Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00685

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* банк ХК-д холбогдох,

 

108,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* банк ХК-тай ******* дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтад заасан бүхий л ажлуудыг бүрэн дүүрэн, чанартай дуусгаж, гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-нд ******* 2.0 ******* банк төслийн бодлогын баримт бичгийг боловсруулан эцэслэж хүлээлгэн өгсөн.

1.2. Энэхүү төслийн хүрээнд ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд мөн ******* 2.0 ******* банкны төслийн баг зэрэгт гэрээний хавсралт 1-д заасан 1-ээс 12 дугаар бүлгийн ажлыг зөвлөх, таниулах сургалт байдлаар хийж гүйцэтгэсэн.

 

1.3. Уг төслийн үндсэн гол зорилгуудын нэг нь ******* банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдэд орчин үеийн ******* банк болон Биёонд /Beyond banking/банкны тренд мөн Supply chain, Value chain буюу нийлүүлэлт болон өртгийн сүлжээнд уламжлалт банк, ******* байдлаар хэрхэн бизнесээ үр дүнтэй явуулах, зах зээлийн өрсөлдөөнд шат ахих талаар үндсэн онол, практикийн ойлголт, мэдлэг олгох, үүнээс гадна хэрэгжүүлж болох бодит шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний тооцоолол, түүнд уялдах стратеги зэргийг таниулах, ойлгуулахад чиглэж байсан.

1.4. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд ******* банк алсын хараа, эрхэм зорилго, зах зээлд баримтлах стратеги, компанийн соёл, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэгт ******* хэв шинж, агуулгыг шингээж улмаар 2021, 2022, 2023, 2024 онуудын үйл ажиллагааны үр дүнд ******* банкны шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний төрөлжилт, маркетингийн бодлого, PR, хамтын ажиллагаа, харилцагчийн тоо, санхүүгийн үр дүн зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарсан.

1.5. Эдгээр үр дүнгүүд нь 2020 оноос 2021 оны хооронд цогц байдлаар хэрэгжүүлсэн "******* 2.0 ******* банкны төслийн суурь бодлогын бичиг баримт дээр тулгуурлаж, санаа авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, нөлөөлөл хэмээн харж болно. Иймд Зөвлөх үйлчилгээний гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөг, нийт 108,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Банк нь ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн ба "******* 2.0 ******* банк" төслийн бодлого, стратеги тодорхойлох, баримт бичиг боловсруулах, ажлын төлөвлөгөөг 3 үе шатны хүрээнд хийж гүйцэтгүүлэх, банкны хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг, ажилтнууд, банк талын багийн гишүүдэд засаглалын зөвлөгөө, сургалт, танилцуулгыг хийх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

2.2. Харин ******* ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу боловсруулсан төлөвлөгөө, баримт бичгийг үндэслэн шинэ систем, төслийг зах зээлд нэвтрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс үүдэн ******* 2.0 ******* банк төслийн бодлого, стратеги тодорхойлох баримт бичгийг хэрэгжүүлсэн төсөл зах зээлд нэвтрээгүй болно.

2.3. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх ба гэрээнд заасан үйлчилгээг бүрэн үзүүлж, заасан хугацаанд хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэсэн байна. Гэрээ дүгнэсэн акт гэдэг талуудын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил ямар явцтай дууссан буюу бүрэн бол бүрэн, дутуу бол дутуу тухай тодорхой тэмдэглэж, ямар ажил хүлээн авч байгааг тодорхой тусгасан баримт бичгийг хэлнэ. Гэтэл ******* тоот гэрээ дүгнэсэн акт нь ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхой бус, ойлгомжгүйгээс гадна сургалт, воркшоп, зөвлөгөөний гүйцэтгэл хэсэгт гүйцэтгэлийг 70 хувь, 60 хувь зэрэг гүйцэтгэлийг зуун хувиар үнэлээгүй атлаа гэрээ дүгнэх хэсэгт энэ тухай дурдаагүй зэрэг агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан зэрэг зөрчилтэй нөхцөл байдал илэрсэн.

2.4. ******* банкны төслийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх компанийг сонгон шалгаруулахад хариуцаж байсан ажилтан нь ******* банкны Цахим банкны хэлтсийн захирал ******* гэх хүн бөгөөд энэ гэрээний ажлыг гүйцэтгүүлэхэд банкнаас хяналт тавих, ажлыг хүлээн авах, акт үйлдэх үйл ажиллагааг зохион байгуулсан ажилтан юм. Гэтэл тус ажилтан нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******тай гэр бүлийн холбоотой буюу эхнэр, нөхөр байсан ба энэ тухай банканд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд тус ажилтан нь өөрийн нөхрийн эзэмшдэг компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт дээр ажлын гүйцэтгэлийг 100 хувиар үнэлж, гарын үсэг зурсан байна.

2.5. Банк нь энэ ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай хожим олж мэдсэн ба банкны дотоод журамд тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа компанитай холбоотой тухай хороонд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ тухай мэдэгдээгүй, түүнчлэн ажил хүлээн авсан хүн нь ажлыг гүйцэтгэсэн хүнтэй гэр бүлийн харилцаатай байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэнийг харуулах төдийгүй тухайн гэрээ дүгнэсэн акт нь хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх боломжтойг харуулж байна.

2.6. Мөн *******ийг ажиллаж байх хугацаанд Ви чат пэй /we chat pay/ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулахад ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******ын эзэмшдэг өөр нэгэн холбоотой компани болох ******* ХХК нь шалгарсан байдаг бөгөөд 2 жилийн хугацаатай хамтран ажиллаж эхэлсэн боловч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүдэн банк тус маргааныг Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* ХХК-аас хохирол гаргуулахаар болсон байдаг. Энэ хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

2.7. Дээрх шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байх боломжтой байгаа тул банкны зүгээс тус асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* банк ХК-аас нийт 108,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ-ний 3.5.2.5-д нийт төлбөрийн үлдэгдэл 20 хувь болох 72,400,000 төгрөгийг Гэрээг хүчин төгөлдөр болсноос 16 сарын дараа төлөх-өөр заасан буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний нэг тал бөгөөд гэрээнд заасан төлбөрийн хуваарьтай танилцаж, хүлээн зөвшөөрөн гэрээ байгуулсан этгээдийн хувьд гэрээний үлдэгдэл төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй үеэс өөрийн эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан байх ба энэ үеэс шаардах эрх үүссэн хэмээн үзэж, хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

4.2. Гэтэл анхан шатны шүүх ... Гэрээг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх ба нийт төлбөрийн үлдэгдэл 20 хувь болох 72,400,000 төгрөгийг төлөх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт ... шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн ... гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан учраас 2025 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь 2025 онд эрх зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна ... хэмээн хөөн хэлэлцэх хугацааны тухай дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх шаардах эрх үүссэн үйл баримтыг тогтоохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шаардах эрх үүссэн хэмээн үзвэл 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

4.3. ******* банкны төслийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх компанийг сонгон шалгаруулахад хариуцаж байсан ажилтан нь ******* банкны Цахим банкны хэлтсийн захирал ******* ба тус ажилтан нь ******* тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ-ний ажлыг хүлээн авахад голлох үүрэгтэй оролцсон болно. Гэтэл тус ажилтан нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал *******тай хувийн холбоотой тухай банканд урьдчилан мэдэгдээгүйгээс гадна 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот гэрээ дүгнэсэн актын хавсралтад ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өгч, албажуулсан байна. ******* болон ******* нар нь гэрээ дүгнэсэн акт үйлдэх үед холбоотой байсан гэдгийг хэргийн хоёрдугаар хавтасны 20 дугаар хуудсанд буй Төрсний бүртгэлийн лавлагаанд хүүхдийн төрсөн он 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгаагаас харах боломжтой.

4.4. Харин анхан шатны шүүх Хариуцагч нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилтан *******тэй эхнэр, нөхөр байсан, ашиг сонирхлын зөрчил үүсэн гэж тайлбарлаж байх боловч ******* нь гэрлэсний бүртгэлгүй болох нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдож байх ба зохигчид Гэрээг байгуулах үед ашиг сонирхлын зөрчилтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна хэмээн ашиг сонирхлын зөрчилтэй нь баримтаар нотлогдоогүй хэмээн нотлох баримтыг дутуу судлан, буруу үнэлж, алдаатай дүгнэлт гаргасан байна.

4.5. ******* ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу боловсруулсан төлөвлөгөө, баримт бичгийг үндэслэн шинэ систем, төслийг зах зээлд нэвтрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс үүдэн ******* 2.0 ******* банк төслийн бодлого, стратеги тодорхойлох баримт бичгийг хэрэгжүүлсэн төсөл буюу гэрээт ажил зах зээлд нэвтрээгүй, ажлын үр дүнг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болно.

4.6. Гэрээ дүгнэсэн акт гэдэг талуудын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил ямар явцтай дууссан буюу бүрэн бол бүрэн, дутуу бол дутуу тухай тодорхой тэмдэглэж, ямар ажил хүлээн авч байгааг тодорхой тусгасан баримт бичгийг хэлнэ. Гэтэл ******* тоот гэрээ дүгнэсэн акт нь ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхой бус, ойлгомжгүйгээс гадна сургалт, воркшоп, зөвлөгөөний гүйцэтгэл хэсэгт гүйцэтгэлийг 70 хувь, 60 хувь зэрэг гүйцэтгэлийг зуун хувиар үнэлээгүй атлаа гэрээ дүгнэх хэсэгт энэ тухай дурдаагүй зэрэг агуулгын хувьд хоорондоо илэрхий зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авч ажил хүлээлцсэн актыг буруу үйлдсэн зэрэг зөрчилтэй нөхцөл байдал илэрсэн.

4.7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/Ш32025/38289 дугаар захирамжаар *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч тус захирамжийн биелэлт хангагдаагүй бөгөөд гэрч ******* ирээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тамга, тэмдэг дараагүй 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* 2.0-******* банкны төслийн баримт бичиг нь нотариатаар гэрчлүүлээгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүхээс нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, шийдвэр гаргахдаа үндэслэсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсгүүдэд эш татан шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2, 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл байна.

4.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдолд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарладаг. Анхан шатны шүүхийн мэтгэлцээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудал дурдагдаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын мэтгэлцэх зарчим хангагдах ёстой. Гэтэл анхан шатны хэлэлцүүлгийн үе шат дуусаад дүгнэлтийн үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг ярьдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хэлэлцэгдээгүй баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэхгүй гэх хуулийн зохицуулалт байдаг.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК-ийн санхүүгийн тайланд авлага үүссэн байх ёстой, үүний дагуу ******* банкнаас шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх ёстой гэх агуулгын ярьдаг. Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй асуудал учраас давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхгүй.

5.3. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шууд гэрээ байгуулсан огнооноос гэрээ дуусгавар болсон огноогоор тайлбарлах нь үндэслэлгүй. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээ байгуулагдсан. Гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш тодорхой хугацааны дараагаар үлдэгдэл төлбөрийг төлнө гэж талууд харилцан тохиролцсон. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* банканд мэдэгдэх шаардлага албан бичгийг гаргаж байсан. Энэ албан бичгийг аваад ******* банкны шинэ удирдлагууд танай төлбөр тооцоог төлөхгүй гэх тайлбарыг амаар гаргасны дараа бид шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.4. Гэрээг дүгнэсэн акт нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд хоорондоо үйлдсэн тул гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг. Тухайн цаг үед талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр байдаггүй. Мөн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй харилцан хамаарал бүхий этгээдүүд буюу гэрч *******, ******* ХХК-ийн захирал ******* нар гэр бүлийн харилцаатай байсан. Гэтэл талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулагдаж, 2020 онд дүгнэж дууссан байдаг. Үүний дараа *******, ******* нар нь харилцаа холбоотой байсан болохоос өмнө нь хамаарал бүхий байгаагүй. Тэгэхээр шүүхээс үнэлж дүгнээгүй орхигдуулсан нотлох баримт байхгүй.

5.5. Түүнчлэн, давж заалдах гомдолд ажлын гүйцэтгэл хүлээж аваагүй, хүлээлгэж өгөөгүй, тодорхой бус гэх агуулга дурдагдсан. Тухайн цаг хугацаанд ******* гэрээг хариуцан хүлээж авсан зүйл байхгүй. ******* банкны тухайн үеийн удирдлагуудын үнэлгээгээр энэ гэрээг байгуулж дүгнэж хүлээж авсан асуудал байдаг. Тийм учраас ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээж авсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх болохоор ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд хооронд байгуулагдсан гэрээ мэт, хүчин төгөлдөр бус гэрээ, ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэх агуулгаар ярьж байгаа нь үндэслэлгүй.

5.6. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Гэрч *******ыг оролцуулаагүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхэд ирцтэй холбоотой асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс санал хүсэлт байхгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан. Хүсэлттэй холбоотой шүүгч захирамж гаргаж шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гэрч ******* ирсэн. Харин ******* Монгол Улсад байхгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэж байсан ба ирцтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлтгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн.

5.7. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэдэг нь үндэслэлгүй. Бид ******* банктай байгуулсан гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, ажил хүлээлцсэн актыг эх хувиар нь хэрэгт гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөг, нийт 108,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, ажил хүлээн авч гэрээ дүгнэсэн акт нь ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхой бус, ойлгомжгүйгээс гадна ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон гэрээ дүгнэх ажилд голлох үүрэгтэй оролцсон ажилтан нь нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчилтэй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байх боломжтой гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* банк ХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр № ******* дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь ******* банк ХК-ийн ******* 2.0 ******* банк төслийн бодлогын баримт бичиг боловсруулах буюу хавсралтаар баталгаажуулсан зөвлөх багийн гишүүд болон төлөвлөгөөний дагуу томилсон багтай хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ******* банк ХК нь ажлын хөлсөнд 362,000,000 төгрөгийг ******* ХХК-д хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн;

3.2. ******* банк ХК нь ******* ХХК-д төлбөрийн 40 хувь болох 144,800,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, төлбөрийн 20 72,400,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, төлбөрийн 10 хувь болох 36,200,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, төлбөрийн 10 хувь болох 36,200,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус төлсөн;

3.3. ******* ХХК болон ******* банк ХК нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай Гэрээ дүгнэсэн акт үйлдэгдэж, талууд гэрээний 3.5.2.5-д заасан Захиалагч нь Гүйцэтгэгчид төлбөрийн үлдэгдэл 20 хувийг шилжүүлэхээс бусад үүргээ бүрэн биелүүлсэн болохыг баталгаажуулсан;

 

4. Зохигчид дээрх үйл баримтад маргахгүй байх боловч хариуцагчийн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангасан байсан эсэх, ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гэрээ дүгнэсэн акт үйлдсэн этгээд нь нэхэмжлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэх, хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх талаар хэргийн баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн ******* дугаартай Гэрээ дүгнэсэн акт-д үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байсан гэх боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3. Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Гэрээ дүгнэсэн акт-д гарын үсэг зурж, ажлын гүйцэтгэлийг 100 хувиар үнэлж хүлээн авсан ******* банк ХК-ийн Цахим банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан ******* нь нэхэмжлэгч *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******тай гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байсан тул тухайн гэрээ дүгнэсэн акт нь хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх боломжтой гэсэн тайлбарыг гаргаж маргасан байх боловч гэрээ дүгнэсэн актад ******* банк ХК-ийн Цахим банкны хэлтсийн захирал *******ээс гадна ******* банк ХК-ийн Мэдээлэл технологи, Цахим банк хариуцсан дэд захирал, Төслийн шууд хариуцагч *******, ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирал ******* нар гарын үсэг зурж баталгаажуулан ажлыг хүлээн авсан, мөн гэрээ дүгнэх акт үйлдэгдэх үед ******* болон ******* нар нь гэр бүлийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч өөрийн татгалзлыг шүүхэд баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

5.4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5.2.5 дахь заалт буюу Нийт төлбөрийн үлдэгдэл 20 хувь болох 72,400,000 төгрөгийг Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсноос 16 сарын дараа буюу Банк талаас зөвлөх үйлчилгээний хүрээнд тодорхойлогдсон баримт бичгийн агуулгын 50-иас доошгүй хувийг хэрэгжүүлсэн төслийг зах зээлд нэвтрүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн заалтыг зөв тайлбарлан төлбөрийн үлдэгдэл 20 хувь болох 72,400,000 төгрөгийг төлөх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Гэсэн атлаа анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүссэн хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс тоолох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.5. Гэрээний талууд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг гэрээгээр тодорхой тохиролцсон бөгөөд төлбөр төлөх хугацаа өнгөрснөөр төлбөр авагч талын шаардах эрх үүснэ. Гэрээнд заасан тодорхой хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусахад үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байсан тул нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүссэн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байна.

5.6. Нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг шаардсан нэхэмжлэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

5.7. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* банк ХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөг, нийт 108,600,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/Ш32025/38289 дугаартай шүүгч захирамжаар *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн атлаа гэрч ******* шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой ******* 2.0-******* банкны төсөл баримт бичиг нь нотариатаар гэрчлүүлээгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно гэж давж заалдах гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн, гэрч ******* нь хариуцагч байгууллагын ******* шилжилтийн газрын захирал гэсэн байх ба *******аас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэснээс хойш товлогдсон 2 удаагийн буюу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн болон 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаануудад гэрч ******* ирээгүй, улмаар хариуцагч талаас шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байх тул гэрч *******ыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой ******* 2.0-******* банкны төсөл баримт бичиг нь хэн нэгэн этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй, тодорхой нэг эх баримтын хуулбар баримт гэж үзэхээргүй хэвлэмэл баримт байх тул тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримт гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн баримт нь хуулбар баримт биш тул нотариатчаар гэрчлүүлэх шаардлага тавигдахгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* банк ХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 72,400,000 төгрөг, алданги 36,200,000 төгрөг, нийт 108,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР