Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/820

 

 

 

 

 

 

 

   2019            9           16                                   2019/ШЦТ/820                                     

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0809/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д  холбогдох эрүүгийн 1909025780859 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “NOTS” ХХК-д хөөсөнцрийн үйлдвэрлэлийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр  хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 88 тоотод  оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний 868 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Б.М  /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 4 дүгээр гудамжны 83 тоот хашаанд хохирогч Э.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхэж унагаан түүний эрүүл мэндэд уруул, шилбэнд цус хуралт, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн өгсөн:  “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын газраас намайг шилдэг ажилтнаар өргөмжилж шагнасан. Орой нь ажлыхантайгаа гэртээ шар айраг уусан бөгөөд би согтоод унтчихсан байсан. Гэтэл манай гэрийн гадаа манай ажлын Тамир гэдэг залуу эхнэртэйгээ маргалдаад байсан юм байна лээ. Тэгээд манай эхнэр намайг сэрээгээд Тамир эхнэртэйгээ маргалдаад байна гэхээр нь би болиулах санаатай гараад байж байтал манай эхнэр голоор орж ирээд байхаар нь тухайн үеийнхээ уурандаа би гар хүрчихсэн юм... ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8001 тоот дүгнэлт зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Баатарцэндийн Б.М нь        2019.06.26-ноос 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 4 дүгээр гудамжны 83 тоот өөрийн хашаанд бусадтай архидан согтуурч муудалцан хэрүүл зодоон хийж энэ үед салгаж болиулахаар очсон эхнэр болох хохирогч Эрдэнэдалайгийн Мөнх-Эрдэнийг  хувцаснаас нь чирж хашаа руу түлхэж унагаах, энгэрээс нь заамдан толгой нүүрэн тус газар нь цохиж, алгадах зэргээр догшин хэрцгий авирлан түүний эрүүл мэндэд уруул, шилбэнд цус хуралт, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ...манай нөхрийн ажлын газрынхан гэх үл таних 4 эрэгтэй, бас нэг эмэгтэй нар ирж хашааны гадаа нөхөртэй маань архи пиво уусан.  Дараа нь нөгөө 3 залуу яваад нэг залуу нь эхнэртэйгээ үлдсэн. Тэгээд үлдсэн тэр нэг залуу  эхнэртэйгээ маргалдаад улмаар хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр үед манай нөхөр тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод ажлын газрынхаа тэр залууг зодоод байсан. Тухайн үед тэр залуугийн эхнэр бид 2 Б.Мийг салгах гэсэн боловч намайг цохиж цааш түлхээд...надтай маргалдаад намайг хашааны хаалга руу түлхэж унагасан...Тэгээд хашаа руу оруулаад намайг заамдаж аваад гараараа нүүр лүү маань 4-5 удаа алгадаж цохиод.. гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-16 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8001 тоот: “...Э.Мөнх-Эрдэнийн биед уруул, шилбэнд цус хуралт, алганд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн уур омог, биеийн хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэсэн догшин хэрцгий авир зан байдал нь шууд нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Мийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шарх сорви байхгүй, нөхөр Б.Мтэй эвлэрсэн...” гэх хүсэлтийг хавтаст хэргийн 75 дугаар талд өгсөн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хариу өгсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжих хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15.000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэндэх хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР