| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0852/Э |
| Дугаар | 862 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | н.Онон |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 862
2019 10 01 2019/ШЦТ/862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Н.Онон,
Шүүгдэгч Б.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж),
Хохирогч Ч.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1909033620999 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай , эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Идэр хурд” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 75 дугаар байр 509 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо UB town хотхоны 38 дугаар байрны 112 тоотод оршин суух,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б. Ганбат нь 2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UB town хотхоны 38 дугаар байрны 112 тоотын гадна Ч.Энхбаатартай марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “...Хохирогч Энхбаатар манай эхнэртэй нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд эхнэртэй гэр бүлээс гадуур харьцаа тогтоосон. Би энэ асуудлыг 2019 оны 5 дугаар сард мэдсэн. Түүнээс хойш манай гэрт хэрүүл тасрахаа больж, хүүхдүүд таагүй уур амьсгалтай болсон. Би хохирогчийг зодсон нь үнэн. Энэ үйлдэлдээ харамсахгүй байна. Манай гэр бүлд суусан сэв арилахгүй. Энэ залуугийн хувьд 33 настай манай эхнэрээс дүү, ганц бие залуу хүн учир амьдрал ямар байдгийг мэдэхгүй байх. Би мэдсэн үедээ хүүхдээ дагуулж очиж энэ залуугаас гуйсан боловч дахин манай эхнэртэй холбогдсон байсан. Нэг удаа зодсон нь үнэн гэтэл цагдаад хэлсэн байна...” гэв.
Хохирогч Ч.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байхад хаалга нүдсэн. Онгойлгоход Ганбат зогсож байсан. Тэгээд намайг гэр рүүгээ дагуулж явсан. Замдаа хэд хэдэн удаа цохисон, гэртээ дагуулж очоод мөн зодсон. Одоо гомдол санал байхгүй....” гэв.
Эрүүгийн 1909033620999 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ч.Энхбаатарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн асуудалд орооцолдож манай гэр бүлийг үймүүлсэн учраас түүнтэй ярилцах гэтэл ойлголцолгүй маргаан болж зодолдох болсон. Би хохирогчоос уучлалт гуйсан , бид хоёр эвлэрсэн байгаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байр 35 тоот гэртээ амарч байхад хаалга тогшихоор нь очиж онгойлгож өгсөн. Хаалганы цаана урьд өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан манай групп компанид ажилладаг Отгонжаргал гэдэг хүний нөхөр нь зогсож байсан. Тэгээд намайг гараад ир хоёулаа уулзъя гэхээр нь шууд Отгонжаргалын нөхрийг дагаад орцноосоо гарсан. Тэгтэл намайг дагуулаад Наран их дэлгүүрийн баруун талаар гараад өөрийнхөө амьдардаг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талын UB town байр руу дагуулж явсан. Намайг дагуулж явж байх замдаа нэг гараараа хүзүүгээр тэвэрч аваад толгой болон цээжин тус газар гараараа цохиод яваад байсан. Ингэсээр байгаад тэдний гэрийн гадаа буюу хаалган дээр нь ирсэн Отгонжаргалын нөхөр гэрийнхээ гадаа ирээд шууд хаалгаа тогших үед түүний эхнэр Отгонжаргал хаалгаа онгойлгосон ба нөхөр нь шууд эхнэрийнхээ нүдэн дээр зодож эхэлсэн. Намайг зодож байх явцдаа миний дээрээс шүлсээ хэд хэдэн удаа хаяж, гутаан доромжилсон ба мөн хэд хэдэн удаа шээхийг оролдсон. Энэ үед Би Отгонжаргалаас цагдаа дуудмаар байна, би гэртээ утсаа орхисон байна гэхэд Отгонжаргал миний утсыг манай нөхөр авсан гэж хэлсэн. Ингээд улмаар Отгонжаргалын нөхөр өөрөө цагдаад дуудлага өгсөн байсан. Би Отгонжаргалын нөхрийг зүс танина. Намайг эхнэртэйгээ хардаж зодсон гэж бодож байна. Зодож байхдаа өшөө авч байгаа юм гэж хэлсэн. Отгонжаргалтай 2019 оны 4 билүү 5 дугаар сараас хойш огт уулзаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, намайг айлган сүрдүүлсэн зүйлгүй... ” /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10550 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Ч.Энхбаатарын биед тархи доргилт, дух,баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал , хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зовхины гадна булан, зүүн нүдний алимны талст, доод уруулын дотор салст, хэл, цээжинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна..." гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/ хохирогч Ч.Энхбаатарын хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UB town хотхоны 38 дугаар байрны 112 тоотын гадна Ч.Энхбаатарыг “эхнэртэй дотно харилцаа үүсгэж гэр бүлийн тайван байдал алдагдууллаа” хэмээн марган биед нь хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух,баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал , хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зовхины гадна булан, зүүн нүдний алимны талст, доод уруулын дотор салст, хэл, цээжинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Энхбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10550 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Ч.Энхбаатарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г ын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Энхбаатараас“...Б.Г ад ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Ганбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН