Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 817

 

 

                                                           

 

 

 

   

    2019        10          28                                   2019/ШЦТ/817

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батаевын Рэнцэнбатад холбогдох эрүүгийн  1911022030985 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20 дугаар гудамжны 283 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгааагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батаевын Рэнцэнбат, /РД:ХМ86062317/,

Шүүгдэгч Б.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Р нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 22-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 28-358 тоотод оршин суух иргэн М.Лхагвасүрэнгийн хашааны гадаа Н.Батжаргалтай марган улмаар түүний нүүрэн тус газарт нь алгадах, газар унагаах, толгойн тус газарт нь цохих, хавирч унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...”, “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед өөрийн нэг найзтай хамт пиво ууж байгаад орой 21-22 цагийн үед гэртээ харихаас айгаад найз Лхагвасүрэнгийн гэрт очсон бөгөөд тухайн үед Батжаргал гаднаас орж ирээд Лхагвасүрэнтэй юм яриад байж байхаар нь Сайн уу? юу хийж яваа юм бэ? гэж асууснаа санаж байна тэгээд нэг мэдэхэд би Батжаргалын элэг хэсэгт цохиод байсан. Тухайн үед Лхагвасүрэнгийн ах Бөхөө намайг “чи гар айл амьтан битгий үймүүлээд бай, гарч зодолд” гэж хэлсэн ба би Батжаргалтай хамт тэдний гэрээс нь гараад гадаа гудамжинд би Батжаргалыг газар унагаагаад  хоолойг нь боогоод толгой хацар хэсэгт нь 1 удаа алгадаад, хүзүүнээс нь барьж байгаад газарт унагачихаад Батжаргалыг би босгоод “найз аа уучлаарай, би чамайг зодчихлоо” гэж хэлсэн чинь Батжаргал “зүгээр ээ эрүүл болоод холбоо бариарай” гэж хэлсэн...” гэх /хх-ийн 43-45х/,

Хохирогч Н.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 12-164 тоотод байж байгаад найз болох Лхагвасүрэнгийн гэр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 28-358 тоотод 21-22 цагийн хооронд гэрээр нь орсон. Лхагвасүрэнгийн гэрт орох үед Рэнцэнбат байж байсан бөгөөд Рэнцэнбат согтуу над руу дайраад “чи ер нь их зэвүүн байгаа шүү, битгий элдэв ааш гаргаад байгаарай” гэж хэлээд намайг алгадаад, Лхагвасүрэнгийн гэрийн нэг өрөөнд оруулж байгаад намайг элэгдсэн бөгөөд тухайн үед Бөхөө гэдэг Лхагвасүрэнгийн ах нь цаанаас гарч ирээд юун чимээ гараад байгаа юм бэ зодолдоод байгаа юм уу, тийм бол гэрээс гар гэж хэлэхээр нь Рэнцэнбат бид хоёр гэрээс гараад хашааны гадна гадаа ярилцах гэсэн чинь Рэнцэнбат намайг боож унагаагаад толгойн тус газарт 1-2 удаа цохисон бөгөөд би босоод зугтаасан чинь араас ирээд намайг хавирч унагаах үед би зүүн гуяаараа чулуун дээр унасан бөгөөд Рэнцэнбат над руу “ална шүү, надад хууль үйлчлэхгүй шүү” гэж орилоод байхаар нь би зугтаагаад яваад өгсөн бөгөөд энэ үйл явдал болсоны маргааш нь би цагдаагийн байгууллагад хандсан...”, “...Би Рэнцэнбатыг мэддэг болоод 6-7 жил болж байна. Энэ хугацаанд ер нь ааш нь их тогтворгүй, хурдан уурлаж, ер нь гэнэт “би нэг хүүхэнтэй унтаад” гэж яриад байдаг, их зальтай хүн. Сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн гэж би бодохгүй байна, их жүжигчин хүн...”, “...миний гуя, хүзүү хэсэгт хөхөрсөн, уушиг цээж, мөр хэсэг хөндүүр байна...” гэх /хх-ийн 09-10х/,

Гэрч М.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би өглөө 07:30 минут гэхэд ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад оройн 18 цагт ажлаа тараад гэртээ хариад амраад байж байсан чинь 22 цагийн үед Рэнцэнбат гаднаас согтуу манай гэрт ороод ирэхээр нь би “чи гэртээ очоод амар, яах гэж ирсэн юм бэ хө” гэж хэлсэн чинь Рэнцэнбат “гэртээ харихаас айгаад байна, аав ээж загнана, би харихгүй” гэж хэлэхээр нь би гэрийнхээ жижиг өрөөнд оруулаад унтуулчихсан байсан чинь гаднаас Батжаргал орж ирсэн бөгөөд төд удалгүй Рэнцэнбат сэрээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад юунаас болсоныг нь мэдэхгүй муудалцаад байх шиг байсан бөгөөд намайг харж байхад Рэнцэнбат Батжаргалыг заамдаад зогсож байсан тэгэхээр нь би “Битгий гэрт зодолдоод бай, гарч зодоон хий” гэсэн чинь тэр хоёр гэрээс гараад яваад өгсөн. Төд удалгүй би араас нь гарсан чинь Батжаргал замын боржуур дээр суучихсан Рэнцэнбат нь согтуу “надтай энэ гудамжинд юм ярьдаг хүн байхгүй шүү” гэж хэлээд зогсож байсан бөгөөд намайг очих үед тэр хоёр бие биенээ тэврээд уучлалт гуйгаад зогсож байсан түүнээс хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй байна...”, “...би Батжаргал, Рэнцэнбат нарыг мэддэг болоод 8-9 жил болж байгаа бөгөөд байнга хамт байдаггүй, хааяа ажил хийх үедээ хамт явж ажил хийдэг ба Батжаргалын ээж гэх хүн сэтгэцийн өвчтэй юм шиг хүн байдаг ба Батжаргал өөрөө хэл ярианы хөгжил муу, мэдрэл муутай хүн шиг байдаг яг тодорхой тогтсон зан гэж байхгүй Рэнцэнбат мөн адил уурлах үедээ ухаан мэдрэлгүй болчихдог...” гэх /хх-ийн 23-26х/,

Гэрч Г.Батаев мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Рэнцэнбат нь миний отгон хүү байгаа юм...”, “...Рэнцэнбат төрөхдөө л их хүндрэлтэй төрсөн бөгөөд нялхаас өсөх хүртлээ бусад хүүхдүүдийг бодвол жаахан удаан хөдөлгөөнтэй, ой тогтоолт муутай, сонсгол муу байсан болохоор эхнэр бид хоёр ярьж байгаад Тусгай 25 дугаар сургуульд өгсөн. Төрөлхийн сэтгэцийн хөнгөн хомсдолтой гэж Улсын 1 дүгээр эмнэлэг тогтоож өгсөн...”, “...Рэнцэнбат нь уурлахаараа биеэ барьж чаддаггүй, өөрийгөө хянах чадвар сул түүнээс бусад үед бусдад тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй, цайлган, ичимхий бүрэг, шинэ зүйлд тэвдэж сандардаг, танихгүй хүнтэй холбоо тогтоохдоо муу, амархан ядардаг, дуулгавартай хүлцэнгүй хүн байгаа юм...” гэх /хх-ийн 27-29х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10004 дугаартай дүгнэлт:

-Н.Батжаргалын биед уруул орчимд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 31х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын коммиссын 1046 дугаартай дүгнэлт:

-Б.Р нь “оюуны хөнгөн хомсдол” F70 эмгэгтэй байна.

-Б.Рын F70 “оюуны хөнгөн хомсдол” нь төрөлхийн сэтгэцийн эмгэг юм.

-Б.Р нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

-Б.Р нь хэрэг хариуцах чадвартай.

- Б.Р нь F70 “оюуны хөнгөн хомсдол” өвчний улмаас өрхийн эмчийн хяналтанд байдаг байна...” гэх /хх-ийн 35-37х/,

Шүүгдэгч Б.Рын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 54х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирогч Н.Батжаргал нь нийт 202,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Раас нийт 202,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Батаевын Рэнцэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Раас нийт 202,000 /хоёр зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо согоотын 12-р гудамж 164 тоотод оршин суух, Чонос овгийн Наранцэцэгийн Батжаргал /РД: ХМ87033017/-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД