Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00586/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж,  Хэнтий аймгийн Биндэр сумын иргэний танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Багануур дүүрэг, 23 дугаар байрны 1 тоотод оршин суух, Дугардоржийн Уянгын (РД: СБ77011300) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, Доржийн Жаргалсайхан (РД: СЖ75110819) холбогдох
"Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Уянга, хариуцагч Д.Жарагласайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.  
           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1999 Д.Жаргалсайхантай танилцаж, 2004 оны 03 дугаар сарын 31-нд гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Нууцхан-Одыг төрүүлсэн билээ.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2006 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй, бид тус тусын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж  өгнө үү гэжээ. /хх-ийн 1 тал/

Хариуцагч Д.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1999 оноос Д.Уянгатай  хамт амьдарч 2004 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Нууцхан-Од маань төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2006 онд салж тусдаа амьдрах болсон. Д.Жаргалсайхан би гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 12 тал/
Нэхэмжлэгч Д.Уянга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1999 Д.Жаргалсайхантай танилцаж, 2004 оны 03 дугаар сарын 31-нд гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Нууцхан-Одыг төрүүлсэн билээ.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2006 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй, бид тус тусын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж  өгнө үү гэв. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Д.Жаргалсайханаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Д.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би  1999 оноос Д.Уянгатай хамт амьдарч 2004 онд гэр бүлээ бүртгүүлж  гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Нууцхан-Од төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2006 онд салж тусдаа амьдрах болсон. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Уянга нь хариуцагч Д.Жаргалсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                                       

Д.Уянга, МД.Жаргалсайхан нар нь 2004 оны 03 дугаар сарын 31-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.Нууцхан-Од төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зохигчдын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн  4 тал/, охин Д.Нууцхан-Одын 04 тоот төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 6 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2006 оноос зан харьцааны таарамжгүй байдлаас болж тус тусдаа амьдрах болсноор арав жилийн хугацаа өнгөрсөн байна.
Одоо зохигчдын хэн аль нь тус тусын амьдралыг зохиож нэхэмжлэгчийн хувьд бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон, хариуцагч мөн бусадтай хамтын амьдралтай болсон байдлууд тэдний шүүхэд өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Уянгын гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн хувьд маргаангүй болохыг дурдах нь зүйтэй юм.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Дугарсүрэнгийн Уянгын (РД: СБ77011300), Ашбагад овогт Доржийн Жаргалсайхан (РД: СЖ75110819) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар                                          2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Жаргалсайханы Нууцхан-Од (РД: СЖ00302708)-ыг  нэхэмжлэгч /эх/  Д.Уянгын асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Д.Уянга нь хариуцагч Д.Жаргалсайханаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уянгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жаргалсайханаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР