Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/819

 

  

 

 

 

 

 

 

2019      9           16                                     2019/ШЦТ/819         

                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0817/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: О.Доржмаа,

Нарийн бичгийн дарга: Т.Өлзийтүвшин,

Шүүгдэгч А.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 1909025060888 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Залуучуудын өргөн чөлөө гудамж 2 дугаар байрны 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх А.А /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А  нь нь 2019 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чоко” нэртэй бааран дотор Б.Түмэннасантай маргалдаж, улмаар Б.Түмэннасангийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай нэг найз тэр ахтай цуг явж байсан охиныг хоргоосон юм байна лээ. Тэгээд маргалдаад байхаар нь би голоор нь ороход намайг цохиод тэгээд маргаан болсон. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөг төлсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Түмэннасангийн өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.7.02-ны №8059, 2019.8.09-ний №1020 дугаартай дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Алтангэрэлийн А.А  нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чоко нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Бадамын Түмэннасантай хамт явж байсан эмэгтэй Урангуа гэгчийг найз Очироо гэгч нь өдөж хоргоон биед нь зөвшөөрөлгүй хүрч зүй бус байдал гаргаж хохирогч Б. Түмэннасантай маргалдаж байх үед нь шалтгаангүйгээр найз Очироо гэгчээ өмөөрч хаацайлан улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Түмэннасангийн өгсөн: “...Манай найзыг нэг залуу хоргоогоод тэвэрч аваад хоргоогоод байхаар нь уучлаарай наадах чинь миний эхнэр ээ гэж хэлсэн чинь “чи найзтайгаа намайг хардлаа би гэр бүлтэй хүн” гээд утсан дээрээсээ зураг үзүүлээд байсан.Тэгээд би буцаад текэн дээр сууж байсан чинь дахиад манай найзыг хоргоогоод эхэлсэн. Тэгэхээр нь би дахиж очоод одоо боль гэж хэлсэн чинь хажуугаас нэг жижиг биетэй найз нь орж ирээд намайг өшиглөөд авсан. Тэгээд би мангасдаад цааш нь түлхсэн чинь шил нь газар уначихсан. ...намайг өшиглөдөг нөгөө залуу орж ирээд нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон.Тэгээд хамарнаас цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.7.02-ны өдрийн №8059 дугаартай: “...Б.Түмэннасангийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.8.09-ний өдрийн №1020 дугаартай: “...Б.Түмэннасангийн биед нэмэлтээр ирүүлсэн материалд тархи доргилт, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шинжээч эмч Н.Туяагийн үзлэгийн №8059 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2019.6.27-28-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд олон нийтийн газарт биеэ авч явах соёл төлөвшөөгүй, хүмүүс хоорондын харьцааны наад захын хэм хэмжээг баримтлаагүй, хүлээцтэй байдал дутагдсан, согтуурсан үедээ болж байгаа үйл явдалд өнгөц буруу дүгнэлт өгч, найз гэх шалтгаанаар буруу үйлдэл хийсэн найзыгаа зэмлэж зогсоохын оронд маргааны голоор орж өөртэй нь огтоос маргалдаагүй байсан хохирогчийг хажуугаас нь орж зодож танхайрсан ухвар мөчид зан байдал нь шууд нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.А ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч А.А- холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч А.А-н холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, Шүүгдэгч А.А  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР