| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03289/И |
| Дугаар | 210/МА2026/00612 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00612
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00830 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч*******од холбогдох,
Гэм хорын хохиролд 95,469,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гоо сайхны үйлчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах чиглэлээр байгуулагдсан. 2018 оны 04 дүгээр сараас Хан-Уул дүүргийн ******* хороо Оргил Стар хотхоны 57А корпусын 1 дүгээр давхрын ******* 164.56 м.кв талбай бүхий захирал *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гоо сайхан, алжаал тайлах чиглэлээр тохижуулан ИННА салоныг ажиллуулж ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд -оос холбогдож, танайхаас ус алдаж байна яаралтай ир гэж компанийн захирал *******т ирсэн дуудлагын дагуу очиход сантехникч н. автомашины зогсоол руу ус алдаад уур савсаад байна, хаанаас ус алдаж байгааг мэдэхгүй байна 3 давхрын айл загнаад оруулаагүй, 2 давхрын айл утсаа авахгүй байна, танайхыг үзье гээд салоны хаалгыг нээхэд өөдөөс уур савсаад юм сайн харагдахгүй, коридорын дүүжин таазнууд нурж хаалга тэгнэн унасан байдалтай байсан. Нурсан таазыг сантехникч холдуулж цааш ороход дүүжин тааз нурсан, нүдэн болон лэд гэрлүүд устай шалан дээр унаж шатсан, улайссан, анивчсан, богино холболт үүссэн, шал усаар дүүрсэн зэрэг нөхцөл байдалтай байсан. Хаанаас ус алдсаныг ирж хайтал 2020 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд манай салоны дээд давхрын оос 2 хоног их хэмжээний халуун ус алдсаныг тогтоосон. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан тул хүн хүч дуудах боломжгүй, гэр бүлийн хамтаар үйлчилгээний нийт 12 хэсгийн өрөөнүүдийн усыг 3 цаг орчим хувингаар зөөж, шавхаж барагдуулсан ч хуримтлагдсан халуун ус дүүжин таазны гэрэл, цахилгааны залгуур, гэрлийн унтраалгын кропноос гоожсоор байсан. Таазанд суурилуулсан агааржуулалтын систем, аудио систем, камержуулалт, цахилгааны монтажнууд ихээр гэмтэж, чийггүй орчинд байх заавартай ил байсан төхөөрөмжүүд халуун уур, усанд ихээр автсан бөгөөд дараах байдалтай гэмтлүүд үүссэн. Үүнд: бүх тааз, хана бүрэн норсноос үүдэн далд болон ил цахилгааны монтажнууд гэмтэж цахилгаангүй болсон. ОСК-ын цахилгаанчин хана хатаж, чийггүй болтол тогонд юм залгаж болохгүй гэсний дагуу зөөврийн гэрэл ашиглан цахилгааны гэмтлүүдийг олж сэргээхээр 3 хүн 10 хоног ажилласан. Засвар 2021 оны 03 дугаар сард дууссан ч одоогийн байдлаар зарим гэрлүүд унтраалгаар унтрахгүй, асахгүй богино холбоо үүссэн хэвээрээ, засвар хийхдээ мөөгөнцрийн түрхлэг түрхсэн ч зарим хананд мөөгөнцөр үүсэж нэмэгдсээр байгаа.
Бүх өрөөний хана сайн чанарын угаадаг Герман обойтой байсан ба бүгд ус, ууранд автан нороод хатсаны дараа ирмэгүүд хөндийрч, дэрвийн өөрөө аяндаа хуурч унасан. Шалан дээр ус удаан хуримтлагдсанаас плитанууд хөдөлгөөнд орон хагарч, хатуу хулдаастай шал усанд автсанаас наалтууд салж мөөгөнцөр үүссэн. Шинээр хийлгээд удаагүй байсан /ДСП/ тавилгууд норж хөвсийж, дэрвийн ашиглах боломжгүй болсон зэрэг хохирлууд учирсан. Нэхэмжлэгч компанийн захирал ******* дээрх хохирлуудыг арилгахын тулд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр -аас 40,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гоос 40,000,000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлж, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр -тай 2021/66 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу засварын ажлыг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 20,000,000 төгрөг, заслын материал 19,871,633 төгрөг, нотариатын зардал 61,500 төгрөг, ажилчдын хоол хүнс 304,000 төгрөг, шатахууны зардал 300,000 төгрөг, зогсоол 11,000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн зардал 41,025,100 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 6 сарын хүү 8,400,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 4 сарын хүү 3,200,000 төгрөг нийт 93,173,233 төгрөг нэхэмжилж анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа дахин 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээд давхрын дахин ус алдаж, тааз норж шарласан, эмульс ховхорч, цахилгаанд ус орсны улмаас 4 гэрэл шатсан, ариун цэврийн өрөөний тааз норж шарлаад цахилгаанд нь ус орсны улмаас 3 гэрэл шатсан, коридорын тэжээлийн блок шатсан зэрэг хохирол учирсан. Үүнийг засварлахад 174,200 төгрөгийн бараа материал, 600,000 төгрөгийн ажлын хөлс гарсан. Эхний ус алдалтын дараа 12 ширхэг хаалганы хаягжилт 215,000 төгрөг, 2 металл хаалганы тохироо хийх, тээврийн зардал оношилгоо нийт 409,000 төгрөг, толины 4 талын хүрээ 98,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн хөрөнгийн үнэлгээний шинжээчид 800,000 төгрөгийн хөлс төлсөн. Эдгээр зардлуудыг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа 2,296,200 /1,496,200+800,000/ төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Оршин суугч удаан хугацаагаар орон сууцаа эзгүй, орхиж явах тохиолдолд өөрийн эзэмшилд хамаарах тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгуулах, усны хаалтаа хаалгах, яаралтай тохиолдолд холбоо барих хүмүүсийн дугаар үлдээх зэргээр аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч компанид хохирол учруулсан.*******оос 94,695,233 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол нэхэмжилж байгаа боловч хуульд заасан урьдчилсан нөхцөл болох эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учирсан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Салоны болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгөнд гэмтэл ус алдсаны улмаас хохирол 94,699,433 төгрөг учирсан гэж маргаж байгаа боловч бодитоор уг хөрөнгөнд энэ хэмжээний хохирол хэрхэн учирсан нөхцөл байдал, засан сайжруулсан талаар баримт байдаггүй. Ус алдсан нөхцөл байдлыг харсан, үзсэн гэрч болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар зөрдөг. Учир нь, ус алдсан гэх өдрийн маргааш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч болон барилгын засвар хийдэг ын хамтаар очиход дээд давхрын угаалгын өрөөний тушаа хана таазанд ус алдсан байдалтай бусад газарт нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг их хэмжээний ус алдаагүй, техник хэрэгсэл нүдээр харахад хохирол учраагүй байсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нөхцөл байдлыг нотлохгүй байна. Хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, хохирол бодитоор учирсан эсэх, хохирол нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ус алдсан үйл баримтад маргахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 20,000,000 төгрөгийн тухайд хэдийгээр гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан боловч гэрээний дагуу дансаар эсхүл мөнгөөр шилжүүлсэн баримт авагдаагүй. Гэрээний үр дүнг гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгснөөр хүчин төгөлдөр болдог. Материалын зардлын тухайд нөхөн бүрдүүлсэн байх магадлалтай, тоног төхөөрөмжийн зардлын тухайд гэрч той хамт очиж үзэхэд 10,000,000 төгрөгөөр засвар хийхээр болоод салсан бөгөөд тухайн үед агуулахын өрөөнд усанд автаагүй хураалттай тоосонд дарагдсан тоног төхөөрөмж байсан. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмж усанд автсаны улмаас эвдэрсэн гэдэг нь эргэлзээгүй тогтоогдоогүй. Засвар хийгээд өгье гэхэд Герман будгаар будуулна. 45,000,000 төгрөг гэсэн учраас засвар хийж чадаагүй. Хуульд заасан шаардлагыг хангасан шинжээчийн дүгнэлт авагдаагүй. Үйл ажиллагаа явуулж байгаа байр нь иргэн *******ийн өмчлөлд бүртгэлтэй. *******-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх үед үйл ажиллагаа явуулж байсан. Сүүлд нь тусгай зөвшөөрлийн батламж авсан буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ус алдсан тухайн цаг хугацаанд тусгай зөвшөөрөл нь дууссан. Шинжээчийн дүгнэлтээр гоо сайхны зориулалттай тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2 жил байдаг. Сүүлд дүгнэлт гаргахдаа ашиглалтын хугацаа дууссан байсан эсэх гэж хариулсан байхад өмнөх дүгнэлтийг хуулж гарын үсгээр баталгаажуулсан. Тоног төхөөрөмжид учирсан гэмтэл ус алдсанаас болсон гэх нь эргэлзээгүй нотлогдохгүй. Нэхэмжлэгч өөрөө заримыг нь сэлбэгэнд зарсан гэх атлаа бүх тоног төхөөрөмж байсан гээд байгаа нь зөрүүтэй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хөл хорио тогтоосон үе байсан. Тухайн цаг хугацаанд зуслан дээрээ байж байхад нь ус алдсан гэх дуудлагаар очих гэхэд хөл хориотой байсны улмаас цаг алдсан. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзнэ үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтийн агуулга: Ус алдсан учир төлж барагдуулах нь зөв гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******оос гэм хорын хохиролд 64,941,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,754,034 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /623,820+38,900+23,750/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 482,656 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №29/51 дугаар худалдах, худалдан авах гэрээгээр /худалдагч/ нь болон түүний бүтээгдэхүүн брэндийн Монгол дахь салбарын гоо сайхны усан заслын тоног төхөөрөмж-ийг ******* /худалдан авагч/-д 8,700,000 төгрөгөөр худалдсан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс уг тоног төхөөрөмжийн төлбөр 8,700,000 төгрөгийг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдоно.
Нэхэмжлэгч компаниас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулж 8,700,000 төгрөгөөр худалдаж авсан брэндийн усан заслын тоног төхөөрөмж буюу гоо сайхны аппаратын гэрээ, үнийг төлсөн баримт, мөн -ийн хохирлын нөхөх олговрын үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх брэндийн усан заслын тоног төхөөрөмжийг нь 6,120,000 төгрөгөөр үнэлсэн, тухайн үнэлгээ нь тоног төхөөрөмжийн нийт үнэлгээ 24,618,431 төгрөгт багтсан байх тул хангах үндэслэлгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ямар үндэслэлээр үнэлсэн, ямар үндэслэлээр нотлох чадвараа алдсан байгаа талаараа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд авагдсан -ийн хөрөнгийн үнэлгээний хүснэгт 1. Гоо сайхны тоног төхөөрөмж тооцоолол: 6 дугаар эгнээ: Гоо сайхны аппарат, 9 дүгээр эгнээ: beauty system machine, 2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар хуудсанд авагдсан -ийн хөрөнгийн үнэлгээний тооцоо хүснэгт №1-ийн 6 дугаар эгнээ: Аппарат-Гоо сайхны, бүрэн солих /2019 онд худалдаж авсан/ маркт загвар тодорхойгүй тул үнэлэх боломжгүй, 9 дүгээр эгнээнд: Төхөөрөмж- beauty system machine гэсэн байгаа тоног төхөөрөмжүүд нь 1 ижил төрлийн 2 ширхэг гоо сайхны аппарат юм.
-ийн хөрөнгийн үнэлгээнд зах зээлд борлуулагдаж буй үнэ: 3,500,000 төгрөг гэж үнэлсэн байгаа гоо сайхны аппарат нь нэхэмжлэгч компаниас анх 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшийг тусгасан. 2012 онд авсан гоо сайхны аппаратаа дахин ажиллуулахын тулд 2019 онд авсан төхөөрөмжийн үнээр үнэлж нэхэмжилсэн байдаг бөгөөд энэ гоо сайхны аппарат нь 2021 оны зах зээлийн ханшаар 9,900,000 төгрөг болсон байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу брэндийн усан заслын тоног төхөөрөмжийг 8,700,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон байх ба уг брэндийн усан заслын тоног төхөөрөмжийг нь 6,120,000 төгрөгөөр үнэлсэн, тухайн үнэлгээ нь тоног төхөөрөмжийн нийт үнэлгээ 24,618,431 төгрөгт багтсан гэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэр бүхий 10 төрлийн гоо сайхны аппарат ус алдалтаас болоод гэмтсэн гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн цаг хугацаанд уг тоног төхөөрөмж ажиллагаатай байсан эсэх нь тогтоогддоггүй. Гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулах эрхийн хугацаа дууссан. Тухайн үед ус алдсаны дараа очиж үзэхэд аппаратуудыг агуулахын өрөөнд хураасан тоосонд дарагдсан байдалтай байсан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. 2012, 2013, 2014 онуудад худалдаж авсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа бүрэн дууссан байхад дүгнэлт хийгээгүй. Худалдаж авсан гэх баримтууд нь санхүүгийн тайлан бүртгэлийн дагуу тайланд тусгагдаж орлогод авагдаагүй ба нэхэмжлэл гаргахын тулд нөхөн бүрдүүлсэн байх боломжтой баримтуудыг гаргаж ирсэн нь эргэлзээтэй.
Түүнчлэн, техник тоног төхөөрөмжид учирсан хохирол нь шалтгаант холбоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 64,941,199 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж хохирлыг нотолсон гэж үзэж байгаагаа дурдаагүй бөгөөд ганцхан -ийн Хөрөнгө үнэлгээний тайлан гэх баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь -ийн хөрөнгө үнэлгээний тайлан гэх баримт нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж хохирлын тооцоо гэх үнэлгээ гаргасан болохоос уг хохирол бодитой учирсан эсэх, нэхэмжлэгчээс дээрх үнэлгээгээр тогтоогдсон зардал бодитоор гарсан эсэх, ус алдсан үйл баримт хохирлын хоорондоо шалтгаант холбоог эргэлзээгүй нотолсон нотлох баримт биш байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзэж байна.
Түүнчлэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Техник технологийн дээд сургуулийн Цахилгаан электроникийн тэнхим, -уудыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчиж, шинжилгээ хийх эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулж уг дүгнэлтүүдээрээ тоног төхөөрөмжид учирсан гэмтлийн шалтгааныг тогтоосон мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь, шүүхээс шинжээчээр томилогдсон Техник технологийн дээд сургуулийн Цахилгаан электроникийн тэнхим, -ууд нь шинжилгээ хийх эрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүхээс анхаарч үзээгүй орхисонд гомдолтой байна.
-ийн шинжээч нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн байранд шинжилгээ хийж 10 нэр төрлийн тоног төхөөрөмжид шинжилгээ хийсэн гэх боловч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь эдгээр тоног төхөөрөмжүүдийн ихэнхийг худалдсан талаараа тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, аль хэдийн худалдсан тоног төхөөрөмжийг байсан мэтээр илт үндэслэлгүй хуурамч дүгнэлт гаргасан байхад шүүхээс уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
Тоног төхөөрөмжид учирсан гэх хохирол нь ус алдсанаас болж учирсан гэх эргэлзээгүй баримт байхгүй бөгөөд уг тоног төхөөрөмжүүд нь тухайн цаг хугацаанд ажиллагаатай байсан эсэх, ашиглалтын хугацаа нь хэдэн жил болох талаар хариуцагчийн зүгээс маргаж оролцсон боловч шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, ус алдсан гэх цаг хугацаанд тухайн салоны зөвшөөрлийн хугацаа дууссан байсан, гэрч ын мэдүүлгээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиход уг тоног төхөөрөмжүүд усанд автаагүй, агуулахын өрөөнд хураалттай байсан гэх нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Худалдахдаа орлого болгон бүртгэж, санхүүгийн баримтад тусгах үүрэгтэй бөгөөд ийм баримт байхгүй, нөхөн бүрдүүлсэн байх боломжтой гэрээ, хэлцэл, бэлэн мөнгөний орлогын баримт байх бөгөөд гэрээ хэлцэл төлбөрийн нэхэмжлэлүүд нь төлбөр төлсөн дансны хуулгаар нотлогдоогүй, иргэн *******ээс гарсан зардал эсхүл компаниас гарсан зардал эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч хэчнээн төгрөгийн хохирол учирсныг тооцоолуулахаар хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээний тайлан гаргуулдаг. Дараагаар нь шүүхээс томилсон -аар хэдэн төгрөгийн хохирол учирсныг тооцоолуулахаар хөрөнгийн үнэлгээ хийлгэдэг. Үнийн дүнд хариуцагч тал маргадаггүй ба ус алдаж тоног төхөөрөмж эвдэрсэнд маргадаг. Шүүх Техник технологийн дээд сургуулийн Цахилгаан электроникийн тэнхим, -ийг шинжээчээр томилдог. Бид шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилуулах гэсэн ч электрон техникүүд учраас шүүхийн шинжилгээний ерөнхий газарт манайд нарийн мэргэжлийн электроникийн мэргэжилтэн байхгүй, та нар иргэний хэргийн шүүх учраас шүүхийн шинжилгээний бус байгууллагыг томилуулж болно гэдэг. Үүний дагуу шүүгч туслахтайгаа ярилцаж байгаад шүүх хуралдаан дээр шинжилгээ хийлгэх байгууллагыг томилсон.
Шүүх шинжээчийн байгууллагаас гадна шинжээчийн байгууллагын томилж дүгнэлт гаргуулсан гэх асуудлыг шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд тодорхой тайлбарласан учраас дахин тайлбарлах хэрэггүй гэж бодож байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******од холбогдуулан гэм хорын хохиролд 95,469,433 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
3.1. -ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ус алдсан акт-аар Хан-Уул дүүрэг, ******* хороо, 57 байр, оос 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутад ванны өрөөний алчуур хатаагчийн заглушка задарч ус алдаж үүдний өрөө, унтлагын өрөө, жижиг өрөөнүүдийн шалны паркет норж хууларсан. Инна салоны гоо сайхны өрөөнүүдийн тааз норсон, нурж унасан, өрөөнүүдийн плита хөндийрсөн, өрөөнүүдийн хананы обой хууларсан, гоо сайхны тоног төхөөрөмжүүд усанд норж гэмтсэн, мөн бүх өрөөнд цахилгааны саатал гарсан зэрэг хохирол учирсан гэжээ. /1хх45/
3.2. -ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ус алдсан акт-аар Хан-Уул дүүрэг, ******* хороо, 57 байр, оос 2021.11.11-ний өдөр 10 цаг 16 минутад ванны өрөөний алчуур хатаагчийн заглушка задарч их хэмжээний ус алдаж Инна салоны тааз норж, шарласан, эмульс ховхорч цахилгаанд ус орсны улмаас 4 гэрэл шатсан, ариун цэврийн өрөөний тааз норж шарласан, цахилгаанд ус орсны улмаас 3 гэрэл шатсан, коридорын өрөөний тэжээлийн блок, унтраалга шатсан гэх зэрэг хохирол учирсан гэжээ. /1 хх 135/
3.3. -ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тайлангийн нэгтгэлээр Камер 4 ш, аналог системийн хяналтын камер 4 ш, 30 хоног дүрс хадгалах хатуу диск, 17 инчийн Acer дэлгэц, 8 сувгийн дэлгэц хадгалах төхөөрөмж, 12 в 20ah тэжээлийн блок, холболтын кабель нь ус чийг болон суурилуулалт хийгдсэн тааз нурснаас дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, 2,426,600 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. /1хх 35-38/
3.4. Хөрөнгийн үнэлгээний -ийн хохирлын нөхөх олговрын үнэлгээний тайлангаар засварын ажил, тоног төхөөрөмжийн нийт үнэ 96,785,007 төгрөгийн үнэлгээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн. /1хх187-227/
3.5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч хөрөнгийн үнэлгээний -ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар барилгын засварын үнэлгээг 36,892,568 төгрөг, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг 24,618,431 төгрөг, нийт 61,510,999 төгрөгийн үнэлгээ гаргасан. /2хх121-149/
3.6. Хариуцагч талын хүсэлтээр тоног төхөөрөмжид учирсан гэмтлийн шалтгааныг тогтоолгохоор шүүхээс шинжээчээр томилогдсон нь, 10 нэр төрлийн тоног төхөөрөмж тус бүрээр гарсан гэмтэл болон засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргасан./3хх18-33/
4. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсан үйл баримтын тухайд маргаагүй боловч ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргажээ.
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
4.2. Хан уул дүүргийн 17 хороо, 57 байрны орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч *******-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь -ийн 2020 оны 12 сарын 30, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдийн ус алдсан актууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.3. Хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ус алдсан үйл баримтын тухайд маргахгүй хэдий ч ус алдахад хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, хохирол бодитоор учирсан эсэх, хохирол нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй... гэх татгалзал болон энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу өөрийн гэм бурууг үгүйсгэж нотлоогүй байх тул түүний гаргасан хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, хохирол бодитоор учирсан эсэхийг тогтоогоогүй гэх гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм бурууг нотлох үүргийг нэхэмжлэгч талаас хүлээхгүй бөгөөд нотлох үүрэг нь хариуцагчид хамаарч байна. Түүнчлэн, түүний өмчлөлийн орон байрнаас ус алдсан үйл баримтыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг, ба нэхэмжлэгчийн эд хөрөнгөд тодорхой хохирол учирсан болохыг 2 удаагийн ус алдсан актанд дурдагдсан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
4.4. Мөн хариуцагч талаас учирсан хохирлыг нотлох баримтаар бодитой тогтоогоогүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь, зохигчдын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр ус алдсан байрны засвар болон тухайн байранд үйл ажиллагаа явуулж байсан гоо сайхны салоны тоног төхөөрөмжүүдийг үнэлсэн -ийн үнэлгээг үндэслэн 61,510,999 төгрөг, дээрх хөрөнгийн үнэлгээнд камерын эвдрэл гэмтлийн үнэлгээг тусгаагүй байх тул -ийн гаргасан үнийн санал болон сэргээн засварласан зардлын/1хх34-38/ баримтыг үндэслэн 2,206,000 төгрөг, дахин ус алдсаны улмаас учирсан хохиролд 1,224,000 төгрөг, нийт 64,941,199 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.5. Хариуцагч талаас гоо сайхны тоног төхөөрөмжүүд эвдрээгүй, нэхэмжлэгч уг бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулсан гэж тайлбарласан гэх зэрэг үндэслэлээр маргасан байх боловч тухайн тоног төхөөрөмжүүдийг шүүхээс томилогдсон шинжээч тоног төхөөрөмжүүдийн гэрэл зургийг авч дүгнэлтэндээ бэхжүүлсэн байх ба марк дугаар нь тодорхойгүй эд зүйлүүдийг үнэлээгүй байх тул түүний гаргасан татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч талаас 2012 онд худалдаж авсан гэх гоо сайхны аппаратыг 2019 онд худалдаж авсан ижил төрлийн аппаратын үнийг жишиг болгон 8,700,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх тухайн тоног төхөөрөмжийн үнийг 6,120,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний нийт 24,618,431 төгрөгт багтсан гэх үндэслэлгүй дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх дүгнэлтийг залруулах боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байна.
5.1. Шинжээч -ийн үнэлгээний тайлангийн тоног төхөөрөмжийн жагсаалтын 6-д гоо сайхны аппарат нь марк, загвар тодорхойгүйн улмаас үнэлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгахгүй тул тухайн 2012 онд худалдаж авсан тоног төхөөрөмжийг 2019 онд худалдан авсан ижил төрлийн аппаратын бичиг баримтыг үндэслэн нэхэмжлэгч талаас хохирол нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 25-27-д авагдсан 2019 онд 8,700,000 төгрөгөөр худалдан авсан гоо сайхны усан заслын аппараттай холбоотой баримт нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тухайн марк, загвар нь тодорхойгүй уг аппараттай хамааралтай баримт гэж дүгнэх эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагч талаас ганцхан -ийн үнэлгээний тайлан гэх баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь, анхан шатны шүүхээс зохигчдын хүсэлтээр ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгож үнэлгээ хийлгэхээр шинжээчээр -ийг томилсон /2хх72-73/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн ус алдсан байр болон тоног төхөөрөмжид учирсан хохирлын үнэлгээг хуульд заасны дагуу эрх бүхий хөрөнгийн үнэлгээний компаниас өөр этгээдээр хийлгэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд -ийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх үндэслэл, 7 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлал, 8 дугаар зүйлд заасан үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхээс уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч талын энэхүү гомдлыг хангахгүй.
6.1. Мөн анхан шатны шүүхээс, Техник, технологийн дээд сургуулийн Цахилгаан, электроникийн тэнхимийг шинжээчээр томилсон /2хх72-73/ байх бөгөөд шинжээчээр ажилласан багш , нараас ******* тоног төхөөрөмжүүд нь электроникийн тоноглолоор иж бүрэн тоноглогдсон автомат болон хагас автомат төхөөрөмжүүд байсан, тоног төхөөрөмжийн дотоод хийцэд ус их хэмжээгээр нэвчсэн учир тоног төхөөрөмжийг засварлах боломжгүй иж бүрэн солих шаардлагатай, тоног төхөөрөмжийн хийцэд элэгдэл хорогдол тооцох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж ирүүлжээ./2хх76/
6.2. Түүнчлэн, шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоолгохоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийг тус тус шинжээчээр томилсон байх боловч эдгээр сургуулиуд нь шинжээчээр ажиллахаас татгалзсан байна./2хх246-248,3хх1,3-4,6/
6.3. Иймд шүүхээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, гадаад худалдааны чиглэл бүхий -ийг, нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжүүдэд учирсан гэмтлийг тодорхойлох, уг тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг тодорхойлох, мөн засварлах боломжтой эсэх асуудлаар шинжээчээр томилсон байх ба шинжээчээс нэр бүхий 10 тоног төхөөрөмжийн талаар нэг бүрчлэн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна. Шүүхээс шинжээчид хууль сануулан тайлбарласан, шинжээч тоног төхөөрөмж бүрийн гэмтлийг тус бүрээр нь тодорхойлж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ. Тодруулбал, тухайн компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоос үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллагад хамаарахаар байх тул тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн талаар эрх бүхий байгууллага дүгнэлт гаргаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
6.4. Мөн шүүхээс шинжээчээр томилогдсон -ийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж тодруулах зүйл байгаа гэсэн хариуцагч талын хүсэлтээр шинжээчээр оролцсон инженер аас нэмэлт тодруулга авсан байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв./3хх56-60/
6.5. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолдоо, гэрч ын мэдүүлгээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиход уг тоног төхөөрөмжүүд усанд автаагүй, агуулахын өрөөнд хураалттай байсан гэх нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй гэжээ. Хэрэгт авагдсан гэрч ын мэдүүлгээс үзвэл, хэзээ очсон цаг хугацааг санахгүй байна, коронавирусын үе байсан. Салоны өрөөнд 4-5 тоног төхөөрөмж байсан, цаад талынх нь өрөөнд нилээд их тоног төхөөрөмжүүд хураалттай, тоос дарсан байдалтай байсан.******* барилгын бригад, би барилгын ахлах нь байсан. Бид бүгдээрээ тойрч үзээд бүх өрөөнүүдийг харж багцаагаар тооцоо гаргаж, засвар нь ажлын хөлстэйгөө нийлээд 10,000,000 төгрөг болох юм байна гээд 4-5 хоног байрлаж засвар хийхээр болсон боловч дараа нь ******* 40-50 сая төгрөгийн будгаар будуулна гэж ярьсан ба үүнийг******* зөвшөөрөөгүй гэсэн агуулгатай мэдүүлэг өгчээ.
Гэрч нь хариуцагч талын хүсэлтээр тухайн ус алдсан обьектод засвар хийхээр очсон байх бөгөөд Салоны өрөөнд 4-5 тоног төхөөрөмж байсан, цаад талынх нь өрөөнд нилээд их тоног төхөөрөмжүүд хураалттай, тоос дарсан байдалтай байсан гэх гэрчийн мэдүүлгийг дэмжих өөр нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
6.6. Нэхэмжлэгч ******* нь 1 гишүүнтэй, гоо сайхны үйлчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны чиглэлтэй, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь ******* байх ба, тус компанийн захирлаар ажиллаж, үсчин, гоо заслын Инна нэртэй салоны үйл ажиллагаа явуулж байсан байна./1хх 9-17/
Түүнчлэн, дээрх компанийн үйл ажиллагаа явуулж байсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 хэсэг Зайсан гудамж 57 байр, ******* 164,6 м.кв талбайтай, 4 өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр компанийн захирал ******* бүртгэлтэй байна./1хх15/
Иймд дээрх ус алдсантай холбоотой хохирлыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* 1 гишүүнтэй компанийнхаа нэрээр гаргасныг нэхэмжлэгч нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч *******-ийн гоо сайхны үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан гэж хариуцагч талаас маргасан байх боловч тухайн компанийн эд хөрөнгөд хариуцагчийн үйлдлээс болж учирсан хохирлыг нэхэмжлэхэд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх нь маргаанд хамааралгүй болно.
7. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан байх ба тэрээр ус алдсан хохирлыг төлж барагдуулах нь зөв гэсэн дүгнэлт гаргасныг шүүхийн шийдвэрт дурдсан байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 154,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 482,656 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ