| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0784/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/782 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/782
2019 8 27 2019/ШЦТ/782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0784/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Х.Еркебулан,
Нарийн бичгийн дарга: Т.Өлзийтүвшин,
Шүүгдэгч Ц.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 1909021360851 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мэжикмикс” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 62 дугаар байрны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц.Т /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын гадна талд хохирогч А.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрний дээд гадаргуун зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тус орой би машиндаа өөрийн найзтайгаа гар утсаараа тоглоом тоглоод сууж байсан. Гэтэл хажуугаар машин шахаж орж ирж зогсоод дотор нь сууж байсан хүмүүс буухдаа миний машиныг хаалгаараа цохиод байхаар нь “машинаа жоохон цааш нь тавьчих” гэж хэлээд маргалдаж улмаар тухайн хэрэг болсон. Миний зүгээс уураа барьж чадаагүйн улмаас тухайн гэмт хэрэгт холбогдчихлоо. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Золжаргалын өгсөн мэдүүлэг, гэрч О.Билгүүнбаатар, Э.Энхмандах нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6509 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Цогийн Ц.Т нь 2019.05.25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын гадна талын авто зогсоол дээр хохирогч Адъяабазарын Золжаргалтай автомашиныг зогсоол дээр хэт шахаж тавьсан гэх асуудлаас болж хурц маргалдаж, улмаар түүний толгой нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Золжаргалын: “...Би ...“Лакс” баарны зогсоол дээр ирчихээд найз Золбаярын хамт ойрхон караоке асуух гээд яваад ирэхэд хажууд зогсож байсан 00-21 УБГ улсын дугаартай авто машины жолооч манай найз Билгүүнбаатарыг заамдаж аваад үсдсэн гэж найз охин Энхмандах нь бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад томроод байгаа юм бэ? юу уначихаад томроод байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу бууж ирээд намайг нүүрэн хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхэд хамгаалагч нар бид нарыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч О.Билгүүнбаатарын: “...Би тухайн өдөр найз Золбаяр, Золжаргал, Энхмандах нарын хамт гадуур явж байгаад 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Лакс” баарны гадна зогсоол дээр зогсохдоо манай найз Энхмандах машинаа хажууд байсан авто машин руу жаахан шахаад тавьсан юм. Тэгээд манай найз охины хажууд байсан Приус-20 маркийн авто машины жолооч “наад машинаа холдуул” гэсэн. Тэгээд би цонхоор “юу гэсэн үг юм, чиний зогсоол юм уу” гэхэд уг авто машины жолооч гарч ирээд цонхоор гараа оруулаад заамдаж аваад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн манай найз охин салгаад байж байхад Золжаргал, Золбаяр нар ирсэн. ...Тэгсэн Золжаргал тэр жолоочид хандан “Приус уначихаад” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгсэн нөгөө жолооч бууж ирээд Золжаргал руу дайраад нүүр хэсэгт нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Э.Энхмандахын: “...Би тухайн өдөр найз Золбаяр, Золжаргал, Билгүүнбаатар нарын хамт гадуур явж байгаад 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Лакс” баарны хашаа руу орж авто машины зогсоол дээр жижиг зайнд авто машинаа тавьчихаад эхлээд би өөрөө буугаад машины түлхүүрээ Билгүүнбаатарт өгөөд Золжаргал, Золбаяр нарын хамт түрүүлээд явсан. Тэгээд араас ирэхгүй болохоор нь эргээд харсан чинь нэг танихгүй хүнтэй зууралдаад маргалдаад байж байхаар нь би эргэж очоод салгах гэсэн чинь машинаа жижиг зайнд тавьсан болохоор багтахгүй байсан. ...Тэгээд манай хоёр найз ирээд “юу болсон юм бэ” гэхээр нь болсон зүйлээ хэлсэн. Тэгсэн Золжаргал тэр танихгүй ахтай маргалдаад зууралдаад байсан. Тэгсэн тэр танихгүй ах Золжаргалыг нэг удаа нүүр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6509 дугаартай:
А.Золжаргалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрний дээд гадаргуун зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алины хувьд өөрсдийн аминч эрх ашгийг урьтал болгож, хүмүүс хоорондын харьцааны наад захын хэм хэмжээг баримтлаагүй, хүлээцтэй байдал дутагдсан нь нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Т-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.Т-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогч А.Золжаргал нь “...миний бие Ц.Т-ээс эмчилгээний зардал бүрэн авсан тул түүнд гомдол, санал хүсэлт байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 38 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Ц.Т-г гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжих эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР