өгсөн нийт 168,000,000 төгрөгийг хасаж тооцоход Т.Год 34,897,000 төгрөг үлдсэн гэсэн тооцоо гардаг. Д.Г мах худалдан авч, борлуулсан ашгаа бүрэн аваагүй, үйл ажиллагаа явуулахад хөлсөөр хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээний материал, мах шинжилгээний бичиг авах зэргээр зардал гаргасан. Т.Г, Д.Г нар нөөцлөх боломжгүй мах аваад 24,000,000 орчим төгрөгөөр зарсан боловч алдагдал хүлээсэн. Уг 24,000,000 орчим төгрөг Т.Гын л данс руу орсон. Т.Г мах авах үедээ Д.Гийн хөрөнгө оруулсан мөнгө, ашиг болон Т.Г, Ю.Н нарт очих ашгийг өөрөө үгүй хийсэн. Данс бичих үүрэг Т.Год байсан боловч Т.Г данс хөтлөөгүй. С.Б данс хөтөлж байсан ба С.Бгийн эзгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдаж 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. Д.Гийн данснаас түүний эхнэр С.Б 86,000,000 төгрөгийг Т.Гын данс руу шилжүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утга дээр ноолуур гэж буруу бичээд шилжүүлсэн. Үүнийг далимдуулж Т.Г Д.Гоос мөнгө нэхэмжилдэг. Уг 80,000,000 төгрөг махны л мөнгө. Т.Г идэшгүй гээд нөөцөлсөн махнаас 5,000,000 төгрөгийн мах авч хүнсэндээ хэрэглэсэн. Тооцоо хийхдээ 5,000,000 төгрөгийг хасуулна гэсэн байдаг. Уг 5,000,000 төгрөг нь хариуцагч Д.Гийн мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 20,000,000 төгрөгийн ноолуур авсан. Авсан ноолуурын мөнгө Т.Гын данс руу орсон. Т.Г ноолуурын мөнгө гэж 2022 оны 4 сарын 09-нд 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2022 оны 4 сарын 19-нд 44,000 төгрөг, 2022 оны 5 сарын 5-нд 15,000,000 төгрөг нийт 45,440,000 төгрөгийг Д.Г руу шилжүүлсэн. Үүнээс Д.Г буцаагаад 2022 оны 4 сарын 11-нд Т.Г руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Гийн авсан 99,9 кг ноолуурыг Т.Г 2022 оны 5 сард Б гэдэг хүнд зарж 13,986,000 төгрөг, Д.Гийн Э суманд авсан 109,4 кг ноолуурыг Д гэдэг хүнд зарж 10,940,000 төгрөг өөрөө авсан. Т.Г, Д.Г нарын дунд ноолуурын мөнгөний тооцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гоос мах худалдан авч борлуулсны ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Гоос мах худалдан авч, борлуулсан ашиг тус тус 9,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр С.Бгаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.  Учир нь Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахдаа Т.Гын дансанд 48,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гээд 2021 оны 10 сарын 18-нд Д.Гийн эхнэр С.Бгийн Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг С.Бгийн дансанд орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Булган сумын малчин Батаа буюу Доржбатаас мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Доржбат зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Нгаас С.Б руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг С.Бгаар бэлнээр авхуулж махны мөнгө гээд Д өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Т.Г өмнө нь хамт явж С.Бгийн ааваас мах авчихсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Уг 4,000,000 төгрөг мах авахад зарцуулагдсан. Т.Гаас Т.Гын данс руу 2021 оны 12 сарын эхээр мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Т.Г С.Бгийн данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Булган сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Гын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Бгийн дансны хуулгаас харагддаг. Иймд нэхэмжлэгч Т.Г хариуцагч С.Бгаас 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н хариуцагч С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Г, Ю.Н, Т.Г нарын авах нийт ашиг 22,500,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г руу шилжүүлсэн мөнгөнөөс хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Гоос гаргуулах хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

4. Нэхэмжлэгч Т.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа ..2021 оны намар нэхэмжлэгч бид нар, хариуцагч Д.Гтой хамтарч үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан. Энэхүү бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г миний бие нь хариуцагч Д.Гтой хамт хариуцаж ажиллахаар тохиролцож, хариуцагч Д.Гийн зооринд тухайн худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хадгалсан ба тухайн зоорины түлхүүр хариуцагч Д.Гт байсан. Надад зоорины түлхүүр байдаггүй учраас би ганцаараа очиж зоориноос мах авах эрхгүй. Мах худалдан борлуулахдаа заавал Д.Гтой хамт очиж авдаг байсан. Ийм учраас миний худалдан борлуулсан махны тооцоо, орж ирсэн мөнгөний тооцоо тодорхой байгаа. Энэ нь нэхэмжлэгч Т.Г миний эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Тухайн бизнест нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Миний хөрөнгө оруулсан 12.255.000 төгрөгөөр хамгийн анх мах худалдан авсан ба хариуцагч Д.Гийн дүү Д.Гантулгын данс руу мах худалдан авах зорилгоор 7.000.000 төгрөгийг, хариуцагч Д.Гт 1.000.000 төгрөгийг, үлдсэн 255.000 төгрөгийг хариуцагч Д.Гийн хэлсний дагуу малчдын данс руу тус тус шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч Т.Гын 110.000.000 төгрөг, нэхэмжлэгч Ю Нгийн 48.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Нэхэмжлэгч Ю Н 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хариуцагч Д.Гийн эхнэр Бгийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгө нь мах худалдан авч, борлуулахад зориулсан хөрөнгө оруулалт юм. Нэхэмжлэгч миний бие нь мах худалдан авахдаа хөдөө орон нутгаар хариуцагч Д.Гтой заримдаа хамт явдаг байсан. Заримдаа хариуцагч Д Г ганцаараа явж малчдын данс руу миний данснаас шилжүүлэг хийлгэж мах худалдан авдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын хөрөнгө оруулалт хийсэн нийт 158.000.000 төгрөгөөс миний бие 156.773.000 төгрөгийн мах худалдан авсан байдаг. Хөрөнгө оруулалт хийсэн дээрх төлбөрөөс хариуцагч Д.Гийн эхнэр Б руу нэхэмжлэгч Ю.Нгийн шилжүүлсэн 10.000.000 төгрөг, миний хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнөөс 7.255.000 төгрөг, нийт 17.255.000 төгрөг Д.Гоос орж ирээгүй байна. Худалдан авсан махыг буцаагаад зарж борлуулсан ашгийг бусад хөрөнгө оруулсан гишүүдэд хуваарилах ёстой. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын өмнөөс надаас мөнгө нэхэмжлэх эрх байхгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Д.Гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Т.Г, Т.Г, Ю.Н хариуцагч Д.Г нар нь  2021 оны 9 сараас 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл махны худалдааны үйл ажиллагааг хамтран эрхэлж, уг үйл ажиллагаанаас олсон ашгийг 4 хуваан хүртэхээр харилцан тохиролцсон байна. .... Тэгээд нэхэмжлэгч нар нийт ашгаа тооцоод нэг хүнд 9,750,000 төгрөг оногдсон. Тухайн ашгаа тус тусдаа хариуцагч Д.Гоос нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ... гэжээ.

 

6. Анхан шатны шүүхэд хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч тайлбар гаргахдаа ... Д.Г, Ю.Н, Т.Г, Т.Г нар мах авч хөргүүрт нөөцөлж, зарж борлуулаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор Т.Гын данс руу 58,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гэж хэлээд Т.Гын данс руу 48,000,000 төгрөг,  2021 оны 10 сарын 18-нд С.Б миний Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Архангай аймгийн Булган сумын малчин Батаа буюу Доржбатаас мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Доржбат зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Нгаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр авхуулж махны мөнгө гээд Доржбатад өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ... С.Б надаас нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.

 

  7. Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШШ2026/00093 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Ю.Нд 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Гт 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Год 14,149,296 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,453,504 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож хариуцагч С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэл, 6,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийг, хариуцагч Д.Гийн ноолуур болон мах борлуулсан ашиг нийт 89,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамж /307,950+557,950/=865,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 302,596 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Н, Т.Г, Т.Г нарт  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.

 

            8. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... дансаар шилжүүлсэн мөнгийг хариуцагч С.Б нь хариуцагч Д.Гт болон мах худалдаж байгаа хүмүүст заавал нэг бүрийн шинжээр буюу дансаар шилжүүлсэн байх шаардлагагүй, хариуцагч Д.Г уг мөнгийг өөрийн эхнэр С.Бгаас аваагүй гэж маргаагүй тул нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын шилжүүлсэн 12,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ” гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь, хариуцагч С.Бгийн данс руу шилжүүлсэн нэхэмжлэгч Ю.Нгийн 10,000,000 төгрөгөөр хариуцагч С.Б болон хариуцагч Д.Г нар нь огт мах аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ нь хэрэгт авагдсан хариуцагч Д.Гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хар дэвтэр болон хариуцагч нарын дансны хуулгаар нотлогдоно. Нийт 158,263,300 төгрөгөөр мах авсан тухайд талууд маргадаггүй. Нэхэмжлэгч Т.Гын худалдан борлуулсан махны тооцоо тодорхой байгаа. Харин хариуцагч Д.Г өөрөө хөрөнгө оруулж мах авсан талаар хариу тайлбартаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч Д.Гийн Хаан банкны дансны хуулга зааж 80 гаруй сая төгрөгөөр мах худалдаж авсан талаар нотлох баримттай тайлбарладаг. Нэхэмжлэгч Ю.Нгийн зүгээс мах авахад зориулж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хамтран ажиллах гэрээний оролцогч биш хүн рүү мөнгө шилжүүлснээс болж мах аваагүй байдаг. Хариуцагч С.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа учраас энэхүү мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Түүний нөхөр болох хариуцагч Д.Г нь юу гэж эхнэрээсээ би чамаас мөнгө аваагүй гэж маргах вэ дээ. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ю.Нгаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч С.Б яг тухайн өдөр бэлнээр авсан байдаг. Түүнийг малчин Батаа гэж дууддаг Доржбатад бэлнээр өгсөн гэж тайлбарладаг. Харин 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Т.Г нь өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар малчин Батаа /Доржбат/-аас худалдаж авсан махны төлбөрийг 5153004469 тоот Хаан банкны данс руу нийт 29,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 4,121,187.16 төгрөгтэй үлдсэн байдаг. Малчин Батаад махны төлбөр төлөх өөр өглөггүй байсан. Гэтэл хариуцагч С.Б нь малчин Батаад махны мөнгө төлсөн гэж тайлбарлаж, түүнийг гэрчээр асуулгах гэж байгаад хүсэлтээсээ татгалзсан байгаа. Нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан мөнгөнөөс 158,263,300 төгрөгөөр мах худалдаж аваад, үлдсэн мөнгөөр буюу хариуцагч С.Б руу шилжүүлсэн мөнгөөр мах худалдаж авсан тухай өөр баримт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдохгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгч Ю.Нгийн шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Г хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Гын хариуцагч С.Б руу шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс 6,366,000 төгрөгөөр мах аваагүй болох нь түүний дансны хуулгаас харагддаг. Харин энэхүү мөнгийг хариуцагч С.Б хувьдаа зарцуулсан гэдэг нь түүний дансны хуулгаар нотлогдож байгаа. Хариуцагч С.Б өөрөө болон аав руугаа шилжүүлж хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг. Бас хамтран ажиллах гэрээний оролцогч биш учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч Д.Гийн төрсөн дүү Д.Гантулга гэрчээр асуугдахдаа мах өгсөн гэж мэдүүлэг өгсөн ч энэ нь баримтаар нотлогддоггүй. Мөн хариуцагч С.Б руу шилжүүлсэн нэхэмжлэгч нарын мөнгөөр хариуцагч Д.Г мах аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хэрвээ хариуцагч Д.Г энэ мөнгөөр авах авсан гэдгээ нотолсон бол нэхэмжлэгч нар хариуцагч С.Бгаас мөнгө нэхэмжлэхгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагч С.Бгаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хариуцагч Д.Гоос хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар баримт авагдаагүй...” гэх дүгнэлтийг хийж зөвхөн нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө оруулалтаар ашгийг хуваасанд гомдолтой байна. Учир нь, хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа би 15.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж мах авсан гэж тайлбарладаг. Харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар удаа дараагийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Гийн дансны хуулганы гүйлгээг зааж тайлбар хийдэг. Харин хамгийн сүүлд буюу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны шүүх хуралдаанд яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж хариулсан. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан үйл баримтууд нь нотлох баримт юм. Нэхэмжлэгч талаас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзээд энэ мөнгөнөөс ашиг тооцуулъя гэдэг саналаа шүүхэд гаргасан. Эдгээр тайлбарыг ямар учраас нотлох баримт биш гэж үзээд байгааг шүүх дүгнэлт хийсэнгүй. Хариуцагч Д.Гийн дансны хуулгаар нотлогдож байхад ямар учраас түүний эзэмшлийн дансны хуулгыг нотлох баримт биш гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймд Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШШ2026/00093 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

            9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах гомдолдоо .... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх, нэхэмжлэгч нарын Д.Гоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүхэд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй. Мах худалдан авах хөрөнгө оруулалтад Т.Г 110,000,000 төгрөг, Ю.Н 58,000,000 төгрөг оруулсан бөгөөд энэ мөнгөний Ю.Нгийн 10,000,000 төгрөг С.Бгийн ХАС банкны дансанд шилжиж бэлнээр гаргуулан авснаас бусад нь Т.Гын ХААН банкны дансанд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, Т.Г захиран зарцуулсан, мөн мах худалдан борлуулсан мөнгө бүгд Т.Гын дансанд төвлөрсөн, Д.Г өөрийн хамааралтай мах авсан болон борлуулсан мөнгө 86,000,000 төгрөгийн Т.Гийн дансанд төвлөрүүлсэн, ийнхүү мөнгө төвлөрүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утгыг “ноолуур гэж ташааруулан шилжүүлсэн, ноолуур авах мөнгө гэж Т.Г Д.Гт шилжүүлээгүй үйл баримт тогтоогддог. Харин шүүхээс шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд, тусгай мэдлэгтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шинжилгээ хийх эрхгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан ба дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй, шинжээчийг оролцуулж шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулах гэхэд шинжээч өөрөө дүгнэлтээ тайлбарлаж чадаагүй үйл баримт тогтоогдсон байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж Д.Гоос махны ашиг гаргуулж шийдвэрлэсэн. Мөн хэрэгт авагдсан Т.Г, Д.Г нарын ХААН банкны дансны хуулгууд, махны тооцоо бичсэн улаан, хөх, саарал дэвтрүүд, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Т.Г нь ноолуурын мөнгө гэж Д.Гт мөнгө шилжүүлээгүй мөртлөө ноолуур гэсэн утгаар бичиж шилжүүлсэн мөнгийг махны мөнгө рүү оруулж тооцохгүй маргаан үүсгэж байгаа үйл баримт тогтоогдож байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Т.Гын дансанд төвлөрсөн махны мөнгийг задалж авч үзвэл: 2022 оны 03 сарын 30-нд 19,016,000 төгрөг,  2022 оны 04 сарын 09-нд 50.000.000 төгрөг, 2022 оны 04 сарын 09-нд 10.366.000 төгрөг, 2022 оны 04 сарын 11-нд 7.590.000 төгрөг, 2022 оны 04 сарын 12-нд 28.557.000 төгрөг, 2022 оны 04 сарын 17-нд 20.800.000 төгрөг, 2022 оны 04 сарын 20-нд 19.750.000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-нд 17.879.000 төгрөг, 2022 оны 05 сарын 16-нд 4.000.000 төгрөг/ Г/, 2022 оны 06 сарын 28-нд 1.000.000 төгрөг/ Г/, Нийт дүн: 178,958,000 төгрөг үүн дээр Т.Гын идэшний мах авсан үнэ 5,000,000 төгрөг нийт дүнгээр 183,958,000 төгрөг болж байгаа. Энэ нь түүний ХААН банкин дахь 5135808270 дугаартай дансны хуулгаар нотлогдоно. Анхан шатны шүүх худалдсан махны үнэ 176,243,500 төгрөг, үлдэгдэл махны үнэ 15,965,039 төгрөг гэсэн тооцоог гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч талууд хамтран мах бэлтгэж ашиг хуваахаар тохиролцсон нь тогтоогдож байгаа. 80,000,000 төгрөгийн асуудлыг ноолуур гэж утга ташааруулан бичиж шилжүүлсэн мах бэлтгэсэн мөнгийг шилжүүлсэн гэдэгтээ хэн аль нь маргахгүй байгаа гэж зөв дүгнэсэн, Т.Гын дансанд тооцооноос гадуур орсон маргаан үүсгээд байгаа 80,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй мөртлөө сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШШ2026/00093 дугаартай шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчилж өгнө үү... гэжээ.

 10. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гаргасан гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. С.Бгийн данс руу шилжээд байгаа мөнгийг аваад аваачаад өгсөн юм. Бэлэн мөнгийг нэг ёсондоо Хаан банкны данс руу хийчихээр татвар авдаг гэдэг асуудал яригдаад аваачиж өгсөн. Мөнгө аваачиж өгөхөд Доржбат мах авах гээд явсан гэдэг. Бид Доржбатыг асуулгах гээд хүсэлт гаргахад татгалзсан. Яагаад татгалзсан гэхээр Доржбатыг асуулгах гээд, үнэн байдлыг хэлүүлэх гэж байхад Т.Г, Доржбатад нөлөөлсөн. Яг энэ асуудлыг нь бид мэдээд, сөрөг асуудал үүсэх юм байна эд нар хоорондоо яриа хөөрөөтэй байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Ер нь бол авсан, өгсөн асуудал тодорхой, Хас банкны дансанд ороод, орсон өдрөө гарсан үйл баримт тодорхой байгаа учраас татгалзъя гэсэн. Нөгөө талаар 12.000.000 төгрөг бас л махны мөнгө гэж шилжүүлж авхуулаад, утга дээр нь аав гэсэн утга бичүүлээд, Отгоо, Дүгээ гэсэн утга бичээд, тэр нь махандаа гараад явдаг. Гэтэл үүнийг С.Бгаас нэхээд байгаа. С.Б энэ хөрөнгө оруулалтын гэрээний оролцогч биш. Тэгэхээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээд шийдсэн учраас нэхэмжлэгчийн давах гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэж үзэж байгаа гэв.

 

11. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

13. Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н  нар нь Д.Г, С.Б нарт холбогодогдуулан хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9.750.000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 6.336.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч,

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Год холбогдуулан 89.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Т.Г эс зөвшөөрч тус тус маргасан байна.

 

14. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Ю.Нд 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Гт 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Год 14,149,296 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,453,504 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэл, 6,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийг, хариуцагч Д.Гийн ноолуур болон мах борлуулсан ашиг нийт 89,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

15. Нэхэмжлэгч нар, хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

 

16. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 10 минутад Т.Г, Т.Г, Ю.Н  нарын  хариуцагч Д.Г, С.Б нарт холбогдох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гийн Т.Год холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлосон.

Дээрх хурлын товыг нэхэмжлэгч Т.Г, Ю.Н, Т.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Т.Г, Т.Г нарын өмгөөлөгч Ц.Содбаяр нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

          17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ... Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлогдоно ... гэж, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д ... төлөөлөл бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан бол дуусгавар болно ... гэж тус тус хуульчилжээ.           

             Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ю.Н нь 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Т.Гт холбогдох иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр Ц.Содбаярт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 21-ны өдөр дууссан байна.

             Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ю.Нг төлөөлөх эрхгүй Ц.Содбаярыг  шүүх хуралд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

 

             18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 76.1.2-т ... хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ... гэж заасан.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ю.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.   

 

         19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 2-т ... шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана ... гэж хуульчилсан байхад шүүх дээрх хуулийн заалтыг биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

         20. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 21. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.498 төгрөг, хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  606.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 301/ШШ2026/00093 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.498 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606.700 төгрөгийг  шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                            ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                                   Д.АЗЖАРГАЛ