| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00570/И |
| Дугаар | 509 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00570/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Жаргалант гэх газарт нутаглах, иргэн Боржигон овогт Хайнзангийн Цэвэгмидийн (РД:СЕ56120312) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Цэвэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлагадаа: Миний бие нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Буян уул бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Х.Цэвэгмид нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Буян уул бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан юм. Миний ах Х.Цэвэгмид нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний дээрх хугацаанд миний ах Х.Цэвэгмидийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Хайнзангийн Цэвэгмид нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян уул бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Хайнзангийн Цэвэгмид нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн Буян уул бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1-2, 15 тал/, БНМАУ-ын хүн амын регистрийн карт №175 /хх-ийн 8 тал/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 3 тал/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 71 дугаартай ажилд томилох тушаал /хх-ийн 9-10 тал/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 60 дугаартай тушаал /хх-ийн 11-12 тал/, гэрч Л. Чинзориг, Д. Пүрэвсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Хайнзангийн Цэвэгмидийг (РД:СЕ56120312) Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян уул бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэвэгмидийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР