| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/11238/И |
| Дугаар | 210/МА2026/00947 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00947
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******ид холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь ...хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн боловч одоог хүртэл буцаан төлөхгүй байх тул тухайн мөнгийг хариуцагчаас гаргуулна... гэсэн бол,
хариуцагч нь ...нэхэмжлэгчээс 15,000,000 шилжүүлсэн талаар маргаангүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь надаас газар худалдан авахаар тохирч тухайн мөнгийг шилжүүлсэн боловч хожим газрыг худалдаж авахаа болилоо гэсэн тул түүний нөхөр рүү 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь манай хүргэн н.т өртэй байсан учир үлдэх 5,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгч тооцоо дууссан... гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* өөрийн Хаан банк ХК дахь ******* тоот данснаас хариуцагч *******ийн ******* тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг gazar гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг ******* ga гэх утгаар, мөн өдөр 2,000,000 төгрөгийг ******* baruun sa гэх утгаар нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /х.х-ийн 6-7/
Зохигч хариуцагч нь 15,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх болон хариуцагч нь тухайн мөнгийг буцаан төлсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ...хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг зээлж авсан боловч буцааж өгөөгүй... гэсэн бөгөөд тэрээр хариуцагч руу gazar, ******* ga, ******* baruun sa гэх утгаар нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч нь ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр байхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас газар худалдан авахаар тохиролцож тухайн мөнгийг шилжүүлсэн боловч газраа авахаа болиод мөнгөө нэхэж байгаа... гэж татгалзсан.
Дээрхээс үзвэл хэдийгээр нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн боловч түүний хариуцагч руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гүйлгээний утгыг үзвэл газрын төлбөр төлсөн гэж үзэхээр байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг зээл гэснийг хариуцагчийн зүгээс үгүйсгэж, харин газар худалдах, худалдан авахаар тохирсон гэсэн тайлбар илүү бодит нөхцөл байдалтай нийцэж байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
6. Гэвч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардсан, харин хариуцагч нь ...нэхэмжлэгчийн нөхөр рүү 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч нь манай хүргэн н.т өртэй байсан учир үлдэх 5,000,000 төгрөгийг түүний өмнөөс түүнд бэлнээр өгч тооцоо дууссан... гэх тайлбараас үзвэл зохигч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэхээр байна.
Тиймээс талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээнэ.
7. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөгийг өөрийн нөхөр н.*******д өгөхийг хариуцагч *******ид зөвшөөрөөгүйгээс гадна дээрх хэмжээний мөнгөн шилжүүлэг хийгдсэн талаарх баримт авагдаагүй, мөн нэхэмжлэгчийн н.ийн өмнө хүлээсэн 5,000,000 төгрөгийн өр төлбөр төлөгдөж дуусгавар болсон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй ба өөрөөс хамаарах баримтыг бүрдүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь нотлох баримт бүрдүүлэх журам болоод талуудын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэсгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/03021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж,
2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР