| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1085 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , түүний хууль ёсны төлөөлөгч Л.Баасандорж, тэдний өмгөөлөгч Ж.Дашдорж,
Өсвөр насны шүүгдэгч Д.Е , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт холбогдох эрүүгийн 1906 02788 1407 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Х
2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ангийн сурагч, ам бүл 8, эцэг, эх, эгч, 4 дүүгийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Д.Е.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баганат Өргөө” хороололын гадна иргэн Ж.Шинэбаярын Самсунг Жи-6 пласс гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Е мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баасандорж мэдүүлэхдээ: “...Хүүгийнхээ хийсэн хэрэгт харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү. Цаашид хүүгээ гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Ж.Шинэбаярын өгсөн мэдүүлэг /хх-10/, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-17-19, 20-22/, өсвөр насны шүүгдэгч нарын яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд /хх-38, 31-32/, өсвөр насны шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-45, 48/, өсвөр насны шүүгдэгч Д.Е ын хувийн байдлын тухай баримтууд /хх-46-51, хохирогч Ж.Шинэбаярын гаргасан хүсэлт /хх-61/, шинээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баганат Өргөө” хороололын гадна иргэн Ж.Шинэбаярын Самсунг Жи-6 пласс гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Шинэбаярын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 2-ны оройн 22 цагийн орчим гараад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баганат Өргөө” хороолол руу зам дагаад алхаж байхдаа эхнэр Ариун-Ундрах руу залгаад “ирээд ав” гэж хэлсэн. Миний хажуу талаар үл таних залуу зөрөхдөө гар утсыг маань булаагаад аваад явчихсан. Би гар утсаа 2019 оны 1 дүгээр сард “Юнител” ХХК-иас Самсунг Жи-6 пласс маркийн rap гар утсыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан.” /хх-6-10/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “....Миний бие нь хохирол 700.000 төгрөгийг хүлээн авлаа. Хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй. Б.Х , Д.Е нарт холбогдох хэргийг хялбараар шийдвэрлэж өгнө үү.” /хх-61/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Д.Е ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр би өөрийн найз болох Б.Х бид хоёр гэртээ харих гээд Ботаникийн эцсээс дээшээ явж байхад гүний худгийн тэр хавьд Борхүү гэдзг хүүхэдтэй таарсан юм. Тэгээд бид хоёр дээшээгээ алхаж байхад гудамжинд согтуу хүн сууж байсан. Тэгсэн Б.Х надад “нөгөө согтуу хүн чинь байна” гэж хэлээд “хоёулаа энэ хүний утсыг нь авъя” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд нөгөө ахын утсыг авах гэж нилээн хүлээж байхад эгч маань залгаад ”орой болсон байна, хурдан гэртээ ир” гэхээр нь би Б.Х д “харилаа” гэж хэлэхэд Б.Х надад “ингэж их хүлээчихээд” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад би нөгөө согтуу ахын утсыг “Баганат өргөө” хотхоны баруун талын гудамжинд миний өөдөөс утсаа гартаа бариад алхаад байхаар нь би өөдөөс нь гүйж очоод гар утсыг нь шүүрээд зугтаасан. Тэгээд цаашаа “Харх” нэртэй газрын тэнд очтол Б.Хангэрзл араас унадаг дугуйтайгаа ирээд бид хоёр гар утсыг үзтэл Самсунг жи-6 плас маркийн гар утас байсан. Тэгсэн Б.Х надад “за за андаа чи энэ утсыг авчих, чи утасгүй юм чинь” гэж хэлээд би гар утсыг аваад гэртээ харисан. Тэгээд хэд хоног барьж байгаад “Монтел” дээр танихгүй ахад 280.000 төгрөгөөр зараад өөртөө нэг пүүз аваад үлдсэн мөнгөө энэ тэрүүгээр явж байгаад үрээд дуусгасан.” /хх-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Х ийн яллагдагчаар өгсөн: “...Би найз болох Д.Е т “наад ахынхаа гар утсыг авчих” гэж хэлсэн юм. Тэгсэн Д.Е нөгөө ах утсыг босоод явж байхад нь урдаас нь гүйж очоод шүүрээд зугтаахаар нь би араас нь дугуйгаа унаад явсан. Тэгээд Эрдэнэтолгойн “Харх” гэдэг газар очоод нөгөө утсыг харсан. Тэгээд Д.Е тэр утсыг аваад явсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж харамсаж байна миний буруу.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-19, 20-22/,
“Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24/,
Өсвөр насны шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-45, 48/ гэх зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баганат Өргөө” хороололын гадна иргэн Ж.Шинэбаярын Самсунг Жи-6 пласс гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Шинэбаярын нарын өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч Ж.Шинэбаярт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр
зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насын шүүгдэгч Б.Х , Д.Е нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт сургалт хүмүүжлийн байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186-189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Х , Д.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС