Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00551

 

 

 

*******ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10613 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч ******* болон *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь Монгол шуудан банктай 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,620,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай мөн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлүүдийг тус тус авсан.

Хариуцагч ******* нь Монгол шуудан банктай 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,200,000,000 төгрөгийг сарын 1.2 хувь, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээл авсан. Мөн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээг 460,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 1,660,000,000 төгрөгийн зээлийг ******* нь авсан.

******* болон ******* нарын -наас авсан зээлийн үлдэгдэл 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар *******-ийн өр төлбөр үндсэн зээл 4,820,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт 5,816,069,781.74 төгрөг байна. *******-ийн өр төлбөр үндсэн зээл 1,635,326,109 төгрөг, зээлийн үндсэн хүү 306,278,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.40 төгрөг, нийт 1,973,517,583.2 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 7,789,587,364.94 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн өсөлтийг зогсоох зорилгоор ХХК нь хариуцагч нартай 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. *******, ******* нар нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу дараах хөрөнгүүдийн өмчлөх эрхийг *******ид шилжүүлэн өгсөн. Үүнд, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, хороо, Үйлдвэрийн баруун талд орших Сонсголонгийн зам гудамж, хаягт байрлах нийт 500м.кв талбай бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун талд орших хаягт байрлах 200м.кв талбай бүхий асфалт бетон хольц үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн барилга, нэгж талбарын , дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, хороо, Үйлдвэрийн баруун талд байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 15,870 м.кв талбайтай газрыг өгсөн.

Уг гэрээний хүрээнд хариуцагч нар нь хэсэгчлэн төлбөр хийж, 3,595,305,258.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,595,305,258.92 төгрөгийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, *******ийг хохироож байна. Мөн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаар гэрээний 3.1.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж, банкинд хүлээлгэн өгөх, 4.2.2-т гэрээний 1.2.б заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, *******аас гэрээний 1.2-т гэрээний 1.1-д заасан өр төлбөрт тооцуулан, дээрх зээлийн үүрэгт барьцаалагдсан байсан хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшлийг инд шилжүүлэх, 4.2.2-т 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, 4.2.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгчөөс шаардах эрхийнхээ хүрээнд хариуцагч талууд нь удаа дараа мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч гэрээнд заасан төлбөр төлөгдөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй.

Иймд ******* нь өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлэх зорилгоор өөрийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхтэй хөрөнгүүдийг ******* болон, ******* нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Ямар эд хөрөнгө, газрыг *******-аас шаардаж байгаа нь тодорхойгүй байх хэдий ч дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрууд нь манай компанийн эзэмшил, ашиглалтад байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй болно. Тодруулбал, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын 2 дах хэсэгт дурдсан үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй барилгыг ХХК-ийн өмчлөлд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шилжүүлсэн. Энэ утгаараа 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2.2, 2.1-т заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэсний дагуу өр төлбөргүй болсон. Мөн тус гэрээ байгуулах үед ч түүнээс хойших хугацаанд ч нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг манай компани бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаагүй тул хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх ны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагын *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан, хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02198 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлал өнөөдрийн хувьд хуулийн хүчин төгөлдөр байна.

Дээрх шүүхийн шийдвэр иргэний хэргийн оролцогч бол *******, ******* гэсэн үндсэн нэхэмжлэлтэй, сөрөг нэхэмжлэл нь ХХК-ийн банкны эрх хүлээн авагч гээд сөрөг нэхэмжлэл гарган талууд маргалдаж үйл баримт нь тогтоогдож, хамгийн эцсийн байдлаар шүүхийн магадлал гарсан. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бидний маргаад байгаа энэ баримт нь өөрөө одоо энэ яригдаад байгаа 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгоод 2 талаасаа маргалдаад байдаг. Энэ үйл баримтууд авагдсан, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод, энэ магадлалаар шийдчихсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлээр яг энэ дурдаад байгаа бүртгэлтэй 4 үл хөдлөх болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлээ болгоод гаргачихсан байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ 4 нэхэмжлэлээ яг тэр хэвээр нь тавьж байгаа, жоохон дугаарлалт нь өөрчлөгдсөн ийм л нөхцөл тогтоогдож байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

4. Гуравдагч этгээд *******-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000м.кв талбайтай газрын эзэмших эрх, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, Сонсголонгийн зам гудамж, хаягт байрлах нийт 500 м.кв талбай бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, хаягт байрлах 200 м.кв талбай бүхий, асфалт бетон хольц үйлдвэрлэх зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын , дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамжинд байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 15,870м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн хэрэгт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хуулж тавьсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

Нэгэнт тус гэрээг эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч нарт 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг удаа дараа гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,816,069,781 төгрөгт үнэлж буцаан худалдан авах саналыг хариуцагч нарт удаа дараа гаргасан.

Хариуцагч нар нь дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг худалдан авахгүй нь шүүхэд гаргасан тайлбараар нэгэнт тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын шударга эзэмшигч буюу өөрийн эзэмшлийн эд хөрөнгө захиран зарцуулах, ашиглах бүрэн эрх нь хуулиар олгогдсон байхад анхан шатны шүүх огт эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр дээрх эд хөрөнгүүд нь *******ийн эзэмшлийн бөгөөд хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээний дагуу та нар үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг өөрсдийн эзэмшилд авсан, үүнтэй хэн ч маргаагүй гагцхүү бид нар өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбар гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Нэгэнт хариуцагч нар нь дээрх 5 эд хөрөнгө буюу үл хөдлөх болон газруудыг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 5,816,069,781 төрөгт үнэлж авахгүй нь тодорхой болсон учир нэхэмжлэгч *******ийн эзэмшилд байгаа эд хөрөнгүүдийг ашиглах, үр шимийн өнөөдрийг хүртэл хүртэх эрхгүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэлт хийхгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг хуулж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаартай шийдвэрийн 15 хуудсанд өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх боловч уг хөрөнгөөр зээлийн үүргийг тооцож дуусгавар болгох боломжтой эсэх, эсхүл холбогдох өрийг буцаан шаардах боломжтой эсэх асуудлаар харилцан жич маргах хууль зүйн гарцыг нээлттэй үлдээх үүднээс анхнаасаа зөв бусаар хүлээж авсан сөрөг шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэсэн.

Тус шийдвэр болон магадлалаас үзэхэд анхан шатны шүүхээс талуудыг уг хөрөнгөөр зээлийн үүргийг тооцож дуусгавар болгох боломжтой эсэх, эсхүл холбогдох өрийг буцаан шаардах боломжтой эсэх асуудлаар харилцан жич маргах хууль зүйн гарцыг нээлттэй үлдээх үүднээс анхнаасаа зөв бусаар хүлээж авсан сөрөг шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын төлбөр төлөх боломж болоод гарцыг нээлттэй үлдээсэн байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 10613 дугаартай шийдвэрээр дээрх шийдвэрийг баримтлан өмнө нь шийдвэрлэсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон *******ийн барагдуулахаар ажиллаж байгаа төрийн байгууллагад учирсан хохирол дээр нэмж хохирол учруулж, шүүхээр эрх ашгаа хамгаалуулах гэж буй нэхэмжлэгчийн эрх ашгийг улам хохироож буйд туйлын гомдолтой байна.

6.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/MA2025/00397 дугаартай магадлалын 6.2-т Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой болсноор хариуцагч нар нь дээрх гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд аль хөрөнгөө буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх тайлбар татгалзал мөн тодорхой болох учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийж, талуудын маргааны зүйл рүү чиглүүлэх, мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох боломжийг олгоогүй, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн тайлбар хэлэх эрхийг хааж, маш богино хугацаанд хэргийг шийдвэрлэн, шүүхийн шийдвэрийг маш тодорхой бус, ямар ч үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр өмнө шийдвэрлэсэн хэмээн тайлбарласанд туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хангалттай баримт хэрэгт цуглараагүй байхад шийдвэрлэж, мэтгэлцэх эрхээр хангаагүй шийдвэр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Одоо нэхэмжлэгчид нийт 12,269,306,971,02 төгрөгийн эд хөрөнгө байгаа. Нэхэмжлэгч хохироогүй нэхэмжлэл гаргахын тулд тодорхой эрх нь хөндөгдсөн байх ёстой. Шударга ёсны зарчимд бидний өгсөн 4,479,719,406 төгрөгт таарах эд хөрөнгийг буцаан өгөх ёстой. Энэ асуудал давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлал гарахаас өмнө нийслэлийн шүүхээр хэлэлцүүлэгдсэн асуудал.

Нэхэмжлэгч тал шүүх хэргийг буруу шийдсэн мэт эсхүл өөр шинэ нөхцөл байдал үүссэн юм шиг тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүх энэ үйл баримтыг шийдвэрлэсэн учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагч ******* болон *******-ийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах гэж тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгүүдийг ******* эзэмшдэггүй гэдгийг тайлбарласан ба нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгээгүй ба нотолдоггүй.

Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тайлбартаа эд хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлагатай гэх зүйлийг ярьдаг. Өмнө нь давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд буцаасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эд хөрөнгүүдийг үнэлүүлэх шаардлагатай гэдэг. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгө үнэлүүлэх хүсэлтээ өгсөн бөгөөд тухайн хүсэлтээсээ татгалзсан. Гэтэл одоо болохоор дахин эд хөрөнгийг үнэлүүлнэ гэх зүйл яригдах ёсгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч ******* болон *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний үүргээ гэрээнд болон хуульд заасан хугацааны дотор бүрэн биелүүлээгүй тул шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрхийг хариуцагч нар хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа учраас чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

 

1.2. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ шилжүүлсэн газар болон үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийн зохих үнийг төлсөн, энэ маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж,

Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ төлбөрт барьцааны хөрөнгөө бүрэн шилжүүлж өгсөн дээр дурдсан хөрөнгөөс эзэмшилдээ байлгаж байгаа хөрөнгө байхгүй гэж тус тус маргасан.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* нь Монгол шуудан банктай 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,620,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, мөн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,

Хариуцагч ******* нь Монгол шуудан банктай 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,200,000,000 төгрөгийг сарын 1.2 хувь, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, мөн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээг 460,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,660,000,000 төгрөгийн зээлийг авсан./1хх76-114/

 

3.2. ХХК болон *******, *******, -тай 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, ******* нь ХХК-д 5,816,069,781 төгрөгийн, ******* нь 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч,

******* нь: *******-ийн өмчлөлийн дугаар бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны од байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг, *******-ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 100.000 м.кв талбайтай газар,

******* нь: *******-ийн өмчлөлийн дугаартай Баянгол дүүргийн хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж од байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект, Төв аймгийн Алтанбулаг сумын гишүүний ам-1 нэртэй 51 га газарт хайрганы орд ашиглах 13784А дугаартай зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар ны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон./1хх28-30/

 

3.3. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны од байрлах 200 м.кв талбайтай, асфальт бетон хольцын үйлдвэр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж од байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь ХХК-ийн нэр дээр 2011 оны 07 сарын 21-ний өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон./1хх119-120/

 

3.4. Мөн талууд дээрх төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд 2013 оны 06 сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах -1159-1 тоот гэрээнд ...банканд холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч тал өөрөө татгалзаж энэхүү татгалзлыг баталж Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 сарын 21-ний өдрийн 737 дугаар шүүгчийн захирамж гарсан болохыг тэмдэглэн, банк болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн зарим хэсгийг төлбөр төлөгчийн холбоотой этгээд болох -д олгож буй шинэ зээлээр төлж, үлдэх хэсгийг мөн гэрээний дагуу төлж барагдуулах болон үүнтэй холбоотойгоор шинээр олгогдох энэ зээлийг төлөгдөж дуустал энэхүү гэрээний үүрэг хэвээр үргэлжлэхийг тэмдэглэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон.

 

Уг нэмэлт гэрээгээр: 1.1.в. төлбөр төлөгч нь төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний зөрчигдсөн зарим үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор түүний холбоотой этгээд болох нь банктай 2013 оны 06 сарын 06-ны өдөр 13-1060/053 тоот зээлийн гэрээ, 13-1060/053-1, 13-1060/053-2 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан ба уг зээлийн дүн 2,000,000,000(хоёр тэрбум) төгрөг болно.

1.2.в. төлбөр төлөгч нь гэрээний дагуу төлөх төлбөрийн зарим хэсгийг холбоотой этгээд болох -ийн нэр дээр зээл авч төлснөөр банктай байгуулсан 2013 оны 06 сарын 06-ны өдрийн 13-1060/053 тоот зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргийг биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн хөрөнгийг 1.2.б заалтын дагуу хуваарийн дагуу төлж буцаан шилжүүлэх хугацааг энэхүү шинээр олгогдсон зээлийг эргэн төлөх хүртэл хугацаагаар буюу уг үүргийг хангагдах хүртэл хугацаагаар шилжүүлэхгүй байхаар харилцан тохиролцож, уг гэрээг талуудын хооронд байгуулсан 2011 оны 6 сарын 15-ны өдрийн -1159 тоот Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний салшгүй хэсэг байх ба тэрхүү гэрээний бусад нөхцлүүд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө гэж тус тус тохиролцсон./1хх31/

 

3.5. Сонгинохайрхан дүүргийн хороо, нэгж талбарын дугаартай, амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв талбайтай газрыг 2018 оны 01 сарын 30-нд, Баянгол дүүргийн хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын , ******* дугаартай 15,870 м.кв газрыг 2018 оны 07 сарын 05-ны өдөр тус тус ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон./1хх115-118/

 

3.6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******-ийн нэгж талбарын дугаартай 100,000 м.кв талбайтай газрыг *******-тай хамтран эзэмших, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв талбайтай газрыг эзэмших, нэхэмжлэгч *******-ийн нэгж талбарын дугаартай 100,000 м.кв газрыг *******-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, нэгж талбарын , ******* дугаартай 15,870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай объектыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч ны эрх хүлээн авагчийн нэгж талбарын дугаартай 100,000 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн , дугаартай үйлдвэрийн зориулалтай объектуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******-аас гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн./1хх57-74/

 

3.7. Дээрх шийдвэр, магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00163 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. /1хх73/

 

4. Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байгаа эсэх талаар зохигч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд тохиролцсон 7,789,587,364.94 төгрөгөөс хариуцагч нар нь 2012 оны 12 дугаар сарын 31-ээс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохих хэсгийг төлснөөр 3,595,305,258.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна./2хх5-8/

 

Мөн, хариуцагч талаас уг гэрээний үлдэгдэл төлбөр нь 3,595,305,258.92 төгрөг болохыг *******-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аг/18-27 дугаартай албан бичгээр хүлээн зөвшөөрсөн байдаг./2хх27/

 

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ХХК-ийн эрх хүлээн авагчийн албан бичгүүдээр тогтоогддог./2хх35-46/

 

4.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар талуудын байгуулсан гэрээ нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэж нэрлэгдсэн байгаа боловч зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрээний агуулгыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч тал эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр ны эрх хүлээн авагчид тус банкинд төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгө худалдаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж дүгнэхээр байна. Уг гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга гэдэгт эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ хамаарах бөгөөд гэрээний зүйлийн талаар хуулиар хязгаарлалт тавиагүй тул уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл болох боломжтой гэж дүгнэжээ.

 

4.4. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хариуцагч нарыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буцаан худалдан авах худалдагчийн эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарна гэж дүгнэсэн байх боловч хариуцагч нар уг шүүхийн шийдвэрийг гаргасан цаг хугацаа буюу 2021 оны 12 сарын 24-нөөс хойш ч гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнээс нэмж нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй хэвээр байгаа болох нь тогтоогдож байна.

 

4.5. Хариуцагч *******-ийн, ХХК-аас 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай 4,620,000,000 төгрөгийн, мөн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай зээлийн шугам нээх 650,000,000 төгрөгийн тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд -ийн эзэмшлийн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс/16102/ Сонсголонгийн зам гудамж хаягт орших 8023/0003 дугаартай 15870 м.кв газраар хангах талаар талууд гэрээ байгуулсан байдаг./1хх79-86, 98-106/

 

Талуудын байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулж эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд тохиролцсон 7,789,587,364.94 төгрөгийн үлдэгдэл зээлд дээр дурдсан зээлүүд нь хамаарч байх ба, -ийн эзэмшлийн Баянгол дүүргийн хороо Үйлдвэрийн баруун бүс/16102/ Сонсголонгийн зам гудамж хаягт орших 8023/0003 дугаартай 15870 м.кв газар нь уг гэрээнд тусгагдаагүй боловч хариуцагч *******-ийн зүгээс уг газрын эзэмшлийг нэхэмжлэгч талд дээрх гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн болох нь *******-ийн 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХХК-ийн эрх хүлээн авагчид өгсөн албан бичгүүдээр тогтоогддог./2хх25-29/

 

4.6. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг дэх болзол тавьж хийсэн хэлцэл-д хамаарах бөгөөд мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт ... эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа таван жилээс хэтрэхгүй байхаар зохицуулжээ.

Хэргийн баримтаар талууд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр буцаан худалдан авах хугацааг 2 жил байхаар хугацааг тогтоосон боловч уг хугацаанд эрхээ хэрэгжүүлж төлбөрийг бүрэн төлөөгүй, хэсэгчлэн төлснөөр хуульд заасан 5 жилийн хугацаа хэтэрч, өнгөрсөн. Мөн хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сард төлбөр төлснөөс хойш нэмж төлбөр төлөөгүй, улмаар буцаан худалдан авах эрхээ өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна.

Буцаан худалдах худалдан авах гэрээ агуулгын хувьд хоёр талдаа харилцан худалдагч болон худалдан авагчийн аль алины эрх, үүргийг үүсгэсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний нэг төрөл учраас тус гэрээ хэрэгжих урьдач нөхцөл нь худалдагч тал хөрөнгөө буцаан худалдан авах мэдэгдэл буюу хүсэл зоригийг худалдан авагч талдаа илэрхийлсэн байх явдал юм.

Хэргийн баримтаар *******, ******* нар үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан авах мэдэгдлийг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн, улмаар болзол бий болохгүй гэдэг нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ирээдүйд хөрөнгийг буцаан худалдан авах болзол хүчин төгөлдөр бус болох бөгөөд ийнхүү болзол хүчин төгөлдөр бус болж хэрэгжээгүй явдал үндсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

4.7. Талуудын байгуулсан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал буюу эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан этгээдийн хувьд тодорхой мөнгөн төлбөрийг төлж гүйцэтгэвэл зохих үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн нь тогтоогдсон. Гэхдээ гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд талууд шилжүүлсэн хөрөнгө тус бүрээр үнийг тогтоогоогүй, нийт үнийн хэмжээгээр зээлийн төлбөрт тооцсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хэн аль нь шилжүүлсэн 4 хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийлгээгүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.8. Иймд төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх эд хөрөнгийн эрхийг нэг талаас зээлдэгчийн зээл төлөх үүрэг, нөгөө талаас худалдан авагчийн үнийг төлөх үүргээ солих замаар шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигч нь ******* болсон байх тул дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.9. Хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болон газрыг хууль бусаар эзэмшээгүй гэх боловч уг эд хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшил улсын бүртгэлийн хувьд шилжсэн боловч бодит байдлаар эд хөрөнгийг хүлээлцсэн баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул эдгээр хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5. Харин, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзсэн тал нь зохих этгээдээс жичдээ нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Хариуцагч *******-ийн гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар худалдагч талыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж үзэхээр байх ба уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

7. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах боловч талуудыг мэтгэлцэх эрхээр хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тодруулж шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлоос нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн хороо, Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны од байрлах 200 м.кв талбайтай, асфальт бетон хольцын үйлдвэр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж од байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн хороо, нэгж талбарын дугаартай, амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын , ******* дугаартай 15,870 м.кв талбайтай газруудыг хариуцагч *******, *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******ид шилжүүлэхийг даалгасугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх төл төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ